sonin.mn


Японы телевизийн уран бүтээлчид "Кайко Кэн Монголд: Дурсамж" гэсэн баримтат кино хийж байгаатай холбогдуулан 1993 онд анх удаа Монголын хэвлэлд Японы нэрт уран бүтээлч Кайко Кэний тухай бичсэн сэтгүүлч Б.Эрдэнэбаатартай хийсэн ярилцлагын хэсгээс нийтэлж байна.

-Та одоогоос олон жилийн өмнө Архангай аймгийн Тариат суманд явж байгаад нутгийн иргэдээс Кайко Такеши (Кайко Кэн)-гийн тухай сонсоод нийтлэл бичиж байжээ. Энэ хүний тухай төрсөн анхны сэтгэгдэл тань ямар байв?

-Миний бие 1989 он хүртэл байгаль хамгааллын сэдвийг сонирхож Монгол орноороо аялал хийн, Монголын ховор ан амьтан, дархан цаазат газруудын тухай цуврал нийтлэл бичиж байв. Хорго бол тэр үедээ Монголын 12 дархан цаазат газрын нэг нь байсан. Энд тул загасны тухай нийтлэл бичихээр очиход нутгийн иргэд нэг япон хүн ирээд загас бариад явсан гэж ярьж байсан. Тэр үед энэ хүний тухай хамгийн сайхан сэтгэгдэл төрсөн зүйл юу вэ гэвэл тэр япон хүн барьсан загасаа буцаагаад голынх нь усанд тавьчихдаг гэдгийг сонссон юм. Ингэж л анх Кайко Кэний тухай мэддэг болж билээ.

Кайко Кений Монголд ирсэн үе бол хаалттай, гадаадын хүн, гадны сэтгүүлчтэй уулздаггүй тийм цаг үе байсан. Мөн энэ үед Монголд байсан Зөвлөлтийн анги нэгтгэлүүд байгаль орчинг их сүйтгэж байна, ялангуяа загасыг их хэмжээгээр барьж байна гэсэн яриа гарч, миний бие ч үүнийг сурвалжлахаар Монгол орны олон газраар аялсан. Тэгэхээр Кайко Кений тухай надад болон нутгийн иргэдэд үлдсэн хамгийн сайхан сэтгэгдэл бол барьсан загасаа голын усанд буцаагаад тавьдаг явдал байсан юм. Нутгийн хүмүүс Кайко Кенийг загасчин биш, харин аялагч, байгаль хамгаалагч гэж дурсаж байсан нь тодоос тод санагдаж байна.

-Нутгийн иргэд танд Кайко Кэний тухай яг юу гэж дүрсэлж хэлж байх юм?

-Нэгдүгээрт телевизийн хүн байна, хоёрдугаарт загасны тухай нэвтрүүлэг хийдэг хүн байна гэж ярьж байсан. Түүнийг Тариатад ярихаас гадна, хамгийн гол нь Шишхэдийн голд байсан Солмон хэмээх анчин, загасчин өвгөн маш сонирхолтой зүйлүүдийг надад ярьж өгсөн. Энэ хүн Кайко Кенийг Монгол ирэхэд газарчилж, хамт загасчилж байсан юм. Шишхэдийн голд очиход Хөвсгөлийн дархад ард түмэн Кайко Кений тухай дуу хүртэл зохиочихсон, мөн олон сонирхолтой дурсамжуудыг надад хуучилж билээ.

Кайко Кэн бол их энгийн, сониуч, наргианч, хошин шогч, найрсаг, хүмүүстэй илэн далангүй сайхан ярьдаг хүн гэж нутгийн иргэд дурсаж байсан. Хамгийн гол нь байгалийг хамгаалдаг, хайрладаг, бас дэлхийн олон орноор аялсан, мөн хүмүүсийн хийж буй өдөр тутмын амьдралын энгийн зүйлсүүдийг ихэд сонирхдог тийм хүн байсан гэж ярьж байсан. Мөн монгол гэрт даарах үедээ даарч, монголчуудтай цуг монгол хоол иддэг гэж нутгийн иргэдийн ярихыг сонсоод их сонин, сонирхолтой хүн байна даа гэж тэр үед бодож байсан.

-Таныг Тариатад сурвалжлагчаар очсон үе Кайко Кений Тариатад очсоноос хойш яг хэдэн жилийн дараа вэ?

-Хоёр жилийн дараа буюу 1988 онд Хоргын дархан цаазат газар "Монгол тул" нийтлэлээ бичихээр очиж байхдаа анх Кайко Кений тухай сонсож байсан. Ингээд 1993 онд нутгийн иргэдээс сонссон дурсамж ярианууд дээрээ үндэслэн Улаанбаатар сонинд "Монгол гаралтай Кайко өвөө" нэртэй өгүүлэл нийтлүүлсэн.

Кайко Кен Монголд ирэхдээ нутгийн иргэдэд нэг зүйлийг ярьж байсан нь одоо хүртэл содон санагддаг, энэ юу вэ гэвэл "Манай япончууд бол нэг хэсэг нь эндээ байж байсан, нөгөө нэг хэсэг нь нүүж ирсэн хүмүүс. Эдгээр нүүж ирсэн хүмүүс монгол гаралтай гэгддэг. Би бол тэр Монголоос нүүж ирсэн хүмүүсийн үр удам. Би бол монгол гаралтай хүн" хэмээн нутгийн иргэдэд ярьж байсан байгаа юм.

-1993 онд тэр үеийн Улаанбаатар сонинд Кайко Кений тухай өгүүлэл нийтлэхэд хүмүүс хэрхэн хүлээж авсан бол?

-Кайко Кений тухай судалж томоохон бүтээл бичнэ гэж тэр үед бодож байсан юм. Гэтэл энэ хүний тухай "Улаанбаатар" сонины эрхлэгчид ярихад энэ хүний тухай эхнийхээ сэтгэгдлийг бичээч гэсний үндсэн дээр энэ өгүүлэл нийтлэгдсэн түүхтэй. Энэ өгүүлэл санаанд оромгүй үр дүн авчирсан. Тухайн үедээ "Улаанбаатар" сонин олон мянган хувь хэвлэгддэг төвийн хэвлэлийн том сонин байсан. Хэдий тэр үеийн хэвлэлийн чанар өндөр байгаагүй хэдий ч Кайко Кэний зургийг эхний нүүрэнд томоор тавин хэвлэж байсан нь тодоос тод санагдаж байна. Ингээд Кайко Кэний тухай өгүүлэл нийтлэгдсэний дараа манай нэртэй зохиолчид, сэтгүүлчид утасдаад энэ ямар сонин хүн бэ гэж асуудаг байж билээ. Манай ахмад зохиолч Л.Түдэв гуай утасдаад "Их сонин хүн байна, маш их гайхлаа" гэж хэлж байсан.

Уг нийтлэлийн гол санаа юу байсан бэ гэхээр Ц.Дамдинсүрэн хэмээх Монголын нэртэй эрдэмтэн "Бидний тухай бичсэн арван мянга гаруй ном зохиол энэ дэлхий дээр байна. Тэдгээрийг юуны емнө цуглуулж хүч тавин орчуулж байж монгол судлалыг хөгжүүлбэл зохих талаар санал гаргасан байдаг. Ингээд миний бие Монголд ирээд манай эх орныг хайрлаад, сурталчлаад явж буй энэ хүний тухай бичихгүй бол болохгүй гэж бодсон.

Хоёрдугаарт, 1993 онд миний амьдралд маш чухал жил болсон. Японы Ража Тампагийн шагналыг хүртэж, Японд очихдоо Койбучи багштай уулзсан. Улмааp "тэр үед Койбучи* багшаас Каико Кений тухай улам илүү ихийг мэдэж авч билээ.

-Кайко Кэн гуай Монголын байгалийг хамгаалдаг гэхээсээ илүү Монголын байгаль, ан амьтанд чин сэтгэлээсээ хайртай байжээ гэж хэлж болохоор санагдлаа.

-Тийм ээ, Кайко Кэний тухай эргээд бодоход тэрбээр нэгдүгээрт, Монголын нүүдэлчдийн соёл, хоёрдугаарт, Монголын унаган байгаль, ан амьтан, гуравдугаарт Монголын түүхийг ихэд сонирхож, эдгээрийг монгол хүн мэт хайрлаж байсан гэж хэлж болно. Тиймдээ ч Гурван гол экспедецийг санаачилж, зохион байгуулсан.

Кайко Кэний тухай энэ өгүүлэл нийтлэгдсэний дараа Монголын залуу сэтгүүлч, зохиолчдод маш их нөлөө үзүүлсэн. Маш олон аяллын нэвтрүүлгүүд гарч эхэлсэн. Ялангуяа сүүлийн үед дэлхийн монголчуудын тухай сурвалж-лахаар судлаач Ц.Санчир болон "Монголоо хайсан Монгол" төслийнхөн дэлхийн олон орноор аялж, баримтат нэвтрүүлэг хийж байна. Тиймээс энэ хүний ул мөр бол гайхамшигтай.

-Одоо эргээд бодоход Кайко Кэний тухай та юу гэж дүгнэж хэлэхээр байна?

-Кайко Кэний хийсэн тэр үеийн нэвтрүүлэгт Монгол орон, Монголын байгаль сүйтгэгдээгүй, сайхнаараа байжээ. Хэдий тэр үед Зөвлөлтийн нөлөөнөөс болж байгаль орчин их сүйтгэгдлээ гэж ярьж байсан ч... Гэтэл одоо бүр аймшигтай болжээ. Тиймээс Кайко Кэнийг эргэн дурсах учиртай юм. Энэ хүнийг танина гэдэг нь бид өөрсдийгөө эргэж танина гэсэн үг.

Манай сонины өмнөх дугаарт гарсан "Монголд нутагшсан Кайко Кэн" нийтлэлтэй холбогдуулан доктор П.Нэргүй хэлэхдээ: "Японы нэрт уран бүтээлч Кайко Кэн надад маш таалагдсаны дотор гурван зүйл онцгой сайхан сэтгэгдэл төрүүлснийг зориуд тэмдэглэн хэлмээр байна. Нэгдүгээрт, Кайко Кэн Монголын нүүдэлчдийн соёл цэвэр тунгалаг соёл юм гэдгийг мэдсэн. Үүнтэйгээ холбогдуулан Монгол орон, Монголын байгалийг үнэн сэтгэлээсээ хайрладаг байжээ.

Хоёрдугаарт, монголчуудыг мэдрэмж сайтай гэдгийг гаргаж чадсан. Монголчууд бас баян тансаг амьдралтай юм байна гэдгийг олж харсан. Япончууд гялгар ууттай юм аваад ямар учиртайг нь мэддэггүй иддэг. Түүгээрээ япончууд бахархдаг. Харин монголчууд хоол ундаа идэхдээ ямар их сонголттойг жишээ болгохдоо монгол өвгөнөөс та ямар маханд дуртай вэ гэхэд өвчүүнд дуртай гэж хариулахад хүүхэд нь богц маханд дуртай гэж хэлсэн бол бэрээс нь асуухад би малын нурууны зөөлөн маханд дуртай гэж хариулжээ.

Гуравдугаарт загас бариад загасныхаа зургийг авчихаад загасаа эргүүлж усанд тавьсан нь хамт явсан монголчуудын сэтгэлийг хөдөлгөсөн. Мөн түүний нүд Монголын байгаль болон монголчуудад элгэмсэг ханддаг сайхан нүд болж үлджээ. Монголчууд загас иддэггүй, загасыг дээдэлдгийг ойлгосон. Үнэхээр манайхан загасыг дээдэлдэг, төрийнхөө соёмбон дотор хүртэл эр эм хоёр загасыг байрлуулсан байдаг шүү дээ. Түүний элгэмсэг сэтгэлийн илэрхийлэл болж чандрыг нь Монголын газар шороонд цацсан төдийгүй түүний эхнэр хүүхэд нь түүний өв хөрөнгийг Монголд хандивлах тухай илэрхийлж байсан нь хүртэл сайхан санагдлаа."

Эх сурвалж: "Хөх толбо