sonin.mn
Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний ариун жагсаалд олон арван жилийн бүтээлч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулсан, бахдам амжилт, бахархах дурсамжийн эзэн болсон, чухамдаа дуудах нэр нь мөнхөрч, дуурсагдах алдар нь түгсэн ахмад дайчин олон бий. Тэдний нэг нь мөрдэстэй бүхэндээ “АСК”-ын, “Соёлын” хэмээх тодотголоор аль хэдийнээ танигдаж, МАА-ийн Улс төрийн газрын Соёл урлагийн хэлтсийн даргаар 10 жилийн хугацаанд тогтвортой ажиллаж явсан чөлөөнд байгаа хурандаа Дуламжавын Болд бөгөөд бид сонины “Ахмад үе” буланд түүний ажлын арга барил, туршлагыг нь онцолж байна.
Дуламжавын Болд одоогоос 80 жилийн тэртээ Дундговь аймгийн Дэлгэрдалай сумын нутагт төрсөн бөгөөд 1957 онд долоодугаар ангиа төгсөөд аав, ээждээ туслан мал маллахаар шийдсэн аж. Тэрбээр нэгдлийн туслах бригадын гишүүн, ухуулагч, сумын уран сайханч, МХЗЭ-ийн үүрийн идэвхтэн гишүүн явсан бөгөөд 1959 онд Бүх ард түмний урлагийн их наадамд нэрт яруу найрагч Ц.Гайтавын “Намын жолоодлогоор” шүлгийг уншсанаар сумандаа манлайлж, сумаас аймагт, аймгаас улсад шалгарчээ. Ингэж өөрийнх нь амьдралын хувь заяаг өөрчилсөн их эргэлтийн ачаар Нийслэл хүрээг зорьсон агаад тэр жилээ Улсын хөгжимт драмын театрт тайз засагчийн ажилд орсноор Ардын жүжигчин Цагааны Цэгмид болон Нямын Цэгмид, Л.Жамсранжав, Ц.Гантөмөр, Т.Цэвээнжав нарын алдартнуудын унаган авьяас, мэргэжлийн ур чадвар, уран бүтээлээс нь суралцаж явсныг цэргийнхэн тэр бүр мэдэхгүй биз. Тухайн үед Д.Болд тэдгээр алдартнуудын нэгэн адил алдар суугаа дуудуулсан нэрт жүжигчин болох мөрөөдөл тээж явсан ч 1962 онд цэргийн зарлан дуудах хуудас гардаж, Ардын Армийн ариун жагсаалд хөл тавьснаар түүний ирээдүйн амьдралын дардан зам шуударсан хэрэг. Тэрээр Ардын Армийн 026 дугаар ангид хугацаат цэргийн албыг хоёр жил зургаан сар гаруй хугацаанд нэр төртэйгөөр хааж, халагдах хоногоо тоолох агшинд Зөвлөлт холбоот улсад цэргийн академи, дээд сургуульд суралцуулахаар сонгон шалгаруулалт явуулах тухай баярт мэдээ сонссон байна. Тийм л түүхэн цаг дор дэд түрүүч Д.Болд ангийн захирагчдаа илтгэж, Цэргийн Ерөнхий сургуулийн дэргэдэх бэлтгэл дамжаанд хамрагдлаа. Тэр ЗХУ-ын Львов хотноо Цэргийн улс төрийн дээд сургуульд элсэх хуваарь авч, шалгалтад тэнцсэн түүхтэй. Мань эр дарга нарын хайр, хүндэтгэл, итгэлийг дааж, хуучнаар ЗХУ-д Цэргийн дээд сургуульд суралцсан ба соёлын ажлын арга зүйч мэргэжлийг эзэмшсэн юм. Түүний офицер болсон жилийн анхны томилолт нь Ардын цэргийн 125 дугаар ангийн клубын даргын албан тушаал байсан ба тус анги 1969 оны наймдугаар сард одоогийн “Сонгино” цэргийн хүрээний байрлалд байгуулагджээ. Задгай хээр талд удирдлага, штаб, ар тал болон цэргийн гал зуухыг гэр, асар, майханд байрлуулж, Цэргийн ерөнхий сургуулиас ахмад Ц.Бавуудоржоор удирдуулсан 20 гаруй цэргийн алба хаагч газар шорооны ажилд шамдан орсон гэдэг. Тухайн үед тус ангийн улс төрийн орлогч, ахмад Д.Гомбосүрэн болон клубын дарга, дэслэгч Д.Болд нарт нэг гэр хуваарилснаар ангийн бие бүрэлдэхүүнтэй явуулах соёл хүмүүжлийн ажлыг удирдаж, ухуулга, сурталчилгааны ажлыг зохион байгуулж, хамт олныг идэвхжүүлэх ажилд идэвхийлэн зүтгэжээ. Тэр жилийн намар тус анги 200 гаруй хугацаат цэргийн алба хаагчдыг хүлээн авч, мөн л асар, майханд өвөлжсөн түүхтэй. Харин тухайн үед тус ангид клуб байхгүйн улмаас цэрэг, олон түмэнтэй зохиох соёл хүмүүжлийн ажлыг явуулахад ихээхэн хүндрэл тулгарсан ч зэргэлдээх Барилгын цэргийн 5 дугаар батальоны удирдлагад хандаж, тус батальоны клубт лекц, цаг үеийн мэдээлэл, уралдаан, тэмцээн, үзвэр үйлчилгээг өргөнөөр зохион байгуулж ирсэн нь бас л нэгэн түүх ажээ.
Удалгүй ирэх жилийнх нь хавар БХЯ-ны боловсон хүчний хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бээжин, дэслэгч Д.Болдыг дуудаж уулзсан даруйдаа БХЯ-ны сайд, хурандаа генерал Б.Дорж (хожим армийн генерал болсон)-ийн өрөөнд дагуулан орсон аж. Энэ үед түүний албаны өрөөнд хошууч генерал Ж.Ёндон, Д.Ёндондүйчир нар хамт байсан ба дэслэгч Д.Болдын намтар, эзэмшсэн мэргэжил, үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, асуулт хариултууд өрнөсний эцэст хурандаа генерал Б.Дорж “За, чи БХЯ-ны сайдын нарийн бичгийн даргаар ажиллана. Гурав хоногийн хугацаанд ажлаа хүлээлгэн өгөөд яаралтай ир” хэмээн үүрэгджээ. Ийнхүү төр, цэргийн нэрт зүтгэлтэн, армийн генерал Б.Доржийн ажлын арвин их туршлагаас суралцах, түүний удирдан зохион байгуулах арга зүйд туршлагажих боломж түүнд тохиож, нэр хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үүргийг тун чадамгай гүйцэтгэж ирснийг түүх гэрчлэх биз. Харин 1972 оны өвөл эрхэм сайд ахлах дэслэгч Д.Болдтой биечлэн уулзаж “Ёндондүйчир генерал чамайг мэргэжлийн ажил хийлгэнэ, цаашдын ирээдүй их гээд байна. Чи миний нарийн бичгийн даргаар маш сайн ажилласан. Одоо Улс төрийн газрын мэдэлд оч доо” гэж зөвлөжээ. Ингэснээр нийтлэлийн баатар маань МАА-ийн Улс төрийн газрын Соёл гэгээрлийн тасгийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж, жил гаруй хугацаанд мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласны үр дүнд Москва хотноо Цэргийн академид суралцах ховорхон боломж түүнд олдсон ба цэргийн улс төрийн ажилтны дээд мэргэжлийг эзэмшсэн юм.
Тухайн үеийн офицер бүхний мөрөөдөл болсон нэр хүндтэй академийг 1977 онд дүүргэсэн түүнийг Ардын Армийн Офицеруудын ордон, Цэргийн дуу, бүжгийн ансамблийн даргаар томилж, хошууч цол хүртээв. Энэ үед тэрбээр ансамблийн уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, урын санг баяжуулах, хот, хөдөөгийн анги, салбаруудын бие бүрэлдэхүүнд урлагийн тоглолтоор үйлчлэх, цэргийн алба хаагчид, иргэдийн дунд соёл урлагийн олон талт ажлыг зохион байгуулах талаар эрс өөрчлөлтийг хийж, бүтээлчээр хөдөлмөрлөжээ. Энэхүү албан тушаалд гурван жил гаруй хугацаанд амжилт дүүрэн ажилласан түүний мэргэжлийн өндөр ур чадвар, удирдан зохион байгуулах авьяасыг БХЯ-ны удирдлага өндрөөр үнэлж, МАА-ийн Улс төрийн газрын Соёл урлагийн хэлтсийн даргаар томилсон юм. Нийтлэлийн баатар маань энэхүү албан тушаалд тасралтгүй арван жил үр бүтээлтэй ажиллаж, хурандаа цол хүртсэн бөгөөд 1990 онд цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан юм. Түүнтэй ярилцаж суухад “Би 1962 оноос хойш 30 орчим жилийн хугацаанд Ардын Армийн хэмжээнд соёл урлагийг хөгжүүлэх үйл хэрэгт зүтгэхдээ мэргэжлийн өндөр ур чадвартай, ажил, амьдралын арвин их туршлагатай, урлагт чин сэтгэлээсээ ханддаг генерал, офицерууд, уран бүтээлчид, уран сайханчид, кино механикч, номын санч нартай хамтран ажилласнаараа бахархдаг. Миний ажил, амьдралын дардан зам Львовын цэргийн улс төрийн дээд сургуульд суралцаж, соёлын ажлын арга зүйч мэргэжлийг эзэмшсэнтэй шууд холбоотой. Би бээр тэр сургуулийг төгсөгчдийн дотроос ЗХУ-д Цэргийн улс төрийн академид анхлан суралцаж, хурандаа цолыг түрүүлж хүртсэнээрээ, мөн эзэмшсэн мэргэжлээрээ тогтвор суурьшилтай, олон жил ажилласнаараа бахархаж явдаг” хэмээсэн нь залууст нэгийг бодогдуулах биз. Тэрчлэн “Миний сурч боловсрох, цаашлаад соёл урлагийг хөгжүүлэх үйл хэрэгт ажил, амьдралын ухаан суулгаж, удирдан зөвлөж, халамжлан хүмүүжүүлж явсан армийн генерал Б.Дорж, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, Ж.Ёндон, дэслэгч генерал Д.Ёндондүйчир, хошууч генерал Ж.Цэнд-Аюуш, Т.Түмэндэмбэрэл, С.Гомбосүрэн, Т.Алтангэрэл, Г.Дугарсүрэн, ардын уран зохиолч П.Бадарч, ардын жүжигчин П.Хаянхярваа, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Бадарч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гун-Аажав болон МАА-ийн УТГ-ын туршлагатай офицерууд, улс, армийн соёл, урлагийн ажилтнууд, амьдралын минь түшиг тулгуур болсон хайрт хань Ш.Янжиндулам болон хүүхдүүд, ах дүү нартаа цаг ямагт талархаж явдаг” гэдгээ баярын нулимс унаган, бахархал дүүрэн өгүүлж билээ.
Түүний хувьд Соёл урлагийн хэлтсийг шинээр байгуулж, удирдахад хүндрэл гарч байсан хэдий ч хамт олны гар нийлэмжтэй, сэтгэл, зорилго нэгтэй ажиллах боломжийг бүрдүүлж, цэрэг, ард түмний холбоог бэхжүүлэх, цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх, бие бүрэлдэхүүнийг үндсэн үүргээ мэргэжлийн өндөр түвшинд мадаггүй биелүүлэх, цэргийн сахилга бат, дайчин нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэсэн соёл хүмүүжил, урлагийн олон хэлбэрийн ажлыг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулсан нь өдгөө ч дурсамж дүүрэн яригдсаар байна. Түүний удирдсан Соёл урлагийн хэлтсийн хамт олон Ардын Армийн нэгтгэл, анги, бие бүрэлдэхүүний дунд соёл хүмүүжлийн ажлыг тодорхой зорилго, чиглэлтэй зохион байгуулах үүднээс удирдлагын баримт бичгүүдийг боловсронгуй болгож, шалган туслах ажлыг эрчимжүүлсэн нь өндөр ач холбогдол өгсөн аж. Тэрчлэн байнгын бие бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчдын нас, боловсрол, мэргэжлийн онцлогт тулгуурласан соёл хүмүүжлийн ажлын нэгдсэн тогтолцоог бий болгож, түүний агуулга, арга, хэлбэрүүдийг төгс болгоход анхаарлаа хандуулсан нь зохих үр дүнд хүрсэн. Түүний зэрэгцээ Цэргийн дуу, бүжгийн ансамблийн урын санг баяжуулах, уран бүтээлчдийн авьяас, чадварыг хөгжүүлэх, Монгол цэргийн музей, Армийн драмын театрыг шинээр байгуулахад ихээхэн хүчин зүтгэл гаргаж ажилласныг бид өндрөөр үнэлэх учиртай. Мөн Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойг угтаж улс орон даяар зохион байгуулсан Бүх ард түмний урлагийн их наадамд Ардын Армийн уран сайханчдын концертыг бэлтгэн оролцуулж, гурван удаа тэргүүн байр эзэлсэн, олон арван сайн дурын уран сайханчид уг наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бахдам амжилт нь түүний хичээл зүтгэл болоод чадварлаг уран бүтээлчдийн хамтын хөдөлмөрийн үр дүн байсан юм. Тэрчлэн түүний удирдлагаар ажилласан жилүүдэд Цэргийн дуу, бүжгийн ансамблиас Монгол Улсын гавьяат жүжигчин-7, Соёлын тэргүүний ажилтан-32 төрж, улсын тэргүүний уран сайханч, ардын авьяастан хэдэн арваараа төрсний дээр жил бүр 2-3 уран бүтээлчийг БХЯ-ны нэрэмжит шагналд тодорхойлж байлаа. Тэр бүхний үр дүнд өнөөгийн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгад төрийн дээд шагнал Цэргийн гавьяаны улаан тугийн одон хүртээх үйлсэд түүний санаачилга, хувь нэмэр их байсныг тодотгох учиртай. Тэрээр зөвхөн удирдан зохион байгуулах ажлаар өөрийн үндсэн үйл ажиллагааг хязгаарласангүй, 1980-аад онд манай улсын хэмжээнд оргилдоо хүрч, ид хүчээ авч байсан Авхаалж сэргэлэнчүүдийн клуб буюу “АСК”-ын тэмцээнд Ардын Армийн “Соёмбо” багийн гишүүнээр оролцож, гурван удаа тэргүүн байр эзэлсэн нь түүний соёл урлагийн өндөр мэдрэмжтэй, авьяаслаг уран бүтээлч болохыг гэрчилсэн бодит баримт биз ээ.
Хурандаа Д.Болд 1973-1989 онд жил бүр Батлан хамгаалах бодлого, Ардын Армийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг хот, хөдөө орон нутагт зохион байгуулахад идэвх санаачилгатай оролцож, жилд дунджаар 25-30 мянган хүнд үйлчилж байсан ба Ардын Армийн 50, 60, 70 жил, Халхын голын дайны ялалтын 40, 45, 50 жилийн ойн хүндэтгэлийн концертыг зохион байгуулагч, захирлаар нь ажиллажээ. Тэрчлэн 1986 онд дуу, бүжгийн чуулгын урлагийн бригадыг удирдан Чехословак, Унгар улсад хоёр сар гаруй хугацаанд урлагийн тоглолтоор үйлчилж, Болгар, Герман, Румын улсад цэргийн сэдэвт кино наадамд оролцож, өөрийн эх орныг сурталчлах үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулснаар нь бид бахархаж явна. Түүний ажлын арвин амжилтын нэгээхэн хэсэг нь Ардын Армийн хэмжээнд соёл урлагийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулснаар цэрэг, олон түмний дунд зохион байгуулах соёл хүмүүжлийн ажил тогтмолжсон төдийгүй нэгтгэл, ангиудын соёлын төв, клубын дарга, кино механикч, номын санчдыг бэлтгэх, тэднийг нэгтгэл, ангиудад байршуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, мэргэшлийн ур чадварыг нь дээшлүүлэх чиглэлээр олон бүтээлч ажил өрнүүлснийг дурсан ярих ахмад дайчид тун олон ажээ. Мэдээж тэрээр нэгтгэл, ангиудад клуб, номын сан, авто клуб, кино цэг, Дайчин алдрын болон Сүхбаатарын тасалгааны тоог нэмэгдүүлж, соёл гэгээрлийн техник хэрэгслээр хангах бүртгэл, жагсаалтыг гарган ажилласан нь тухайн үеийн шаардлагад бүрэн нийцэж байсныг онцлох учиртай.
