ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн 50 жилд анх удаа газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп "Truth Social" нийгмийн сүлжээндээ мэдэгджээ. Тус үйлдвэрийг Техас муж улсын Браунсвилл хотод барихаар төлөвлөж байна.
Уг төслийн нийт хөрөнгө оруулалт 300 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд ингэснээр АНУ-ын эрчим хүчний салбарын түүхэн дэх хамгийн том төсөл болох юм. Төслийг "America First Refining" компани Энэтхэгийн эрчим хүчний томоохон корпорац болох "Reliance Industries"-тай хамтран хэрэгжүүлэх ажээ.
Шинэ үйлдвэрийг дэлхийн эрчим хүчний салбар дахь АНУ-ын давамгайллыг бэхжүүлэх стратегийн хүрээнд барих бөгөөд дотоодын шатахууны хэрэгцээг бүрэн хангах, мөн экспортын боломжийг өргөжүүлэх зорилготой юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, уг төслийг хэрэгжүүлснээр өндөр цалинтай мянга мянган ажлын байр бий болж, тус улсын аж үйлдвэрийн суурийг улам бэхжүүлэх ажээ.
“Энэ бол АНУ-ын түүхэн дэх хамгийн том хэлэлцэл юм. Америкийн ажилчид, эрчим хүчний салбар, мөн Өмнө Техасын гайхалтай оршин суугчдын хувьд том ялалт юм! Их хэмжээнийн хөрөнгө оруулж буй Энэтхэг дэх манай түншүүд болон Энэтхэгийн эрчим хүчний хамгийн том хувийн компани болох "Reliance Industries"-т баярлалаа” гэж Д.Трамп бичжээ.
Газрын тос боловсруулах шинэ үйлдвэр баригдсанаар АНУ-д олон арван жилийн турш үргэлжилсэн боловсруулах хүчин чадлын дутагдлыг арилгана гэж үзэж байна. Мөн энэ төсөл нь эдийн засгийн шууд ашиг өгөхөөс гадна дотоодын хэрэглэгчдэд эрчим хүчний үнийг тогтворжуулах, нефтийн зах зээлийн гадаад хүчин зүйлсээс хамааралт байдлыг бууруулах зорилготой байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 03 сарын 11,
2026
Сэтгэгдэл1
Дональд Трамп Хятадыг Венесуэл Иран хоёроос газрын тосыг юаниар хямд үнээр худалдан авахыг нь тас хориглож, Америк Венесуэл, Иран хоёроос доллараар газрын тос худалдан авч эх орондоо боловсруулаад эх орноо хямд шатахуунаар хангаад бусад орнуудад шатахуунаа зардаг болох юм байна. Хөөрхий арчаагүй сул дорой Хятадын Венесуэл Ираны газрын тосыг доллараар биш өөрийн юаниар хямд үнээр худалдан авч газрын тосоор юаниа баталгаажуулах гэсэн мөрөөдөл нь хэзээ ч бүтэхээргүй боллоо. Одоо Америкаас газрын тосоор Хятадын эдийн засгийг сүйрүүлж юанийн ханшийг огцом унагах болно. Хятадын ирээдүй тун бүрхэг байна.