sonin.mn

“Бөх" сонины идэвхтэн бичигч Я.Цэрэндорж гуай Г.Баттогтох начины тухай ийнхүү дурсан бичсэн байдаг.

Хунгийн гол намуун зөөлөн мяралзан урссаар Их манхан элс дүнхийн шаргалтаж бууралтсан Ботгын тал зэрэглээтэн хангай говь хосолсон ийм нэгэн сайхан нутаг бол Завхан аймгийн Завханмандал сум юм. Энэ нутагт Монгол. улсын өсөх идэр начин Г.Баттогтох 1937 онд төрж бага насаа хөдөөгийн хүүхдүүдийн нэгэн адил аав ээжийн гар дээр өсөн хүмүүжиж хурга ишиг хариулан Хунгийн голын усанд умбаж шумбаж, элсэн анханд авиран дамжин тоглож наадаж бага дунд сургуульд суралцан явсаар эр бие өсчээ.

20 нас хүрч цэргийн албанд татагдан Улаанбаатар хотод ирж олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн цэргийн сургууль эрдэмд суралцан барилдан ноцолдож явсаар 1958 онд Улсын баяр наадамд анх удаа 063-р ангийн бөх байлдагч Г.Баттогтох гэж дуудуулан гарч барилдан хоёрын даваанд у/а Өлзийсайханыг өвдөг шороодуулан, гурвын даваанд Их аварга Түвдэндоржид амлуулан барилдаж унасан гэдэг. 1960 онд 3 даваад 4-ийн даваанд залуу бөх Цогзолд унажээ.

1960 онд цэргээс халагдаж Завхан аймагт ирж Биеийн тамир спортын нийгэмлэгт ажиллаж 1961 онд МБАТАС-д Завхан аймагт үндэсний бөхийн тойргийн барилдаанд барилдаж түрүүлэн шалгарч Улаанбаатар хотод ирж МБАТАС-д үндэсний бөхийн тойргийн барилдаанд барилдаж 22 давж улсын начин цол хүртсэн юм.

1961 онд улсын наадамд барилдан 3-ын даваанд Барилгын Цэдэнг, 4-ийн даваанд Сүхбаатар аймгийн Дашдавааг /у/н/, 5-ын даваанд Төв аймгийн Дагвасүрэнтэй /у/а/ тунан давж начин цолоо баталж өсөх идэр чимэг авсан бөгөөд зургаагийн Мижиддоржид /у/а/ унасан байдаг.

1965 онд 3 даваад 4-ийн даваанд Дорнод аймгийн залуу бөх Таживд өвдөг шороодсон. 1963 онд Завхан аймгийн 40 жилийн ойн барилдаанд барилдаж түрүүлсэн. Тосонцэнгэлийн Авирмад үзүүрлэж а/з болсон. Мөн 1963 ондоо Говь-Алтай аймагт үзүүрлэж, Алдархаан сумын Бямбажав түрүүлж а/а болсон. Завхан аймгийн баяр наадамд 1969, 1972, 1974 онд үзүүрлэсэн.

Чөлөөт бөхөөр улсын тэмцээнд олон удаа оролцож зэрэгтэй тамирчин болсон гэдэг юм. Уртын дууч бөхийн ууган засуул бөхийн их шинжээч Дэгээ хэмээх С.Гончиг гуай Г.Баттогтохыг 1960-аад онд ид барилдаж байсныг харчихаад Завхан нутгийн энэ хүү дэндүү гоёдчихсон сайхан бөх, сайн бөх гэж хэлж байсан гэдэг.

Ж.Мөнхбат аварга “Түмний минь түшиг” номондоо "у/н Г.Баттоггохын хувьд бол тухайн үедээ бүх бөхчүүдийн дотор хамгийн сайхай гараа дэвээтэй дур булаам сайхан бөх байж билээ. Зарим үзэгч нар магтах үгээ олж чадахгүй байдагсан. Тэр бяртай хаанаас ч харсан аралтай бөх байв. Гар ачих мэхийг гайхамшигтай хийдэг байлаа.

Ялангуяа үндэсний бөхийн гараа дэвээний урлагийг гарамгай эзэмшсэн бөх байлаа. Одоо түүн шиг дэвж гарч байгаа бөх алга. Үндэсний бөхийн тэр сайхан урлагийг эзэмших явдал залуу бөхчүүдэд хэрэгтэй юм" гэж бичсэн байдаг юм билээ.

Дархан аварга Түвдэндорж гуай “Сайн бөх, сайхан бөх" гэдэг бол өөр өөр байдаг юм. Жишээ нь: Завханы Баттогтох начин бол Сайхан бөх сайн бөх. Харин у/н Өвгөнхүү бол сайн бөх юм гэж үнэлэлт өгсөн байдаг. Улсын начин Г.Баттогтох бол Тээврийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан Завхан аймгийн 20 дугаар баазад олон жил тээврийн машин барьж олон жилийн гавшгайч тэргүүний тээвэрчин байсан байна.

Миний аав Цамбажав Баттогтох начинтай хамт бага сургуульд сурч байсан бөгөөд түүний тухай дурсан ярьсныг нь би уншигч та бүхэндээ товч толилуулья.

1948 онд Завхан аймгийн Завханмандал сумын бага сургуульд аав маань Баттогтох начинтай цуг бага сургуульд орж байжээ. Тэр бага сургууль нь одоогийн Оторын өвс тэжээлийн фонд байгаа Бага Хайрханы худаг дээр Завхан аймгийн Завханмандал сумын бага сургууль төвлөрч байжээ.

Баттогтох начины аав, ээж Завханмандал сумын 8-р багийн айл байсан байна. 1948 онд Баттогтох начин 11 настай 1 дүгээр ангид орж байсан бөгөөд ааваас маань хэд ах байсан гэдэг. Завханмандал сум нь сүүлдээ олон хэсэг хуваагдсаны нэг хэсэг буюу 8-р баг нь Эрдэнэхайрхан сум болсон бөгөөд Завхан гол дагасан 9, 10, 11 гэсэн гурван баг нь Цогтжаргалан гэдэг сум болоод дараа нь мөн 2 хуваагдаж 10, 11-р баг нь одоогийн Дөрвөлжин сум болж, 9-р баг нь Алдархаан сумтай нийлсэн түүхтэй.

Баттогтох начин ингэж Эрдэнэхайрхан сумын хүн болжээ. Баттогтох начин сургуульд байхдаа дунд зэргийн сурлагатай, их томоотой, чац сайтай хүүхэд байсан. Харин бага сургуулийн 4 дүгээр ангиа төгсөөд манай ангийн ихэнх хүүхэд хөдөө мал дээр гарч, цөөн тооны хүүхэд аймагт сургуульд суусан юм.

Тэр үед бид нарт 7 дугаар анги төгссөн багш нар ирж багшилж байсан. Манай сургуулийг худаг бараадсан сургууль гэдэг байсан тухайн үедээ. Бид нар гэрт амьдардаг байлаа. Тэр үед харандаа, дэвтэр олдохгүй 1 ширхэг балын харандааг 4 хувааж тэмээний утсаар энгэрт зүүж өгдөг байсан. Гурил байхгүй одооны энэ малын хэвгийг шигшиж хар гурил гаргаж авч түүгээр нь хоол хийдэг байсан.

Бид сургуулиа төгсөөд тал тал тийшээ салж уулзалдалгүй олон жил болсны хойно Баттогтох маань цэрэгт явж цэрэгт байхдаа барилдаж улсын начин цол хүртсэн юм. Цэргээс хапагдаад Завхан аймагтаа очоод олон жил жолооч хийсэн.

Сүүлд нь хотод ирж махны тэрэг 130 машин барьж байгаад тэтгэвэрт гарсныхаа дараа Гавьжийн Шандад малтай болж хөдөө гарсан байна. авьжийн Шандад малтай гарсныхаа дараа  манай аавыг тэндээ очиж амраач гээд манай аавын ах дүү нар гэр бүлээрээ бид нар аавыгаа дагаад тэднийд очиж амарснаа өнөөдөр би сайн санаж байна.

Би тэр үед 10 жилийн хүүхэд байсан болохоор Баттогтох начинг сайн мэддэггүй байсан. Одоо бодоход Батогтох начин нэлээн өндөр, гар нь маш том янхигар хүн л харагдаж байсан.

Гэрт нь ороход шалгуй, цагаан ортой, эргэнэгтэй, хөхүүртэй айргаа байн байн бүлээд л байсан нь санаанд орж байна. Тэр үед зусландаа гарсан байсан юм байна лээ. Бид нарыг ороход том том аяганд айраг хийж өгөөд л эхнэр нь таваг дүүрэг ааруул, бяслаг, өрөм тавиад л маш сайхан цагаан идээтэй айл байсан даа.

Баттогтох начин гэрийнхээ ойролцоо өндөрлөг дээр бидний майхан савыг бариулаад байрлуулсан. Тэдний гэрийн гадаа бид нар олуулаа 2, 3 хоног сайхан амарцгаасан. Орой болгон тарваганы боодог хийж идээд л аав маань ялбаганд дуртай гээд л ялбаг хийж идээд л, ямаа боогоод л айраг, цагаа уугаад л сүү болсон цайн дээр шинэ өрөмтэй боорцог идээд л, орой болохоор шинээр бүрсэн тараг уугаад л үгээр хэлэхийн аргагүй маш сайхан амарсан.

Бид хэд хүүхэд байсан болохоор тоглож наадаад л. Миний сэтгэлээс гардаггүй нэг дурсгалтай зүйл гэвэл манай аавын дүүгийн нөхөр Японы элчинд ажилладаг байсан. Түүнд Японы элчин сайд нь цаасан шувуу бэлэглэсэн гээд хөдөө аваад очсон байлаа. Хүүхдүүд биднийг тоглуулахаар. Тэр нь том дамартай утастай. Утас нь олс шиг бүдүүн улаан өнгөтэй.

Тэрий нь бид нар мэдэлгүй салхинд хийсгэж тоглоод ганцхан Баттогтох начины адуу, малыг нь үргээгээд зогсохгүй ойр хавийнх нь айлуудын адуу малыг чь үргээгээд зогсохгүй ойр хавийнх нь айлуудын адуу, малыг үргээгээд аав, ээждээ загнуулаад тэр том цаасан шувуугаа хураалгуулж бөөн шуугиан дэгдээж байснаа дурсахад сайхан байна.

Биднийг явах өглөө начин маань 2 тарваганы тулам аавд минь өгөөд биднийг морьтойгоо дагаад 22-ын товчоо хүртэл явсан. Гэтэл хотод Холер гэдэг өвчин гарсан хөдөөнөөс ирж байгаа хүмүүсийг шалгаад ариутгал хийж байсан. Начин маань аавд өгсөн хоёр тулмаа өөрөө мориндоо ганзагалаад биднээс түрүүлээд өөр замаар явсан.

22-ын даваа өнгөрөнгүүт бидэн дээр ирж уулзаад нөгөө тулэмнуудаа өгч байсан нь өнөөдөр юм шиг надад санагдаж байна. Монголдоо уран гараа дэвээгээрээ алдаршсан тэр сайхан өсөх идэр начиныд очиж амарсан 20 жилийн өмнөх дурсгалт мөчөө эргэн санахад үнэхээр сайхан байна.

Сүүлд аав өнгөрөхөөс нь 2, 3 жилийн өмнө хотын төвд Баттогтох начинтай тааралдахад начин маань аавд “Хөдөө гарч чадахаа байсан хөл, гар өвдөөд. Хотод Баянхошуунд байшиндаа байгаа миний хөгшин очооч...” гэж гэрээ зааж өгсөн гэсэн. Гэвч аав минь даанч амьд сэрүүнд очиж амжаагүй гэнэ лээ.

Одоо аав маань бөх үзээд сууж байхдаа манай Баттоггох шиг сайхан уран гараа дэвээтэй бөх алга болж дээ гэж үргэяж хэлдэг юм даа.

Ц.Болормаа

Эх сурвалж: "Бөх" сонин