СИНГАПУР, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрх Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөн хэзээ дуусах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй нь хөрөнгө оруулагчдын дунд болгоомжлол үүсгэж, пүрэв гарагт олон улсын зах зээлд савлагаа үүсжээ. Улмаар хөрөнгийн биржүүдийн индекс унаж, газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж өссөн бол ам.долларын ханш чангарчээ.
Д.Трамп ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ ойрын долоо хоногуудад Иранд "маш хүчтэй цохилт" өгнө гэж мэдэгдсэн байна. Тэрбээр цэргийн гол зорилтууд биелэхэд ойрхон байгаа бөгөөд дайн дуусах шатандаа орсон хэмээн мэдэгдсэн хэдий ч тодорхой хугацааг дурдсангүй.
Энэ нь хөрөнгө оруулагчдын дунд мөргөлдөөний хамрах хүрээ болон үргэлжлэх хугацааны талаар эргэлзээ төрүүлэх гол шалтгаан болжээ. Хөрөнгө оруулагчид уг мэдэгдлээс нааштай зүйл олж хараагүй тул Брент маркийн газрын тосны зургаадугаар сарын фьючерс үнэ 6 гаруй хувиар өсөж, баррель нь 107.69 ам.долларт хүрсэн байна.
Ялангуяа Азийн орнуудын нийлүүлэлтэд хүндрэл учруулж буй Ормузын хоолой хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа нь үнийн өсөхөд ихээхэн нөлөөлжээ. Түүнчлэн АНУ-ын хөрөнгийн зах зээлийн фьючерс үзүүлэлт 1.3 хувиар, Европынх 2 гаруй хувиар буурсан байна.
Трампийн мэдэгдэл нь эдийн засаг стагфляцид орох вий гэх айдсыг зах зээлд дахин төрүүлжээ. Зах зээлийн тогтворгүй байдлын үед хөрөнгө оруулагчид ам.долларыг хамгийн найдвартай нөөц хөрөнгө гэж үзэж байгаа тул долларын ханш ихэнх валютын эсрэг чангарсан байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл0