sonin.mn

Нийслэлд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгах АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.


АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн дараах мэдээллийг өгсөн юм.


Нийслэлд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотойгоор авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тухай мэдээлэл иргэд, олон нийтээс ирсэн. Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, энэ оны тавдугаар сард Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.


Мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ, нарийн төвөгтэй байдлыг харгалзан мөрдөх байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн. Үүний дагуу Улсын ерөнхий прокурорын газраас Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан.


Тус ажлын хэсэг нийслэлд хэрэгжүүлж буй 24 төсөл, хөтөлбөр, түүний дотор Туулын хурдны зам, Шинэ тойрог зам, Сэлбэ дэд төвийн төслүүдтэй холбоотой асуудлыг шалгаж байна.


Одоогоор нийт зургаан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хүрээнд тендерийн сонгон шалгаруулалт, санхүүжилттэй холбоотой 40 гаруй төрлийн баримт материалыг холбогдох байгууллагуудаас гаргуулан авчээ.


Мөн төсөл, хөтөлбөр хариуцсан албан тушаалтнууд, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл зэрэг 200 орчим хүнээс мэдүүлэг авч, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, санхүүгийн мөрдлөг хийх, холбогдох баримт материалд шинжилгээ судалгаа явуулах ажиллагааг үргэлжлүүлж байна. Үүнээс гадна мэргэжлийн байгууллагуудаас зөвлөмж, дүгнэлт гаргуулан авч байгаа аж.


Нийт зургаан хэргээс дөрвөн хүнд холбогдох нэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Үлдсэн таван хэрэгт эрүүгийн болон санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Эдгээр хэрэгт нийт есөн хүнийг яллагдагчаар татаж, хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар АТГ-аас мэдээллээ.


Нэг. Туулын хурдны замын төсөлтэй холбоотой хэрэг


АТГ-ын мэдээлснээр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгчээр шалгарсан хуулийн этгээдэд 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилт олгохдоо холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн шалгаж байна.


Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шаардлагыг хангаагүй, урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах эрхгүй этгээдээс баталгаа ирүүлсэн байхад санхүүжилтийн гүйлгээ хийх эрхийг тухайн үед орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайд шилжүүлж, 500 тэрбум төгрөгийг олгуулсан гэж мөрдөн шалгах байгууллага үзжээ.


Иймд Х.Нямбаатарыг энэ оны есдүгээр сарын 25-нд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байна.


АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн санхүүжилтийн эрхийг шилжүүлсэн асуудлыг дараах байдлаар тайлбарлав.


Тухайн үед нийслэлийн холбогдох байгууллагад хөрөнгө оруулалтын асуудал хариуцан ажиллаж байсан Б гэх албан тушаалтан 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилт олгох хуульд заасан нөхцөл, шаардлага хангагдаагүй гэж үзэн санхүүжилтийн эрхийг нээхээс татгалзжээ. Гэвч Х.Нямбаатар уг эрхийг Т.Даваадалайд шилжүүлж, санхүүжилтийн гүйлгээг хийлгэсэн гэж мөрдөн шалгах байгууллага үзэж байгаа аж.

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.


Х.Нямбаатарт яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар дуудан ирүүлэх хуудас хүргүүлсэн боловч ирээгүй байна. Түүний хилээр зорчсон мэдээллийг шалгахад энэ оны наймдугаар сарын 10-нд Монгол Улсын хилээр гарсан нь тогтоогджээ.


Иймд түүний оршин суугаа газар, хаяг байршлыг тодруулахаар ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоогоор дамжуулан олон улсын цагдаагийн байгууллагад хандсан байна.


АТГ-ын мэдээлснээр, Х.Нямбаатарыг Канад улсад түр оршин сууж байгаа гэх албан бус мэдээлэл байгаа бөгөөд түүнийг шилжүүлэн авах хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлжээ.


Монгол Улс, Канад улсын хооронд эрүүгийн хэрэгт харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хоёр талын гэрээ байхгүй ч хоёр улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод нэгдсэн тул уг конвенцын хүрээнд хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаа аж.

Шилжүүлэн авах хүсэлтийг албан ёсоор хүргүүлсэн боловч одоогоор хариу ирээгүй байна.

Туулын хурдны замын төсөлтэй холбоотой хэрэгт Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд төслийн гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн арилжааны банкууд дахь 14 дансанд байршуулсан нийт 339 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, царцаасан байна.

Өөрөөр хэлбэл, урьдчилгаа санхүүжилтэд олгосон 500 тэрбум төгрөгөөс 339 тэрбум төгрөгийг царцааж, үлдсэн 160 орчим тэрбум төгрөгийг төслийн үйл ажиллагаанд зарцуулсан болохыг мөрдөн шалгах байгууллага тогтоожээ.


Түүнчлэн Туулын хурдны замын төслийн хүрээнд байгаль орчинд хохирол учруулсан байж болзошгүй асуудлыг шалгаж байна.


Төслийн трасст Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сангийн 7.2 га талбай өртсөн бөгөөд Туул голын бургасан ойг холбогдох журмын дагуу шилжүүлэн суулгах ёстой байсан ч уг ажлыг хийгээгүй, харин талбайд хавтгайруулан огтлолт хийсэн гэж үзжээ.


Үүний улмаас нийслэлийн ногоон бүсийн ойн санд 352.2 сая төгрөгийн хохирол учирсныг тогтоосон талаар АТГ-аас мэдээллээ.


Хоёр. Шинэ тойрог замын төсөлтэй холбоотой хэрэг


Шинэ тойрог замын техник, эдийн засгийн үндэслэл болон зураг төсөл боловсруулах 16.9 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

АТГ-ын мэдээлснээр, тухайн үед нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгон, тендерт хууль бусаар шалгаруулсан гэж буруутгаж байгаа аж.


Энэ үндэслэлээр Т.Даваадалай болон хэрэгт холбогдох гурван этгээдийг Эрүүгийн хуулийн 22.1, 18.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байна.


Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дуусгаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Улмаар прокурорын байгууллагаас хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд одоогоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гараагүй байна.


Мөн хэрэгт холбогдох үл хөдлөх хөрөнгө болон мөнгөн хөрөнгийг битүүмжилж, хамгаалалтад авсан талаар мэдээллээ.


Гурав. Сэлбэ дэд төвийн төсөлтэй холбоотой хэрэг


Сэлбэ дэд төвийн төслийн хүрээнд нийт долоон багц тендер зарлагдсан бөгөөд эдгээрээс 4.2 дугаар багц буюу 994 айлын 14 блок орон сууцны барилга барих 223.4 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийн сонгон шалгаруулалтыг шалгаж байна.

Мөрдөн шалгах байгууллагын үзэж буйгаар, уг тендерийг хариуцсан албан тушаалтнууд тодорхой хуулийн этгээдүүдэд эдийн засгийн давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Тухайлбал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгэн төлөөлөгч өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийг тендерт шалгаруулахад оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Үүнээс гадна нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатар өөрийн хамаарал бүхий 20 гаруй этгээдэд давуу байдал олгосон байж болзошгүй асуудлыг шалгаж байгаа аж.


Тодруулбал, Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий С гэх этгээдийн үүсгэн байгуулсан компанид 2024 оны хоёрдугаар сарын 7-нд зарласан Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг дахин төлөвлөх барилгын зураг төсөл боловсруулах 3.8 тэрбум төгрөгийн тендерт давуу байдал олгон, хууль бусаар шалгаруулсан байж болзошгүй гэж үзжээ.


Мөн тухайн хуулийн этгээдийг 2025 оны дөрөвдүгээр сард зарласан Соёлын төв өргөөний их засварын 678 сая төгрөгийн өртөгтэй тендерт хууль бусаар шалгаруулсан байж болзошгүй асуудлыг шалгаж байна.


Үүнээс гадна 2023 онд Хэнтий аймгийн Бэрх тосгоны 640 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг 1.7 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх тендерт уг хуулийн этгээдийг хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй гэх асуудалд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн мэдээллээ.


Мөн энэ үеэр АТГ-ын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Н.Дамдинсүрэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХОМ-ийн талаар: "ХОМ-ийн хяналт шалгалтыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн хоёр хэлбэрээр явуулдаг. Төлөвлөгөөт шалгалтыг эрсдэл бүхий албан тушаалтнуудад хийдэг бол төлөвлөгөөт бус шалгалтыг иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу явуулдаг. 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотойгоор иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хөрөнгө, орлогын мэдүүлэгт нь хяналт шалгалт хийсэн. Энэхүү шалгалтыг сүүлийн таван жилийн хугацаанд мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хамруулан явуулсан бөгөөд шалгалтын дүнгээр мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзсэн” гэв.



У.Анударь