sonin.mn
Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны арваннэгдүгээр сарын 14-нд зарлиг гаргаж, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг чөлөөлсөн. ЗХЖШ-ын даргын үүргийг тус штабын I орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбатад шилжүүлсэн. Харин Д.Давааг өөрийнхөө Цэргийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилж байв.
Түүнээс хойш энэ албан тушаал эзэнгүй яг гурван сар болж байгаа юм.
ЕТГ-ын дарга З.Энхболд энэ сарын эхээр “…ЗХЖШ-ын даргыг тун удахгүй УИХ-д оруулна” гэж мэдэгдсэн.
Тэгвэл энэ албан тушаалд хошууч генерал А.Ганбатыг томилохоор болсон байна.
Тэгэхээр Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13.8-д “Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг УИХ-тай зөвшилцөж томилно” гэж заасны дагуу УИХ-д “танилцуулах” процесс тун удахгүй хийгдэнэ гэсэн үг. Гэхдээ сүүлийн үед эрчтэй яригдаж байгаа УИХ-ын ээлжит бус чуулган ойрын хугацаанд зарлагдвал тэр чуулганы дараа хошууч генерал А.Ганбат томилогдох юм.
Хошууч генерал Аюушийн Ганбат нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1969-1979 онд Улаанбаатар хотын арван жилийн II дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуул, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи, 1998-2000 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академи, 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараахь сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн. Зэвсэгт хүчинд 1979-2010 онд алба хаасан. Энэ хугацаанд Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч, БХЯ-ны VII хэлтэс, ЗХЖШ-ын I газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын I орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн I орлогч, ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч-хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын I орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын Тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж байв.
А.Ганбатад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар зарлигаар хошууч генерал цол хүртээжээ.
 
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин