Д.Амбасэлмээ
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,
Монголын Үндэсний Радио Телевизийн ахмад сэтгүүлч
 
Далаад жилийн тэртээ юм даа. Аав минь намайг дагуулж анх удаа нийслэл хотыг үзүүлж билээ. Миний аав тэр үед Дорноговь аймагт цэргийн алба хааж байсан юм. Аавын захидал бүрийн дугтуй дээр "Далай сайн шанд. 61-р хайрцагт сууж буй Хандын Банзараас" гэсэн хаяг байдаг.
 
 
Түүнийг нь би хараад, ямаршуу хайрцагт Нүдэн (Аавыгаа тэгж дууддаг байсан) суудаг юм бол? гэж хүртэл боддог байсан. Нэг удаа аав маань ирээд, би охиндоо хот үзүүлнэ. Тэндээсээ би говь руугаа явна. Чи ээжтэйгээ буцаад ирнэ биз гэлээ.
 
 
Тэгээд л бид шуудангийн "булуу" тэргэний тэвшин дээр суугаад замд гарсан. Энэ үед хойд хөршид Эх орны дайн болж байсан. Бид арьс шир, ноос үс, бас баахан хөдсөн бээлий чихсэн шуудайнууд дээр сууж ирсэн. Улсын морин өртөөг авто өртөөгөөр сольсон үе байсан юм болов уу?
 
 
Нэг их зоволгүй Айдасын давааг даваад нийслэл руугаа уруудаж эхэлсэн. Тэр үед хот орох хүсэл хүн бүхэнд байдаг. Даанч хөдөөгийнхний хэлдгээр "санаа байлаа ч сачий нь хүрэхгүй". Морь тэмээ гол унаа нь байсан.
 
 
Хотын айлын хашаанд унааны морьд нь янцгааж, уясан тэмээд нь хүний бараанаас залхаж сэвсээрээ булдаг байсан. Үүнээс нь хотын аальгүй хүүхнүүд сэжиглэж , өврөөсөө нусны алчуур гарган амаа таглаж "Пай пүй!" гэж орилж зугтана. 
 
 
-Хүрээ гэдэг яасан хол юм бэ
 
Хүний зовлон яасан барагддаггүй юм бэ? гэж мөргөлчингүүд уулга алдаж, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх шахам байж, олон хоног туулан их хүрээнд ирдэг байж. Ямар сайндаа л буцах зардалгүй болсон мөргөлчид Богд уулын нөмөрт үлдэж одоогийн Зуун мод хотын уугуул иргэд болсон гэх хууч яриа байдаг.  
 
 
Төв аймгийн Баянцагаан сумаас хот ороход манай сумын төв-Хүйсийн сайраас Авдарбаян сум, Зуун мод гэсэн өртөөнүүдийг дамжин Улаанбаатар хотод ирдэг байсан шиг санагдана. Айдасын даваанаас эхлээд л хотын гэрэл туяардаг гэсэн алсын ярианд автаж явсан надад, тэр их гэрэл харагдсангүй.
 
 
Гэтэл гэв гэнэт нэг их хүнгэнэсэн дуу гарав. Намайг гайхаж байх зуур, нилээд мэдэмгий байрын нэг хүн, иж үйлдвэрийн комбинатын яндан оройн таван цаг боллоо гэсэн дохио өгч байна. Ийм дохиог өглөөний долоо, долоо хагас, найман цагт өгдөг гэж тайлбарлав.
 
 
Үнэхээр ч өглөө ажил цуглах, өдрийн цай уух, орой ажил тарах цагийг аж үйлдвэрийн комбинатын яндангийн дуугаар өгдөг байсан нь одоо түүх болон үлджээ. Харин нөгөө алсаас харагддаг гэрлийн тухайд бол , тэр үед Гитлерийн германчууд ЗХУ-ын хилд ойрхон байлдаж байсан учраас аливаа нэг агаарын довтолгоон орж ирж магадгүй гэж нийслэл хот шөнийн цагт гэрэл гаргадаггүй байжээ.
 
 
Гагцхүү аж үйлдвэрийн комбинат л гэрлээ далдлан шөнөжин ажиллаж, зөвлөлтийн улаан армийн фронт дээр байлдаж байгаа дайчдад зориулж нэхий, савхин дээл, хүрэм, эсгий, савхин гутал үйдвэрлэдэг байлаа. 
 
 
Хөгжлийн алтан хаалга, соёлын улаан ордон 
 
Хүчирхэг хувьсгал оргилсон төв 
 
Хүсэлт зүрхний минь тольтыг догдлуулсан 
 
Хүчирхэг хоёр жанжны минь төрсөн орон 
 
Дур сэтгэлийг минь татан дуудсан
 
Олондоо алдартай
 
Улаанбаатар аа
 
Баялаг бүхэн чамайг хүрээлж баясана 
 
Баатар бүхэн чиний хязгаарт бэлхэн 
 
Ард бүхэн чамд хайртай 
 
Аюул бүхнээс чамайг хамгаална 
 
Дур сэтгэлийг минь татан дуудсан
 
Олондоо алдартай
 
Улаанбаатар аа
 
гэсэн энэ дууг Оросын хөгжмийн зохиолч Борис Смирнов аяыг нь зохиож, зохиолч Пунцаг үгий нь бичсэн гэж ахмад уран бүтээлчид ярьж байна. Үнэхээр ч олондоо алдартай Улаанбаатараа тэр тайван бус цагт монголын арми, ард түмэн хамгаалж, "Ард бүхэн чамд хайртай, аюул бүхнээс чамайг хамгаална" гэж дуулж байв.
 
 
За тэгээд Улаанбаатар хотод орж ирэв. Миний ээж Буян-Аравжих Баянцагаан сумын клубын " Цэнд комиссар" жүжигт тоглодогтоо бахдаж явдгийн хувьд Бөмбөгөр ногоон театрт орж үзэх сэн гэж ярьж байсан. Арав дөнгөж гарч байсан хөдөөний хөөсөн мантуу би юу ч мэдэхгүй.
 
 
Хотын гудамж гэж яриад байдаг нь ямар шуу газар байдаг юм бол гэж гайхасхийж явсан. Хаана хоноглосноо санахгүй юм. Нэг мэдсэн чинь манай малын хотны үнэр ханхийх шиг болов. Тэгсэн чинь хотод малын зах гэж малчид малаа тууж ирдэг газар байдгийг олж мэдэв.
 
 
Холбоотой хоньд жирийж харагдана. Зузаан, пааргар өмдтэй хүмүүс ирээд л холбоотой хонийг бөгснөөс нь өргөж, хүнд хөнгөнийг нь үзэж, сүүлийг нь базаж байхы нь хараад малд хайргүй байгаад нь зэвүү хүрч, энэ хаанахын ямар хүмүүс вэ гэж ааваас асуувал, мал худалдаж аваад гуанз гаргаж, хуушуур бууз хийж зардаг хятадууд гэв.
 
 
Тэр үед малын энэ захаас гадна барааны зах бас ажилладаг байв. Хотын хамгийн том хувийн худалдааны төв нь энэ хоёр л байсан бололтой. Хотод орж ирээд үзсэн хамгийн өндөр байшин нь нэгдүгээр арван жилийн дунд сургууль. Тэр үед " Маршал Чойбалсангийн нэрэмжит нэгдүгээр арван жилийн дунд сургууль" гэдэг байсан.
 
 
Дээд давхрын булан дээр нь маршал Чойбалсангийн товойлгон хийсэн дүр байсан. Дөрвөн давхарт нь яаж гардаг юм бол? Манай сумын улаан булангийн дээврийг барихад Одгор гуайн хийсэн модон хөндлөвчтэй дэнжигнэсэн шат байдаг юм болов уу гэж гайхсаар ортол харин үүдэнд байдаг шиг урт гишгүүрэн шатан дээгүүр хүүхдүүд язганатал гүйлдээд гардаг байгаа.
 
 
Дөрвөн давхар байшинд ийнхүү гайхашаа баран шатаар нь өгсөж явсан би хорь хүрэхгүй жилийн дараа Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн 32 давхрын цахилгаан шатны товчийг дарах төдий л тэнгэрт хөөрөх шиг өндөрт гарч байсан даа.
 
 
Хүний амьдралын зам аа гэдэг энэхэн баримтаас ч үзсэн гайхамшигтай сайхан юм даа. Бид гурвуул нөгөө гудамж гээч юмаар орлоо. Баянцагаан сумандаа бүйлсний ягаан цэцэг дунд, Хүйсийн сайрынхаа шүд хага ташим ус залгилж явсан би ёстой л тэмээний сэвснээс сэжиглэдэг хүүхнүүд шиг хамраа тагламаар санагдлаа.
 
 
Ээждээ хэлсэн чинь,
 
-За, за. Олон хүнтэй газар ийм л байдаг юм. Жорлон гэж нэрлэдэг ухсан нүхэнд "морь хардаг". Угаадас бас асгана. Тэгээд хүний хөлөөр талхлагдсан хөрс бороонд нороод шавхай болчихоод байгаа нь энэ гэв. Үүнийг арилгаж цэвэрлэх монгол хүн бараг л үгүй байж.
 
 
Ажил голдоггүйгээрээ хятадууд л хөлс мөнгөөр хийнэ. Ялангуяа жорлон дүүрээд ирэх цагт хятадууд л жижиг чингэлэгтэй морин тэрэгтэйгээ ирж ачна. Тэднийг хотынхон "Жорлонгийн хятад " гэж нэрлээд заншчихсан.
 
 
Тэд үүгээрээ хамгийн их мөнгө олно. Тэдэнтэй суусан хүүхнүүд онцгой сайхан гоёно. Тэр үеийнхний яриагаар агар хувин шиг том минжин малгай хажуулдуулан тавиад сувдан самныхаа нэг сэжүүрийг ил гаргана.
 
 
Дээд зэргийн хамба торгон дээл өмсч, энгэр дээрээ том гэгч сувдан саран зүү хатгана. Ер нь тэр үеийн хотын чимэг нь бүсгүйчүүд л байж дээ. Сумандаа хараагүй юмыг энд л харав. Хүүхнүүд хүрээлж хээ тавьсан хэл шиг урт юм захнаасаа унжуулна.
 
 
Цамцныхаа захыг ийнхүү урт унжиж байхаар загвар гаргасан нь энэ байлаа. Ээж үүнийг хараад, чононд багалзуурдуулсан хонины улаан хоолой унжиж байгаа юм шиг гэж шоолж байж билээ. Хотын төв талбайг би огт санахгүй байна.
 
 
Одоогийнх шиг хатуу хучилттай алгын чинээ ч газар нүдэнд өртөөгүй. Гудамжаар машин төдий л харагдахгүй. Харин хятадын морин тэрэг гол унаа нь байв. Тэр үед хотын тээвэр гэдэг үг амьдралд байхгүй, хүн зөөдөг тэрэг л гэнэ.
 
 
Аманд нь сагсгар унжлагатай тор угласан, гөлчигнөсөн тарган өндөр морь хөлөлсөн хятад жолооч, " Хай! Зах явбаа " гэж хашгирна. Бид гурав ийм нэгэн морин тэргэнд сууж хятадын худалдааны мухлагт очсон. Нэг хүнээс 50 мөнгө авсан шиг санагдана.
 
 
Тэгээд жижигхэн боловч өнгийн сайхан бараатай хятад мухлагт орлоо. Зорилго нь надад гутал авч өгөх. Аав ээж хоёр хэд хэдэн гутал өмсгөж үзсэний дараа надад цагаан ширэн ултай шовроомон гутал авч өгөв. 200 төгрөгөөр авсан шиг санагдана.
 
 
Яасан ч их үнэтэй юм бэ дээ гэж аав ээж хоёр минь гайхаж байсан. Жаахан томдоход ээж, зүгээр зүгээр, ороолттой өмсөхлөөр таарна гэв. Гишгээд үзсэн чинь өнгө нь гялалзаад л, бас чахраад л... баярласандаа, 
 
 
-Гутлаа гудамжны шавхай болохоос өмнө зургаа авхуулна шүү гэв. Шинэ гуталтай авахуулсан багын зургандаа одоо ч гэсэн хайртай. Зургаа бас л хятад зурагчингаар авахуулсан.
 
