sonin.mn

 

Өөртөө итгэх итгэлээ сайжруул
 
Өөртөө итгэлтэй эмэгтэй ажил, амьдралын алинд ч амжилт гаргадаг. Хэрэв чи ийм төрлийн эмэгтэй болохоор шийдсэн бол өөртөө хагалттай цаг гаргах хэрэгтэй. Чиний ямар байх нь өөрийн чинь л сонголт. Өөртөө таалагддаг хүн байгаа бүхэндээ итгэл төгс байдаг.
 
 
Гэхдээ өөртөө итгэлтэй байдал гэдэг зөвхөн гадаад үзэмжээр хязгаарлагдахгүй. Хангалттай хэмжээний мэдлэг чадвар, ажлын дадлага туршлага, аливаад зөв шийдвэр гаргах чадамж зэрэг олон зүйлээр өөртөө итгэх итгэл тодорхойлогдоно. 
 
 
Өөрийгөө сорь бас алдаа гарга
 
Яг үнэндээ бол сургуульд сурсан онолын мэдлэг чинь ажил дээр гараад нэг их хэрэг болдоггүй. Зэрэглээ мэт л толгойд чинь замхрах болно. Чи ажил дээр гараад бүх зүйлийг эхнээс нь өөрөө сурах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл онолын мэдлэг чамд тодорхой ойлголт өгөхөд л зориулагдсан зүйл юм.
 
 
Тиймээс шинэ ажил, албан тушаалд очоод алдаа гаргахаасаа бүү ай. Алдаж байж л онож сурдаг. Шинэ соргог зүйлд өөрийгөө сорь, алдаа гаргасан ч хамаагүй. Харин алдаанаасаа суралцаж, дахин алдахгүй байхыг хичээх ёстой. 
 
 
Нийгмийн идэвхитэй бай
 
Аливаа нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож танилуудынхаа хүрээллийг тэл. Өөр өөр үзэл бодол, зан араншинтай хүмүүстэй харьцаж хувийн ажиглалт хий. Шинэ танилтай болохоосоо бүү цааргал. Бусдаас үлгэр дуурайл болгох зүйлсийг өөртөө "шингээ”.
 
 
Хэрвээ чи ичимхий байдлаасаа болоод хүнтэй харилцахаасаа санаа зовдог бол эхний ээлжинд цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сураарай. Чамтай адил үзэл бодолтой хүн хаа нэгтээ байж л таараа. 
 
 
Биеийнхээ галбирт анхаар 
 
Энэ нь заавал нарийхан гоолиг бол гэж байгаа юм биш. Хамгийн гол нь өөрийнхөө биеийн галбирыг зөв гаргах хэрэгтэй. Өөртөө таарсан мяраалаг хэрнээ бүсгүй хүний гоо сайханг тодорхойлохуйц сайхан бэлхүүстэй эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Үүнийг л хэлээд байгаа юм. Идэвхитэй хөдөлгөөнтэй бай. Амжилтанд хүрсэн эмэгтэйчүүд дан ганц ширээний ард суугаад байдаггүй юм. 
 
 
Үзэл бодлоо илэрхийлж сур
 
Өөрийнхөө үзэл бодлыг хэн нэгэнтэй хуваалцаж байна гэдэг маш том чадвар юм. Зарим эмэгтэйчүүд санаа бодлоо илэрхийлэхдээ маруухан байдгаас болж ажил болон амьдралд тохиолдох мянга мянган боломжуудаас алдсаар л байдаг.
 
 
Үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байх нь нэг талаас ярих гэж буй зүйлийнхээ тухай мэдлэг багатай байдгаас, нөгөө талаас тухайн зүйлээ хэдий мэдэж байгаа боловч үгийн баялаг, өөрийгөө илэрхийлэх чадвар муутайгаас дээрх алдааг гаргадаг.
 
 
Тиймээс сонирхсон номоо уншиж, өөрийнхөө мэдлэгийн хүрээг тэлэнгээ үгийн баялагаа ч бас давхар сайжруулаад ав. 
 
 
Гадаад төрхөндөө анхаарал хандуул
 
Хүмүүс ихэнхдээ гадаад төрхөөр нь хэн нэгнийг шинждэг. Тэгээд тэр төсөөллөөрөө л дүгнэдэг. Үүнтэй холбоотой "Эрчүүд даашинз өмсдөг бас тэгээд халамжтай эмэгтэйд дуртай байдаг” гэсэн яриа ч бий. Арьс, шүд, хумс, эрүүл ахуй гээд бүхий л зүйлдээ анхаарал хандуулах хэрэгтэй.
 
 
Халцархай хумсны будагтай эмэгтэйд ямар ч эр хүн дуртай байхгүй л болов уу. Тиймээс дээрх зүйлсэд мөнгө зарахдаа гар бүү тат. Ямар ч эмэгтэй өөрийгөө тордож чадвал "өндийгөөд” л ирдэг шүү дээ. 
 
 
Эрүүл хүнсээр хоолло
 
Чиний хоолны цэсэнд эрүүл, тэжээллэг хүнсний бүтээгдхүүнүүд байх хэрэгтэй. Аль болох гадуур хооллохоос зайлсхий. Хүн эрүүл биетэй байж л амжилтанд хүрдэг. Тиймээс эрүүл мэндийн асуудлыг яавч орхигдуулж болохгүй. Зургаан сардаа нэг удаа шинжилгээ өгч, ямар нэгэн эмгэг илэрсэн тохиолдолд эмчлүүлж байх хэрэгтэй. 
 
 
Айдсаа даван туул
 
Өөрийгөө айдас гэдэг зүйлээс бүрэн чөлөөл. Чи ямар нэгэн зүйлийг хийхдээ айдсаасаа болоод үргэлж хойш суудаг бол амжилт хэзээ ч чам дээр ирэхгүй. Мөрөөдлийнхөө төлөө юу ч хийхгүй суухын оронд, алдсан ч хамаагүй ямар нэгэн алхам хийж үзэх нь хавьгүй илүү. 
 
 
Сэргэлэн бай
 
Бодсон бүхнээ зоригтой хэрэгжүүлж байна гээд юм бүхэн рүү үсчих нь мэдээж утгагүй хэрэг. Бусдаас туршлага судла, үлгэр жишээ ав. Ингэх нь цаг завыг чинь хэмнэх болно. Хэн нэгний явсан мухар замаар дахин явах гээд хэрэггүй. Харин амжилтанд хүргэх "салаа зам”-ыг эрж хай. 
 
 
Ухарч болно гэхдээ аль болох хурдан урагшил
 
Хэрвээ чи яг одоо уналтанд ороод байвал сэтгэлээр унах хэрэггүй. Бүгд л алддаг. Харин улам гүн рүү унах биш, оргил өөд маш хурдан мацах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө алдаагаа ухамсарлаж түүн дээрээ дөрөөлөөн хурдан дээшил. 
 
 
Өөрийнхөө чадварыг үнэлж сур
 
Дэлхий дээрх бүх өөрийн гэсэн дахин давтагдашгүй шинж чанартай. Таны хийж чадах зүйлийг өөр хэн ч тан шиг хийж чадахгүй. Өөрийнхөө сайн талыг тодорхойлж, түүнийгээ улам хөгжүүл. Удирдлагадаа өөрийнхөө давуу талыг харуулах боломжийг бүү алд. Боломж гарах бүрийд хамгийн сайнаараа хичээж ажилла. 
 
 
Сонирхдог зүйлтэй бол
 
Зөвхөн ажил гэр хоёрын хооронд явсаар байгаад чиний явдаг жим үүсчихжээ. Хонгор минь одоо болноо. Хорвоо дэлхий уудам, хийх зүйл их байна. Аль эртнээс л бүжгийн дугуйланд явах юмсан гээд одоо болтол энэ талаар судалж үзээгүй л явна уу? Хийхийг хүсэж байгаа зүйл байвал яг одооноос эхэлж хий.
 
 
Хэлний сургалт дамжаа, бассейнд явах, галлерей орж үзэх, явган аялалаар явах гэх мэтээр чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөө. Боломжгүй гэж хойш суусаар л байвал чамд хэзээ ч боломж олдохгүй байсаар л байх болно. Өөрийн гэсэн сонирхдог зүйлтэй болж, түүндээ "дурла” бас тэгээд амжилт гарга. 
 
 
 
Эх сурвалж: "Санхүүгийн мэдээ"