sonin.mn
Манайдаа л томоохонд тооцогдох нэгэн санхүүний байгууллагын 20 жилийн ой тохиож байна. Тэд салбараар нь үйлчлүүлсэн харилцагчдаа цай, кофегоор дайлахаар тусгайлан ширээ засчээ. Нэгэн үйлчлүүлэгч нь өөртөө үйлчлэхээр нөгөө ширээ руу дөхөн цай уух санаатай зогсч байтал дарганцар байрын эмэггэй гайхан харснаа “та хүнээр үйлчлүүл" хэмээн хяламхийв. Үйлчлүүлэгч санаа зовсон байртай “За зүгээр дээ, баярлалаа” гээд цай уухаас татгалзана. 
 
Энэ бол хоёр хүний үл ойлголцсон харилцааны хэлбэр. Монголын үйлчилгээний салбарын байгууллагуудад дутагддаг нийтлэг нэг зүйл бол ажилчдынх нь мэргэжлийн ур чадваргүй байдал, харилцааны соёлын наад захын мэдлэггүй байдлаар анзаарагддаг. Бид бараг л өдөр бүр өөр зүйлтэй тааралддаг ч тухайн үедээ бухимдаад эсвэл зохион байгуулагчид нь хэдэн хатуухан үг чулуудаад өнгөрөх. 
 
Орчин тойрныхоо хүмүүстэй буруу харьцах нь өөрийгөө болон бусдыг эвгүй байдалд оруулна. Харилцааны соёлтой хүн өөрийгөө болон өөрийн хамт олныг эвгүй байдалд оруулахгүй байхыг эрмэлзэж, бусдад таашаагдахгүй зүйлийг хувийн амьдрал болон биеэ авч явах байдалдаа гаргадаггүй. Бусдаас эвсэг байдлыг шаардахаасаа өмнө өөрөө эвсэг байх шаардлагатай. 
 
Хүмүүжлийн доголдол гэдэг бол нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахуун, харилцааны, биеэ авч явах хэм хэмжээнд нийцэхгүй гаж буруу үйлдэл хийх, түүнд бие хүний сөрөг шинж чанар төлөвших үйл явц ажээ. Үүнд нийгмийн болоод хувь хүнтэй холбоотой олон зүйл нөлөөлдөг. Ялангуяа нийгмийн хямралт байдал, архидалт, элдэв зүй бус үйлдлийг харуулсан мэдээллийг санаатай болоод санамсаргүй олон нийтийн сүлжээгээр түгээх нь сөрөг үйлдлүүдийг бий болгоод ч байх шиг. 
 
Хэдийгээр шинэ эрин зуунд амьдарч дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх алхах ёстой ч гэлээ бид нүүдэлчин угсаа гаралтай ч гэдгээ мартах учиргүй. Сүүлийн 20 гаруй жил л бид суурин амьдралд идэвхитэй шилжсэн гэж ойлгож болно.
 
П.Дөлгөөн
Эх сурвалж: "Нийслэл таймс"