 
Өндөр хөлтэй дөрвөлжин шилний ард том хар даавуу нөмөрчихөөд л, " Хөдөлж болохгүй. Нүдээ аньж болохгүй. Ингэ ваа, тэг ваа" гэж зааж байгаад л нэг юм шуртхийлгэн, за одоо боллоо гэв. Тэгээд маргашийн өдрийн 12 цагийн яндан дуугарахад ир ваа гэв.
 
 
-Ашгүй үд дунд зураг маань гарах нь. Хотод орой үдэш явахад аймаар юм гэнэ лээ. Нөгөө хүмүүсийн яриад байдаг "Хоёр гудамж", "Есөн гудамж", "Эсгий яндант" гээд хүний зүрх шимширмээр харанхуй газрууд байдаг гэнэ лээ гэж аав ээж хоёр ярилцаж байсан санагдана. Харин "Усны гудамж" гэж нилээд нэртэй гудамж байсан.
 
 
Учир нь хотынхныг усаар хангадаг морин тэрэгнүүд том том төмөр гантай ус цалгилуулан энэ гудамжаар чөлөө завгүй зөрөлдөн явдаг байсан. Тэр үед одоогийнх шиг амны цангаа гаргах ундаа, зайрмаг гэж байсан биш.
 
 
Их цангаж явсныг хэлэх үү, ээжийн богцноос сэнжтэй төмөр аягаа бушуухан аваад гангаас хувин руу хийж байсан уснаас нь шууд тосоод уух гэсэн чинь худалдаж байсан тэр эмэгтэй,
 
-Наадах усыг чинь би мөнгөөр авдаг юм шүү гэж тасхийтэл дуугарахэд ээжийн дургүй ёстой л дээд цэгтээ хүрч,
 
-Хэзээ монгол хүн хар ус харамлаж байсан юм бэ? Тогоотой сүүнээсээ шанага шанагаар нь уудлаад өгдөг ард түмэн шүү гэж бараг хашгирах шахам хэллээ. Ээжийгээ ингэж бухимдахыг анх удаа л үзэж билээ.
 
-Хотод мөнгөгүй юм гэж байдаггүй юм байна гэж эндээс л би сайн ойлгож авсан.
 
Их хотод анх ирж хэдхэн хонохдоо мөн ч их юм үзэж нүд тайлсан даа. Бөмбөгөр ногоон театр, цирк гээд түм түчигнэж бум бужигнасан их хөлийн газар дуулж хөгжимдөж олныг баясгаж байдаг тухай хүмүүсийн ярианаас олж мэдсэн.
 
 
Баян цагаанд ганцхан "Большевик" Төмөрбаатар гуайн өмсдөг галпийтай өмдийг хотын эрэгтэйчүүд өмсч, эмэгтэйчүүд нь "герман" цагаан малгайгаар гангардаг байв. Одоогийнх шиг бусдаас онцгой чамин хувцаслахыг эрхэмлэдэггүй, харин цөм л ижилхэн байх хүсэлтэй.
 
 
Тэгээд л цэргийн дарга сугадчихвал хүсэл нь ханасан бололтой олны өмнө донжтойхон алхана. Олон хүн цугласан газар гэдэг! Сайнтай муутай, сайхантай муухайтай байдаг хойно доо.
 
 
Тэгэхдээ далан жилийн өмнөх Улаанбаатарын тухай дурсамжийг ёстой л сэтгүүлчийн зоригоор, үнэн зөв мэдээлэх үүргээ хатуу сахин, ой санамжаа дайчлан байж бичих оролдлого хийв. Уншигч түмэнд минь бага ч гэсэн тус болох болтугай.
 
Д.Амбасэлмээ
 
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,
 
Монголын Үндэсний Радио Телевизийн ахмад сэтгүүлч
 
2013 оны 5-р cap.