sonin.mn

УИХ-ын гишүүн Н.Алтаншагайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар том төслүүдийг санхүүжүүлэх “Гадаад зээлийн үр ашиглалтыг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжээгүй, унагасан. Таны өргөн барьсан хууль гэж ойлгож байгаа?


-Миний бие ахалж, 21 гишүүн хамтран “Гадаад зээлийн үр ашиглалтыг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Харамсалтай нь УИХ-аар хэлэлцэгдээд, эцэслэн батлах санал хураалтын үеэр дэмжигдэлгүй уначихлаа. Эцэслэн батлах эсэхээр санал хураахад 90 гишүүн оролцож, 64 гишүүн дэмжсэнээр батлагдах ёстой байсан ч 61 гишүүн дэмжсэнээр хуулийн төсөл харамсалтай нь батлагдсангүй. Залуу гишүүний хувьд анхны бие даан өргөн барьсан хуулийн төсөл.



Бид УИХ-д ажлыг урагшлуулах, шинэчлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах гэж иргэдээсээ сонгогдон орж ирсэн. Хойш нь татах гэж орж ирээгүй. Газрын тосны үйлдвэр эхлээд найман жил болж байхад дөнгөж 28 хувийн гүйцэтгэлтэй байна.



Дэлхийн зах зээл дээр Ормузын хоолой хаалттай байгаагаас нефтийн үнэ өссөн, маш хүндрэлтэй байна. Нефтийн бүтээгдэхүүн өөрөө өргөн хэрэглээний үнэд шууд нөлөөлдөг. Одоо хаврын тариалалт эхэлж, намрын ургац хураалт болно. Нефтиэс болоод өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлт шууд хамаарна. Эцсийн эцэст ард иргэдийн нуруун дээр л ачаалал нэмэгдэнэ. Энэ хуулийн төслийг унагаснаар Сайншанд дахь газрын тосны үйлдвэр шууд зогсож байна. Хоёрдугаарт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц.


Баруун таван аймгийг яагаад дотоодынхоо эрчим хүчээр хангаж болдоггүй юм. Гуравдугаарт, 10.000 айлыг гэр хорооллын нөхцөлөөс байшин хороолол руу шилжүүлээд агаар, хөрсний бохирдол, түгжрэл гэх мэт маш олон асуудлыг шийдэх том хуулийн төсөл батлагдах ёстой байхад 90-хэн гишүүн хуралдаа сууж хариуцлагагүй хандлаа. Үүнээс болж зээлийн хүү, төсөвт өртөг нь нэмэгдэх, улс эх орны эдийн засгийг урагшлуулах чухал томоохон үйлдвэрүүдийн ашиглалтад орох хугацаа хойшлохоор болж байна.


-Энэ хуулийн төслийг гацаах нь хэнд хэрэгтэй вэ гэдэг асуулт ч гарч ирж байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?


-Монгол Улс хөгжмөөр байна, бид утаанаасаа, түгжрэлээсээ, ядуурлаасаа, эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салмаар байна. Эрдэнэбүрэнгийн УЦС, Нефть боловсруулах үйлдвэрийн төсөл, Сэлбэ дэд төвийг түшиглэсэн 10.000 айлын орон сууцыг урагшлуулах гадаад зээллэгийг ашиглах хуулийн төслийг дахин оруулж ирэх болно. Гацаах нь хэнд ч хэрэггүй, хэн ч хожихгүй. Харин ард түмэн, энэ улс орон л хохирч үлдэж байна.


-Хуулийн төслийн боловсруулалтад алдаа бий юу. Та бүхэн нэлээн тооцоо, судалдаа хийсэн байлгүй...?


-Энэ хуулийн төслийг боловсруулахдаа олон талаас нь нухацтай судалгаа, тооцоо хийсэн. Ер нь Монгол Улсын гадаад зээлийн бодлогыг ойлгохын тулд хэдэн үе шаттай авч үзэх хэрэгтэй байдаг. 1990-2000 он хүртэлх эхний үе шатанд авсан зээлүүд ихэвчлэн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн шилжилтийн үеийг даван туулахад чиглэсэн, нэн хөнгөлөлттэй болон буцалтгүй тусламжийн шинжтэй байсан. Харин 2000-2014 оны хооронд дэд бүтэц, хөрөнгө оруулалтын чиглэлийн хөнгөлөлттэй зээлүүд түлхүү орж ирсэн.


