ОСАКА. /Киодо/. “Нинжа” шиг хувцасласан хулгайчийг найман жил мөрдөж мөшгөсний эцэст баривчилснаа Японы цагдаа нар мэдэгдлээ.
 
“Киодо” агентлагийн мэдээлснээр, 30 сая иен буюу 260 мянган ам.долларын өртөг бүхий эд зүйл хулгайлсан “нинжа” шиг этгээд нь 74 настай өвгөн байсан нь цагдаа нарыг ихэд гайхашруулжээ.
 
Найман жилийн өмнөөс Японы Осака хотод “нинжа” шиг хар хувцастай этгээд үе үе орон байрны хулгай хийдэг болсон байна. Нүүрээ халхлан, хар хувцас өмсдөг байснаас гадна их хурдан гүйж зугтдаг байсан учир гэмт этгээд баригдахгүй өдийг хүрсэн гэнэ. Харин энэ онд нэгэн хяналтын камерт буусан дүрсний тусламжтайгаар түүнийг өнгөрсөн долдугаар сард баривчилжээ.
 
Мөрдөгчид хэлэхдээ “Энэ хулгайчийг залуу хүн гэж бид бодож байсан. Гэтэл 74 настай өвгөн байсан. Өндөр настай хүн гэхэд их эрүүл чийрэг биетэй, гудамжаар гүйж зугтахын оронд хана даваад гүйчихдэг байсан” гэжээ.
 
Гэмт этгээд баривчлагдсаныхаа дараа байцаагдах үеэрээ “Би арай залуу байсан бол баригдахгүй байх байсан юм. Одоо ч хөгширч дээ” гэж ярьсан байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг