Хараа ихт хар сүлдний талаар хөндөхийн өмнө монгол түмний ерөнхий шүтээн болох Чингис хааны тахилга тайлгын “Алтан бичиг”-ийн талаар товч мэдээлэл хүргэе.
“Алтан бичиг” бол “Монголын нууц товчоо”, “Алтан товч” зэрэг Монголын түүхийн тулгар бичгүүдийг дээд хэмжээгээр товчилсон тэнгэрийг тайх төрийн ёслол хүндэтгэл, сүлдний тахилга, алтан ургийн гэрийн цадиг хийгээд түүх соёл, улс төр, хууль цаазын хураангуйлсан эртний түүхэн сурвалж бичиг юм. Нөгөөтэйгөөр ерөнхий шүтээн болох Чингис хааны “Найман Цагаан ордын тайлга” нь тэнгэр, газар, галын эздийн онгодыг дээдлэн шүтэн бишрэх, Их Монгол Улсын төрийн сүлд болох “Хараа ихт хар сүлд", улс гэрийн энх, амар амгалангийн бэлгэдэл болох “Есөн хөлт цагаан туг”-ийн омог хүчийг догшуулан (догшруулан) бадраах, баясган цэнгүүлэх, тэдгээрийн цаглашгүй сүр хүчнээс ивээл соёрхол гуйх, даатган залбирах агуулга бүхий тэнгэрийн оршихуйн сэтгэшгүй эрчмийг үгийн увдисаар хураах эртний бөө мөргөлийн зан үйлээс үүсэлтэй ёслол тахилгын аман яруу найргийн шүлэглэл болой.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордосын Чингис хааны онгоны тахилчид “Алтан бичиг”-ийг 2017 онд анх удаа бүрэн эхээр нь долоон дэвтэр болгон эмхэтгэн хэвлүүлжээ. Тэргүүн дэвтэр нь Чингис хааны тайлга, Сүлдийн тайлга гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
Энэхүү нийтлэлд Хараа ихт хар сүлдний эртний тахилга, догшуулгын талаар толилуулах тул бичгийн эх сурвалжийг тулгуур болгон дурдаж байгаа болно. 2000 онд Монгол-Америкийн археологичид сүлдний хамгийн эртний дурсгалыГ Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их Баян уулын Бичигтийн хаднаас илрүүлжээ. МЭӨ 2000-3000 жилийн буюу одоогоос 5000-6000 жилийн өмнөх хүрэл зэвсгийн үеийнх болохыг судлаачид тогтоосон байна. Ямартай ч Монгол Улсын төрийн сүлд бэлгэдэл нь 5000-6000 жилийн түүхэн уламжлалтайг хадны сийлмэл зураг ийнхүү баталж байна. Хараа ихт хар сүлд хэрхэн монгол түмний сүлд шүтээнээр эрхшээсэн тухай нэгэн домгийг өгүүлье.
Чингис хаан нэгэн удаагийн дайнд ялагдаад бачимдахдаа унасан мориныхоо хөлстэй эмээлийг авч тэнгэр өөд хандуулан ангайлган тавьж “Эцэг тэнгэр минь намайг тэтгэж авна уу, үгүй юү” хэмээн даатган мөргөхөд агаар тэнгэрээс маш их дуун гарч хар сүлд шүтээн мөнх тэнгэрээс саглагар Модон дээр бууж ирсэн гэнэ.
Чингис хаан Мухулайг тосож ав гэсэнд Мухулай хөтлөн яваа хээр азарганыхаа онгон мундаан дээр тосож аваад тайж тахих тухай Чингис эзэнд сануулахад тэрээр “Мянган улаа базааж, түмэн өтгөөр тахисугай" хэмээн тангараглаж есөн ес наян нэгэн хээр азарганы дэлийг навсалзуулан хөхөл гэгчийг зооглуулан чимж, түмэн өтгө гүйцээж эс чадвал есөн ес наян нэгэн хонины нэг нэг шийртэй хамтаар (зүлд) тахилга өргөөд үлдсэн тоог хан мөнх тэнгэрийн хөх нохой (чоно) хонин сүргээс гүйцэтгэн барьтугай хэмээн үндэснийхээ сүлд сүнс болгон эрхшүүлэн тахисан гэдэг.
Хараа ихт сүлд-ний тайлга ёслолыг
- Хар сүлдний бага тайлга
- Хар сүлдний зуслангийн тайлга
- Хар сүлдний их тайлга
- Хар сүлдний догшуулах тайлга
- Хар сүлдний тасман тайлга буюу бага догшуулга
- Хараа ихт хар сүлдний догшуулгын их тайлга хэмээн тахидаг байна.
Эдгээр тайлга, догшуулгыг гүйцэтгэхдээ дараах өчгүүдийг өчнө.
- Хар сүлдний өчиг
- Хар сүлдний их догшуулгын өчиг (Луу жилийн догшуулгын өчиг)
- Хар сүлдний бага догшуулгын өчиг (Долоон сарын 14-ний төгшүүлгийн өчиг)
- Хар сүлдний их төгшүүлгийн өчиг
- Хар сүлдний шүүрлэгийн өчиг (Долоон сарын 14-ний шүүрлэгийн өчиг)
- Хар сүлдийг тогтсон цаг хугацаанд жил бүр тахихаас гадна догшуулдаг байна.
Сүлд догшуулах гэдэг нь мөнх тэнгэрээс ганцхан “...Хөтлөхийн дээд хөх Монгол”-д ивээн хайрласан догшин хүчит хар сүлдний омог хүчийг бадруулан хилэн хорслыг нь дэгдээж атаатан дайсныг турхирч буй утгатай тул сүлд догшуулах тайлга бол туйлын догшин ширүүн явагддаг байна. Монголчууд нэн эртнээс хар тугаа малын зүлдээр ундаалж тахидаг байснаас сүлд хэмээн нэрлэх болсон гэдэг.
Хар сүлдийг энх цагт луу жилд догшруулах ба мөн дайн тулаанд гарах, тахал өвчин дэлгэрэх, газар усны гашуун зовлон хийгээд нийтийг хамарсан гай зэтгэр нүүрлэх зэрэгт луу жилийг хүлээлгүй догшруулдаг байна.
Мөн улс гэрийг бүхэлд нь унаган, сууриар нь донсолгон аюулд учруулдаг 16 хар зэм, 16 хар зөн, 22 хөгийн зэрэг 54 гэм эгзгийг хар эрчмийн хүчээр дарж төвшитгөн номхотгодог хэмээн өвөг дээдэс үзэж тайлга, тахилгыг огт тасалдуулалгүй гүйцэтгэсээр иржээ. Дээр дурдсанчлан Чингис хаан Хараа ихт хар сүлдээ мөнх тэнгэрээс буусан ялгуусан хүчит шүтээн хэмээн дээдэлж зүлдээр ундаалан тахиж СҮЛД хэмээн нэрлэсэн хийгээд улс гэрийн энх, амар амгалангийн бэлгэдэл болох “Есөн хөлт цагаан туг”-аа ТУГ хэмээн нэршсэн нь өнөөгийн цаг хүртэл хадгалагдан иржээ гэлтэй. Монгол Улсад төрийн сүлд, туг, далбааны эрх зүйн байдлыг дараах байдлаар хуульчилжээ.
“Их цагаан туг” Монгол Улсын Үндсэн хуулийн 12.4 зүйлд “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн”
“Монгол Улсын төрийн сүлд” Монгол Улсын Үндсэн хуулийн 12.3 зүйлд “Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна. (Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Ойдовын эх загварыг батлан мөрдөж байна)
“Бүх цэргийн Их хар сүлд”
Зэвсэгт хүчний тухай хуулийн 4.2 зүйлд “Зэвсэгт хүчний цэргийн сүр хүчний бэлгэдэл нь “Бүх Цэргийн Их Хар Сүлд” мөн бөгөөд түүнийг хадгалах, залах, цэнгүүлэх асуудлыг Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн баталсан тусгай журмаар зохицуулна” гэжээ.
Их хааны онгон бүхий Ордост тахиж буй Хараа ихт хар сүлдний тахилга, догшуулга ба Монгол Улсын Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх ёслолын адил ба ондоо талуудыг харьцуулж үзье.
-Монголчууд аль ч сүлдээ бөс даавуу, таар, цаасаар бүтээдэггүй байсан гэдэг. Энэ нь даавуу бөс, таар, цаасанд амьд эрчим байдаггүй, харин аргамаг хүлгийн хөхөл дэлэнд амьд эрчим байдаг хэмээн үздэг байсантай холбоотой. Хэрэйд Норовын Шаралдай тахилчийн бичсэн “Чингис хааны онгон шүтээний тайлга, тахилга" номд (УБ, 2001 он, хууд 20) Сүлдийн хөхлийг мянган хар (хээр) азарганы хөхөл зооглуулан бүтээдэг хэмээжээ.
Хар сүлдийг Ордост болон Монгол Улсад дээдсийн байгуулсан Их Монгол Улсын уламжлалаар хар хээр, цагаан шарга азарганы хөхөл дэл болох амьд эрчмээр бүтээж байгаа нь адил байна.
-Хараа ихт хар сүлд өдөр шөнийн хорин дөрвөн цаг, өвөл зуны дөрвөн улиралд хэзээд мөнх тэнгэрийг бараалах ёстой гэнэ. Түүнийг ямарваа цомцог, ордон, өргөө, сүм дуган, гэрт оруулахыг цээрлэж мөнхөд гадаа саатуулан тахиж иржээ. Үүний шалтгаан нь, манай галактикт одод нь бөөнөөрөө сүрэглэн оршихдоо “ХАС” эргэж оршдог оршихуйн ерөнхий хууль, зүй тогтолтой ажээ.
Хасын эргэлтийн хуулиар мөнх тэнгэрийн гэрлийн эрчмийг хар сүлдэнд хурааснаар амин хүчийг нь байнга тэтгэх агуулгатай гэдэг. Харин Монгол Улсад Хараа ихт хар сүлдээ Батлан Хамгаалах Яамны хашаанд гэр өргөөнд байрлуулж хоёр жилд нэг удаа цэнгүүлдэг байна.
-Эрт дээр цагаас тэнгэр шүтлэгтэй монголчууд Хараа ихт хар сүлдний тахилга, догшуулгад ямар нэг шашны төлөөлөгч, лам хувраг, санваартнуудыг ойртуулдаггүй байжээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордосын эзэн хороон дахь Чингис хааны онгон шүтээний тахилгын удам дамжсан тахилчид, тугчид Их Монгол Улсын уламжлалаар Хараа ихт хар сүлдээ тахиж, догшуулсаар байна. Харин Монгол Улсад Бүх цэргийн Их хар сүлдийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, цэргийн алба хаагчид, шарын шашны лам хуврагуудыг байлцуулан цэнгүүлж байна.
-Ордосын тахилчид, тугчид Хараа ихт хар сүлдэндээ сүү өргөдөггүй. Хүйтэн хошуутай мал болох улаан ямаагаар ундаалдаг байна. Харин Монгол Улсын Бүх Цэргийн Их хар сүлдэнд сүү өргөдөг.
-Хараа ихт хар сүлдний өчиг дуудлагад Төвдийн шарын шашны тарни уншлагын нөлөө орж, сүлдний хүчийг шидээр даруулсаар ирсэн нь хөх Монголын сүр хүчийг ихэд доройтуулан бууруулсан хэмээн Ордосын тахилчид үздэг юм билээ.
Хараа ихт хар сүлдний зарим уламжлал бэлгэдлийн тухайд
Их Монголын уламжлалд сүлдийг залж яваа тахилчийг ордон сүм дуган, байр байшинд буулгаж оруулахгүй зөвхөн майхан гэрт буулгадаг байж. Хараа ихт хар сүлд нь төрийн эрхэм дээд шүтээн тул хатад, бэрээдийн онгонтой хавьтуулж ойртуулдаггүй байсан гэдэг. Хараа ихт хар сүлдэнд сүслэн мөргөж, даатгал өргөхөд заавал дэргэд нь очих шаардлагагүй. Хар сүлд байнга гадаа мөнх хөх тэнгэртэй харгалдан байх тул орчлон ертөнцийн аль ч газраас мөргөл үйлдэж сүсэглэж болдог хэмээн үздэг байна.
Ази, Европыг эзэлсэн их эзэнт гүрний аль ч газар нутагт оршин суугаа хэн бүхэн хар сүлднийхээ тахилгад ирж оролцох бололцоогүй тул аливаад сэтгэл түгших, аврал энэрэл дуудан залбирахдаа “Төрийн минь сүлд өршөөг” хэмээн залбирдаг болсон нь ийм учиртай ажээ.
Сүр хүчний нууц болон өнгөний талаар өгүүлэхэд, азарга нь сүргийн эзэн бөгөөд түүнийгээ аливаа түрэмгийлэл, халдлагаас хамгаалан тулах сүр хүчийг илэрхийлэгч ахлаач болно. Азарганы хөхөл дэлийг орчлонгийн гэрлийн эрчим, нар, сарны туяа, тэнгэрийн хур салхинаас өөр юу ч эс хүрэх онгон дагшин, ариун хэмээн үзнэ. Хөхөлд зориулж амьд азарганаас нэг туг авна.
Туг гэдэг нь туг үс гэсэн утгатай гэж судлаачид үздэг байна. Их Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхисын аравт зуутад хураагдсан айл, отог, шандас, бүл бүрээс өргөсөн дэл, хөхлөөр туг, сүлдийг бүтээдэг байж.
Хар өнгө нь итгэл найдвар, чигч үнэн, үл нугарах бат хүчирхэг, дэг журам, эрх мэдэл, сүр хүчийг бэлгэднэ. Иймээс хараа ихт хар сүлдийг хөхөл мэт ариун дагшин хар мэт үл нугарах бат хүчирхэг мянган азаргын сүр хүч, амьд эрчмээр бэлгэдэн бүтээжээ.
Ташрамд дурдахад,
монголчууд эртнээс төр түмний үйл хэрэг залгуулж буй нэгнээ “Төрийн хар хүн” хэмээн нэрлэж, ардын итгэлийг хүлээсэн ёс жудаг, үнэт зүйлээ эрхэмлэгч хэмээн дээдэлдэг байжээ. Бидний оршин буй цэнхэр гариг нь мөнх тэнгэрийн оршихуйн хууль болон гэрлийн эрчмийн тэнцвэрт оршдог болохыг өөрөөр хэлбэл сансрын гэрэл ба харанхуй гэх хоорондоо салшгүй нэгдмэл агуу хүчин дор эсрэг тэсрэгээр шүтэлцэн тогтнох орчлонгийн хуулийг эртний монголчууд билиг ухаанаар танин нээжээ. Эдгээрт нар сар, хар цагаан, өдөр шөнө, халуун хүйтэн, эр эм...үхэх төрөх гэх мэт. Дэлхийн ихэнх шашнуудын хөлгөн сударт цагаан тэнгэрүүдийн эсрэг тэдэнтэй эрчмээр эн тэнцүү хар тэнгэрүүд оршдог хэмээн өгүүлнэ. Ертөнц арга, билгийн нэгдэлд оршдог болохыг дорнын гүн ухаанд зөрсөн хоёр загас, ганхиваар бэлгэддэг. Шинжлэх ухаан нь гадаад ертөнцийг танин мэдэх экзотерик буюу ил ухаан аж. Харин билиг ухаан нь нүдэнд үл үзэгдэх, арга ухааны дангаар хүрч эс чадах дотоод чанд, далд ертөнцийг нээж өгнө. Билиг ухааны гэрэлд материйн чандад орших дотоод үнэнүүд нээгддэг. Дотоод хэмээсний учир нь сэтгэл оюуны жам хуулиуд, гадаад ертөнцийг танин мэдэхэд хэрэглэгддэг экзотерик аргаар бус, харин гадагш чиглэгдсэн сэтгэл оюуны энергиүдийг дотогш чиглүүлэн хураах эзотерик аргаар нээгддэгт оршино. Дээрх тэнгэрийн оршихуйн үндсэн хуулийг танин мэдсэн өвөг дээдэс, их төрөө хасын эргэлт лугаа сэтгэшгүй хүч, цаглашгүй суу залиар мөнхөд мандан гийж батжихын ерөөлөөр бэлгэдэж Есөн хөлт цагаан туг, Хараа ихт хар сүлдийг амилуулан зангидаж хойчис бидэндзэ өвлүүлэн үлдээжээ. Өдгөө бид Чингис хааны онгон шүтээний тайлга, тахилга буюу “ДӨРВӨН ЦАГИЙН ИХ ХУРИМ”-ын өндөр дээд ёслол хийгээд “ХАРАА ИХТ ХАР СҮЛД”-ийн тайлга, тахилга, догшуулгыг дээдсийн уламжлал ёсоор дахин сэргээн амилуулж чадваас өөрийнхөө үнсэн дээр дахин амилагч феникс галт шувуу лугаа монголчууд, Монгол Улс тэнгэрийн оршихуйн хууль, гэрлийн эрчмийн тэнцвэрийг зохихуйяа тэгш хурааж шинэ хувьслын орчилд тэсэн үлдэх нь магад буй за. Ялгуусан хүчит ХАРАА ИХТ ХАР СҮЛД-ний зориг хүч сааршгүй орштугай.
Монгол өв уламжлал судлаач Халхын өндөр
Гонгор овогт Даваанямын Аззаяа
Лхагва - 01 сарын 28,
2026

Сэтгэгдэл0