УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг сар орчмын хугацаанд хийж дууссан. Хоёрдугаар хэлэлцүүлгээр УИХ-ын 62 гишүүний зүгээс өргөн барьсан хуулийн төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг нэгтгэн хэлэлцсэн бөгөөд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулсан 150 орчим зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгасан юм. Ингэснээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөгт оруулахыг дэмжих эсэх тухайд ард нийтийн санал асуулга явуулахаар болоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа.
 
-УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Зарим гишүүний зүгээс тал талын байр суурийг боломжтой хэмжээгээр нь тусгасан, амжилттай хэлэлцүүлэг болсон хэмээн дүгнэж байна. Харин таны хувьд хэрхэн дүгнэх вэ?
 
-Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг амаргүй, түүхэн үйл хэрэг. Өндөр босготой, олон талаас нь ярих ёстой. Тиймээс сүүлийн гурван сарын хугацаанд хэлэлцэж байна. Зүйл, заалт бүрийнх нь таслал, цэг, утга санаа, үг, өгүүлбэр, найруулгын хувьд маш зөв болгох хэрэгтэй. Ер нь хүнд нөхцөлд хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Үндсэндээ гуравдугаар хэлэлцүүлэг гэж байхгүй. Яагаад гэвэл, гуравдугаар хэлэлцүүлэг хийлгүйгээр Ард түмний санал асуулга явуулахаар болж, Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн төслийн эхийг баталлаа. Уг нь гуравдугаар хэлэлцүүлэг явуулбал, ирц нь 64 хувь, нийт гишүүний 57 нь буюу дөрөвний гурав нь санал өгч байж батлах учиртай юм. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 40 орчим зүйл, заалтыг өөрчилж байна. Энэ бол маш том өөрчлөлт. Тиймээс энэ удаагийн Үндсэн хуулийг сайжруулж чадсан гэж бодож байна.
 
 
Монголын ард түмний төрд итгэх итгэл алдарч байгаа энэ үед төрийг хариуцлагатай байлгах үүднээс хэд хэдэн заалт тусгаж өгсөн. Тодруулбал, шүүх засаглал, УИХ-ын гишүүнийг хариуцлагатай болгох, орон нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэх, хотын статус болон дордуулсан гэх долоон өөрчлөлтийг засч орууллаа. Зарим хүний гаргарсан санал орж чадаагүй ч миний оруулсан хотын статусын асуудлыг Үндсэн хуульд тусгасан.
 
 
-Гуравдугаар хэлэлцүүлэг явуулахгүй гэлээ. Тэгэхээр Ард нийтийн санал асуулгаар олон нийт Үндсэн хуулийг дэмжинэ гэсэн санал өгвөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг шууд баталчихна гэж ойлгож болох уу. Хэрэв олон нийт дэмжихгүй гэсэн санал өгчихвөл үйл явц цаашид хэрхэн өрнөх вэ?
 
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмэн дэмжинэ гэдэгт итгэж байгаа. Хэрвээ дэмжихгүй бол Үндсэн хуульд найман жил гар хүрэхгүй болно гэсэн үг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй бол төр, засаг улам л цаашаа хямралд орно шүү дээ. УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль болоход маш бага хугацаа үлдлээ. Ирэх сонгуулиар одоогийнх шиг 64 хүн нэг намаас сонгогдохгүй гэж харж байна. Нэг нам үнэмлэхүй олонх болсон энэ үед л Үндсэн хуулиа өөрчлөх боломжтой гэж харж байгаа. Энэ удаад Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад явах нь зүйтэй юм.
 
-Үндсэн хууль хэлэлцэх явцад УИХ-ын чуулган товлосон хугацаандаа хуралдахгүй тохиолдол олон удаа гарлаа. Яагаад товлосон хугацаандаа хуралдахгүй байв. Ирц бүрдэхгүй, санал нэгдэхгүй зүйл байв уу?
 
-УИХ-ын нэр бүхий гишүүдээс стратегийн орд газрыг ашиглахдаа төрийн эзэмшил нь 51 хувь байх ёстой гэсэн санал гаргасан. Үүнд стратегийн орд газрын 51 хувийг төрд авна, авахгүй, хөрөнгө оруулалтууд байх уу гэх зэрэг маргаантай асуудал байсан. Үүнийгээ Байнгын хороо, ажлын хэсэг дээр нэг талдаа гаргаж, томьёоллоо зөв болгон шийдвэрлэлээ. Тухайлбал, байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх хувь нь төрд ногдохоор байна гэдэг байдлаар томьёолсон.
 
Дийлэнх гэдэг нь 50+1 гэсэн агуулгаар ойлгоно. Стратегийн ордыг ашиглахдаа байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд хүртээмжтэй байх гэдэг агуулгаар нь өөрчилсөн.  
 
Нөгөө талаас Ард нийтийн санал асуулгыг хэзээ зохион байгуулах, ямар хугацаатай явуулах тухайд олон талаас нь нухацтай ярих зүйл байлаа. Түүнээс биш гишүүдийн ирц хүрэхгүй байгаа асуудал үүсээгүйг онцлон хэлье.
 
-Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан төслөө эргүүлэн татсан. Энэ нь хууль эрх зүйн хувьд боломжгүй талаар зарим хүн байр сууриа илэрхийлж байна. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?
 
-Ерөнхийлөгчийн оруулсан саналын заримыг нь дэмжээд явуулсан. Тус саналуудыг Ерөнхийлөгч оруулж ирсэн боловч Ажлын хэсгийн дүгнэлт болоод явсан. АН-ын зөвлөлийн оруулсан саналын заримыг мөн дэмжсэн. Энэ нь ч мөн адил Ажлын хэсгийн дүгнэлт, санал болчихсон. Тиймээс одоо бол Ерөнхийлөгчийн болон АН-ын зөвлөлийн санал гэсэн зүйл байхгүй. Ажлын хэсгийн санал л гэж бий. Өнөөдөр улс төрийн байдал амаргүй харагдаж байна. Ерөнхийлөгч, АН болон бусад нам Үндсэн хуулийн эсрэг талд гарч байна. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэрхэн цаашаа явуулах талаар л ярилцах хэрэгтэй байна.
 
-Ард нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгч ард түмнээс засаглалын хэлбэрийг асуух ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдэгт хувь гишүүний хувьд та ямар бодолтой байдаг вэ?
 
-Ерөнхийлөгчийн засаглалтай байх эсэх талаар санал асуулга явагдахгүй байх гэж бодож байна. Миний хувьд энэ саналыг дэмжихгүй. Гэхдээ ОХУ, БНХАУ гээд олон улс орон Ерөнхийлөгчийн засаглалтай. Үүнээс үүдээд Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зөв гэж ярих хүн цөөнгүй байна.
 
-Та Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага”-ыг хэрхэн өөрчлөх талаарх дэд ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Мөн УИХ-д 2008 онд сонгогдсоноос хойш Эрдэнэт, Дархан зэрэг томоохон аймгуудыг хот болгох асуудлыг хөндөж ярьсаар ирсэн. Тиймээс ч таны оруулсан санал олонхын дэмжлэг авлаа. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Эрдэнэт, Дарханыг улсын хэмжээний хот болгох эхлэлийг нээлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлж эхлэхэд Дархан, Эрдэнэтийг хот болгохоор Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд тусгасан. Үүний дагуу бэлтгэл ажлыг хангана гэсэн үг. Үндсэндээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн баталсны үндсэнд Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх юм. Ингэснээр Орхон аймаг Эрдэнэт хот гэсэн нэртэй болно. Хот гэдэг доороо дүүрэг, хороотой байна. Тиймээс Хот тосгоны тухай хууль болон олон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан сайжруулж боловсруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хот биеэ даасан санхүүжилттэй байх, хотын захирагчийг ард иргэдээсээ сонгох эсэх, хотын хөгжил зэрэг олон асуудлыг цэгцэлж шийдэх ёстой. Эрдэнэт, Дарханыг хот болгосноор Улаанбаатар хотын ачаалал буурах ёстой гэж ойлгож байгаа. Уг нь хуучнаар Дархан, Эрдэнэт хоёр хот байлаа. Аймаг болгосноор давхардсан бүтэц бий болж, амьдралд нийцэхгүй зүйлүүд гарч ирсээр байгаа юм. Өнөөдөр Эрдэнэт 100 гаруй мянган хүн амтай аймаг, давхар бүтэцтэй сум гэж явж байгаа. 1990 оноос хойш хийсэн өөрчлөлт амьдралд нийцэхгүй байна гэдэг нь харагдаж байна. Эрдэнэтийн хүн амын 98 хувь нь хот болох хүсэлтэй байдаг. Ямартай ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тэдний хүсэлт биеллээ олох эхлэлийг тавилаа.
 
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин