sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө энэ талаар Оросын талтай зөвшилцөх боломжийг үгүйсгээгүй байна.


“Үнэндээ би "Томахок"-ийн талаар Оростой ярилцах хэрэгтэй байж магадгүй,” хэмээн Трамп Ойрхи Дорнод руу зорчихдоо Air Force One онгоцонд сэтгүүлчдэд ярьжээ. Тэрбээр хэрвээ Украин дахь мөргөлдөөн “шийдэлд хүрэхгүй бол” Киевт “Томахок” пуужин илгээх болно гэж нэмж мэдэгдсэн байна.


Ерөнхийлөгч Трамп аравдугаар сарын 11-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскитэй утсаар ярьж, пуужин нийлүүлэх асуудлыг хэлэлцсэнээ мөн дурджээ. Өмнө нь, аравдугаар сарын 2-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Валдайгийн олон улсын хэлэлцүүлгийн клубын хуралдааны үеэр “Томахок” пуужинг АНУ-ын цэргийн албан хаагчдын шууд оролцоогүйгээр ашиглах боломжгүй бөгөөд ийм алхам нь Орос, АНУ-ын харилцаанд чанарын шинэ шатны хурцадмал байдлыг үүсгэнэ” гэж анхааруулсан юм. Түүнчлэн Путин аравдугаар сарын 5-нд хийсэн мэдэгдэлдээ, хэрвээ АНУ Украинд “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргавал хоёр улсын харилцаанд үүсээд буй эерэг хандлагыг үгүй хийх эрсдэлтэйг онцолж байв.




Н.Отгончимэг

Эх сурвалж: tass.com