sonin.mn
-Сайн байна уу ээж ээ! Тандаа зурвас очих агшны халуун мэндийг өргөн дэвшүүлье. Амралтын өдөр бүр Тандаа очдог ч гэртээ ирээд нэг л хоноход Таныгаа дэндүү их санаж үгүйлэх юм. Танаасаа хол өнгөрүүлсэн цөөхөн хэдэн хоног ч хэдэн зуун жил мэт уйтай санагдахыг яана. Ажил, амьдрал гэж гүйгээд алдрайхан жаахан хүүгээ ижий таныхаа энгэрт үлдээгээд буцах бүртээ би ээжтэй хүн гэж бардамнадаг ч Таныгаа ядраачих вий гэхээс байнга эмзэглэж, гэгэлзэх юм аа, охин нь. Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэдэг үгийн утга учрыг, ижий бүхэн амьд бурхад гэдэг үгийн үнэ цэнийг цаг хугацаа урсан өнгөрөх тусам дэндүү их ухаарч байна, тэнэгхэн охин нь. Заяанд минь сүү өргөж, замыг минь гэрэлтүүлсэн ижий минь Та дэргэд байгаа болохоор охин нь бүтэн агаад бардам амьдардаг аа. Тантайгаа үеийн юм шиг элдвийг хуучлан суух, хааяахан эрхлэн тунихдаа ямар их аз жаргалыг мэдэрдгээ үгээр илэрхийлж мөхөс охин нь чадахгүй нь ээ. Заримдаа бас хэтэрхий дэвэрч тантайгаа ам зөрөн гомдоож байсан нь олон. Гэвч ижий минь та надад гомдоллодоггүй, буруутгадаггүй, намайгаа эрх балчирхан охин мэт л санадаг. Тэгэх тусам охин нь өөрөөсөө ичдэгээ нуухгүй ээ. Таныгаа гомдоож байсан мөч бүхнийхээ өмнө сөгдөн ижий танаасаа хүлцэл өчье. Таныгаа гэсэн их хайр охинд нь халгиж цалгисаар байдаг ч хэзээ, хэрхэн яаж түүнийгээ илэрхийлэхээ мэддэггүй юм байна. Шүүдрийн дуслаар Таныгаа цайлж чадахгүй ч зүгээр л зөв амьдарч таныгаа жаргаах сан гэж хичээдэг шүү охин нь. Намайг инээж л байвал жаргадаг ижий таныхаа их хайрыг, агуу сэтгэлийг би мэднэ ээ. Тэр их ачлалын тань хариуд Таныгаа бүтэн нойртой байлгахыг хичээх болно оо охин нь. Тандаа тун удахгүй тохиох “Мартын-8”-ны мэндийг хүргэж, чангаас чанга тэврэн үнсье. 
Таны ухаан муутай охиноос ... 
 
 
2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр
 
Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн эрүүл мэндийн албаны дарга, ахмад Ж.Байгальмаа