sonin.mn

Арваннэгдүгээр сарын 9-нд “Үнэлэмжийн хөгжил” ТББ, “Их Засаг” их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран зохион байгуулж буй “Оюутан найраг” анхдугаар наадмын нээлтийн талаар мэдээлэл хийлээ.

Тус наадамд оролцогчдын бүтээлийг арваннэгдүгээр сарын 10-наас арван хоёрдугаар сарын 10-ныг хүртэл хүлээн авах бөгөөд үүний дараа наадмын дүрмийн дагуу үе шаттай шалгаруулалт явуулж, арван хоёрдугаар сарын 20-нд шилдэг бүтээлүүдийг тодруулах аж.


Хэвлэлийн бага хурлын үеэр Боловсрол судлалын доктор, дэд профессор, “Орхон” их сургуулийн багш, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Ж.Жамъянтив Монголын яруу найргийн өнөөгийн хөгжил, утга зохиолын наадмуудын зохион байгуулалт, шүүлтийн талаар байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр “Би судлаач, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн гэхээсээ илүү уншигчийн хувиар хэдэн үг хэлье. Найман настайдаа сургуульд орсноос хойш 58 жилийн турш Монголын утга зохиол, яруу найргийн бүхий л төрлийг идэвхтэй уншиж ирсэн. Уншигч гэдэг өөрөө чухал үүрэгтэй хүн юм.


Монголын яруу найраг бол хүний сэтгэл хөдлөл, гоо зүйн мэдрэмж, ертөнцийг үзэх үзэл, амьдралын мөн чанарыг уран яруу үгээр илэрхийлдэг утга зохиолын агуу төрөл. Харин өнөөдөр Монголын яруу найраг шинэ зуунд урагшлан хөгжиж байна уу гэдэг асуулт судлаачид төдийгүй олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байна.


‘Үүслийг үргэлжлүүлбэл хөгжил болно’ хэмээн өвөг дээдэс маань дөрөвхөн үгээр тодорхойлж үлдээсэн байдаг. Ардын аман зохиолын яндашгүй баялаг өв сан бол Монголын уламжлалт яруу найраг, монгол хэлний үндэс суурь юм.


Би аливаа зүйлийг шүүмжлэхээс илүүтэй уншигчийн хувиар ажигласан зүйлээ хэлэхийг хүсэж байна.



Тухайлбал, ‘Болор цом’ наадам өмнө нь Монгол даяар оюуны давлагаа үүсгэдэг байлаа. Түрүүлсэн шүлгийг хүүхэд, залуус цээжилж, сайхан мөрүүд нь тэдний оюун санаанд хоногшин үлддэг байсан. Гэтэл өнөөдөр ‘Болор цом’-д хэн түрүүлж, ямар шүлэг уншсаныг ч хүмүүс төдийлөн мэдэхээ больжээ.



Наадмын зохион байгуулалт, шүүлтийн тогтолцоонд ч анхаарах асуудал бий. Түрүүлсэн яруу найрагч нь дараа жилийн наадамд оролцдоггүй, дөрөв, тавхан хүн жил бүр шүүгчээр ажилладаг тогтолцоо хэвшсэн байна.


Тиймээс бид ‘Оюутан найраг’ анхдугаар наадмын шүүлтийг цөөн хүний хүрээнд хязгаарлахгүй, 100–200 хүнийг оролцуулахыг зорьж байна. Тэр ч байтугай бүтээлээ ирүүлсэн оролцогчид өөрсдөө шүүлтэд оролцох боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байгаа юм” гэв.


М.Чой