sonin.mn

ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Reuters/. Ерөнхий сайд Такаичи Санаэгийн удирддаг Либерал Ардчилсан нам хоёрдугаар сарын 8-нд болох ээлжит бус сонгуулиар Японы парламентын доод танхим дахь суудлын тоогоо нэмэгдүүлж, олонх болох магадлалтай байгааг Nikkei сониноос явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Такаичи эдийн засгийг дэмжих төсвийн бодлогоо хэрэгжүүлэхдээ ард түмнээс дэмжлэг авахын тулд бүх нийтийн ээлжит бус сонгууль зарласантай холбоотойгоор Япон улс нэмэлт өрийн бичиг гаргахаас өөр аргагүйд хүрч магадгүй гэсэн болгоомжлол зах зээлд үүсэж, бондын хүү огцом өссөн байна.


Хэдийгээр сонгуулийн кампанит ажил дөнгөж эхэлж байгаа боловч Либерал Ардчилсан намын нэр хүнд өссөөр байгаа бөгөөд сонгуулийн өмнө эзэлж байсан 198 суудлаас илүү олон буюу парламентын доод танхимын 465 суудлын 233-аас доошгүйг авах магадлалтай гэж Nikkei сонинд бичжээ.


Либерал Ардчилсан нам одоогоор Японы Инновацын намтай /Ишин/ хамтран эрх баригч эвсэл байгуулаад байгаа бөгөөд хамтдаа доод танхимд ялимгүй олонхын суудлыг эзэлж байгаа бол дээд танхимд цөөнх хэвээр байна.


Энэхүү судалгаанд Nikkei сонины бэлтгэсэн материалууд болон нэгдүгээр сарын 27-28-нд Yomiuri сонинтой хамтран явуулсан санал асуулгын дүнг нэгтгэн оруулжээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг