Баянхонгор аймгийн Галуут сумын иргэн Б.Мөнхтогоо гэр бүлийн хамт мэдээлэл хийлээ.
Тэрээр: "Манай бага хүү М.Эрхэмбаяр нь 2019 онд 7 настай байхдаа хичээлээсээ ирээд толгой гэдэс өвдөөд байна гээд ирэхэд нь сумын эмчдээ үзүүлсэн. Ханиад хүрсэн юм шиг байна гээд явуулсан. Маргааш нь ахиад очиж үзүүлэхэд олгой юм шиг байна гээд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. Ингээд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд н.Бат-Очир гэдэг эмч олгой биш байна хүүхдийн эмчээс зөвлөгөө ав гэсэн. Хүүхдийн эмч н.Ганболд нь хэвлийн үрэвсэл байна. Манайд хамааралгүй гээд буцаагаад мэс заслийн тасаг руу явуулсан.
Ингээд ээлж солигдож ирсэн н.Энхчулуун гэх эмч олгой байх магадлалтай байна гээд цусны шинжилгээ авалгүй, эход харалгүйгээр хагалгаанд оруулсан.
Хагалгаанд орохдоо унтуулга мэдээгүйжүүлэлтийн эмч нь нугасаар мэдээгүйжүүлэлт хийсэн ч хагалгаа хийх явцдаа мэдрээд байна гээд судсаар дахин мэдээ алдуулалт хийгээд үүнээс болж манай хүүхэд ухаан алдаж, зүрх нь зогсоод тархины эд эс нь гэмтсэн. Үүнээс хойш 7 жил өнгөрлөө. Энэ хооронд сайн гэсэн бүх л эмнэлэг, эмч, сувиллаар явлаа. Цагдаа, прокурор, хуулийн байгууллагуудад олон удаа хандсан.
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний дүгнэлтээр авах шаардлагагүй олгой байсан. Мэдээгүйжүүлэлтийн эмч 2 дахин мэдээ алдуулалт хийснээс болж тархины эд эс гэмтсэн, үхжсэн, мэдээгүйжүүлэлт буруу хийгдсэн гэдэг дүгнэлт гаргасан. Мэргэжлийн хяналт ч мөн энэ дүгнэлтийг баталсан байдаг.
Энэ хэргийг 2 жил гаруй хугацаанд цагдаагийн байгууллага шалгасан. 2022 оноос хойш шүүхэд шилжээд удаа дараа хойшилсоор 2023 оны 03-р сард шүүхийн хамгийн сүүлийн шийдвэр гарч, унтуулга мэдээгүйжүүлэлтийн эмч буруутай ч өршөөлд хамрагдаж хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хариуцах эзэнгүй үлдээсэн.
Зөвхөн манай хүүхэд ч биш өөр хүүхэд ч Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт буруу эмчилгээний улмаас нас барсан тохиолдол байгаа. 2023 оны 03-р сард манай хүүхдийн шүүх хурал болж байхад Баянхонгор аймгийн эмнэлгийн эмч нар хүүхдийн амь нас хохироосон хэргээр цагдаа дээр шалгагдаад байж байсан. Мөн л өршөөлд хамрагдаад хэрэгсэхгүй болгож байсан.
Шүүхийн байгууллага ч хүүхдийг хохироож байна. Тэдгээр эмч нар одоо ч ажлаа хийж байна. Хүүхэд маань 100 хувь асаргаанд байдаг. Д.Сарангэрэл гэж хүн Эрүүл мэндийн сайд байхад энэ асуудлаар хандсан боловч нэг ч удаа анхаарал тавиагүй. Төрийн бүх л байгууллагуудад удаа дараа хандсан ч огт анхаарч үзсэнгүй. Үнэхээр гомдолтой байна. Хүүхэд маань л эрүүл мэндээрээ хохирч үлдлээ. Хаана яаж эмчилдэг юм мэдэхгүй ч хүүхдийг маань хөл дээр нь босгож өгөхийг шаардаж байна. " гэлээ.
М.Чой
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл1
Тэр эмёийн хувийн мэдээллийг дэлгэ яхэн гээч үү яанагаахын ямар сургууль төгссөн санаатай юм яэррүүл мэндийн яам энэ хүүхдийг гадаалад эмчлүүлэх хэрэгиэй Төлбөрийг тэр эмчээс бас хариуцлагагүй уур амьсгал ноерхсон эмнэлгээс гаргах хэрэгтэй Тэр эмчийн эмчээр ажиллах эрхийг цуцлаач Дахиад хэлэн хүн хохироох гээд ажилласаар байгаа юм