sonin.mn
Өнөөдөр манайд эх хэлний боловсрол дордож, ядмаг болсонтой хэн ч маргахгүй байх. Энэ талаар эрдэмтэд эхнээсээ бичиж, хэлж байна. Эрдэмтэн судлаач Ч.Алтанзагас, бид өнөөгийн дэлхий даяарх даяаршлын үед эх хэлээ хамгаалан, эх хэлтэйгээ байж Монгол үндэстэн хэвээр үлдэнэ гээд, монголчууд бид сүүлийн 20 жилд эх хэлнийхээ тансаг сайхан бүхнийг умартан харь, гадаад хэлний үгээр үгсийн сангаа дүүргэж, элдэв хэлц үг хэллэгийг хуулбарлаж байна.
 
Жишээ нь, мэдээллийн технологийн шинэ үг хэллэг, нэр томъёоны хэрэглээ нь нийгмийн зарим бүлгийн ярианд холимог хэл буюу пижин хэл үүсгэх хандлагатай болоод байна гэжээ. Үүнийг нэр томъёо судлаач, залуу эрдэмтэн Г.Гэрэлмаа ч мөн тэмдэглэсэн байна. Олон хэлээр хольж ярилцагсдын дунд аль ч хэлэнд хамаарахгүй холимог шинжтэй үгс өргөн хэрэглэгддэг бөгөөд тэдгээрийг РИДТ (В.И.Беликов, Л.П.Крысин нар. Социолингвистика. М.2001. стр 3) гэж нэрлэдэг байна.
 
Энэ нь угтаа "бизнес" хэмээх англи үгийг хятад маягаар дурдсанаас бий болсон үг гэж нийгэмд, хэл шинжлэлд тодорхойлжээ. Анх өмнөд Хятадын олон хэлээр харилцдаг усан боомтынхон өдөр тутмын хэрэглээндээ англи үгийг хялбаршуулан хэрэглэж байсан нь пижин хэл үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг.
 
Тэгвэл өнөөдөр бид эх Монгол хэлээ пижин хэл болгоход дөхөөд байгааг эрдэмтэн, мэргэжилтнүүд сануулаад байна. Жишээ нь, өнөөдөр бодит байдал, амьдрал дээр англи хэлийг манай албан ёсны хоёр дахь хэл юм уу гэмээр, Монгол хэл зарим үед англи хэлэнд байраа тавьж өгч байна уу гэмээр болсны жишээ олон байна.
 
Тухайлбал, өнөөгийн монголчууд бид "мэйлдэх", "чаатлах"-аас эхлээд "саак урамшуулал" гэх мэтээр эх хэлээ эрлийзжүүлж, холимог, ёстой л хярамцаг болгож байна. Ингэж эх хэлээ англи, монгол хэлний холимог болгоход монголчууд бидний Монгол хэлээ сайн мэддэггүй, сураагүй, учир авиа зүй, дуудлагаараа хэлж бичдэг замбраагүй байдал, дээр нь англи хэлийг шууд хуулбарлан "сурч" байгаа нь нөлөөлж байна.
 
Үүнд мөн Монгол хэлээ үг үндсээр нь бус, хамаа намаагүй, өөр өөрийнхөөрөө хэрэглэх болсон радио, телевиз, сонин, сайт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн "дайчид" ч нийгэмд буруугаар нөлөөлж байгааг мэргэжилтнүүд өгүүлж байна. Тэгэхээр эх хэлээ хамгаалж, цэвэр тунгалаг байлгахад яах вэ?
 
Нэгд, хэл бол өөрийнхөө дотоод зүй тогтлоор хувьсан өөрчлөгдөж байдаг амьд зүйл юм. Манайд эх хэлээ хамгаалан хөгжүүлэх, жигдлэн цэгцлэх ажлыг орхидуулж ирснээр хэн дуртай нь эх хэлээрээ оролдож, буруу, зөв бичсээр байгаа энэ замбраагүй байдлаас гарах арга зам гэвэл Улсын нэр томъёоны комисс байгуулан юуны түрүүнд гаднаас Монгол хэлэнд орж ирж байгаа гадаад хэл, олон улсын нэр томъёо, шинжлэх ухаан, техникийн хэллэгийг жигдлэх хэрэгтэй байна.
 
Уг нь манай монголчууд нэр томъёог их эртнээс чухалчлан үзсээр ирсэн хүмүүс гэдгийг эрдэмтэн мэргэжилтнүүд онцолсон байна. Жишээ нь, аль тэртээ ХIV зууны эхээр Ганжуур, Данжуур хэмээх их хөлгөн судруудыг Монгол хэлнээ хөрвүүлэхийн тул манай эртний эрдэмт гүүш нар маань бэрх үгсийг нь түүвэрлэн авч Монгол үгээр оноон жигдэлж "Мэргэд гарахын орон" хэмээх алдарт толь бичгийг зохион гаргаж байв.
 
Бэрх үг гэдэг нь мэргэжлийн үг хэллэг, нэр томъёо бөгөөд ийнхүү урьдаар нэр томъёогоо нэг мөр цэгцэлж авахгүй бол олон ботийн доторх төрөл бүрийн салбарын нэр томъёог хүн бүр өөр өөрийнхөөрөө орчуулахад хүрнэ гэдгийг өвөг дээдэс маань ухаарч иржээ.
 
Хоёрт, мөн л эхний арга зам, санаатай холбоотойгоор Монгол хэлний Оноосон нэрийн сан бүрдүүлэх ажил юуны өмнө шаардлагатай болсныг эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд хэлж байна. Монгол хэлний үгийн гарлын толь, Үгийн бүтцийн толь, Нэр томъёоны толь, Гадаад үгийн толийг эмхлэн гаргаж, газар усны нэрнээс аваад хүний нэр болон бусад Оноосон нэрийн сан бүрдүүлэх ажил нэн чухал байна.
 
Тэгэхгүй бол манайд оноосон нэрийн сан байхгүйгээс болж төрсөн хүүхэддээ ч нэр өгч чадахгүй, байгуулсан аж ахуйн нэгж, компанидаа оноох оновчтой нэр олдохгүйд хүрээд байгаа нь гашуун үнэн юм.
 
Гуравт, урьдын адил "Үг хөгжил" гэх мэт эх хэлээ дээдлэн хөгжүүлэх чиглэлийн хичээлүүдийг ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулах, хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх, ингэхдээ техник, технологийн дэвшлийг ашиглан интернэтээр хичээл зааж уншуулах гэх мэтээр эх хэлний боловсролоо дээшлүүлж сайжруулмаар байна гэсэн санааг эрдэмтэд гаргаж байна.
 
 
Х.Өлзий
 
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин