sonin.mn
Хүний амьдралын туулсан замнал домог болон үргэлжлэх нь тийм элбэг гэж үү. Боломжгүй мэт санагдавч боломжтой гэдгийг 100 настай хурандаагийн тэмцэж, тэсэрч, тэмүүлж туулсан амьдрал гэрчлэн домог бүтээж, домгоор үргэлжилж байна. Хурандаа Ж.Ядмаагийн ярьсныг сонссон өнөөгийн залууст үлгэр юм уу, үнэн юм уу гэсэн асуулт гарцаагүй тулгардаг. Түүний унаган зан чанаруудын нэг нь, тэр хэзээ ч худал хэлж байгаагүй, бас цээжээ дэлдэж яваагүй. Үүний цаана хүн чанар хадгалагдаж байдаг. Тэр өөртөө дайсан бэлдэж, өрөөлийг дайсагнаж яваагүй. Тиймийн учир үнэний замаар 100 жил өөрийнхөөрөө л явж байгаа юм. Түүний тухай бичнэ гэдэг 100 жилийн түүх бичнэ гэсэн үг. Гайхалтай, нэг хүний намтар түүх, хийж бүтээсэн хөдөлмөр зүтгэлийг бичихийн тулд 100 жилээр аялах нь байна шүү дээ. Үүнийг сонины нэг хуудсанд багтааж бичнэ гэдэг надад бол дэлхийг явганаар тойрох шиг л юм. Энэ эрхэмтэй танил, амьдрал тэмцлийнх нь зах зухаас мэдэхийн хувьд амьд домгийг бодитоор нь өгүүлэх үүрэг надад оногдсоноос л үүнийг бичиж байна.
 
Хурандаа Ж.Ядмаа хорин хэдхэн настай хонгор зүстэй залуу явахдаа отрядын штабын даргын алба хашиж, дайны талбарт дайсантай улаан нүүрээрээ тулж, алтан амиа авч гарсан байдаг. Яасан бэ гэдэг нь тодорхой, дайсныг устгасан, эс устгаваас өөрөө устгагдана. Дайн гэдэг ийм л юм. Дайсны шидсэн дэлбэрч амжаагүй гранат нуувчны ирмэгт бөмбөрч ирэхэд нүд ирмэхийн зуурт атгаж аваад шидсэн нь дайсны өмнө дэлбэрч, хэд хэдийг цааш харуулах нь тэр. Суманд оногдож шархадсан эрдэнэт хүлэг морь нь эзнээ харан эцсийн нулимсаа бөмбөрүүлэн байхыг харахад хэцүү, цааш харуулж буян үйлдэх нь амар гэх. “Чи дэргэд нь байсан юм шиг ярьж байх ч гэж” хэмээн намайг үгүйсгэх хэрэггүй. Зуун настай энэ өвгөн хурандаатай би данагар данагар алхаатай 70 гарсан насанд нь танилцаж байлаа. Цаг хугацаа хурдан юм, 40-өөд жил улирсан байна шүү дээ. Түүний ярьсан, миний бичсэн бүхэн цэргийн архивт тоо баримттайгаа бий. Төчнөөн дайсан устгасан, энэ тэр гэж тоочих нь өнөө цагт тийм ч тохиромжтой бичлэг яав ч биш. Тодорхойлолт энэ тэрд бол бичигдсэн л байдаг. Алдарт Сулинхээрийн отрядын штабын даргаар Чөлөөлөх дайнд оролцож, Жанчхүүгийн даваанд Улсын баатар М.Жанчивыг нутаглуулахад цэрэг малгайгаа базлан нулимс дуслуулж зогссон олон баатруудын нэг нь Ж.Ядмаа гуай байсан юм шүү. Ингээд бичээд байвал би түүний эх орныхоо төлөө харийн нутагт байлдаж, баярлаж, бахархаж, ард түмний дунд цусан гавьяаны гэж алдаршсан “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-гоор 72 жилийн өмнө буюу 1945 онд шагнагдаж байсан, Чөлөөлөх дайны талбарт тодорсон улсын баатрууд түүнийг бидний нэг гэж зүй ёсоор нэрлэдэг байсан зэргийг баримтад түшиглэн бичиж болох л юм. Өдгөө сонсоход, бичихэд түүний дайны талбарт байгуулсан гавьяа нь домог мэт л сонсогдоно. Худал бүхэн цагийн уртад хумхын тоос мэт сураг алдран замхарч, үнэн бүхэн хэт холын замдаа үүлэн чөлөөний нар шиг л гэрэлтдэг жамыг хурандаа Ж.Ядмаагийн дайчин түүх зүгээр л мэдрүүлдэг юм. Өвгөдийн маань амь насаа умартан тулалдаж, ялалт байгуулсан тэр дайн, өнөөгийн залуусын өргөн буйдан дээр тарвалзаж, өнгөт дэлгэцээр үздэг тэр дайнаас тэс өөр юм хойно би бичиж байснаас өөрөөр нь яриулбал мэдрэх нь илүү шүү дээ.
Ж.Ядмаа хурандаа надад нэг тэмдэг үзүүлж, энэ ч одоо надаас өөр хүнд байхгүй дээ. Цагтаа ардын хувьсгалын партизан, улсын баатруудад л олгодог байсан юм гэлээ. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн. Энэ цол тэмдэгт хувьсгалт бас тэмцлийн гэдэг үг байгаа нь дайнд оролцсон, гавьяа байгуулсан гэдгийг илтгэж байгаа хэрэг л дээ. 
Дайны талбараас ирсэн залуухан офицер “Улаан од” сонинд сурвалжлагчаар томилогджээ. Тэр цагт цэргийнхэн дунд байтугай манай улсад сэтгүүлч мэргэжилтэй хүн байсангүй. Мань эр эх зохиох, хянан нийтлүүлэх чадвартай байснаас энэ албанд томилогдсон хэрэг. Тэр төрөлхийн авьяастай, аливаад овтой сэргэлэн эр явжээ. Сэтгүүлчийн ажилд хурдан хугацаанд дадлагажиж, цэргийн сониноор нэрлэгдэх сурвалжлагчийн нэгээр тодорч, ЗХУ-д сэтгүүлчийн дамжаанд суралцаж, улмаар Цэрэг-улс төрийн академи дүүргэсэн, цагтаа өндөр боловсролтойд тооцогдсон сэхээтнүүдийн нэг болж богино хугацаанд “Улаан од” сонины эрхлэгчээр томилогдон, энэ албыг 27 жил хашсан юм. Монголын төвийн нэр хүнд бүхий, уншигчдын нийтээр мэдэх “Улаан од” сониныг бэхжүүлэх, мэргэжлийн сэтгүүлчээр редакцыг бүрдүүлэхэд тэрээр үнэхээр чармайн ажилласан, хэд хэдэн үеийн цэргийн сэтгүүлчдийг сургаж, хүмүүжүүлсэн “цэргийн сэтгүүл зүйн эцэг” хэмээгдсэн эрхэм билээ.
Хурандаа Ж.Ядмаа төв халхын буюу Архангай аймгийн харьяат, бие бялдар өв тэгш сайхан эр явсныг өдгөө гэрэл зургууд л гэрчлэн үлдээжээ. Папах малгай өмсөж, шинелийн хормой дэрвүүлсэн түүнийг харсан хэн ч Оросын цэргийн дарга нар л ийм сүрлэг харагддаг даа гэж шагшдаг байсан тухай яриа бий. Хурандаа Ж.Ядмаа БХЯ-ны Ахмадын хорооны дарга байхдаа дэслэгч генерал Л.Моломжамц, хошууч генерал Ш.Жадамбаа, генерал Бямбацогт нартай гэрэл зураг татуулжээ. Уг гэрэл зургийг харсан сэтгүүлч, дэд хурандаа Ц.Жамсран “Ядмаа хурандаа яамны одой генералуудыг ичээж байгаа нь” гэсэн хошин тайлбар өгсөн л байдаг. 1979 онд Оросын цэргийн цуваа хэдэн өдөр үргэлжилж, Зүүндбаянг зорьсон билээ. Хятад, Вьетнамын дайны уршгаар ЗХУ-ын тал манай улс дахь цэргийн хүчээ нэмэгдүүлж, хил орчим байрлуулж байсан үе. хурандаа Ж.Ядмаа цувааны нэг хэсгийг ахлан Дундговь аймагт явж байгаад малчид, хөдөлмөрчидтэй уулзалт хийх газар хүрэлцэн очжээ. Баахан оросууд байж дээ. Ж.Ядмаа хурандаа оросуудтай ярьж байгаад, сумын даргад уулзалт хаана болох энэ тэр гээд ярьсныг сонссон өвгөн, тэр өндөр орос хурандаа монголоор сайн ярьж байна гэж андуурсан байгаа юм.
Зэвсэгт хүчний цэргийн ёслолын жагсаал жинхэнэ утгаараа явагдаж байсан тавь, жар, далаад онд хурандаа Ж.Ядмаа Жанжин туг залдаг эрхэм байжээ. Тэрбээр Зэвсэгт хүчний ёслолын жагсаалд 27 жил Жанжин туг залсан байдаг юм. “Шөнийн парад болоход ёс юм шиг бороо орно. Жагсаалд оролцогчид шалба орно. Би ганцаараа хув хуурай. Яагаад гэвэл, Жанжин тугаа нөмрөөд зогсчхож байгаа юм чинь”. Ж.Ядмаа гуай явган шог ярихдаа тун гаргууд. Цэргийнхний дунд яригддаг явган шогийн лавтайяа ерэн хэдэн хувийг Ж.Ядмаа гуай л зохиохыг нь зохиож, ирлэхийг нь ирлэж, өөрөө тун ч сонирхолтой ярьж, цэргийнхнийг инээдээр 50 гаруй жил хөгжөөсөн хүн.
“Улаан од” сонины эрхлэгч, хурандаа Ж.Ядмаа хилийн чанадад ч нэр хүндтэй сэтгүүлч явсан. Социалист орнуудын армийн спортын “СКАДА” сэтгүүлийн коллегийн гишүүний хувиар бүх социалист оронд томилолтоор ажиллаж, цэргийн спортыг сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулсан, өнөөгийн хэллэгээр спортын ч сэтгүүлч.
ЗХУ-ын БХЯ-ны төв хэвлэл “Красная звезда” сонины газарт явж байхад нь нэг нөхрийн гэрэл зургийг авах гэж бөөн ажил болж байжээ. Хурандаа Ж.Ядмаа “Энэ төлөг энд юу хийж яваа юм” гэхэд зөвлөлтийн цэргийн сонины эрхлэгч, хошууч генерал “Дуугаа намсга, Вьетнамын сансрын нисгэгч” гэж хэлжээ. З.Ядмаа хурандаа “Би түүнийг таньсан л даа, албаар тэгж хэлсэн юм. Би алдарт Хо Ши Минтэй нутагт нь хоёр удаа уулзаж, ордонд нь хундага тулгаж байлаа, тэр сансрын нисгэгч бол үгүй шүү дээ” гээд хөхрөх нь тун гаажтай. Орос хүүхэнтэй бүжиглэж байгаа зураг үзүүлж, чи ч танихгүй л дээ гэв. Энэ таны найз хүүхэн юм уу гэхэд, юун найз, наадах чинь Сталины охин байгаа юм гэлээ шүү. ЗХУ-ын маршал Г.К.Жуковтой хундага тулгаж байгаа гэрэл зургийг зааж, хаана гэж бодож байна гээд, гэрт нь шүү дээ. Би согтож тэнхэлгүй болоод зочных нь өрөөнд хоночихсон юм. Яах вэ, оросууд бид чинь ах дүү гэсэн биз дээ, ахындаа нэг хоноход яах вэ гээд хөхрөх нь даажинтай ч юм шиг. Октябрийн их хувьсгалын 50 жилийн ойн хүндэтгэлийн зоогт, Кремлийн их танхимд сансрын анхны нисгэгч Ю.А.Гагаринтай нэг ширээнд тухлан хундага тулгаж буй зураг ч байна. Бөмбөрцөгийн баруун хязгаарт долоон удаа очсон гэлээ. Тэр нь хаа юм гэж асуухад “Куба л даа” гээд нэрт хувьсгалч Фидель Кастротой авахуулсан гэрэл зураг үзүүлж, би хуруу өндөр байгаа биз, хар даа гэх нь нэн бахархалтай. Энэ мэт домог үргэлжилнэ. Зуун жилийн амьдрал, зуун жилийн түүх гэдэг үнэхээр домог мэт дуурсагддаг ажээ. 
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хурандаа Ж.Ядмаа гуайн 100 насны гэрэл гэгээтэй өдрүүдэд түүнтэй уулзаж ярилцсанаас цухас өгүүлэхэд ийм. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө харийн нутагт тулалдаж, энх цаг ирэхэд шилдэг сэхээтнүүдийн тэргүүн эгнээд явж, үе үеийн уншигчдын оюун ухааныг тэлсэн цэргийн сонины эрхлэгчээр урт удаан он жилүүдэд ажиллаж, Монголын сэтгүүл зүйд нэр, мөрөө гаргасан олон арван шилдэг сэтгүүлчийг сургаж, дадлагажуулж, уран бүтээлийн харгуйд хөтөлсөн энэ эрхэм улсын ч баатар, урт удаан амьдралын ч баатар юм шүү.
 
 
 
Цэргийн мэргэжлийн сэтгүүлч П.БАТНАЙРАМДАЛ