sonin.mn


Монголын цэрэг Өвөр Монголыг хорьдугаар зуунд хоёр удаа чөлөөлсөн түүхтэй байдаг. Нэг нь 1913 онд Богд хаант Монгол улсын цэргүүд Өвөр Монголыг чөлөөлсөн, нөгөө нь БНМАУ-ын цэргүүд 1945 онд Өвөр Монголыг чөлөөлсөн байдаг юм. Үүний хоёр дахь чөлөөлөлтийн тухай өгүүлье. / Нэг дэхь чөлөөлөлтийн тухай өмнө нь өгүүлсэн /


1945 онд БНМАУ-ын арми зөвлөлтийн армитай хамт тулалдаж Өвөр Монголыг Японы нөлөөнөөс чөлөөлсөн билээ. Тэр үед БНМАУ Японыг эсэргүүцэх дайнд ялсан хэмээн улаантны суртал ухуулга өдөр шөнөгүй ард түмний тархийг бөмбөгддөг байсан боловч үнэн хэрэгтээ манай улсад энэ дайнаар хохирсон зүйл гарсан байдаг юм. Наад зах нь БНМАУ 1939 оны Халх голын дайнд Мана уул, Нөмрөг гээд 60 000 га газраа Хятадад алдсан байдаг юм. Зөвлөлт улс Халх голд 1939 онд Японтой дайн хийж байснаа Зөвлөлт улс нацистын Германтай хамтарч Польш руу довтлох болсон тул гэнэт Халх голын байлдаанаа зогсоож Японтой энхийн гэрээ хийж монголын газар нутгийн заримыг нь Манж Го улсад өгчихсөн байдаг юм. Тэрхүү дайныг зогсоож японтой хилийн гэрээ хийхдээ Сталин Чойбалсанг огт дуудаагүй, Монголыг улс гэж огт тоож үзээгүй байдаг юм.


Дэлхийн 2-р дайны дараа Өвөр Монголыг БНМАУ -тай нэгтгэх асуудлыг Сталин огт зөвшөөрөөгүй юм. Монголын Засгийн газар тэр үед Зөвлөлт улсад хандаж чөлөөлөгдсөн Өвөр Монголоо нэгтгэж авах талаар албан ёсны ямар ч хүсэлт, ямар ч тохиролцоо хийж чадаагүй байдаг юм. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хамтарсан онц хурлаас БНМАУ-аас Японд дайн зарлах тухай тунхаглалыг баталжээ. Энэ дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэргээс дөрвөн морьт дивиз, механикжуулсан хуягт бригад, Нисэх дивиз, Их буу, Холбоо, Танкийн тусгай хороо оролцсон байна. Мөн Хилийн цэргийн найман хөдөлгөөнт отряд болон Дотоод Явдлын Яамны Улсыг аюулаас хамгаалах байгууллагын тусгай бүлэг, Ардын Өөрийгөө Хамгаалах Сайн Дурын Морьт Отряд оролцжээ. Мөн МАХЦ-ийн дайчид болон чөлөөлөгдсөн нутгийн ард олонд үйлчлэх зорилготой Цэргийн эмнэлэг, Цэргийн ансамбль, ухуулга сурталчилгааны бүлгүүд чөлөөлөгдсөн нутгуудад ажиллаж, Өвөр монголын ард түмэнд хүмүүнлэгийн болон сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлэх, БНМАУ-ын хөгжилт бэхжилт, ард түмний амьдрал, Монгол, Хятадын ард түмний найрамдлын талаар сурталчлах үүрэг гүйцэтгэжээ. Чөлөөлөх дайнд БНМАУ-ын зэвсэгт хүчнээс нийтдээ 21384 цэрэг, дарга оролцож, БНМАУ-ын Цэргийн Явдлын Яамны сайд, Бүх цэргийн жанжин маршал Х. Чойбалсан ерөнхийд нь удирдсан юм. Зөвлөлт-Монголын морьт механикжуулсан бүлгийн бүрэлдэхүүнд багтсан МАХЦ-ийн анги салбарууд хоёр чиглэлд тухайлбал, Дарьганга, Байшинтын районоос Долнуур, Жэхэгийн чиглэлд 950 гаруй км, Сайншандаас Чуулалт хаалганы чиглэлд 500 гаруй км газарт давшиж байлдааны үүргээ амжилттай биелүүлжээ. Давшилтын үед олон удаагийн ширүүн байлдаан болсноос 8 дугаар сарын 19-21-нд Жанчхүүгийн бэхэлсэн районыг чөлөөлөхийн төлөө томоохон байлдааныг явуулжээ. Монгол, Зөвлөлтийн цэргийн давшилтаар эхэлсэн Ази дахь дайн 1945 оны 9 дүгээр сарын 2-нд Япон улс бууж өгснөөр төгсгөл болов. 1945 оны 9 дүгээр сарын 3-нд БНМАУ-д Ялалтын баярыг өргөн дэлгэр тэмдэглэжээ. Чөлөөлөх дайнд баатарлаг гавьяа байгуулсан хурандаа Д. Нянтайсүрэн, байлдагч Л. Аюуш, Д. Данзанваанчиг, С. Дампил, Т. Дүүдэй, М. Жанчив нар БНМАУ-ын Баатар цолоор, мөн МАХЦ-ийн 2000 гаруй дайчид Монгол Улсын одон медалиар шагнуулжээ. Харин МАХЦ-ээс 80-аад хүн дайнд нас барсан, сураггүй болсон буюу шархадсан байна.


БНМАУ-ын Засгийн газар 1945 оны VIII сарын 10-нд Японд мөн дайн зарлав. Монгол ардын хувьсгалт цэрэг нь оперативын удирдлагын хувьд Зөвлөлтийн армийн Өвөр Байгалын фронтын бүрэлдэхүүнд дэслэгч генерал И. А. Плиевийн удирдлагад багтаж, зөвлөлтийн нэгтгэл ангиудын хамт «өмнөд бүлэг» гэгч морьт механикжуулсан группийг бүрэлдүулсэн билээ. Тус группэд Монголын талаас Ардын хувьсгалт цэргийн 5, 6, 7, 8 дугаар Морьт дивиз, морьт тусгай хороод, 7-р механикжуулсан хуягт бригад, танк, их буу, авто тээврийн болон холбооны тусгай хороо, нисэх холимог дивиз, шимийн инженерийн тусгай салбар зэрэг гол анги нэгтгэл, хилийн цэргийн отряд, застав, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын ангиуд оролцжээ. Тус группэд бүгд 42 мянган цэрэг, офицер, 28 мянган морь, 403 танк, хуягт машин, 610 их буу, миномёт, пуужинт их буу багтаж байв. Манай зэвсэгт хүчнийг БНМАУ-ын маршал Х. Чойбалсан, дэслэгч генерал Ж. Лхагвасүрэн нар удирджээ. Японы эсрэг дайнд бэлтгэх ажил БНМАУ-д 1945 онд эхэлжээ. 1945оны VII сард Х. Чойбалсан нар зөвлөлтийн дээд удирдлагатай уулзан, дайнд хэрхэн оролцох, ямар хүчийг монголын тал гаргах талаар урьдчилан тохирсон байжээ. Харин Х. Чойбалсан Өвөр Монголыг БНМАУ-тай нэгтгэх талаар Зөвлөлт улстай ямар ч тохиролцоо хийсэнгүй. БНМАУ 1945 оны долоо, наймдугаар нисэх дивиз, хуягт бригад, их буу, холбооны хороод зэрэг техникийн анги, нэгтгэлийн хүн хүч, зэвсэг техникийг өргөтгөн шинэчилж хуваарилсны дээр морьтдивиз, хороодын сэлэмт суман бүрийн галын хүчийг зузаатгасан байна. 35 хүртэлх насны идэрчүүдийг цэргийн албанд дайчлан татав. Шинэ цэргийг хүчний төвлөрөлтийн түшиц газар саадгүй хүргэх зорилгоор 22 400 гаруй морь бүхий 102 өртөө байгуулж, армийн агтны тусгай дивизион, рот-отрядуудыг байгуулжээ. Артал, эмнэлгийн албыг бэхжүүлсэн байна. Морьт механикжуулсан группийн бүрэлдэхүүнд орсон Монгол-Зөвлөлтийн цэргийн гол анги нэгтгэл 1945 оны VII сарын сүүлчээр Сайншанд, Байшинтын районд БНМАУ-ын өмнөд хилээс 90-100 км-ийн зайд жигдэрч, байлдааны бэлтгэлийг дууссан байв.


Зөвлөлтийн армийн генерал Плиев Манж Го улсын хил рүү дайрахын өмнө БНМАУ-ын цэргийн удирдагчид хандаж “Хэрэв Монгол- Манж го улсын хил дээр манай цэргүүдийн эсрэг буун дуу гарвал чамайг буудна шүү хэмээн заналхийлж байжээ.


Ингээд Зөвлөлт улсын Өвөр Байгалын фронтын өмнөд бүлэг давшилтынхаа гол цохилтыг БНМАУ-ын Тамсагбулагийн районоос Их Хянганы нурууг давж Чанчунь, Мүгдэнгийн чиглэлээр хийж, фронтын бусад хүчтэй хамтран Квантуны армийг Манжуурын төв хэсэгт бүслэн бут цохих үүргээ гүйцэтгэж эхлэв. Хил дээр нэг ч буун дуу гарсангүй. Долоннуур-Жэхэгийн чиглэлийн бүрэлдэхүүнд Монголын талаас 5-р морьт дивиз, танкийн 3-р хороо, холбооны тусгай хороо, нисэх холимог дивиз, мен 11, 12-р тусгай морьт хороо зэрэг анги нэгтгэл багтаж байв. Чуулалт хаалга буюу Жанчхүүгийн чиглэл дэх Монгол-Зөвлөлтийн мотомеханикжуулсан анги нэптэлээс бүрдсэн хоёрдахь группт МАХЦ-ийн мотомеханикжуулсан 7-р хуягт бригад, их бууны 3-р хороо багтаж байжээ.


1945 оны VIII сарын 9-нд Долоннуур-Жэхэгийн чиглэлд давших группийн гол хүч БНМАУ-ын хилийг давав. 10-13-ны өдрүүдэд МАХЦ-ийн 5, 6, 7, 8 дугаар дивиз Зөвлөлтийн армийн механикжуулсан группийн хамт Японы эсэргүүцлийг няцааж, Шеншингийн овоо, Тайпуу усны худгаас зүүн тийших газрыг эзлэн Шанага, Арцагаан нуур, Яндуусүм, Тасын овоо зэргийг чөлөөлж, VIII сарын 13-нд Далай нуурын заагт хүрчээ. Монгол-Зөвлөлтийн цэрэг тэндээс 150 гаруй км үргэлжилсэн Цахарын их элсэн манхны усгүй, бартаат замыг туулж, БНМАУ-ын хилээс 450 км-т орших Долоннуур хотод тулж очив. Тэнд Япон-Манжго-гийн хамгаалалтын том хүчний шургуу эсэргүүцлийг дарж, VIII сарын 16-нд Долоннуур хотыг чөлөөлжээ. Ингэснээр Монгол-Зөвлөлтийн цэрэг Их Хянганы нурууны хормойд хүрсэн байна.


Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан группийнхэн байгаль цаг уурын элдэв бэрхшээлийг туулан цааш зогсолтгүй давшжээ. МАХЦ-ийн 5,7-р дивиз, Зөвлөлтийн цэрэгтэй хамт VIII сарын 17-нд Фынин хот, 20-нд Саньчакоугийн районыг, 21-нд Луньхуа хотыг чөлөөлжээ. Наймдугаар сарын 19-нд МАХЦ-ийн 7, 8-р дивиз Зөвлөлтийн армийн ангиудын хамт Жэхэ хотод оров. Наймдугаар сарын 20-нд Жэхэд байсан Японы цэргийн гарнизон Монгол-Зөвлөлтийн группийн командлалд зэвсгээ хураалган бууж өгчээ. Энд Япон-Манжго-гийн 8000 гаруй цэрэг офицер, 9126 винтов, 123 пулемёт, 15 миномёт, 6 их буу, 3 хөнгөн танк, 300 авто машин, зэвсэг хэрэгслийн 42 агуулахыг олзолжээ. Монгол-Зөвлөлтийн цэрэг Жэхэ хотыг чөлөөлж, түүний орчинд хяналт тогтоосноор Манжуур дахь Квантуны арми хойд Хятад дахь бэлтгэл хүчнээсээ таслагдаж, Өвөр Байгалын фронтын гол хүч баруун жигүүрээсээ аюулгүй болжээ.


Монгол-Зөвлөлтийн хамтарсан группийн командлалын тушаалаар МАХЦ-ийн 6-р дивиз VIII сарын 21-ний өглөө Аньзятунь хотыг дайран авчээ. Тулалдаанаар Японы 8-р явган бригадын 150 гаруй цэрэг, офицерыг буулган авч, үлэмжхэн зэвсэг хэрэгсэл, хэд хэдэн агуулахыг олзолсон байна. 6 дугаар дивиз давшилтаа үргэлжлүүлсээр БНМАУ-ын хилээс 1010 км алсалсан Губэйкоу хотын районд хүрч МАХЦ-ийн 5 дугаар морьт дивизтэй нийлэв. Хоёр дивиз VIII сарын 21-ний үдээс хойш тэрхүү хотыг чөлөөлжээ. Японы эзэн хааны 8 дугаар корпусын 31,35 дугаар тусгай отряд, их буу, танк эсэргүүцэх их буу, минометын батарейн 1300 цэрэг офицер буун өгч, үлэмж хэмжээний зэвсэг, эд хогшил, галт хэрэгслийн агуулахыг олзолсон байна. 5, 6 дугаар морьт дивиз бусад ангийн хамтаар Миюнь хотын зүг давшилтаа үргэлжлүүлэн VIII сарын 22-нд уг тод тулж очсон юм. Чуулалт хаалганы чиглэлд давшсан Монгол-Зөвлөлтийн цэргийн Мото механикжуулсан анги нэгтгэл, VIII сарын 9-ний үдэш Замын-Үүдээс хөдөлж, Япон-Өвөр Монголын цэргийн анги салбарыг устгаж, мөн шөнө Цагаан овоо суманд хүрчээ. Цааш давших замдаа Нянзан хотыг эзлээд улмаар VIII сарын 11-нд Монголын хилээс 200 гаруй км-ийн зайд орших Өвөр Монголын Баруун Сөнөд, Вангийн хүрээг чөлөөлөв.


Монгол-Зөвлөлтийн хамтарсан хүч цааш давшиж, тус улсын хилээс 300 шахам км алсад орших Завсар (Чансыр) хотыг VIII сарын 13-нд эзлэн авч улмаар тус хотоос 113 км-т орших 95 мянган хүнтэй Жанбэй хотыг VIII сарын 18-нд дайран эзэлжээ. Дүүрэгтээ цэргийн хэд хэдэн хотхон, нисэх онгоцны буудалтай, цэргийн хуаран, аж үйлдвэрийн газар, цахилгаан станц, радио станц, авто машины засварын газар бүхий олон замын уулзвар зангилаа Жанбэй хотыг авснаар Монгол-Зөвлөлтийн цэрэг Жанчхүүгийн давааны бэхэлсэн районд тулж очив. БНМАУ-ын хилээс 560 км хол оршдог Жанчхүүгийн даваа бол хойд талаас Чуулалт хаалга орох гол замыг халхалсан Японы цэргийн чухал түшиц газар, байлдааны бат бэх бэхлэлт бүхий район байв. Энд япончууд 1935-1940 онд 40 000 хятад иргэнийг дайчлан ажиллуулж 35 км урт, 10 км өргөн бэхлэлт байгуулж, түүндээ олон тооны тулгуурт байр, их буу, пулеметын галын цэг байрлуулснаас гадна тухайн цагтаа сүүлийн үеийн техник хэрэгслээр тоноглогдсон газар доогуур харилцах суваг, орон сууц, агуулахын олон барилга байгууламжтай байжээ. Бэхэлсэн районыг хоёр давхар төмөр утсан тор, танк эсэргүүцэх өргөн, гүн шуудуугаар тойруулан нэвтрэх сүв, хажуугаар гарах замыг минажүүлсэн байжээ. Япончууд энэ бэхлэлтээ «давагдашгүй цайз» гэж үзэж байв. Жанчхүүгийн давааны бэхэлсэн районыг эзлэн авах байлдааны үүрэг зөвлөлтийн 27 дугаар мото буудлагын бригад, МАХЦ-ын 7 дугаар мото механикжуулсан хуягт бригадын дайчдад оногджээ. VIII сарын 18-нд Монгол-Зөвлөлтийн армийн анги дайсны хүчийг туршин байлдаж бэхлэлтийн зохион байгуулалт, галын гол цэгийг илрүүлсэн нь тулалдааны цаашдын амжилтад чухал тус болжээ. Жанчхүүгийн давааны төлөө байлдаанд МАХЦ-ийн хурандаа Нянтайсүрэнгийн командалсан 7 дугаар хуягт бригадын дайчид гарамгай тулалджээ. Дэслэгч Санжаагийн командалсан миномет салааны дайчдын мэргэн галын цохилт нь анги салбарын давшилтыг хангахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Тус салааны наводчик Д. Данзанваанчиг, туслах наводчик Д. Цэрэндорж нар дайсны хүнд пулемет 2, хөнгөн пулемет 3-ыг сөнөөж Японы 20 гаруй цэрэг, офицерыг устгажээ. Буудлагын нэгдүгээр ахлагч Дүүдэйн салаанд хүч нэмэгдүүлж өгсөн дэслэгч Г. Дашдондогийн хамт салаагаа хошуучлан давшиж дайсны хориглолтыг эн түрүүнд сэтэлж Японы хүнд, хөнгөн пулемётын галын цэг 10 гаруйг 30 гаруй цэрэг офицерын хамт устгажээ. Тулалдааны үед Л. Аюуш 11 гаруй удаа шархадсан боловч алхам ч ухралгүй урагш тэмүүлэн байлдсаар сумаа дуусган пулемётынхаа гол төмрийг салган авч дайран ирсэн дайсантай гард тулалдаж олныг устгаад эх орон, ард түмэндээ өргөсөн ариун тангаргаа үнэнчээр биелүүлж баатрын ёсоор амь үрэгджээ. Холбоо салааны тасгийн дарга, ахлах түрүүч Жанчив дайсны шуурган галын дундуур тасарсан холбоог хоёр газраар залгаад, гурав дахь тийш мөлхөн очиж гар нь шархадсан учир тасарсан хоёр үзүүрийг нийлүүлэн шүдэндээ зууж холбоог залгуулаад, ангийнхаа давшилтыг хангаж байлдааны үүргээ баатарлагаар биелүүлэн амь эрсэджээ. Монгол-Зевлөлтийн анги нэгтгэл ийнхүү 3 хоногийн ширүүн байлдааны эцэст Японы цэргийн бэхлэлтийг эвдэн VIII сарын 21-нд Чуулалт хаалганы районыг чөлөөлснөөр байлдааны ажиллагааг ялалтаар дуусгав. БНМАУ-ын нутаг Тамсаг булаг, Халхын голын районоос) довтолгоонд орсон Улаан армийн Өвөр Байгалын анги нэгтгэлүүд усгуй элсэн цол хээр, Их Хянганы өндөр нурууг даван Солон, Хайлаарын чиглэлд дайсныг бут цохиод, VIII сарын 18, 19-нд Манжуурын аж үйлдвэр, засаг захиргааны чухал төвүүдэд тулж очжээ. Өвөр Байгалын фронтын ба Алс Дорнодын 1, 2 дугаар фронтын цэрэг, Амар мөрний нэгдсэн флотын хүч Манжуурын баруун хойд болон зүүн талаас зэрэг давшиж Японы хуурай замын цэргийн гол хүч Квантуны армийг бүслэн бут цохиж, зүүн хойт Хятад, Солонгосыг Японоос чөлөөлжээ. ЗХУ-ын Номхон далайн умард флотын цэрэг Сахалины өмнөт хэсэг, Курилийн арлуудыг Японоос чөлөөлжээ. Харин Курилын арал бол японы унаган нутаг байлаа. Сталин бүр давраад Японы Хоккайдо арлыг эзэлнэ гэж байсныг Холбоотон улсууд ялангуяа АНУ арайхийж зогсоож байжээ.


1945 оны IX сарын 2-нд Японы зэвсэгт хүчний командлал үг дуугүй бууж өгөх тухай актанд гарын үсэг зуржээ. Японы дайнд МАХЦ-ээс алагдсан, сураггүй алга болсон хохирол нийт 78 хүн болжээ. Мөн Японоос 594000 хүн олзлогдсоноос МАХЦ-ийн олзолсон нь 12318 хүн болсон байна. Үүгээр дэлхийн II дайн дуусчээ. Японы милитаризмыг устгахын төлөө явуулсан байлдаанд онц гарамгай тулалдаж зориг баатарлагийн үлгэр жишээ үзүүлсэн Л. Аюуш, Д. Данзанваанчиг, С. Дампил, М. Жанчив, Г. Дүүдэй, Д. Нянтайсүрэн, П. Чогдон нарын зэрэг хүмүүст БНМАУ-ын баатар цол хүртээсэн юм. Түүнчлэн МАХЦ-ийн байлдагч, анги нэгтгэлийн дарга, улс төрийн ажилтан 2000 гаруй хүнийг БНМАУ-ын төрийн дээд шагнал одон медалиар шагнажээ. Зөвлөлтийн Улаан армийн 800 шахам хүнийг монголын одон медалиар шагнажээ. Японы милитаризмыг бут цохих тэмцэлд БНМАУ, зэвсэгт хүчнээ оролцуулж, Зөвлөлтийн Улаан армийн хамт Японы хуурай замын гол хүч Квантуны армийг бут цохиход мөр зэрэгцэн тулалдаж, Ази тивд дайны сүүлчийн голомтыг унтрааж, энх тайваныг тогтоож угсаа нэгт ахан дүүс Өвөр Монголоо чөлөөлөв. Гэвч Өвөр Монголоо чөлөөсний ашиг Монголд гарсангүй.


Харин Зөвлөлт улс Монголын талыг дайнд оролцохыг хүссэн нь сайндаа ч биш, Японы армид олон тооны өвөр монголчууд алба хааж байсантай холбоотой бөгөөд Монголын арми дайнд орсон тохиолдолд өвөр монголын цэрэг байлдалгүй бууж өгнө гэж үзсэн байна. Сталин Чойбалсанд нэгэн удаа та бол Ар Монголын төдийгүй Өвөр Монголын удирдагч гэж хэлж байсан ч гэсэн зөвлөлтийн тал Хятадын коммунистуудтай харилцаагаа муутгахгүйн тулд өвөр монголын талаархи бодлогоо Монголд ашигтай бус, хятадуудад ашигтай байх талаар өөрчилжээ. Мао Зедун “Өвөр Монгол бол Хятадын коммунист хүчний эдийн засгийн ганц гол бааз тул Өвөр Монголыг БНМАУ-д нэгтгэхгүй байх” талаар Сталинд хүсэлт тавьжээ. Хятадын коммунистууд өвөр монголчуудад илүү их эрх чөлөө өгөхөөр амласан тул олон өвөр монголчууд Маог дэмжин Япон, Гоминдантай тулалдаж байжээ. Гэвч Хятад улс дайны дараа өвөр монголчуудад өгсөн амлалтаасаа няцаж өвөр монголчуудын эрх чөлөөг хааж боомилох бодлого явуулах болжээ.


Дайны үеэр Х. Чойбалсан өвөр монголчуудыг Монгол руу нүүхийг уриалсан ч Зөвлөлтийн цэрэг Өвөр Монголын дүрвэгсдийн замыг хааж олон мянган өвөр монголчуудыг Хятад руу буцааж байв. 1940-өөд онд цөөн тооны өвөр монголчууд, Шиньжяны ойрадууд Монгол улсад элдэв бэрхшээлий туулан нүүн иржээ. Мөн Хятадад болсон 1960 оны соёлын хувьсгалаас дүрвэж Өвөр Монголоос цөөн тооны монгол угсаатан хүмүүс дүрвэн Монголд иржээ. Гэвч БНМАУ дүрвэж ирсэн олон өвөр монгол хүмүүсийг Хятад улсад буцаан тушааж байсан тохиолдол удаа дараа гарч байжээ. Энэ бүхэн өвөр монголчуудын Монгол улсад итгэх итгэл найдварыг бөхөөж байлаа.


Монголчууд бид түүхээ үнэн зөв ойлгож алдаагаа дахин давтах ёсгүй байсан юм. Монгол улс Өвөр Монголтой нэгдэх боломжийг хаант Орос улс хожим нь Зөвлөлт улс болон Хятад улс хааж байсан нь үнэн. Гэхдээ монголчуудын дотоодын хэрүүл тэмцэл зөрчил үндэсний нэгдлийг бутаргаж хагаралд хүргэж байлаа. 1911 онд Халх Монгол туурга тусгаар болсон ч гэсэн тусгаар улс болоход гавьяа байгуулсан Удай ван зэрэг өвөр монгол ноёдоо ад үзэж Өвөр Монгол руу хөөн явуулж байжээ. 1917 онд Хатанбаатар Магсаржавын цэргүүд хамгийн эрэлхэг зоригтой, хятадыг хамгийн их сэрэгүүцэн тулдаг баатар эр Шударга гүн Бавуужавын цэргийг мөшгиж хоёр монголын цэргүүд хоорондоо тулаан хийж байжээ.


БНМАУ-ын удирдагч маршал Х. Чойбалсан өвөр монголын эх оронч Дэмчигдонров ванг түүний хүү Дугарсүрэнгээр хуурамч захидал бичүүлж хуурч мэхлэн Улаанбаатар хотод авчирч байв. Өвөр Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч Дэ ван буюу Намжилваанчигийн Дэмчигдонровыг БНМАУ-ын Засгийн газар (Маршал Х. Чойбалсангийн тушаалаар) 1950 оны 2 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотод ирэнгүүт нь толгойд нь хар уут углаж баривчилжээ. Дэлхийн II дайн төгсөж, Хятадад иргэний дайн дэгдсэний дараа Дэ ван Өвөр Монголын бие даасан байдлыг хадгалахыг хичээн цаашид БНМАУ-д нэгтгэх зорилготойгоор хятадын эсрэг зэвсэгт тэмцэл хийж байв. Улмаар БНМАУ-ын удирдлагаас түүнийг ирэхийг урьсан хэл мэдээ авч, 1949 оны сүүлчээр гэр бүлийн хамт Монгол Улсын хилээр нэвтэрчээ. Тэрээр БНМАУ-аас улс төрийн орогнол авч, бүх Монгол үндэстнийг нэгтгэх үйл хэрэгт туслалцаа авна хэмээн найдаж байсан аж. Гэвч түүнийг Улаанбаатарт ирснийх нь дараа, 1950 оны 2 дугаар сард түүнийг дотоодыг хамгаалахын ажилтнууд "Японы тагнуул, эсэргүү" гэх зэрэг хилс хэрэгт тулган баривчилжээ. Түүгээр ч барахгүй 1950 онд түүний эхнэр, хүүхдүүдийг хөдөө аймагт нутаг заан суулгаж, удалгүй ууган хүү Дугарсүрэнг нь цаазалж амь насыг нь хөнөөжээ, удаах хүү Галсанжигмэдийг нь 10 жил хорих ялаар шийтгэсэн байна. Тухайн үед 1949 онд шинээр байгуулагдсан БНХАУ-ын зүгээс Дэ ванг яаралтай буцааж өгөх шаардлагыг БНМАУ-д тавьжээ. Ингээд Маршал Х. Чойбалсангийн тушаалаар 1950 оны 10 дугаар сард Дэ ванг БНХАУ-ын талд буцаан тушааж өгчээ. Хятадад шилжүүлэгдсэн Дэ ван хятадын шоронд "дайны гэмт хэрэгтэн" хэмээн ял тулгуулж 13 жил шоронд хоригдож 1963 онд суллагдсан боловч бие нь шоронд ихэд муудсан тул Дэ ван 1966 онд Хөх хотод насан өөд болжээ


Монголын харьяа Тагна урианхайн ноён Буянбадрах 1910 онд Оросын цагаан хаанд захидал бичиж Орост урван дагаар орж байв. Тувагийн удирдагч Салчиг Тока монголын 300 000 квадрат км хойд газар нутгийг Зөвлөлт улсад тасдан өгч 1944 онд Зөвлөлт улсын бүрэлдэхүүнд орж, хожим нь 1957 онд 7000 квадрат км монголын хойд нутгийг дахин БНМАУ-аас тасдан авч Зөвлөлт улсад шилжүүлэн өгч байлаа. Энэ мэт дотоодын урвалтаас болж Монгол улс ихэд хохирч байв.


Монголчууд бид хорьдугаар зуунд буу сумаа өөрсдөө үйлдвэрлэж чаддаг, эдийн засгийн чадавхитай, орчин үеийн армитай улс шиг улс байсан бол эх орноо харийн түрэмгийлэгчдээс бүрэн бүтнээр нь хамгаалж чадах байлаа. Гэвч Монгол улс Орос, Хятадаас бүрэн хамааралгүй бие даасан тусгаар улс болж чадсангүй. Зөвлөлт улс 1946 он хүртэл БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Хятад улс 1949 он хүртэл БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй байлаа. БНМАУ 1961 онд НҮБ-д элсэж 101 дэх гишүүн орон нь болж байж л дэлхий нийтээр тусгаар тогтнолоо арайхийж хүлээн зөвшөөрүүлж байлаа.


ДҮГНЭЛТ


1. 1945 онд БНМАУ-ын арми Зөвлөлтийн армийн хамт Өвөр Монголыг чөлөөлсөн боловч Зөвлөлтийн коммунист удирдагч И. Сталин Ялтын хэлэлцээрийн дагуу БНМАУ-ын статус квог хэвээр үлдээхийг холбоотон улсуудтай нэгэнт тохирчихсон байлаа. Энэ нь юү гэсэн үг вэ гэвэл Гадаад Монгол нь урьдын адил Зөвлөлтийн нөлөөнд оршино, Өвөр Монгол бол Хятадын бүрэлдэхүүнд оршино гэсэн үг юм.


2. Өвөр Монголын ард түмэн хорьдугаар зууны туршид Ар Монголтойгоо нэгдэнэ хэмээн олон удаа өргөдөл хүсэлт гаргаж тэмцэл явуулсан боловч тэр үеийн Монгол улсын коммунист удирдагчид уг асуудлыг огт зөвшөөрөхгүй, харин өвөр монголын удирдагчдад “Та нар Хятадын Коммунист намтай хамтран ажиллах хэрэгтэй” хэмээн зөвлөлгөө өгдөг байжээ. Тэр үеийн БНМАУ-ын удирдагч Х. Чойбалсан өвөр монголчуудыг огт дэмждэггүй байсан бөгөөд Оросын дайн, аллаганаас Монголд дүрвэн ирсэн олон мянган буриад монголчуудыг зөвлөлтийн НКВД-тэй хамтарч “хувьсгалын эсэргүү, цагаантны үлдэгдэл” хэмээн хилс хэрэг тулгаж амь насыг нь хөнөөж байлаа.


3. БНМАУ-ын удирдагч Х. Чойбалсан тэр үед 1945 онд Өвөр Монголтой нэгдэх асуудлыг шийдэх бүү хэл, санал ч гаргаж чадаагүй бөгөөд энэ асуудлаар Монголыг зорьж ирсэн Өвөр Монголын удирдагч Дэмчигдонров ванг 1950 онд баривчлан шоронд хорьж түүний ууган хүү Дугарсүрэнг буудан хөнөөж байлаа. Х. Чойбалсан нь Өвөр Монголын чөлөөлөх дайнд монголын армийг оролцуулахыг Зөвлөлт улсад мэдэгдэхдээ үүний хариуд Өвөр Монголыг БНМАУ-д нэгтгэх үйлсэд Зөвлөлт улсыг дэмжээрэй гэсэн ямар ч хүсэлт тохиролцоо хийгээгүй ажээ. Гэтэл тэр үед Сталин Мао Зедунтай тохиролцож, Оросын харьяа байсан Порт- Артурын боомт болон монгол зөвлөлтийн армийн Японоос чөлөөлсөн Өвөр Монголыг Хятадын талд шилжүүлэн өгчээ.


4. Богд хаант Монгол улсын үед Өвөр Монголын асуудлыг Орос, Хятадаас үл хамааран монголчууд өөрсдөө шийдэж Өвөр Монголыг чөлөөлөх байлдаан бие даан хийж ялалт байгуулж байсан бол БНМАУ-ын үед монголчууд гадаад бодлогын талаар буюу Өвөр Монголын талаар ямар ч асуудал шийдэж чадахгүй болж зөвхөн Зөвлөлт улсаас улс төр, эдийн засгийн хувьд бүрэн хараат болсон байлаа.


5. Дэлхийн хоёрдугаар дайнд ялсан Зөвлөлт, АНУ, Англи улсууд цэргээ оруулсан гадаадын улс орнуудад нөлөөгөө тогтоож цэргээ байрлуулсан байдаг юм. БНМАУ энэ дайнд орж Өвөр Монголоо чөлөөлчихөөд удалгүй Сталины тушаалаар цэргээ татаж гаргажээ. БНМАУ дэлхийн хоёрдугаар дайнд орж ялсны ашиг гарсангүй, харин өвөр монголын 1,5 сая квадрат км газар нутаг, 1939 оны 9-р сард буюу Япон, Зөвлөлтийн тал гал зогсоосны дараа Зөвлөлт- Японы энхийн гэрээ гэгчээр япончуудын эзэлсэн Мана уул, Нөмрөг, Халхын сүм, Нөмрөгийн гол гэсэн монголын унаган нутаг нийт 627 000 га газар нутгаа Хятадад алджээ. БНМАУ энэ дайнд ялсан биш, харин хохирсон ажээ.


Төгсгөлд нь өгүүлэхэд монголчууд бид сүүлийн гурван зуунд хаант Орос болон Зөвлөлт улсад 2. 0 сая гаруй квадрат км газар нутаг, 1. 0 сая гаруй монгол угсаатан хүнээ алджээ, Хятад улсад 2. 0 сая гаруй квадрат км газар нутаг, 6. 0 сая монгол хүнээ алджээ.


Хэрэв Монгол улс хойд Монгол, өмнөд Монголоо харийн түрэмгийлэлд алдаагүй байсан бол өнөөдөр 5. 5 сая квадрат км гаар нутагтай, 10. 0 сая хүн амтай азийн бүс нутагтаа томоохон улсын нэг болчихсон байх байжээ. Хайран эх орон, хайран боломж.


Доржийн СҮХБААТАР




2026. 11. 9