“Ирксиб строй” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Нарангэрэл Богд банкнаас зээл авах явцад өмчлөх эрхийн зөрчилтэй, шүүхийн маргаантай хөрөнгө худалдан авч, хохирсон гэх асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Манай компани барилгын салбарт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Бизнесээ өргөжүүлж, барилгын санхүүжилтээ бүрдүүлэх зорилгоор Богд банкнаас 2.8 тэрбум төгрөгийн зээл хүссэн.
Банк эхний удаад хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан ч хоёр, гурав хоногийн дараа тус банкны захирал Алтанбагана бидэнтэй холбогдсон.
Тэрбээр зээлийг бүхэлд нь мөнгөн хэлбэрээр олгох боломжгүй тул тал хувьд нь банкны нэр дээр хураагдсан бараа материал, үл хөдлөх хөрөнгө, автомашин авч, үлдсэн хэсгийг мөнгөөр авах санал тавьсан. Бид уг саналыг хүлээн авч, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч зээл олгосон өдөр дансанд мөнгө орж ирмэгц 1.3 тэрбум төгрөгийн зарлага гарсан.
Банкнаас бидэнд шилжүүлсэн хөрөнгө өмчлөх эрхийн зөрчилтэй, шүүхийн маргаантай байсныг урьдчилан мэдэгдээгүй.
Бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулж, бусдын хөрөнгийг давхардуулан худалдсан гэж үзэж байна” гэлээ.
Мөн тэрбээр банк зээлийг зөвхөн мөнгөн хэлбэрээр олгох ёстой бөгөөд бараа материал, үл хөдлөх хөрөнгийг зээлийн төлбөрт дүйцүүлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг хуулиар хориглодог гэж тайлбарлав.
М.Чой
Даваа - 11 сарын 09,
2026
Сэтгэгдэл0