sonin.mn

 

Сүүлийн үед сум орон нутгийг судлах музейгаас урлаг соёлын хосгүй үнэт бүтээлүүд ихээр алдагдах боллоо. Урлаг соёлын нэрт зүтгэлтэн хуурч Жамъян агсны "Дэлхийн оюутан залуучуудын их наадам"-д барьж оролцон Монголын урлагийг сурталчилж явсан морин хуур сумынх нь музейгаас алдагджээ.

 

Ер нь аймгийн хэмжээнд Баян-Уул, Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумын орон нутгийг судлах музейгаас нийтдээ 28 ширхэг үнэт үзмэр "буруу гар"-тнуудын хоол болсон байна. Энэ хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэнэ.

 

Аливаа урлагийн бүтээл гэдэг тухайн цаг үеийнхээ үүх түүхийг илтгэдэг болохоор дахин олдохгүй гэдгээрээ үнэлж баршгүй байдаг. 2008 оны улсын тооллогоор аймгийн музейгаас 150 гаруй үзмэр алга болсон тухай бөөн асуудал болж байсан билээ.

 

Харин тоолоод бүртгээд авсны ачаар энэ жил үзмэр дутаагүй гэсэн. Харин орон нутгийн музейн үзмэрүүд одоогоор ангилагдаагүй байгаа. Учир нь 2008 онд эхэлсэн тооллого аймаг хотуудын музейн үзмэрүүдииг тоолоод дуусч одоо л орон нутгийнх руу орох гэж байна.

 

Улсын хэмжээнд үнэт үзмэрүүдийн мэдээллийг хадгалсан бүртгэлийн нэгдсэн сайттай болсон. Ингэснээр хосгүй үнэт үзмэрүүд хаана, хэнд байгааг хянаж байх юм. Мөн үзмэр хувь хүнд байж байгаад зарагдлаа гэхэд хаана очсоныг нь мэдэж байх нь чухал учраас бүртгэлийн санд мэдээлэл нь хадгалагдана гэсэн үг.

 

Өөрөөр хэлбэл Дорнод аймгаас нэг үнэт олдвор Сэлэнгэд зарагдлаа гэхэд тэндэхийн бүртгэлийн санд шилжин бүртгэгдэх жишээтэй. Яагаад үзвэр ийн хараа хяналтгүй алга болоод байна гэхээр юун түрүүнд хариуцан хамгаалдаг сан хөмрөгч, музейн ажилтнуудын хариуцлага муу байгаа нь харагдаж байна. Дахин давтагдашгүй, үнэлж баршгүй өвийг хадгалж хамгаалдаг хүмүүсийн хариуцлагыг чангатгахгүй бол хамаг нандин бүхнээ алдаад дуусах нь ээ.

 

Н.Мөнхсайхан

Эх сурвалж: "Дорнод" сонин