Хурандаа Д.Болд нэгтгэл, ангиудын удаа дараагийн хээрийн гаралт, команд штабын хээрийн сургуульд биечлэн оролцож, тэрхүү сургалт дадлагад хамрагдаж байгаа анги, салбаруудыг соёл гэгээрэл, суртал ухуулгын техник хэрэгслээр бүрэн хангаж, урлагийн тоглолтоор үйлчлэх, бие бүрэлдэхүүний дунд болзолт уралдааныг зарлаж дүгнэхээс гадна соёл хүмүүжлийн ажлыг өргөнөөр зохион байгуулж ирсэн нь өнөөдөр ч ач холбогдол өндөр байна. Түүний зэрэгцээ цэрэг, ард түмний холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарч Соёлын яам, Монголын зохиолчдын эвлэл, Хөгжмийн зохиолчдын холбоо, Монгол кино үйлдвэр, хот, хөдөөгийн соёл урлагийн байгууллагуудтай нягт хамтран ажилласан нь цэрэг дайчдын оюуны болон соёлын эрэлт хэрэгцээг хангах, тэднийг төлөвшүүлэх, үндсэн үүргээ чадварлаг гүйцэтгэхэд чиглэсэн бүтээлч ажлын нэгээхэн хэсэг нь байсан юм.
Энд нэгэн тоо баримтыг дурдахад, 1989 онд Ардын Армийн хэмжээнд нэгтгэл, ангийн соёлын төв, клуб-63, кино цэг-92, номын сан-85, авто клуб-28, сайн дурын гурван театртай болж, нийт улс төрийн ажилтнуудын 20 гаруй хувь нь соёлын ажилтнууд байсан аж. Тухайн үед Ардын цэргийн дуу, бүжгийн чуулга 130 гаруй уран бүтээлчтэй, жилд дунджаар 400 орчим тоглолт хийж, 120 мянга гаруй хүнд үйлчилж, хугацаат албаны түрүүч, байлдагч жилд 120 гаруй үзвэр, кино, телевиз, радиогийн нэвтрүүлгийг үзэж, сонсдог байжээ.
Ийнхүү хурандаа Д.Болд Ардын Армийн соёл урлагийг бэхжүүлэх үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулахын зэрэгцээ тайз, дэлгэцийн урлагийг хөгжүүлэх, тэдгээрт өөрийн дүрийг мөнхлөх үйлсэд ч амжилт дүүрэн зүтгэснийг ахмад үеийнхэн бахдал дүүрэн өгүүлдэг. Тухайлбал, иргэний болон цэргийн сэдэвт “Манай оронд”, “Харуулын алба”, “Салбарын нэг өдөр”, “Дайчин алдраа магтан дуулъя”, “Одтой, цогтой он жилүүд”, “Социалист орны соргог манаа”, “Их бурхан Мэгжид жанрайсаг”, “Баяндэлгэр сум”, “Алдартнуудын нутгаар”, “Улсын их дэлгүүр-70”, “Ерөнхийлөгч П.Очирбат” зэрэг баримтат киног хамтран бүтээсэн нь өдгөө түүх болон мөнхөрчээ. Тэрчлэн “Түмний нэг”, “Өнөр бүл”, “Эрэл”, “Догшин хутагтын сахиус”, “То ван” зэрэг уран сайхны киноны зарим дүрийг бүтээж, “Дагвын Лувсаншарав”, “Загдын Долгорсүрэн”, “Эргэж дурсахуй” зэрэг баримтат кинонд дурсамж өрнүүлсэн хэлбэрээр дүрээ мөнхөлсөн юм. Тэрбээр “Цэргийн ангийн клуб” ном, гарын авлагыг биечлэн боловсруулж, “Монголын Ардын Арми 60, 65 жил” сэдэвт гэрэл зургийн цомгийг бүтээхэд холбогдох баримт, гэрэл зургуудыг бүрдүүлэн хамтран ажилласан нь одоо ч эрэлттэй хэвээр байна.
Эрхэм Д.Болдын хөдөлмөр, зүтгэлийг Монгол Улсын төр, засгаас өндрөөр үнэлж, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Цэргийн хүндэт медаль, Ардын хувьсгалын болон Ардын Армийн 50, 60, 70 жил, Халхын голын байлдааны ялалтын 30 жил, БХЯ-ны 100 жил, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медалийг хүртээжээ. Тэрчлэн тэрбээр 1986 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртэж, БХЯ-ны болон Монголын Ахмадын холбооны хүндэт тэмдгийн эзэн болсон нь бахдалтай.
Түүнийг анд найз нар нь Армийн “АСК”-ийн авьяаслаг Болд, Адууны шүдтэй алаг нүдэн дарга, Сайдын туслах, нарийн цагаан, Соёлын тодотголтой, өндөр цагаан хэмээн хочилдог нь цаанаа учиртай байсны бодит биелэл нь тэр бус уу.
Нийтлэлийн баатар маань 1990 оноос хойш иргэний нийгэмд хөдөлмөр, зүтгэлээ зориулан Соёл урлагийн их сургуулийн аж ахуйн дарга, “Монгол кино үйлдвэр”-ийн зохион байгуулагч, зургийн дарга, Дуурь, бүжгийн эрдмийн театрт үйлдвэр ангийн дарга, ерөнхий зохион байгуулагч, боловсон хүчний даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан юм. Тэрээр энэхүү бүтээлч үйлс, бахдам гавьяагаараа иргэний аль ч шатны байгууллагын дарга нар, хамт олны ам дамжин ярьдаг “Цэргийн даргаар ажиллаж байсан ахмад дайчид аливаа ажилд тэвчээртэй, зоримог шийдвэр гаргаж, зохион байгуулах өндөр ур чадвартай, ажлын цагийг хатуу баримталж, гүйцэтгэх чанар өндөр байдаг” хэмээх нэгдсэн тодорхойлолтод хүрэх үйл хэрэгт ч бодит хувь нэмэр оруулсныг хойч үеийнхэнд сургамж болгохыг зорьсон минь энэ.
Ийнхүү өдгөө УДБЭТ-ын ахмадын хорооны дарга, Зэвсэгт хүчний соёл урлагийн ажилтны холбооны зөвлөхөөр ажиллаж, соёл урлагийн байгууллагуудад удирдах ажлыг мэргэжил, ур чадварын өндөр түвшинд гүйцэтгэж, ажлын арвин их туршлага хуримтлуулан түүнийгээ залуу, хойч үеийнхэнд өвлүүлж яваа ахмад уран бүтээлч, авьяаслаг зохион байгуулагчийн талаар товч өгүүлэхэд ийм буюу. Түүний бүтээлч ажлын арга барилаас суралцах, туршлага судлах, санал бодлоо хуваалцахыг зорьсон хэн бүхэнд чөлөөнд байгаа хурандаа Д.Болд хэзээд нээлттэй байдагт нь талархах учиртай.
 
 
 
 
 
МСНЭ-ийн шагналт сэтгүүлч, СТА, хурандаа Б.ОТГОНБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин