sonin.mn
Улсын Их Хурал өөрийн санаачилгаар зохиосон Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өөрөө өөртөө өргөн барьж, чуулганы хуралдаанд оролцогсдын 98.4 хувийн саналаар хэлэлцэхээр  шийдэж,орон даяар сурталчилан ухуулж, олон түмний дэмжлэг олохыг хичээж байна.
Энэ нь 2015 оноос хойш зохиож ил гаргасан дөрөв дэх төсөл юм. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ынхан огт өөр төслийг “гүнзгий дүн шинжилгээ, олон түмний” санаа бодлын үндсэн дээр боловсруулсан хэмээн өргөн сурталчилгаа явуулж байсныг Монголын нийгэм мартдаггүй байлтай. Энэ удаад ч мөн л дээрх маягийн тайлбар хийж,чухамхүү энэ төсөл Монгол орныг төрийн доройтол,улс төрийн /тогтолцооны/ хямралаас гаргана хэмээн ухуулах ажээ. Гэтэл олон түмний санаа байтугай, бүх ард түмнийхээ сонгосон Төрийн тэргүүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, байр суурийг албан ёсоор авч тусгаагүй юмсанж.
УИХ-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтөд ингэж хошууран шимтсэний учир шалтгаан хэдий сонирхолтой боловч эхлээд асуудлын мөн чанар, гол утга агуулгын талаар санаа бодлоо илчилсү.
 
1.Гол зарчим, зангилгаа асуудал
 
ХХ зуун дэлхий нийтийн улс төрийн философид  үлдээсэн нэгэн үл гандах үнэт өв нь “Ерөнхий зарчмаа шийдэлгүй ангид асуудал барьж авсан хэн боловч алхам тутамдаа будилж, мухардалд ордог” гэсэн сургааль юм.
Энэ томъёоллыг дэвшүүлсэн тэр онолч бол хүн төрөлхтний түүхэнд Чингис хааны дараа орох их гүрнийг цогцлоон байгуулсан В.И.Ленин мөн.
Нийгэм-улс төрийн аливаа төвөгтэй асуудалд хандах зарчмаа зөв тодорхойлбол уг асуудлыг шийдэх зангилааг олох нь төмөр хаалтыг түлхүүрээр нээхтэй адил билээ. Түлхүүргүй бол төмөр хаалтыг өшиглөөд яах вэ дээ.
 
УИХ-ын “ухуулаг­чид” Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болон гол  шалтгааныг засаглалын хуваарь алдагдсанаар тайлбарлаж, сүүлийн 20-оод жил Засгийн газрын дундаж нас 1.8 жил байсныг нийгмийн амьдралын бүх бэрхшээлийн гол эх сурвалж болгон ухуулахыг хүлээн зөвшөөрч, итгэвэл дэндүү гэнэн хэрэг болох нь даанч илэрхий. 
 
Засгийн газрын тогтворгүй байдал, түүнээс улбаалсан хямралын гол хариуцах этгээд нь УИХ өөрөө мөн билээ. УИХ-ын гишүүдэд Монгол төрийн сайдын алба хаших хүчлийн гаж дон өвчин дэлгэрч, тухайн салбарын талаар “А” үсэг ч үгүй эрхмүүд нийгэм, эдийн засгийн гол салбаруудыг сандайлсаар өдийг хүрсэн нь “Төр үл мэдэх түшмэдийн засаг уулнаас хүнд” хэмээсэн Монголын төрт ёсны сургаалыг үл ойшоосны илрэл мөн бус уу.
УИХ-ын гишүүд аль ч намын эрх барих үед, Засгийн газрыг огцруулах санал, санаачилга гаргахад уралдах гаж донгийн уг үндэс нь тэдний хувийн шунал,эрх мэдлийн мөрөөдөл төдий биш юм. Төрийн эрх мэдэл олигархи бүлэглэлүүдийн гарт орж, тэд ашиг сонирхлоо засгийн бодлого,үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлэх, төрийн төсвийн хөрөнгийг өөрийн хүүдий рүү урсгахын төлөө тэмцэл нь Засгийн газрын тогтворгүй байдлын үнэн шалтгаан болж ирснийг үгүйсгэх аргагүй. Олигарх бүлэглэлүүдийн засаглал улс орны эдийн засгийг, нийгмийн амьдралыг тэтгэх агуулгыг нь гажуудуулж, мөлжиж олсон ашиг хуримтлалаа гадагш зөөж, мөнгөний ханшийг унагаагчдын бодлогоор хөөрөгдөж  ирэв.
Үндэснийхээ эдийн засгийг өөрийгөө  нөхөн сэргээх чадваргүй, болтол сулруулж, гадаадын зээл, “өрийн эргүүлэг”-т оруулан, ирээдүй хойч үеийн амьдралыг өрийн барьцаанд тавьж “мөнгө угаах” нь хэвшсэн бодлого болов. Олигархи засаглалын эцсийн үр дүн нь нэг талдаа эгэл иргэдийн амьдрал хүндэрч, амьдралын замаа эхэлж буй залуучууд “малиндуулж”, байгаад ч болов гадаадад гарахыг зорих нь олширч байхад, нөгөө талд нь үндэсний баялаг цөөхөн олигархийн гарт орж, тэдний ноёрхлын баталгаа болов.
Олигархиуд төрийн эрх мэдлийг авахдаа хутга барьж, буу шагайж ирээгүй. Тэд хуучин нийгмийн тогтолцооноос монголчуудын сэтгэлгээнд үлдсэн НАМ шүтэх үзлийг зайдалж, намуудыг мөнгөөр угжин, толгойг нь эрхшээн төрийн сонгуульд намыг төлөөлөн нэр дэвших аргыг сонгосон юм. Сонгогчид  Үндсэн хуулиар баталгаажсан төрөө сонгох эрхээ эдэлж байна хэмээн нэр дэвшигчдийг шүүж тунгаахыг хичээх боловч гол нэр дэвшигчдийн өнгө нь бор,шар болохоос уг чанартаа адилхан “хулгайч чоно” байдаг нь сонгуулиас сонгуульд улам тодорхой болж ирэв.
Энэ бүхнийг цогцоор нь  авч үзвэл, одоогийн Монголын нийгмийн хамгийн гол асуудал нь олигархи засаглалыг төргүүлэгч тогтолцоог  өөрчлөх явдал мөн гэсэн дүгнэлтэд хүрнэ. 1992 оны Үндсэн хуульд “Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн цогцлуулан  байгуулахыг зорино” хэмээн тунхагласан атал одоогийн байдлаар баялгийн шударга бус хуваарилалт, эрх мэдэлтэй олигархиудын хуульгүй ноёрхол, авлигажсан төрийн тогтолцоо газар авсаар байна. Өөрөөр хэлбэл, Монголын нийгмийн байгуулал Үндсэн хуульд тунхагласан мөн чанараасаа гажуудсан, хүн төрөлхтний түүхэнд тийм ч олон тохиолдоогүй бурангуй тогтолцоонд шилжиж байна.
 
2.Тогтолцооны гажуудал, 1992 оны Үндсэн хууль
 
1990-1992 онд монголчууд шинэ нийгмийн замналыг сонгохдоо олигархи засаглалтай, зэрлэг капитализмыг зориогүй, хүсээгүй. Эрх чөлөөтэй, шударга нийгмийг хүссэн. Тэр хүслээ Үндсэн хуульдаа шингээж, Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоохыг тунхагласан. Гэвч энэ л Үндсэн хуулийн орчинд, энэ л Үндсэн хуульд үнэнчээ илэрхийлж тангараг өргөсөн төрийн ноёд, түшээдийн үйлсээр олигархи засаглалын ялзарсан тогтолцоо төрж төлөвшиж байна. Иймээс 1992 оны Үндсэн хууль олигархи засаглал төрөх боломжийг агуулдаг уу гэсэн асуулт аяндаа гарна.
Удирдахуйн шинжлэх ухаанд нэн нэр хүндтэй “Мэрфийн хууль”-д  өгүүлэх нь:
 
-Нэгэн зүйл. Хэрэв аливаа шийдвэр буруу, зөв хэрэгжих хоёр боломжийг агуулж байгаа бол эхлээд заавал буруу хэрэгжинэ.
– Нэгэн зүйл.Хэрэв таны шийдвэр хүсэмгүй үр дүнд хүргэх бол тэр нь хамгийн эгзэгтэй цаг үед хамгийн хүнд уршигтай илэрнэ гэжээ. Өөрөөр хэлбэл, аливаа шийдвэр буруу ойлголт, үйлдэл төрүүлэх цоорхойгүй байх ёстой гэсэн үг л дээ. 1992 онд Үндсэн хууль батлахдаа Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоёр шаттай парламентаас татгалзаж, 76 хүнтэй парламентыг “төрийн эрх барих дээд байгууллага мөн” хэмээн тогтоож,түүнийг эзэгнэх эрхийг улс төрийн намуудад өгсөн юм. Энэ нь нийгмийг одоогийн гажуудалд хүргэх магадлалын хоёр хаалга нээжээ. Тухайлбал,
 
1.Ард иргэдийнхээ санаа бодол,хүсэл тэмүүллийн хамгийн өргөн төлөөлөл болох чадвартай АИХ-аас татгалзсанаар төрийг иргэдээс нь салгах анхны том алхам хийв.
2.Тэр үеийн намууд улс нийгмийн зам мөрийн талаарх үзлээрээ нэгдсэн иргэдийн улс төрийн байгууллага байлаа. Гэтэл 20 жилийн дараах либерал орчинд улс төрийн намууд биеэ үнэлэн худалдаж, олигахи бүлэглэлийн эрхшээлд орж, тэдний эрх мэдэлд хүрэх гишгүүр болсон нөхцөлд буюу “нам”-ууд нэртэй “мам”-ууд төрсөн нөхцөлд төр байгуулахад оролцох онцгой эрх нь хэрхэн буруу ашиглагдахыг 1992 онд урьдчилан харахад нэн бэрх байжээ.
 
Одоогийн Үндсэн хуульд 1999-2000 оны “Доройтуулсан долоон заалт” онцгой үүрэг гүйцэтгэдэг. 1992 оны Үндсэн хуульд Ерөнхий сайдыг эрх баригч нам Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д Ерөнхийлөгч санал оруулахаар тогтоосон байсан. Гэтэл дээрх өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө” гэсэн ойлголтыг бичиг цаасаар мэдэгдэх төдийгөөр хязгаарлаж, Монгол төрийн нэн их хариуцлагатай албан тушаалтныг Төрийн тэргүүний байр сууриас гадуур шийдэх боломжийг нээсэн юм. Ингэснээр төрийн удирдлагын нэгдмэл байдалд гүн гүнзгий ангал үүсэх нөхцөл бүрдүүлсэн. Энэ нь Ерөнхийлөгчийн байр суурийг сулруулаад зогсохгүй Ерөнхий сайдын дархлааг сулруулж, УИХ-ын зарим “гаж донтон” гишүүд дураар авирлах боломж олгосныг олонтаа харлаа. Түүнээс гадна, сүүлийн 20-оод жил УИХ-ын сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болно гэсэн бичигдээгүй хууль Үндсэн хуультай зэрэгцээ үйлчлэх боллоо. Ийм нөхцөлд сонгуульд оролцогч намууд худал хуурамч амлалтаар сонгогчдоо мэхэлж, мөнгө хөрөнгийн бэлээр санал авах нь улс төрийн ёс суртахууны хэвийн хэм хэмжээ болж, олигархиуд намын даргын суудлын төлөө мөнгө хайрлахаа больсныг нийтээр үзсээр ирлээ.
Одоогийн Үндсэн хуульд улс орны амьдралын нэг гол үндэс болсон санхүүгийн засаглалын дүрмийг тогтоосон хариуцдагын заалт байхгүй. УИХ нь Засгийн газраас оруулсан улсын төсвийн төслийг яаж ч өөрчилж болж байна. Жилд бүтээсэн үндэсний баялгийн 40 хувийг улсын төсвөөр дамжуулан хуваарилдаг. Ийм нөхцөлд ашиг сонирхлын явцуу бүлэглэлүүд  төрийн эрх мэдэлд хүрч, төсвийн хуваарлилтад оролцох нь “хүслийн дээд”  болох нь ойлгомжтой. Үндсэн хуулийн энэ “цоорхой” нь төрийн эрх мэдлийг арилжааны бараа болгоход нэг  гол үүрэг гүйцэтгэсэн. Арилжаа бол олигархиудын мэддэг чаддаг гол үйл ажиллагаа билээ. Одоогийн Үндсэн хуульд Монгол Улсын  Ерөнхийлөгч нь  Төрийн тэргүүний хувьд төрийн салаа салбаруудын бодлого, үйл ажиллагааг нэгтгэн зангидах чиг үүргийг тодорхой заагаагүй юм.Төр хэмээгч организм нэгдмэл  цогц чанартай байхын тулд түүний салаа мөчрүүдийн үйлдэл хөдөлгөөн нэгдмэл зохицуулалттай байх нь амьд бүхний оршихуйн хуулийн үндсэн шаардлага мөн  билээ. Төрийн салаа салбаруудын бодлого, үйл ажиллагаа уялдаа, зохицуулалтгүй  байдал нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хооронд үл ойлголцол, зөрчил үүсгэж, улс нийгмийн  эрх ашигт  ноцтой хохирол учруулах явдал сүүлийн 10 жил олон удаа тохиолдлоо.
 
Одоогийн Үндсэн хуулийн нэг гол сул тал нь эрх мэдэлтнүүдийн дархлааг хавтгайруулан, төрийн дээд эрх мэдэлд авилгач, луйварчид шургалж, хуулийн гадуур авирлан, хууль тэгш, шударга үйлчлэх зарчмыг хөсөр хаях боломж олгож байгаа явдал юм. Үүний нотолгоо нь одоогийн нийгмийг бухимдуулж байгаа гэмт үйлдлүүд болно. Одоогийн Үндсэн хууль нийгмийн амьдралын суурь зарчмуудыг хэрэгжүүлэхэд агуулга, чанар мөхөсдөж, төрийн тогтолцоог сулруулж байгаа  нь нийгмийн тогтолцооны гажуудал буюу олигархи ноёрхолтой зэрлэг капитализмын замналаас гарахын тулд Үндсэн хуульд гүнзгий өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
 
3.Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл, түүний төрөлхийн согог
 
Улс орны амьдралын зохион байгуулалтын үндэс болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл зохиогчид нийгмийнхээ бодит байдалд гүн гүнзгий дүн шинжилгээ хийж, өөрчилж байгаа эрх зүйн орчноос үүссэн алдаа, гажуудлын сургамжийг бүрэн анхаарсан байх нь уг төсөл амьдрах чадвартай байхын наад захын шаардлага мөн билээ. ХХ зууны эхэн үеийн немцийн нэрт улс төрийн зүтгэлтэн Бисмарк “Зөвхөн тэнэг этгээд гагцхүү өөрийн алдаанаас сургамж авдаг” гэж сургасан буй. Энд бусдын алдаанаас сурахын чухлыг заахын зэрэгцээ нэгэн зүйл стандарт тогтоосон нь нэн чухал. Бисмаркийн ойлголт дахь “тэнэг этгээд” гэдэг нь бас ч алдаагаа ойлгох,түүнээс сургамж авах чавартай байх ажээ. Гэтэл энэ цагийн стандартаас дор тохиолдол цөөнгүй. Хэрэв аль нэг этгээд:
-алдаагаа ойлгоогүй бол,
-алдаагаа амжилт хэмээн бахархдаг бол,
-өөрийн алдаан дээр бусдын алдааг нэмж лавшруулдаг бол тэр этгээдийг хэн гэх вэ?
 
Монголчууд бид одоогийн Үндсэн хуулийн баталснаас хойш өнгөрсөн 27 жилд олсон ололт ч бий. Алдсан алдаа ч цөөнгүй.Тухайлбал:
-Хүмүүнлэг,иргэний, ардчилсан нийгмийг зорино гээд олигархи засаглалтай зэрлэг капитализмд хальтарсан,
-“Азийн бар” болно хэмээн зүтгээд гадны гар харсан “хав” загварын хараат эдийн засагтай болсон,
-Хууль дээдэлсэн, шударга, ардчилсан төртэй болно гээд авлигад идэгдэж, төрийн дээд байгууллага  (УИХ)-ын гишүүдийн гуравны хоёр нь луйвар хийдэг төртэй болох хүртэл доройтсон,
-Хүн ардаа эрх чөлөөтэй, элбэг хангалуун амьдралд хүргэнэ гэсэн атал үндэсний баялаг цөөн бүлгийн мэдэлд хураагдаж, эгэл иргэд өрийн сүлжээнд торлогдон, нийгмийн баялгийн тэгш шударга хуваарилалт алдагдсан,
-Гадны бизнестэй үр ашигтай түншилнэ гээд эрдэнэс баялгийнхаа дээжийг хамж өгөөд өртэй хоцорч байгаа гэх мэт үеийн үед үл мартах алдаа монголчууд бидний одоогийн болон хойч үеийнхний зүрх, тархинд шингэсэн хатуу сургамж үлдээсээр байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцэж буй төслийн  зохиогчид ч энэ бүх сургамжийн гадна үлдэх эрхгүй.  УИХ-ын хэлэлцэж буй төсөлд хөндсөн асуудлыг ард иргэд шүүн тунгааж, учир шалтгаан, үр дагаврыг нягталж байгаатай холбогдуулан зарим гол өөрчлөлтийг лавшруулан  шинжлэх шаардлагатай  гэж үзэж байна. Үүнд:
 
1.Үндсэн хуулийн өөрчлөлийн төсөлд Засгийн газрын гишүүдийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж,чөлөөлж, огцруулах бөгөөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах талаар Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ гэж оруулна. УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавибал шинэ Ерөнхий сайдын нэрийг “хамтад нь албан ёсоор тавибал”, УИХ гурав хоногийн дотор шийдвэрлэнэ гэжээ. Төсөл зориогчид энэ саналаа эрх мэдлийн хуваарийг тэнцвэржүүлж төрийг хямрал, доройтлоос аврах гол гарц хэмээн тайлбарлаж байна. Энэ байр суурийг туулж өнгөрүүлсэн зам мөрийнхөө сургамжийн талаас шүүвэл нэн эргэлзээтэй ажээ. Учир нь, нэг талаас Монголын нийгэм , эдийн засагт тохиолдсон буюу нүүрлэсэн  бүх хүндрэл хямрал Засгийн газрын тогтворгүй байдлаас илүүтэй,  УИХ-ын овилгогүй бодлого, хууль тогтоомжоос үүдэлтэй нь бодит үнэн. Нөгөө талаас Засгийн газрыг тогтворгүйжүүлэн бусниулагч гол субъект нь УИХ өөрөө мөн билээ. 1996 оноос хойш Засгийн газар 13 удаа солигдохдоо  дөрвөн удаа бүрэн эрхийн хугацаа дуусч, есөн удаа огцруулах санаачилга гарч   УИХ-аас асуудал шийдэхэд   гарчээ. Ингэж Засгийн газрыг тогтворгүйжүүлэхэд сайд нарын урвалтыг хоёр удаа ашигласан байх юм.
Ерөнхий сайдыг унагах, сайдуудыг хольж хутгах тохиолдол бүр  зөвхөн албан тушаалын гаж дон туссан этгээдүүд юм уу, төсвийн эрх барьж өрөм хусам долоох сонирхол төдийхнөөс гараагүй. 2006 онд Монголын эдийн засаг бүхэл зууны түүхэндээ анх удаа тэнцвэржин тогтворжсон үе эхэлмэгц УИХ-ын нэг гишүүн, нэг намын дарга сайдын өрөөнд орж, “Та огцор. Би Ерөнхий сайд болмоор байна” хэмээн гонширсоор засаг унагаж, Монголдоо анхны олигархиудын цуглуулга “цоохор” Засгийн газар байгуулж байлаа Түүний шууд үр дүн нь 2008-2010 оны эдийн засгийн хүнд хямрал байлаа. 2014 онд Монголынхоо эдийн засгийн тусгаар тогтнолыг бусниулаад зогсохгүй газар нутгаа  гадаадынханд дуудлагаар худалдахыг завдсан Засгийн газрыг буулгасны дараа шинэ Ерөнхий сайдыг томилох болоход эрүүл улс төрийн хүрээнийхний огт хүлээгээгүй, гадаадын баячуудын гал тогооноос томилогдсон хүн төрийн энэ өндөр албыг эзэлж байлаа. Түүний шууд үр дагавар нь “Дубайн гэрээ” хэмээн нэрлэгдэх болсон үлэмж хохиролтой тохиролцоо юм. Монгол Улс түүхэндээ анх удаа асар том газар нутаг, үнэт баялгаа гадаадын этгээд, гадаадын банкнаас авах зээлийн барьцаанд тавьж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа эргэлзээтэй болгов. Төр, засаг одоо хүртэл энэ үйлдлийн үнэнийг ард түмэндээ хэлж чадахгүй байгаа нь нэн сэжигтэй, нэн харамсалтай.
 
Төрийн эдийн засгийн бодлогын гол зангилааг барьдаг Сангийн сайд, Уул уурхайн сайд зэрэг гол салбарын сайд нарыг сонгож, томилж ирсэн намтар ч нэн харуусалтай. Эдгээр салбарын сайдаар мэргэжлийн бус хүмүүсийг томилсон тухай бүрд улс орны эрх ашгийг хохироосон үйлдэл гарч байсны нэг баримт нь Оюутолгойн гэрээ мөн билээ.
 
Өнгөрсөн 20  жилийн зам мөрөө эргэн харвал, Монгол Улсын Ерөнхий сайд, сайд нарын томилолтод үндэсний аюулгүй байдлын түвшинд хандах цаг нэгэнт болжээ. Гэтэл “төрийн дээд байгууллага” хэмээдэг УИХ асуудлыг бүр сул тавьж байгаа нь нэн харамсалтай. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл зохиогчид Бисмаркийн тодорхойлсон “тэнэг” гэдэг ойлголтоос 2-3 шат доогуур сэтгэж дээ. Энэ замаар явбал хэзээ нэгэн цагт Монгол сайдын суудал бизнес бүлэглэлүүдийн захиалгат бараа болох юм уу “овсгоотой” Ерөнхий сайдын гэр бүл, төрөл садангийнхны өргөмжлөл болохыг ч үгүйсгэх үндэсгүй. Ийм байдалд дөхсөн тохиолдол бий шүү дээ.
Төсөл зохиогчид төрийн сайдын томилгооны талаар тавьж байгаа саналын далд утга үүгээр хязгаарлагдахгүй ажээ. Төсөл ёсоор Ерөнхий сайдыг огцруулах санаачлага гаргагчид УИХ-д саналаа оруулахдаа шинэ Ерөнхий сайдын нэрийг хамт өргөн барьж түүнийг нь УИХ хэлэлцэх юм гэнэ. Уг нь одоогийн Үндсэн хуулиар төрийн эрх баригч улс төрийн намын дээд байгууллага энэ саналыг гаргаж, нэрийн төдий ч болов Ерөнхийлөгчтэй зөвшдөг билээ. Гэтэл Засгийн газрыг унагахыг сонирхогчид ийм эрх эдэлдэг болох гэнэ. Ерөнхий сайдыг огцруулахыг санаачлагчид хэрхэн ямар замаар хэнийг нэр дэвшүүлж, ямар хуйвалдаан зохиохыг бурхан ч мэдэхгүй нь лавтай. Төсөл зохиогчдын санал хэрэгжвэл Монгол Улсын Засгийн газар хуйвалдааны бай болж, төрийн задрал мөхөл нүүрлэхийг л баталгаатай хэлж болно.
 