Тэгвэл 2014-2024 оны гурав дахь үе шатанд өнөөдөр мега төсөл гэж нэрлэгдээд байгаа томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүд рүү зээллэгүүд чиглэсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагуудын үнэлгээгээр дундаас дээш орлоготой орны ангилалд орсон учраас өмнөх шигээ нэн хөнгөлөлттэй зээл авах боломж хумигдсан. Одоо бол хүүтэй, ердийн нөхцөлтэй зээлүүд авч байна.


-Тодорхой хэлбэл, дээрх хуулийн төслийн хүрээнд яг ямар төслүүд хамрагдаж байгаа вэ?


-Одоогийн байдлаар Засгийн газрын түвшинд хэлэлцээр хийгдэж, УИХ-аар соёрхон батлагдсан нийт 98 орчим гадаад зээлтэй төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Үүнээс 74 нь шууд гадаад зээлийн ангилалд хамаарч байгаа. Манай хуулийн төсөлд угтаа гурван том төсөл багтсан.



Тодруулбал, нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, мөн Улаанбаатар хотын Сэлбэ дэд төв буюу 10 мянган айлын орон сууцны төсөл байгаа юм. Эдгээр нь бүгд 500 сая ам.доллараас дээш өртөгтэй томоохон төслүүд.



Эрдэнэбүрэнгийн УЦС нь БНХАУ-ын Засгийн газрын зээлээр, нефть боловсруулах үйлдвэр нь 2018 онд БНЭУ-ын Засгийн газрын зээлээр эхэлсэн. Харин Сэлбэ дэд төвийн төсөл дээр Улаанбаатар хот Засгийн газрын баталгаатайгаар 500 сая ам.долларын бонд босгож, санхүүжилтээ шийдсэн.


-Эдгээр төслийн эдийн засгийн ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?


-Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс дотоодын нефтийн хэрэгцээнийхээ 50-55 хувийг өөрсдөө хангах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, жил бүр гадагшаа урсаж байгаа нэг тэрбум орчим ам.доллар Монголдоо үлдэнэ гэсэн үг. Мөн шатахууны үнийн зохицуулалтад илүү уян хатан бодлого хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орвол баруун таван аймаг эрчим хүчний хараат байдлаас гарна.


Импортын эрчим хүчнээс хамаарал багасаж, дотооддоо асуудлаа шийдэх боломжтой болно. Сангийн яамны тооцоогоор эрчим хүчний зардалтай холбоотой томоохон хэмнэлт гарна гэсэн судалгаа бий. Тиймээс энэ бол өөрөө эх оронч хууль. Нэгэнт авсан зээлээ ашиглах ёстой. Энэ гурван төсөл дээр гэхэд жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн хүү төвлөрөөд явж байна. Хэрэв төслүүдээ удаашруулаад байвал эцэст нь хэн хохирох вэ гэхээр иргэд л хохирно.


10-15 жилийн дараа ашиглалтад оруулъя гэж ярьж болохгүй. Зарим бүтээн байгуулалт нь эхнээсээ ашиглалтад орох хугацаагаа алдаад, найман жил явахад ердөө 30 хувийн гүйцэтгэлтэй байна шүү дээ. Сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд хэрэгжээгүй томоохон төслүүд эхэлж байна гэсэн олон улсын экспертүүдийн судалгаа, харьцуулсан дүгнэлтүүд ч бий. Тийм учраас би энэ асуудал дээр эргэлзэхгүй байгаа.


-Сэлбэ дэд төвийн төслийг та стратегийн ач холбогдолтой гэж онцолж байсан. Энэ төслийн гол үр өгөөжийг хэрхэн харж байгаа вэ?


-Сэлбэ дэд төв бол Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдэх томоохон шийдэл. 2024 оны УИХ болон нийслэлийн сонгуульд МАН “20 минутын хот” гэсэн концепцийг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн. Энэ концепцийн гол зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг бий болгох, түүнийг дагасан боловсрол, эрүүл мэнд, соёл, үзвэр үйлчилгээний цогц орчныг бүрдүүлэхэд оршиж байгаа.


Мөн иргэдийн төвлөрлийг сааруулж, амьдрах орчны чанарыг сайжруулах зорилготой. Энэ хүрээнд 10 мянган айлыг орон сууцжуулах, агаарын бохирдол, хөрсний бохирдол, түгжрэлийг бууруулах томоохон ажлууд хийгдэнэ. Хэрэв Сэлбэ дэд төв жишиг байдлаар хэрэгжээд дуусчихвал дараа дараагийн хөрөнгө оруулалтын боломжууд нээгдэнэ. Хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр томоохон төслүүд хэрэгжүүлэх өргөн боломж бий болно гэж харж байгаа.


-Энэ хуулийг дагаад цаашид олон гадаад зээлийн төсөл нэмэгдэх вий гэсэн болгоомжлол УИХ дээр яригдаж байгаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?


-Энэ бол анхдагч буюу нэг удаагийн хууль. Өөрөөр хэлбэл, энэ гурван төсөл хэрэгжиж дууссанаар хууль өөрөө дуусгавар болно. Зарим гишүүн “Үүнийг дагаад олон төсөл орж ирээд гадаад зээл нэмэгдэх юм биш үү” гэж болгоомжилж байгаа. Би бол олон талаас нь тайлбарлаж байгаа. Хэрэв энэ хууль үр өгөөжөө өгөөд, сайн хэрэгжээд явбал сайжруулаад явах боломж нээлттэй. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд нэгэнт авсан зээлээ ашиглах хэрэгтэй байна.


Энэ гурван төсөл дээр гэхэд жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн хүү төлөгдөж байгаа. Гэтэл өрийн тааз, төсвийн хязгаарлалтаас болоод жилд ердөө 200 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж байна. Гэвч эдгээр төслүүдэд нийтдээ 1.8 их наяд төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ бий. Хэрэв энэ эрх зүйн орчныг бүрдүүлж өгвөл өнөөдрийн хуулиар 10-15 жил үргэлжлэх магадлалтай төслүүдийг 4-5 жилийн хугацаанд дуусгах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.


-Зарим гишүүн төсвөөсөө санхүүжүүлээд явах боломжтой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Тэгэх боломжтой юу?


-Тийм байр суурь байгаа. “Заавал төсвөөс салгах шаардлага юу байгаа юм бэ, төсөв дээрээ мөнгөө тавиад явъя” гэж хэлж байгаа гишүүд бий. Гэхдээ өнөөдөр алдагдалгүй төсөв баталсан, өрийн хязгаартай нөхцөлд төслүүдийн санхүүжилт маш хязгаарлагдмал явж байгаа. Нөгөө талаасаа эдгээр нь улсын төсөв дотор “гадаад зээл” гэсэн ангиллаар орчихоод явж байна. Тиймээс бид энэ боломжоо ашиглахгүй бол санхүүгийн эрсдэл өдөр ирэх тусам нэмэгдэнэ. Хуульд орж байгаа энэ гурван төсөл бүгд стратегийн ач холбогдолтой.



Бид нефть, эрчим хүч, орон сууцжуулалтын асуудлаа дотооддоо шийдэх ёстой. 10-15 жилийн дараа ашиглалтад оруулна гэж ярьж болохгүй. Анх барьсан бүтээн байгуулалтууд нь өөрөө ашиглалтад орохоосоо өмнө хуучирч байна.



Зарим нь 5-8 жил болоход ч бүрэн ашиглагдаагүй л явж байна. Магадгүй 10-20 жилийн дараа технологи нь хүртэл хоцрогдох эрсдэлтэй. Тиймээс хугацааг наашлуулах шаардлагатай. Эцсийн үр өгөөж нь иргэд дээр л очно. Хэрэв бид нефтийн бүтээгдэхүүнээ дотооддоо шийдэж чадвал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дээр ч боломж гарч ирнэ. Хавар, намрын газар тариалангийн үеэр шатахууны үнийн зохицуулалт хийх боломж нэмэгдэнэ. Эрчим хүчний хувьд ч гэсэн сүүлийн хоёр жил маш хүндрэлтэй байлаа. Дулаан, эрчим хүчний хомсдолтой өвөлжиж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор том боломжууд нээгдэнэ.


-Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд Улаанбаатар хотын асуудлыг шийдэх гол гарц нь юу гэж та харж байна вэ?


-Улаанбаатарын хамгийн том асуудал бол түгжрэл, утаа, агаар, хөрс, орчны бохирдол. Үүнээс гарахын тулд гэр хорооллыг орон сууцжуулах, барилгажуулах ажлыг л хийхээс өөр аргагүй. Бид олон арга туршиж үзсэн. Богино хугацаанд зуух тараасан, дунд хугацаанд утаагүй түлш хэрэглэсэн. Харин урт хугацаанд гэр хорооллыг дэд бүтцээр хангаж, янданг бууруулах шийдэл рүү орох нь зөв юм байна гэдэг нь харагдсан. Ингэж байж л асуудал бодитоор шийдэгдэнэ.


-Засгийн газраас Татварын багц хуулийг өргөн барилаа. Энэ хууль дээр нийгэм маш их хүлээлттэй байгаа. Та ямар байр суурьтай байна вэ?


-Татварын багц хууль бол үе үеийн Засгийн газар, УИХ дээр яригдсаар ирсэн, маш том хүлээлт үүсгэсэн хууль. Энэ удаа Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн баг өргөн барилаа. Хувийн хэвшилтэй уулзахад ч, иргэдтэй уулзахад ч энэ реформыг маш их хүлээж байгаа нь мэдрэгдэж байна. Бид тодорхой хэмжээнд татварын дарамтыг бууруулж, боломжийг нь нээж өгөх ёстой.


НӨАТ төлөгч байгууллагуудын босгыг ч хөдөлгөх шаардлага бий. Нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ гээд маш олон асуудал энэ шинэчлэлээр хөндөгдөнө. Тиймээс энэ хууль дээр нийгэм бүхэлдээ маш өндөр хүлээлттэй байгаа гэж харж байна. Нөгөөтэйгүүр бид аж ахуйн нэгжүүдээ эдийн засгийн зөв хөшүүргээр маш сайн дэмжих ёстой юм байна гэдэг нь харагдаж байгаа.


Энэ хуулийг бизнесийнхэн, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид маш их хүлээсэн. Одоо хуулийн төслүүдтэйгээ танилцаад, ажлын алба, ажлын хэсгүүд нь ажиллаад эхэлчихсэн байна. Цаашдаа хэлэлцүүлгийн явцад саналуудаа гаргаж, зарчмын зөрүүтэй асуудлуудаар санал хураалтаар шийдээд явах байх.


-Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд ямар өөрчлөлт хамгийн чухал гэж та харж байна вэ?


-Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд үнэхээр их хүлээлттэй байгаа. Бид яг өнөөдөр иргэд, бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлууд дээр боломжийг нь нээж өгөх ёстой. Энэ хуулийн төсөл бол тэр чиглэл рүүгээ орж ирж байгаа хууль гэж ойлгож байгаа. Иргэд, бизнес эрхлэгчид ч гэсэн “татвар гэдэг зүйлээр битгий ингэж дарамтал, чөдөр тушаа болоод бай, харин боломжийг нь нээж өг, уян хатан бай” гэсэн хүсэлтийг маш их тавьж байсан. Тиймээс энэ удаагийн Татварын багц хууль нь яг тэр шаардлага, хүлээлтэд нийцсэн шинэчлэл болох ёстой гэж харж байна.



Э.Мөнхтүвшин

Эх сурвалж: "Өдрийн сонин"