“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ.
Энэ удаагийн зочноор Анагаах ухааны доктор Г.Дарамбазарыг урилаа.
 
ТАРХИ СУДЛАЛ БОЛ ӨӨРСДИЙГӨӨ ИЛҮҮ ОЙЛГОНО ГЭСЭН ҮГ ЮМ
 
-Тархины зураг авдаг рентген, томографик, тархины бүтцэд гарсан өөрчлөлтийг засч байгаа мэс засалчид бүгд тархи судлаачид. Энэ мэтээр тархины бүтэц эсээс тогтдог, судасжилт, бүрхүүл, ямар холбоос үүсгэдгийг бид ойлгож, мэдэж байна. Харин тархи хэрхэн ажилладаг зарчим, тэр ажиллагаа нь бидний зан төлөв, амьдрал, шийдвэр гаргалт, ой тогтоолтод яаж нөлөөлдөг юм бэ гэдэг нь харьцангуй шинэ, сүүлийн үед судлагдаж эхэлж байна.
Өөрөөр хэлбэл, амьтны тархи, зүрх яаж ажилладагийг мэддэг ч хүний тархи яаж ажилладагийг хангалттай сайн ойлгож чадахгүй байна.
Тэгвэл үүнийг бүхэлд нь судалж байгаа шинжлэх хааны хими, биологи, эс, молекулыг нь судалдаг хүмүүсийг нийтэд нь тархи судлаачид, энэ чиглэлийн ололтуудыг тархи судлалын шинжлэх ухаан буюу нейросайнс гэж нэрлэж байгаа юм.
Тархины үйл ажиллагааг судлах маш хэцүү. Сэтгэцийн гаралтай өвчтэй хүний тархины бүтцийг шинжээд үзэхээр эрүүүл хүнээс ялгарах юмгүй. Өөрөөр хэлбэл, өвчний шалтгааныг олж чадахгүй байна гэсэн үг. Тиймээс сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийг нийгмээс тусгаарлах хандлагатай байсан. Гэтэл хүн гаднаас мэдээлэл хүлээж аваад тэрийг нь боловсруулах үйл явцад тархинд алдаа үүсдэгээс хүн хий зүйл харж, сонсдогоос тийм хариу үйлдэл үзүүлэх, итгэх нь аргагүй юм байна. Үүнийг бүхэлд нь авч үзвэл тархи судлал бол бид өөрсдийгөө илүү ойлгоно гэсэн үг юм.
Өдөр бүр, цаг тутам тулгамдаж байдаг шийдвэр гаргах үйл явцад тархины ажиллагаа чухал нөлөөтэй. Өглөө босоод ямар хувцас өмсөх вэ, ямар хоол идэх вэ зэрэг жижигхэн мэт боловч өдөр бүр гаргадаг энэ мэт том, жижиг шийдвэрүүд хуримтлагдсаар байгаад бид хэн болох вэ, юу хийх вэ, ямар мэргэжилтэй болох вэ гэдэг рүү хөтөлж, нөлөөлнө. Нэг ёсондоо гаргасан шийдвэр дээрээ үндэслэж зорилго тавина. Харин тэр зорилгодоо яаж төвлөрөх, өөрийгөө хэрхэн удирдах эцэст нь сайн, муу хамаагүй ямар нэг үр дүнд хүрэхэд тэрийгээ өөрөө хэрхэн хүлээж авах вэ гэдэг чухал.
Дараалсан үйл явцад хүн өөрийнхөө үйлдэл, үйл явцад яаж хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг тархинаас хамааралтай учраас хувь хүний зан төлвийг зохицуулахад тархи яаж ажилладаг вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин дараа нь хүнд ярилцлага, зөвлөгөө зэрэг ямар хэлбэрээр нөлөөлж болох. Эсвэл эм, химийн бодисоор дамжуулж нөлөөлөх юмуу, бүр багажаар нөлөөлөх зэргээр болохгүй, бүтэхгүйг нь хэрхэн өөрчилж болох вэ гэсэн хувилбаруудыг шийдэж, хувь хүний зөн төлвийг өөрчилж чадвал нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгож чадна.
 
ТАРХИНЫ МЭДРЭЛИЙН ЭСҮҮД ХОЛБОГДОЖ БАЙХ ҮЕД ХҮҮХДЭД ХАЙР ХАЛАМЖ МЭДРҮҮЛБЭЛ “ЗӨВ” ЭСҮҮД БАТ БЭХ ХӨГЖИНӨ
 
-Тархи ажиллах үндсэн зарчим буюу тархины мэдрэлийн эсүүд хэрхэн холбогдох вэ гэдэг үйл явц бага насанд явагддаг. Тархины мэдрэлийн эсүүд холбогдож байх үед хүүхдэд хайр халамж мэдрүүлж байвал түүний нөлөөгөөр эерэг, зөв хандлага бүхий мэдрэлийн эсүүд бат бэх холбоос үүсгэнэ. Харин эсрэгээр үл тоомсорлогдох, үзэн ядах зүйл мэдэрч байвал тэр сөрөг энерги бүхий мэдрэжйн эсүүдийн холбоос илүү хөгжинө. Хотоор жишиж яривал хүүхэд замаа барьж байгаа үе юм. Хамгийн том зам хайр халамж, үл тоомсорлогдохын алинаар нь баригдана, түүгээр урсах мэдээлэл, хүмүүсийн урсгал их байна. Тэгэхээр үндсэн зам нь яаж баригдах вэ гэдгээс хамаарч тэр хүүхэд цаашдаа аль замаар нь илүү их мэдээлэл зөөх, аль замыг нь ашиглаж илүү шийдвэр гаргах вэ гэдэг нь хамаарна.
Шинэ зүйл сурах, хүлээж авахад хамгийн тохиромжтой нас бол хүүхэд нас. Тархи 20 нас хүртэл хөгжсөөр байдаг ч хөгжлийн үндсэн процессууд 7-8 нас хүртэл явагдана. Тухайлбал, сургуулийн насыг нэг жилээр урагшлуулж зургаан наснаас эхлүүлж байна гэдэг нь аль наснаас эхэлбэл илүү хурдан, сайн сурах вэ гэдгийг үндэслэсэн ойлголтод тулгуурласан хэрэг. Бусдыг хүндэлдэг, хайрладаг, цэвэрч нямбай, ёсзүйтэй, шударга хүүхдүүдийг төлөвшүүлэхэд олон зүйл нөлөөлөх ч хамгийн чухал нь тархи хөгжиж, аливаа зүйлийг хүлээж авдаг мэдрэлийн эсийн холбоост нөлөөлж чадахуйц үед нь ямар мэдээлэл өгнө. Хүмүүжил, төлөвшилд нь хамгийн их нөлөөлнө.
Насны хувьд ямар мэдээлэл гэдгээс хамаарч янз бүр байдаг. Жишээлбэл, хүүхэд 3-5 насандаа төрөлх хэлнээсээ гадна өөр хэл үзэхэд яваандаа мартаж болох ч маш хурдан сэргэдэг. Насанд хүрсэн хүний хувьд шинэ зүйл сурахаас өмнө мэдлэг тогтсон байдаг учраас үнэн болов уу, яагаад ийм юм бол гэж асуудаг. Харин хүүхэд бол яагаад гэж хэзээ ч асуухгүй. Мэдээллийг шууд утгаар нь хүлээж аваад тэр мэдээлэл дээрээ үндэслээд өөрийнхөө тархийг бүтээж байдаг. Тэгэхээр зөв хүүхэд төлөвшүүлье гэвэл хүүхэдтэй харилцах харилцаа, өгч байгаа мэдээлэл, орчин зөв байх ёстой юм. Үүнд өдөр тутмын мэдээлэл буюу ангийн багш, хамт олон, эцэг эхийн харилцаа, орчин хамгийн хүчтэй нөлөөлнө.
Хүн оюун ухаанаараа өөрийгөө удирддаг. Тархийг яаж үр дүнтэй ажиллуулах вэ гэдгээ хүн аливаа зүйлд төвлөрөх, дайчлах, бясалгах замаар шийддэг юм байна. Хүний бодол санаа олон зүйл рүү үсчиж байдаг. Харин яг тухайн үеийнхээ үйлдэлд төвлөрч сурахыг бясалгал гэдэг. Хийж буй үйлдэлдээ бүрэн дүүрэн төвлөрнө гэдэг маш чухал чадвар. Төвлөрч байх үеийн тархины ажиллагаа бясалгал хийж байгаа хүнийхтэй төстэй гэж үздэг. Бясалгаад сурчих юм бол хурдан төвлөрч, болж буй бүх зүйлийг анзаарч, хүлээж авч, ойлгож таньж чадна. Гэхдээ тархины бүх хэсэг ажиллаж байвал сайн гэсэн үг биш. Шаардлагатай хэсгээ ажиллуулж чаддаг байх хэрэгтэй. Гаднаас тасралтгүй мэдээлэл авч олон зүйл рүү анхаарлаа хандуулахаас илүү хийх гэж буй зүйлийнхээ мөн чанарыг олж харах нь чухал дадал. Ийм тархины үйл ажиллагаатай холбоотойгоор хүүхдэд анхаарал дутмагшлын хам шинж гэсэн өвчин илэрдэг. Хүүхдүүдийг төвлөрч сургахын тулд төрөл бүрийн тоглоомоор ч юмуу тархины дасгал хийлгэж байх хэрэгтэй бөгөөд энэ нь дасгалаар дамжуулж тархины ажиллах зарчмыг өөрчилж байна гэсэн үг юм. Хүүхдүүд багаасаа тархиа зөв ажиллуулж, удирдаж сурвал илүү их амжилтад хүрнэ.
 
БОДОЛ САНАА ГЕНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД НӨЛӨӨЛДГИЙГ ЭРДЭМТЭД БАТАЛЖ БАЙНА
 
-Хүний бусад эрхтнийг судлахад амьтан ашигладаг. Бидний хэрэглэж байгаа ихэнх эм, химийн бодис хэдэн сая амьтан дээр туршигдаж байж хүн дээр ашиглагддаг. Харин хүний тархи бол амьтантай зүйрлэх аргагүй нарийн бүтэцтэй учраас хүний тархийг судлахад төвөгтэй. Тархийг гаднаас нь хэмжих, дотор руу нь цацраг идэвхит бодис хийж аль хэсэг нь идэвхжиж байгааг харьцуулж байна. Бас нэг арга бол цахилгаан бичлэг. Хуруу батерей 1.5 вольттой байдаг бол хүний тархины нэг мэдрэлийн эс 70 м вольт цэнэг гаргаж байдаг. Бүдүүвчлээд буулгавал 20 дахин бага хэмжээтэй ч цэнэгүүд байнга явж байдаг учраас мэдрэлийн эсүүд бодолд маш хурдтай хариу үйлдэл үзүүлж байдаг.
Хүнд асар олон ген бий. Бидний арьс, зүрх, мэдрэлийн эс доторх генүүд адилхан. Эхийн хэвлийд нэг эсээс үүсдэг учраас аль ч эрхтнээс эс авсан байсан ген нь ижил. Харин арьсны эс гэрэл мэдэрч, юм харахгүй, булчин шөрмөс, зүрх шиг ажиллахгүй. Учир нь биед байгаа маш олон генээс алийг нь ажиллуулах вэ гэдгээ эс болгон тусдаа шийддэг. Тэгэхээр хайр халамж, эерэг мэдрэмж бидний аль ген нь илүү сайн ажиллах вэ гэдгийг шиидэж байдаг гэсэн үг юм. Тухайлбал, хоол боловсруулах ген муу ажиллавал хоол шингэхгүй ходоод гэдэс хямарна. Аль төрлийн ген нь сайн ажиллах уу, эсвэл бүр ажиллагаагүй болох уу гэдгийг шийдвэрлэхэд бидний тархинд болж байгаа процесс нөлөөлдөг.
Хайр халамж, зорилго, хүсэл тэмүүлэл гээд тархинд байдаг мэдрэмжүүд эсийн процесст нөлөөлж байдгийг дэлхий нийтээр нээн илрүүлж байна. Судалгаа, аргууд нарийсахын хэрээр бидний бодол санаа генийн үйл ажиллагаанд нөлөөлдөг гэдгийг баталж байна. Магадгүй бидний ажиллах, ачаалал даах чадвар, анхаарал төвлөрөхөд нөлөөлж генүүдийг ажиллуулдаг юм байна.
Шинжлэх ухаанд өвөрмөц тал бий. Бизнес мөнгө хуримтлуулж байдаг бол шинжлэх ухаан ололт, амжилтаа хүмүүстэй хуваалцаж байдаг. Хүмүүс түүнийг нь зөвшөөрч байвал мэдлэг болж тархаж байдаг учраас хил хязгааргүй. Өөрөөр хэлбэл, тархи судлал гадаадад хөгжөөд Монголд хөгжихгүй байна гэж ойлгох нь өрөөсгөл юм. Тухайн салбарын шинжлэх ухааныг сонирхож байгаа хүмүүст мэдээлэл нь нээлттэй хүрч байдаг учраас бид байгаа мэдээллийг ашиглах хэрэгтэй. Хоёрдугаарт, шинэ мэдлэг бүтээгээд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж байх хэрэгтэй.
Тархи судлалын шинжлэх ухааныг аль нэг улс юмуу, хэн нэгэн эзэмшинэ гэдэг хэцүү. Бүгд хамтрахгүй бол маш их нөөц боломж, хүч хүч, цаг зав шаардсан ажил байдаг учраас олуулаа орох хэрэгтэй.
Дэлхий дээр хүмүүсийн хамгийн их анхаарлыг татаж байгаа гурван салбар бий. Үхэлд хүргэж буй хавдар, халдварт бус өвчин гэгддэг амьдралын буруу хэвшлээс үүддэг бүлэг өвчин байна. Гуравдугаарт, тархи судлалын шинжлэх ухаан маш идэвхтэй хөгжиж, олон эрдэмтэд сонирхон судалж байна. Тэр хэрээр тархи судалдаг арга нарийсч, багаж хэрэгсэл нь боломжийн болсон учраас үр дүн бодитой, хүн итгэхүйц болж эхэлж байна.
Өмнө нь ихэвчлэн хүмүүстэй ярилцдаг байсан буюу хоёр хүний харилцаанд тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч хүний нөлөө орох магадлал өндөр байсан бол одоо багажаар маш нарийвчлалтай шинжилгээ хийдэг болсон нь хөндлөнгийн оролцоо бага буюу хөдлөшгүй үр дүн, нотлох баримт гарч ирэх боломж хөгжиж байна. Үүнийг Монголын Нейросайнсын нийгэмлэг сонирхон судалж байгаа юм. Монгол хүний оюун санаа, тархины үйл ажиллагаа монгол ахуй, орчинтой хэрхэн зохицох вэ, Монголчуудад сэтгэлзүйн тулгамдсан ямар асуудал, мэдрэлийн ямар өвчин давамгайлж байна вэ. Тархинд нөлөөлснөөр шийдэх ямар боломж байна вэ гэдгийг судалж, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаж байна.
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин