-Аймгийн шилдэг багш болсонд баяр хүргэе. Монгол хэл, бичгийн багшаар хэддэх жилдээ ажиллаж байна ?

-Баярлалаа.Би өвөг дээдсийн босоо бичгээрээ бахархаж явдаг. 1997 онд Улсын багшийн их сургуулийн монгол хэл, уран зохиолын ангийг төгснөөс эхлэн үндэсний монгол бичгээ үр хойчдоо заан сургах энэ сайхан үйлсэд 16 дахь жилдээ хүчин зүтгэж байна.



-Монгол бичиг зааж сургахад таны гол түшиц тулгуур юу байдаг талаар болон үзүүлсэн амжилтаасаас товчхон дурдвал?

-Бид сургуульдаа монгол бичгийн тэнхимтай. Энэ тэнхим минь монгол хэл бичгээ шавь нартаа заан сургахад гол түшиц болдог. Тэнхимдаа сургалтад хэрэглэх хөтөлбөр, төлөвлөгөөнөөс гадна сурагчдын үндэсний монгол бичгээ сурах сонирхлыг өрнүүлэх зорижоор монгол бичгийн гайхамшгийг харуулсан эвхмэл бичиг, уран бичиг, таталган бичиг, дүрслэг бичиг  зэрэг хэрэглэгдэхүүнийг бэлтгэдэг.

 

Жил бүр монгол бичгийн олимпиадад шавь нараа амжилттай бэлтгэж оролцуулахын төлөө манай сургуулийн удирдлага болон мэргэжил нэгт багш нар бид бүгдээр зорин ажилладаг. Үүний үр дүнд бид жил бүр тогтмол амжилтгай оролцож ирсэн.

 

Тиймээс манай сургуулийн монгол хэл, уран зохиолын заах аргын нэгдлийн хамт олон өнгөрөгч луу жилийн ажлаараа Чойбалсан хотын тэргүүний хамт олон болсон. Өөрийн амжилт гэвэл аймгийн монгол бичгийн олимпиадад 5 удаа тэргүүн байр, улсын олимпиадад 3 удаа тусгай байр эзэлж байсан.



-"Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2"-ын хүрээнд зохиож байгаа ажил юу байна?

-Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр бол монголын нийт иргэнд хамаатай үндэсний хэмжээний ажил. Түүнийг хэрэгжүүлнэ гэдэг нь зөвхөн дунд сургуулийн монгол бичгийн хичээлийн чанарыг сайжруулах төдийгүй бүх нийтээр монгол бичгээ сурахад дөхөм үзүүлэхийг хэлэх байх. Бид Үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлаа улирал бүр тайлангадаг.

 

Тэдгээрээс дурдвал: Бид сургуульдаа жил бүр монгол бичгийн бага олимпиад зохион явуулахаас гадна бичиг соёлын өдрийг өргөн тэмдэглэдэг.Үүнд: багш, сурагчдын дунд хичээнгүй, таталган, эвхмэл бичгийн тэмцээн мөн хурдан уншлагын уралдаан зэргийг явуулдаг.



-Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд юуг анхаарах нь зүйтэй гэж мэргэжлийн багшийн хувьд үзэж байна?

-Монгол бичгийн нийгэмлэгийн судалгаагаар 1,5 сая шахам хүн монгол бичгээ мэддэг, үүнээс 800 мянга орчим нь уншиж чаддаг гэсэн мэдээ байдаг юм байна. Эндээс харахад хэрэглээ байхгүй учир хоногшиж тогтохгүй мартагдаж байна. Юуны түрүүнд монгол хүн бүрийг монгол бичгээ сурах эрмэлзэлтэй болгох ёстой гэж бодож байна.

 

Иймээс наад зах нь гэхэд байгууллагын хаяг, бүтээгдэхүүний шошго гэх мэтийн бага сага зүйлээс эхлэх хэрэгтэй болов уу. Түүнээс гадна үндэсний хэл бичгийн хичээлийг 7-9-р ангид долоо хоногт ганцхан цаг үзэж байгаа нь хангалтгүй байдаг. Монгол бичгийн хичээлийн цагийг нэмэгдүүлснээр сурагчдын үндэсний бичгээ идэвхтэй сурах сонирхол улам өрнөх болно. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол сурталчлах, сонин хэвлэлүүд монгол бичгийн булантай болох гэх мэтийн санал хэлэх байна.



-Монгол бичгээ төрийи бичиг болгох талаар таны бодол?

-Монгол улсын ерөнхийлөгч зарлигаа монгол бичгээр гаргадаг болсон, ерөнхийлөгч монгол бичгийн сайттай болсон, боловсролын гэрчилгээг монгол бичгээр бичдэг болсон зэрэг дэвшилтэт зарлигууд гарсан ч илүү далайцтай төр засгийн шийдвэр үгүйлэгдэж байна. Эцэст нь хэлэхэд-өв соёлоо эрхэмлэж, монгол бичгээ улам сайн сурцгаая гэж уриалмаар байна.


Ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.


Ярилцсан З.Баатар

Эх сурвалж: "Багш"