Монголын "Лектор" төв санаачлан Монгол" байгууллага, БШУЯ-ны "Авьяас" хөтөлбөр хамтран "Оюуны олимп" үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн хавар зохион байгуулсан билээ. Монгол хүний оюуны чадварыг хөгжүүлж, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх зорилготой уг тэмцээн хоёр сарын турш долоон үе шаттай үргэлжилсэн юм.
 
"Оюуны олимп"-д ухаан, авхаалж самбаагаар манлайлж, аваргын цом, автомашины эзнээр тодорсон "Монгол залуу хүн" ТББ тэргүүн А.Отгонбаатар МҮЭХ-ны ажилтнуудтай уулзаж "Хүний хөгжил" сэдвээр ярилцсан юм.
 
-"Оюуны олимп"-ийн аварга гэхээр  IQ өндөр, цээж тоо, цээжлэх тогтоохдоо гаргуун хүн гэж ойлгож байна. Энэ олимпийн тухай болон түүнд хэрхэн оролцсон тухайгаа яриач?
 
-Дунд сургуульд байхдаа дэмий юм ярьдаг, олон үгтэй хүүхэд байсан учраас багш нар маань намайг "Дааганаас унаад үхдэггүй, даравгараас болж үхдэг гэж үг байдаг шүү" гэж зэмлэдэг байлаа. Би 2007 онд ХААИС-д элссэн. Оюутан болоод тэр олон юм ярьдаг зангаа зөв зүйл рүү чиглүүлье гэж хичээсэн.
 
Гэтэл энэ нь сэтгэлээ зөв болгох гэсэн асар том ухаан руу хөтөлсөн. 2008 онд "Донж" төвийн захирал Б.Төгөлдөр агсан, Лектор төв, UB палас, УИХ-ын таван гишүүн, Монголын энхийг сахиулагчдын нийгэмлэг зэрэг байгууллага хамтран Оюуны олимп тэмцээнийг "Монголд хүн байна уу" нэртэй зохион байгуулсан юм.
 
Тэмцээний эхний шатанд 300 гаруй хүн оролцож, сүүлийн шатанд үлдсэн 20 залуу UB паласт лекц уншихад азаар би түүнд багтаж байлаа. Хөдөөний хүүхэд, олны өмнө гарч үзээгүй, их сандарч байсан юмдаг. 2013 онд болсон Оюуны олимп нь өмнөхөөсөө нэлээд боловсронгуй болж хүний оюуны чадамжийг олон талаас нь сорьсон.
 
Долоон үе шаттай энэ тэмцээнд оролцохыг хүссэн нийт залуус "Тархины тураал" сэдвээр 300-400 үгтэй эсээ бичсэн юм. Тэднээс шилдэг эсээ бичсэн 100 залуу олимпод оролцсон. Тэдний IQ-г шалгахаас эхлээд толилуулах чадвар, сэтгэлгээний бодлого, халз мэтгэлцээн, логик сэтгэлгээ, хошин мэдрэмж, сэтгэх чадвар зэрэг олон талын чадвараар өрсөлдүүлсэн юм.
 
Сүүлийн олимпийн шагнал нь хүртэл маш өндөр байсан. 2008 оны олимпод түрүүлсэн хүн гурван сая төгрөгний шагнал хүртэж байсан бол дараагийнх нь 20 сая төгрөгний шагналын сантай, түрүүлсэн хүнийг автомашинаар шагнасан юм.
 
Таны асуусанчлан оюуны хөгжил, оюуны олимп гэдэг нь тоо бодох, цээжлэхдээ мундаг байх нь нэг үзүүлэлт мөн. Гэхдээ би тоо бодохоосоо оюуны хөгжил нь хүнлэг байх, эх орноо гэсэн сэтгэл рүүгээ байгаасай гэж хүсдэг.
 
-Энэ нь юу гэсэн үг билээ?
 
-Монголчууд угаасаа IQ сайтай ард түмэн. Багадаа 500 шагайтай мөртөө айлын шагайнаас нэг орчихсон байхад би мэддэг л байсан. Эцэг эх хоёрын хүүхдийнхээ төлөө хийж чадах хамгийн том зүйл нь бие биенээ хайрлах юм. Бие биедээ хайртай байснаар хүүхэд элэг бүтэн өснө. Түүнээс илүү жаргал байхгүй.
 
Бид багадаа зодолдоод дийлдэхээрээ "аавдаа хэлнэ дээ" гэдэг байсан. Аавтай гэдгээс нь айлын хүүхэд айх нь байна шүү дээ. Охид болохоор "ээждээ хэлнэ дээ" гэдэг. Түүнтэй адил бид эвтэй байж улс орноо хөгжүүлж, монгол хүний сайхан чанар, Монгол эх орноо улам сайхан болгоно. Эх орноо муулах, гадаадыг сайхан гэх зэрэгт оюуны чадамжаа бүу ашиглаасай. Хүнд гэгээлэг сайхан мэдээлэл, мэдрэмж, хандлага бий болгоход ашиглаасай гэсэн үг.
 
-Аваргын хувьд та юу хийж байна вэ?
 
-Монгол хүн хүнээ хайрлах үе ирсэн. Энэ үүднээсээ бидний хэсэг нөхөд "Монгол залуу" ТББ байгуулаад монгол хүн гэсэн жишиг ойлголтыг бий болгохын төлөө зорьж яваа. Энд тэнд, залуучуудад лекц уншиж байгаа.
 
Би итгэлийг бий болгохыг зорьдог. Аав ээж нь хүүгээ эх орондоо хэрэгтэй, тустай сайн хүн болно гэж итгэдэг итгэл, дурласан хос бие биендээ үнэнч байна гэсэн итгэл, төрд гарсан нэгнийгээ түмний төлөө ажиллаж чадна гэж итгэдэг итгэл бидэнд хэрэгтэй байна. Монгол хүнээ дэмжих, хөгжүүлэх бодлого нэн чухал байгаа. Үүний төлөө би болоод бидний найз нөхөд явж байгаа.
 
-"Эв нэгдлийн хүрээ" аян өрнүүлж байгаа гэлээ. Ямар зорилготой юм бол?
 
-Улс орны тэргүүнд байгаа түшээдүүддээ эв нэгдлийг эрхэмлэсэн залуучууд "Эв нэгдлийн их хүрээ" уриалгын дор өөрсдийн үгээ хүргэх зорилготой. "Монголын ард түмэн хүчирхэг намыг бус хүчирхэг Монголыг хүсч байна. Эрх мэдэл, эд баялаг дутсанаас биш эв нэгдэлгүй байгаагаасаа болж төрийн дээдсүүд маань улс орноо хөгжүүлж чадахгүй байна гэдгийг хэлж байна. Гэхдээ үгээрээ төрийг муулах гэсэн юм биш.
 
-Муулах гэснээс дээр эх орноо бүү муулаач гэсэн санаа гарсан. Муу байгаа бол яагаад муу гэж болохгүй гэж?
 
-Модун шаньюйгийн "Төр ард түмний мэдэлд" гэж үг бий. Талбай дээр жагсаж төрийг ард түмний мэдэлд өг гэж хичнээн хашгираад түүнийг өгөхгүй. Харин түүний оронд өнөөдөр 20 настай байгаа залуучуудыг сайхан сургаж, хүмүүжүүлэх юм бол 20 жилийн дараа төрд эх орон ард түмнээ гэсэн зөв сэтгэлтэй хүн гараад ирнэ.
 
20 жилийн дараа төрийг барилцах, эх орны эздээ өнөөдөр зүхээд байх юм бол ирээдүй болно гэсэн үг. Түүнтэй адил эх орноо муулаад байх юм бол дүү нар маань "энэ эх орон чинь муухай юм байна. Тэр гадаад оронд чинь очоод амьдаръя" гэж бодно.
 
Гадаадын тухай гоё кино гаргаад, гадаадад аялахыг уриад байх юм бол дүү нар маань эх орондоо дургүй болчихно. Тиймээс эх орнынхоо тухай нэг ч гэсэн сайн үг хэлэхгүй бол 10 жилийн дараа эх орноо аваад явах хүмүүсийн сэтгэл буруу тийшээ эргэж байна гэж боддог.
 
-Бидэнтэй хүний хөгжил сэдвээр сонирхолтой яриа өрнүүллээ. Уншигчдад маань хамгийн товчоор...
 
-Хувь хүний хөгжил гэдэг нь хүнд гарч байгаа эерэг өөрчлөлт л юм. Тамхи татдаг хүн тамхиа хаяж чадсан бол эерэг өөрчлөлт хийж чадлаа гэсэн үг. Архи уудаг байснаа больсон бол хөгжсөн хүн. Хөгжил гэдгийг бид их алсаас харж иржээ. Хөгжинө гээд сургалтад суух уу, сургуульд суралцах уу. Гэтэл тийм биш өөрт байгаа муу зүйлүүдээсээ салах юм байна.
 
-Олон газар лекц уншдаг гэлээ. Ямар сэдэв их эрэлттэй байна вэ?
 
-Өнөөдөр би ҮЭ-ийнхэндээ олон хүнтэй уулзаж, лекц уншиж байхдаа олж анзаарсан ганц нэг зүйлийг хэлье. Та бүхэн бас л хүний сайн сайхны төлөө ажиллаж байгаа хүмүүс учраас санаа авна байх. Ажилчин хүмүүст аз жаргалын тухай ойлголтыг нь сэргээж өгөх хэрэгтэй юм байна.
 
Сар бүр биш юм гэхэд жилдээ хэдэн удаа сэтгэл, ухаарлын лекц унших хэрэгтэй. Тэгж байж тэдний үр хүүхдээ, ханиа, амьдралаа хайрлах нандигнах сэтгэл нь сэргэнэ. Түүнээс биш Оюутолгойд 20 хоног ажиллаад авдаг хоёр сая төгрөгт л амьдралын утга учир байгаа юм шиг.
 
Зөвхөн мөнгөний төлөө амьдарч байгаа юм шиг сэтгэлгээ газар авдаг. 20 хоног гэрээсээ хол зовж зовж олж ирсэн мөнгөөрөө гурван өдөр зах, дэлгүүр хэсч элдэв юм цуглуулж дуусгаад буцаад мөнгө бодсоор явдаг байж болохгүй. Энэ нь үр хүүхдээсээ илүү мөнгөнд сэтгэлээ өгөх хандлагыг бий болгож байна.
 
Нөгөө нэг зүйл нь байгууллага бүрт сэтгэл судлаачийг заавал ажиллуулах тухай хуульчилж өгмөөр байна. Нийгмийн ажилтан гэсэн үг л дээ. Зарим оронд ээж, аавыг нь ажлаа хийж байх хооронд гэрийг нь шалгадаг ажилтан байна. Тэд ажилтных нь хүүхэд хэнтэй үлдэж байна. Нөхцөл нь ямар байна гэдгийг судалдаг.
 
Тэгээд асуудлаа тавьдаг. Төрийн бодлогод тусгуулдаг байх жишээтэй. Танай байгууллагын хаалгаар орж ирээд би нэг юм хайлаа. Бизнес хөгжлийн төв. Ажилчин хүний цалингаас татвар авч байхаар бизнесийн санаанууд зараад түүнийхээ тодорхой хувийг эзэмших замаар үйл ажиллагаагаа явуулж байж болох юм.
 
 
Эх сурвалж: “Хөдөлмөр” сонин