sonin.mn


Арван cap тээж төрүүлсэн алаг үрээ гөлөг төөрүүлж байгаа мэт хаяад явсан гутамшигт хэрэг манайд саяхан гарчээ. "Мэс засалд орох болчихлоо. Охиныг минь хэд хоног хөхүүлж    байгаач" гэж хэлээд танихгүй хүнд хээв нэг орхиод явчихсан байх юм даа. Улаан нялзрай амьтныг харсаар байж аваад хоцорсон цаад хүн нь мянгатын байрны нэгэн орцонд тавьчихаж.

Амьдрах хувьтай л байсан хэрэг биз, азаар эмнэлгийнхний гар дээр амьд мэнд иржээ. Хүүхдийн больницод 20-иод хонож байгаа 2 cap гарантай охиныг одоогоор    асрагч, сувилагч, эмч гээд орсон гарсан хүмүүс өхөөрдөн гар сэлгэн тэвэрсээр хоног өдрийг өнгөрөөж байна. Тусдаа ажилтай, тэр тусмаа ажлын өндөр ачаалал үүрдэг хүүхдийн эмнэлгийнхний хувьд ёстой л хүн мөсийг нь "зулгаасан" хэрэг болоод байна.

Өлгийнд нь орхисон цөөн үгтэй захианы мөрөөр цагдаагийнхан шалгаж байгаа ч өнөөдрийг хүртэл тодорхой шийд хэлээгүй бололтой юм. Харин хүүхдийг гар дээрээ авч хоцроод хөхүүлж байсан эмэгтэйн яриагаар охины ээж 40 орчим насны эмэгтэй байсан бололтой. Эмнэлгийнхний ярьж байгаагаар
төрсний дараах вакцин хийгээгүй байгаагаас үзвэл гэртээ төрүүлсэн байх магадлалтай гэнэ.

Охиныг өргөж авах хүсэлтэй хүмүүс байгаа ч "Төрүүлсэн эх нь хүрээд ирдэггүй юм болов уу" гэсэн горьдлого тээж буйгаа хүүхдийн эмч нар ярьсан. Хүүхэд гэдэг амьтан хүссэн газар хясаж, хүсээгүй газар шавж байдаг хойно доо. Хүний энэ хорвоод амь тэмцэн хүрээд ирсэн энэ сөөсгөр охины заяа түших болтугай.

Эх сурвалж: "Дорнод" сонин