2.Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн нэг гол чиглэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, түүний улс төрийн нөлөөг бууруулахад чиглэж байна. Энэ санаархал шинэ зүйл биш юм. Бүх ард түмнээсээ шууд сонгогдсон Ерөнхийлөгч хэлд байтугай хөлд ороогүй неолибералууд төрөөр тоглоход нь саад болж байгаад л хамаг учир бий. Чухамхүү ийм шалтгаанаар “Үндсэн хуулийг доройтуулсан долоон заалт” гэгч төрсөн билээ. Үүний уршгаар Монгол төрд гүн хагарлын суурь тавигдсаныг өмнө өгүүлсэн. Одоо төсөл зохиогчид Ерөнхийлөгчөөс УИХ-ын шийдвэрт хориг тавих, УИХ-ыг тараах санал тавих эрхийг хасах, Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д оруулах эрхийг хасах, гадаад харилцаанд улсаа төлөөлөх бүрэн эрхийг хасах, гэрээ хэлцэл байгуулах эрхийг тухай бүр УИХ-аас хууль баталж олгох, Ерөнхийлөгч хоёр удаа сонгогдох эрхийг хасч, нэг удаа зургаан жилийн хугацаатайгаар  сонгох, Ерөнхийлөгчийн сонгуульд 55-аас дээш насны иргэн нэр дэвших санал оруулж байна. Үүнийг “Үндсэн хуулийн аргаар төрийн эргэлт хийх” оролдлого гэхээс өөрөөр ойлгоход хэцүү.
Бүх ард түмнээс  сонгогддог Ерөнхийлөгчийн байр суурийг сулруулж, билэгдлийн төдий хэрэг болговол, төрийн толгой неолибералуудын шүтээн болсон эдийн засаг, улс төрийн “алуурчдын” гарт норох нь дамжиггүй. Манай улстөрчдийн дунд “Монгол бол парламентын засаглалтай орон мөн” гэсэн ойлголт нэлээд түгээмэл бөгөөд тэд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, “сонгодог парламентын засаглалд” шилжвэл цэнгэлийн манлайд хүрнэ гэж үздэг юм. Одоогийн Үндсэн хуулийн нөхцөлд хэмжээлшгүй эрхтэй, ямар ч хариуцлага хүлээдэггүй, хууль давсан баталгаатай 76 хүнээс бүрдсэн парламент буюу УИХ ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн цөөнгүй нь тойргийн сонгогчдынхоо 30 хувь хүрэхгүй саналаар сонгогддог билээ. Тэгэхдээ “царцаа нүүлгэж”, “цалин тараасан” хүмүүс ч цөөнгүй.УИХ-ын 75 гишүүний гуравны хоёр нь  баримтаар тогтоосон “сэжигтэн” болчихоод байхад “сонгодог парламент” хэмээн улиглах нь амьдралаас дэндүү хөндий ажээ. Хэдэн хувь нь луйварчин болж байж “сонгодог парламент”болох вэ? Бидний амьдарч буй Монгол Улс бол 800 жилийн  тэртээ Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын голомт, өв залгагч юм. Чингис хаан төрийн тэргүүний үүргийг хүлээхдээ “Би хадаас болж төрийг бэхлэн сахиж, аргамжаа болж улсыг барин хатуужсу” хэмээн төрийн тэргүүний үндсэн чиг үүргийг тодорхойлон тангарагласан нь Монголын төрт ёсны суурь зарчим болсоор ирсэн бөгөөд монголчууд ийм итгэл сэтгэлээр Ерөнхийлөгчөө сонгодог юм.
 
Төсөл зохиогчид Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг 55-аас доошгүй хэмээн тогтоох санал гаргажээ. Энэ хязгаарлалтыг “үнэн ба зөв” гэвэл, 27 насандаа Хамаг Монголын хаан, 43 насандаа Их Монгол Улсын хаан болсон Чингис хаан (Тэмүүжин), 28 насандаа төр улсаа сэргээн төвхнүүлсэн Д.Сүхбаатар болон идэр залуугаасаа төрд үнэнч зүтгэсэн түүхэн хүмүүс түүхийн эндүүрэл болох нь л дээ.
 
Улс үндэстэнд хүнд бэрх сорилт тулгарсан цаг үед чухамхүү идэр залуу пассионарууд түмэн олноо эргүүлж, хямрал доройтол, мөхөл сүйрлээс авардаг нь хүн төрөлхтний түүхийн үнэн. Монгол орон залуучуудын орон билээ. Төрийн өндөр суудалд хонгоо дайрттал сууж мөлийсөн, хэн нэгний төлөө залуучуудынхаа замыг хаах хэрэггүй байлтай.
Өтөл миний бие 10-аад жилийн өмнө БНХАУ-ын нэгэн үеийн удирдагч Дэн Сяопиний зохиолын III ботийг (уйгаржин монголоор) үсэглэж суухад тэр хүн төрийн удирдагчийн нас, ажиллах чадварын талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа:
“60 нас хүрсэн хүн маш сайн ажиллана. 70 гараад сайн ажиллана. 80 гараад бас сайн ажиллаж болно” гэж хариулсан байж билээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл зохиогчид энэ номлолыг дагасан байж болох юм. Монголын орчин нөхцөл өөр шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл зохиогчид эрх биш улс орон,нийгэм төрдөө тустай шийдэл олохыг зорьсон байлгүй дээ. Гэвч бүтэлгүй санаа даанч олон аж. Барууны зарим орны хүмүүс “Тамд хүрэх замыг бүтэлгүйтсэн буянт санаархлын сэг дэвсэж зассан байдаг” гэж ярьдаг гэнэ лээ. Санаж явахад илүүдэхгүй сургааль юм уу даа.
 
4.Цаг хугацаанд хавчигдсан шийдэл
 
Үндсэн хуулийн өөрчлөлтийн одоогийн төсөл бүхэлдээ хэрэгжих магадлал байхгүй. Учир нь, Үндсэн хуулийн аргаар төрийн эргэлт хийхийг нийгэм зөвшөөрөхгүй. Тэгээд ч “муу дээр муу нэмэр, муухай дээр улцан нэмэр” гэгчийн үлгэрээр одоо нэр төр нь үлэмж сэвтээд байгаа УИХ явцуу эрх ашгийн төлөө нийгмийн сөргөлдөөнд түлхэх нь утгагүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл улс нийгмийн амьдралд тулгарсан гол зангилаа асуудлыг зөв оноож шийдэл олж чадсангүй. Бурханы сургаальд “Зовлонгоос ангижрахын тулд зовлонгийн шалтгааныг устга” гэдэг юм билээ. “МАНАН” загварын олигархи засаглалыг тэргүлэгч тогтолцоо бүхэл бүтнээрээ цэцэглэсээр үлдэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг олигарх засаглалыг төрүүлэгч тогтолцоог өөрчлөх түвшинд боловсруулж шийдэх цаг хугацааны нэгэн мөчлөг өнгөрч байна. Жил хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын  болон  нутгийн удирдлагын сонгууль болно. Бас л урьдын адил худал амлалт, хэрүүл тэмцлээр нийгэм бялхаж, бурхан царайлж буян амласан зүтгэлтнүүд тодрох биз. Энэ бол гутранги төсөөллийн зураглал биш ээ. 2008-2016 оны хооронд төр барьсан улс төрийн намууд эдийн засгаа дампуурлын ирмэгт хүргэсэн алдаагаа хүлээн зөвшөөрч дүгнэлт хийгээгүйгээр үл барам харин ч магтан сайрхах хандлага олонтаа гарч байгаа, нам дамжсан мафиоз маягийн олигархи бүлэглэлүүд устаагүй байгаа, нийгмийг доргиосон эрх мэдэлтнүүдийн олон том буруутай үйлдлүүддээ хуулийн дагуу, шударга ёсны үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байгаа, төрд чиглэсэн шуналын бохирыг дамжуулагч гол суваг болж байгаа улс төрийн намуудын хариуцлага,эрх зүйн орчныг өөрчлөөгүй байгаа, төрд сонгогдсон эрхмүүдийн шударга бус, хэтэрхий хавтгайрсан дархлаа хэвээр байгаа зэрэг нь ийм таамаглалын үндэс болж байна. тэгэхдээ монголчуудтөрөө ариусгахын төлөө Ерөнхийлөгч,Ерөнхий сайд, УИХ-ын эх оронч,шударга гишүүдийн тэмцэлд итгэж  найдаж, дэмжиж амжилтад хүргэхийг хүсэн хүлээж байна. Энэ шугам дээр ахиж урагшлахын тулд дараах гурван чиглэлээр хүч чармайлт тавих нь цаг хугацаанд хавчигдсан одоогийн нөхцөлд зөв үр дүнд хүргэж болох юм. Үүнд:
 
1.-“Азийн бар” болно хэмээн зүтгээд гадны гар харсан хав загварын хараат эдийн засагтай болсон. Хууль дээдэлсэн, шударга, ардчиллын төртэй болно гээд авлигад идэгдэж, төрийн дээд байгууллагын (УИХ)-ын гишүүдийн гуравны хоёр нь луйвар хийдэг төртэй болох хүртэл доройтсон.
 
-Хүн ардаа эрх чөлөөтэй, элбэг хангалуун амтдрал хүргэнэ гэсэн атал үндэсний баялаг цөөн бүлгийн мэдэлд хураагдаж, эгэл иргэд өрийн сүлжээнд торлогдон, нийгмийн баялгийн тэгш шударга хуваарьлилт алдагдсан.
-Гадны бизнестэй үр ашигтай түншилнэ гээд эрдэнэс баялгынхаа дээжийг хамж өгөөд өртэй хоцорч байгаа гэх мэт үеийн үед үл мартах алдаа Монголчууд бидний
одоогийн болон хойч үеийнхний зүрх, тархинд гингэсэн хатуу сургамж үлдээсээр байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцэж буй энэ бүх сургамжийн гадна үлдэх эрхгүй.  УИХ-ын хэлэлцэж буй төсөлд хөгжсөн асуудлыг ард иргэд шүүн тунгаан, учир шалтгаан, үр дагаварыг нягталж байгаатай холбогдуулан зарим гол өөрчлөлтийг давшруудан, шинжлэх шаардлагатай  гэж үзэж байна. Үүнд:
1.Үндсэн хуулийн өөрчлөлийн төслөөс нийгмийн амьдралын өдөр тутмын зохицуулалттай холбоотой хот, тосгодын эрхзүйн орчин,шүүх засаглалын өөрчлөлт зэрэг асуудлыг тусгайлан авч УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх. Ингэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн үйлчлэлийг 2022 он хүртэл зогсоох зайлшгүй шаардлагатай.
2.Үндсэн хуульд өөрчлөлт хийх төсөл боловсруулах ажлын бүлгийг Ерөнхийлөгчийн алба, УИХ-ын ХЗБХ, Засгийн газрын ХЭГ-ын төлөөлөл хуульч, улстөрч, эрдэмтдийн  оролцоотойгоор шинэчлэн байгуулж, Ерөнхийлөгчийн  удирдлага дор ажиллуулан, шинэ төслийг 2021 онд багтаан УИХ-аар хэлэлцүүлж, бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх,
3.2020 онд сонгуулийн дараа Засгийн газар бүрдүүлэхээс эхлэн сайдуудад нэр дэвшүүлэх Ерөнхий сайдын бүрэн эрхийг аливаа нам, бүлэглэлийн нөлөөнөөс хамгаалж, дархлаажуулан нэр дэвшигчдийг УИХ-ын чуулганы нээлттэй хэлэлцүүлэгт оролцуулсны дараа томилж, баталгаажуулах болон сайдыг огцруулах, чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд бие даан шийдвэрлэж, учир шалтгааныг долоо хоногийн дотор Ерөнхийлөгч,  УИХ-д мэдээлдэг байх асуудлыг Үндсэн хуульд халдахгүйгээр хуульчлан шийдэх,
Асуудлыг ингэж шийдэх нь одоогийн төгс бус төслийг тойрсон маргаанаас салж, тэртэй  тэргүй нийгмийг зөрчил сөргөлдөөнд хүргэх төслөөр олон түмний санал асуулга явуулж хүч хөрөнгө үрж, нийгмээ түйвээхээс зайлсхийх оновчтой гарц болно гэж үзэж байна.
 
 Эртний сударт өгүүлсэн  нь:
 
“Зөв үзлээс төрсөн
Зөв үйлийг
Зөв сэтгэлээр
Зөв зүтгэлээр бүтээж болно”  гэжээ.
Үндсэн хуулийн өөрчлөлтөд энэ номлолоор хандвал амжилтад хүрч болно.
 
 
Ерөнхий Сайд асан Д.Бямбасүрэн