sonin.mn

Германы Канцлер Фридрих Мерц арваннэгдүгээр сарын 10-нд Европын Холбооноос Украинд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг ЕХ-ны урт хугацааны төсөвт бүрэн тусгах шаардлагатай гэж мэдэгдлээ. Тэрбээр ирэх жилүүдэд Украинд үзүүлэх тусламжийн санхүүжилтийг ЕХ-ны дараагийн олон жилийн төсвийн хэлэлцээний гол асуудлын нэг болгох ёстойг онцолжээ.


Фридрих Мерц мөн өдөр Германд айлчилж буй Унгарын Ерөнхий сайд Петер Майортой хэлэлцээ хийсэн байна. Уулзалтын дараах хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр ЕХ-ны олон жилийн төсвийн хэлэлцээ шийдвэрлэх шатандаа орж байгааг тэмдэглээд, Украинд үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь Европын хамтын аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой тул бууруулж болохгүй гэж мэдэгджээ.


Түүний үзэж буйгаар, төсвийн хэлэлцээг амжилттай үргэлжлүүлэхийн тулд ЕХ-ны гишүүн орнууд Украинд ирэх жилүүдэд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар нэгдсэн байр суурьт хүрэх шаардлагатай аж. Түүнчлэн Украинд туслах нь гишүүн улс бүрийн дангаар хүлээх үүрэг бус, Европын Холбооны хамтын хариуцлага байх ёстойг онцолсон байна.


Гэвч Германы Канцлерын энэхүү санал ЕХ-ны зарим гишүүн орны эсэргүүцэлтэй тулгарчээ.


Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо, Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш нар арваннэгдүгээр сарын 10-нд Братислава хотноо болсон хоёр улсын Засгийн газрын хамтарсан хуралдааны үеэр Мерцийн саналыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.


Роберт Фицо уг саналыг гишүүн орнуудад үзүүлж буй “дарамт шахалт” хэмээн тодорхойлоод, Словак улс ирэх онд Украины төсвийн санхүүжилтийн дутагдлыг нөхөхөд оролцохгүй, мөн Украинд зориулсан ЕХ-ны шинэ зээлийн хөтөлбөрт нэгдэхгүй гэдгээ мэдэгджээ.


Харин Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш Украинд үзүүлэх цаашдын тусламжийг ЕХ-ны урт хугацааны төсөвтэй шууд холбохыг эсэргүүцсэн байна. Тэрбээр гишүүн орнуудад санхүүгийн нэмэлт үүрэг хүлээлгэхийн тулд улс төрийн дарамт үзүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ.


Ийнхүү Украинд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн асуудлаар ЕХ-ны гишүүн орнуудын байр суурь зөрчилдөж байгаа нь холбооны дараагийн олон жилийн төсвийн хэлэлцээнд томоохон сорилт учруулж болзошгүй байна.


Г.Бямба