sonin.mn

-Анх их урлагт хэрхэн хөл тавьж байсан бол?

-Би Увс аймгийн Улаангом хотын арван жилийг төгссөн. Багадаа жүжигчин бопно гэж бодож байсангүй. Зураг зурах маш их сонирхолтой. Уран зургийн нэлээд тэмцээн уралдаанд түрүүлээд, Орост үзэсгэлэн гаргаж байлаа. Намайг наймдугаар ангид байхад Дүрслэх урлагийн дунд сургуульд орооч гэсэн урилга ирж байсан. Тэр үед наймдугаар ангийн хүү гэрээсээ хол явна гэхээр сэтгэлд багтахгүй байлаа. Ерөнхийдөө сурлагатай хүүхэд байсан.

Манай гэр бүлд урлагийн хүн байгаагүй. Ихэнх нь эдийн засагч мэргэжлийн хүмүүс байдаг. Санамсаргүй ч гэж дээ сэтгэлийн хөөрлөөр шахуу жүжигчний мэргэжлийг сонгочихсон. Надад нөлөөлсөн хүн гэвэл манай ахын найз Батсүх гэж хүн байсан. Ах нь найруулагч хийдэг, төрсөн эгч нь жүжигчин байсан. Тэгээд жүжигчин байх сайхан тухай их ярьдаг байв. Аравдугаар ангид байхдаа жүжигчин болбол гоё юм шиг санагдаад. Гоё гоё кинонууд үзээд хүүхдийн дэврүүн бодлоор жүжигчин болъё гэж шийдсэн. Нөгөө ахдаа хэлтэл "Гоё шүү би чамайг хэлээд өгье" гээд дэмжсэн.

Алтанцэцэг эгч дээр очоод нөгөө бэлдүүлдэг шүү дээ. Тэгээд бэлдүүлээд л, ер нь болохгүй л байсан даа. Яаж ч болохов дээ. Тэгээд "За чи ч дээ ер нь жүжигчин болж чадахгүй юм шиг байна" гэхэд би болох байхаа. Юу ч гэсэн ороод үзье гээд шалгалтаа өгсөн. Тэр үед одоо МУГЖ Лхасүрэн, СУИС-ийн декан Сугар багш, Н.Зоригт гээд драмын театрын дарга байсан энэ гурван хүн шалгалт авсан. Би дуугаа алдаж л байсан, шүлгээ ч бас мартаж л байлаа. Тэгээд олон жилийн туршлагатай тэр том хүмүүст жүжигчин болно гэж харагдсан юм байлгүй тэнцсэн. Өөрөө ч тэрэндээ урамшаад жүжигчин болсон доо.

-Багадаа хэр зэрэг сахилгагүй хүүхэд байв?

-Нэг их сахилгагүй байгаагүй ээ. Томоотой хүүхэд байсан. Намайг жүжигчин болчихсон гэхээр хүмүүс гайхаад байдаг байсан. Манай багш нар анх жүжигчний шалгалтад тэнцчихсэн байхад гайхаад "Юу гэсэн үг вэ. Чи чинь жүжигчин биш өөр мэргэжлийн хүн болох ёстой. Инженер, эдийн засагч тал руугаа явах ёстой. Гэтэл яагаад жүжигчин болчихов оо гээд л.

-Тооны төрлийн хичээлдээ сайн байж дээ?

-Тийм шүү.

-Би өөрийг тань нэлээн шооч байх гэж боддог?

-Аан нэлээд шооч шүү. Тэр талдаа бол гарамгай байсан. Хүүхдүүдэд нэр хоч их өгдөг, хүн амьтан шоолох тал дээр нэгдүгээр зэргийнх байсан шүү. Тэрнээс биш айхтар сахилгагүй байгаагүй ээ.

-Багадаа спортоор хичээллэдэг байв уу?

-Хүүхэд байхдаа спортоор, ялангуяа    волейболоор хичээллэдэг байсан. Ер нь тэр үеийн хүүхдүүд чинь юм юманд адтай байсан. Теннис тоглочихно. Сагсанд ч гэсэн бүр нэг эвсэлгүй биш ээ.

-Саявтархан сагсны тэмцээнд ороод байсан?

-Тийм TLG-ээс тэмцээн зохион байгуулсан. Тэрэнд хошин урлагийн баг гэж ороод дөрөвдүгээр байр эзэлсэн.

Та нар тоглолтынхоо сэдвийг яаж олдог вэ?

-Сэдэв бол олон янз л даа. Гадаад дотоодын янз бүрийн зохиолууд уншиж байна. Тэгээд үндсэндээ иийгмийн байдал, хүмүүсийн ам дамжсан сонирхолтой яриа гээд. Хүний амьдрал гэдэг их сонин. Төсөөлшгүй сонин содон үйл явдлууд байдаг. Нэг үгээр хэлэхэд, нийгэмд юу болохгүй, бүтэхгүй байна, юу дуугарвал зүгээр юм гэж байгаад бөөнөөрөө ярилцана даа. Тэгээд яахав тэр сэдвүүдийг мэргэжлийнх нь хэмжээнд тайзан дээр яаж тоглох вэ гэдгийг бодолцон янзалж найруулаад тоглоно доо.

-Миний хувьд өөрийн тань бүтээсэн дүрээс "Сумын цагдаа" их сайхан санагддаг. Харин таны хамгийн хайртай дүр гэвэл?

-За яахав дээ хүмүүст хүрсэн дүр гэвэл "Турьхан согооноо, хүчит хар" гээд дээр үед тоглож байсан даа. Бас нөгөө "Хадлан дээр" гэдэг нэг хоолоо нуугаад байдаг товарищ байдаг даа. Тэрийг хүмүүс их ярьдаг юм билээ. Яг тэгээд тэрэнд хайртай гэж хэлэх нь юу юм. Ерөнхийдөө яг тийм сайн хийчихлээ гэсэн дүр байхгүй. Одоохондоо эрэл хайгуулын хэмжээнд л явж байна. Хамаагүй хэлэхээс айгаад байнаа.
 
-Сүүлийн үед кино урлагт хүчээ сориод байна уу?

-"Хайр харуусал" гээд уран сайхны кино хийсэн. Үр дүнтэй сайхан болсон. Зорьсон зүйлдээ хүрсэн. Бид инээдмийн жанрт тоглодог жүжигчид драмын чиглэлийн кино хийсэн. Энэ киног ашгийн төлөө хийгээгүй. Юу чаддагаа хүмүүст үзүүлье гэж. Зорилгоо биелүүлсэн. Бид өөрсдөө драмын мэргэжлийн жүжигчин хүмүүс театрт тав зургаан жил ажиллаж байсан. Ер нь аль ч төрөл жанраар тоглож чаддаг юм гэж үзүүлэхийг хүссэн. Тэр утгаараа кино хийлээ. Амжилттай болсон. Хүмүүс уйлалдаад гарч байна гэсэн. Хүн инээлгэдэг хүмүүс уйлуулчихсан байна. Тэр талаараа кино маань амжилттай болсон.

-Дахиад кино хийе гэж бодож байна уу?

-Цааш цаашдаа бодсон юм их байгаа. Ер нь урлагийн бүх төрөл жанрт өөрсдийгөө соръё гэж бодож байна. Манайханд маш гоё дуулдаг жүжигчин олон бий. Энэ сайхан материал, дуулдаг бүжиглэдэг, жүжиглэдэг авьяасаа ашиглаад мюзикл хийе гэж бодож байгаа. Бүр амьд дуулна. Мэдээж хүнд хөдөлмөр л дөө. Гэхдээ яахав хүчээ сорьё. Киноны хувьд бол үзэгчдээс инээдмийн кино хийгээчээ гэсэн захиалга санаанууд ирдэг. Тэр төрлөөр кино хийх санаа байгаа. Тэгээд драмын олон сайхан жүжгүүд байна. Сонгодог жүжгүүд байна. Эндээс нэг жүжиг барьж авч тавина. Жүжигчний мэргэжлийнхээ чадлыг харуулъя. Одоо энэ олон сайхан өсч яваа жүжигчид байна. Эд нарын чадлыг бас цаашид сорих хэрэгтэй.

-Хүнийг уурлуулахаас илүү инээлгэх хэцүү гэдэг?

-Тэр яахав хэцүү л дээ мэргэжлийн хувьд. Яагаад гэвэл хошин урлаг нь чадвар, сэтгэхүйн хурд их шаарддаг. Бага хугацаанд олон янз хувирна гэдэг жүжигчний чадварын асуудал. Хүнийг инээлгэнэ гэдэг хүн бүхний хийж чадах ажил биш. Аль ч улсад хэлдэг шүү дээ, хэцүү гэж Бидний мэргэжил маш их чадвар уран сэтгэмж, мэдрэмж шаарддаг. Тийм болохоор инээдмийн төрөлд тоглодог жүжигчид тийм л байдаг. Дуулж бүжиглэдэг бүх төрлийн авьяастай. Олон төрлийн авьяас нэгэн биед байж жүжигчин болно доо.

-Байдлыг харвал дахиж эмэгтэй хүний дүрд тоглохгүй гэж шийдсэн бололтой?

-Тийм. Ер нь бодохгүй байгаа шүү. Хэцүү. Эрэгтэй хүн эмэгтэй хүн болчихож гэдэг утгаараа инээдэмтэй харагддаг байх. Жүжигчний хувьд одоо зайлсхийнэ гэж бодож байгаа. Их ч олон удаа эмэгтэй хүний дүрд хувирлаа. Одоо арай өөр юм хийе гэж бодож байна.

-Жүжигчин хүмүүст өөрийгөө сориод үзэх юмсан гэж битүүхэн бодож явдаг дүр бий. Таны хувьд?

-Тийм дүр олон бий. Ер нь би чинь бараг 20 гаруй жил энэ салбарт ажиллачихлаа. Одоо тодорхой хэмжээний туршлагатай боллоо гэж өөрийгөө үнэлж байгаа. Энэ бол мэргэжлийн жүжигчний хувьд өөртөө тавьж байгаа дүн. Нэг тийм бяр амтагдана гэх нь ч юу юм. Ямар ч дүрд тоглоход өөрийгөө бэлэн байна гэж боддог.

-Ашиг орлого ер нь гайгүй юу?

-За яахав дээ. Хэцүү л дээ юмны үнэ нэмэгдсэн. Түрээс, тайз декарци зардал нь өндөр болчихлоо. Гэхдээ хөдөлмөрлөж л байгаа юм чинь тодорхой хэмжээний шим хүртэнэ. Хүмүүс ер нь хэдэн онигоо ярьчихаад л мөнгө олоод байна гэж ярьдаг. Ямар их хөдөлмөрөөр уран бүтээл бүтэж байдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Шоу бизнес гэдэг ямар өндөр өртөгтэйг хүмүүс ойлгохгүй л дээ. Гэхдээ ойлгох нэг нь ойлгоноо. Юм хийж байгаа хүн чинь асар их хөрөнгө гаргаж уран бүтээл хийнэ. Тайз хувцас декарци гээд.

-Гэр бүлийнхнээ танилцуулна уу. Гэргийтэйгээ анх яаж танилцаж байв?

-Миний гэргий ХБК-д хөгжмийн багш хийдэг. Би гурван хүүхэдтэй. Танилцсанаа ярьвал урт түүх болно доо. Намайг дөрөвдүгээр курсийн оюутан байхад манай эхнэр ХБК-оо төгсөөд СУИС-т нэгдүгээр курсэд орж байлаа. Тэгээд яахав ахаа эгчээ гэж байгаад л танилцаад нэг их удаагүй бие биеэ ойлгоод гэp бүл болчихсон.

-Сэргэлэнтэж байгаад дор нь уяруулчихсан уу?

-Амьдрал дээрээ жүжиглээд байх нь ч юу байхав. Ямар ч байсан бие биедээ таалагдаад. Би чинь амьдрал дээр хөгжилтэй хүн биш их даруухан хүн шүү дээ. Тэр нь хүмүүст янз янзаар ойлгогддог юм шиг байна лээ. Хүмүүс биднийг дандаа тайзан дээр байгаагаар хүлээж авдаг. Аргагүй л дээ танихгүй юм чинь, ийм хүн байгаа л гэж бодно. Гэтэл амьдрал дээр өөр өөр байдлыг нь харчихаад сайнаар хүлээж авдаггүй юм билээ. Одоо яахав уулзаж байхад өөр байдаг.

Мэргэжил байна, амьдрал байна. Ажлаа хийж байна. Ажлаасаа өөр газар өөр байх хэрэгтэй биздээ. Тэр тал дээр зөрчил гардаг. Мэргэжлийн онцлог л доо. Өөрөөр хүлээж аваад янз бүрээр ярина, тоглоно. Машинтай явж байхад урд зогсчихоод яарч байна гаръя гэхээр гаргахгүй гээд тоглох юм байна. Тэрийг ойлгоно л доо. Нэг их уурлаж бухимдаад яахав. Намайг дотно гэж хараад л дотно юм шиг санагддаг байх. Тэгэхэд сайхан санагддаг. Тэрнээс ямар доромжилж байгаа биш.

Гэхдээ яахав сайхандаа. Хөдөлмөрийн үр шим гэж байна. Мөн маш их хариуцлага оногддог. Яагаад гэвэл олон хүний хүндлэлийг дааж явахын тулд хүнээс ухаан шаардах болно. Хариуцлага өндөртэй байх болдог. Тэр талаараа бас хэцүү.

-Хүүхдүүдээсээ өөрийнхөө мэргэжлийг өвлөөсэй гэж боддог уу?

-Үгүй ээ. Яагаад ч юм тэгж бодохгүй шүү. Аль болохоор өөр мэргэжил эзэмшээсэй гэж боддог. Хүнд хэцүү зовлонг нь мэддэг болохоор. Гэхдээ яахав хүүхдүүдээ юу юугүй шахахгүй, хүүхдийн өөрсдийнх нь хүслийг харна. Би хүүхдүүдээ өөр мэргэжил сонгоосой гэж залбирч явдаг юм. Хүүхэддээ хайртай болоод л тэр байх. Яагаад гэвэл маш их цаг хугацаа хөдөлмөр шаардсан хэцүү ажил. Хийх юм үзэгчдийн нүүрэн дээр байж байдаг. Маш их хөдөлмөрлөж байж амжилтад хүрнэ. Зүгээр нэг аргалаад энэ мэргэжлээр дээшээ гарчихна гэдэг бол худлаа.

Олон жилийн хөдөлмөр шаарддаг. Дуучин бол байгалиас заяасан сайхан хоолой байхад өөрөө явчихна. Жүжигчний мэргэжил нь өөрөө асар их хөдөлмөрлөж байж үр дүн гардаг онцлогтой. Би тийм болохоор залууст хэлдэг юм. Ганц хоёр кино клипэнд тоглочихоод жүжигчин болчихлоо гэж битгий эндүүрээрэй гэж. Нэг удаа хийсэн зүйл чинь хүнд хүрсэн бол түүнийхээ цаана юм хийнэ гэж бодож байх хэрэгтэй. Одоо ерөнхийдөө тийм болчихоод байна л даа.

Ганц хоёр клипэнд тоглосон бол өөрийгөө гайгүй жүжигчин болчихлоо гэж боддог. Би хамт ажилладаг дүү нартаа "Ганц хоёр юм хүнд хүрч болно. Яагаад гэвэл эхний удаа чи сонин содон байгаа. Тэгээд дараагийн удаа сонин биш байх юм бол чамайг сонирхохоо больчихно. Ингэхгүйн тулд эхнийхээ бүтээлээс илүү юм хийж байж хүлээн зөвшөөрөгдөнө. Хүмүүс мэдээж шинэ жүжигчин гараад ирэхэд сонирхоно, өө яасан хөөрхөн юм гээд л. Тэгээд ахиад нэг тийм түүнээсээ илүү гарсан хэмжээний юм хийхгүй бол арчигдана" гэж байнга захидаг.

Д.Дорлиг
Эх сурвалж: "Шинэ мэдээ"