“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьж, ярилцдаг билээ. Энэ удаа Кипр Улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай “UNFICYP” энхийг сахиулах ажиллагааны хүчний командлагчаар хоёр жил гаруйн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний хошууч генерал Б.Эрдэнэбатыг урьж, ярилцлаа.
-Та Кипр Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүчний командлагчаар ажилласан анхны Монгол генерал. Юуны өмнө үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Киприйн ажиллагаанд Монгол Улсаас анх удаа үүрэг гүйцэтгэлээ. Мөн НҮБ-д монгол офицер анх удаа хүчний командлагчаар томилогдсоноороо онцлог байлаа. Энэ нь зөвхөн хувь хүний амжилт биш, Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны олон жилийн оролцоо, туршлагыг үнэлсэн хэрэг гэж бодож байна. НҮБ-ын хүчний командлагчийн албан тушаалд томилогдох үйл явц нэлээд олон шат дамжлагатай байдаг. Эхлээд НҮБ-ээс гишүүн орнууддаа санал тавина. Тэгээд ирүүлсэн хүсэлтүүд дундаас нэр дэвшигчдийг шалгаруулж, богино жагсаалт гаргадаг. Дараа нь НҮБ-ын удирдлагуудтай ярилцлага хийж, туршлага, удирдах чадвар, олон улсын ажиллагаанд оролцсон байдал зэргийг үнэлдэг. Эцсийн шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гаргадаг журамтай. Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд бригадын генерал Баярсайхан хүчний командлагчийн орлогчоор ажилласан нь Монгол Улсаас НҮБ-ын ажиллагааны удирдах түвшний албан тушаалд ажилласан анхны тохиолдол болж байлаа. Одоо Нью-Йорк хот дахь НҮБ-ын штабт хурандаа Нямжаргал үүрэг гүйцэтгэж байна. Монгол офицерууд НҮБ-ын ажиллагаанд зөвхөн цэргийн багийн бүрэлдэхүүнээр оролцохоос гадна удирдах түвшинд ажиллаж эхэлснийг чухал ахиц дэвшил гэж харж байна.

-Олон улсын нөхцөл байдал улам л ойлгомжгүй болоод байна. Таны үүрэг гүйцэтгэсэн Кипр улс ямар онцлогтой улс вэ. Тэнд ямар нөхцөл байдалтай байна?
–Кипр бол газарзүйн байрлалын хувьд Европ, Ази, Африк гурван тивийн уулзвар орчимд байрладаг, стратегийн ач холбогдолтой арал улс. Гэхдээ түүхийн тодорхой үе шатанд улс төр, үндэстний зөрчилдөөнөөс шалтгаалан арал хоёр хэсэгт хуваагдсан байдаг. Өнөөдөр өмнөд хэсэгт нь грек гаралтай кипрүүд, хойд хэсэгт нь турк гаралтай кипрүүд амьдардаг. Энэ хоёр талын дунд НҮБ-ын хяналтад байдаг буфер бүс буюу тусгаарлах зурвас бий. Энхийг сахиулагчдын үндсэн үүрэг нь энэ бүсэд хяналт тавьж, хоёр талын хооронд зөрчилдөөн гарахаас урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлыг тогтвортой байлгах юм. Үүний тулд өдөр бүр газрын эргүүл,шөнийн эргүүл, ажиглалтын постын хяналт, агаарын ажиглалт зэрэг ажиллагааг зохион байгуулдаг. Мөн хоёр талын цэргийн командлагч нартай тогтмол уулзаж, зөрчлийг дипломат аргаар зохицуулах нь маш чухал байлаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай ажиллагааны хүрээнд цэргийн зөрчлийг 50 орчим хувиар бууруулж чадсан. Киприйн энхийг сахиулах ажиллагаа бол НҮБ-ын хамгийн удаан хугацаанд үргэлжилж буй ажиллагаануудын нэг гэж хэлж болно. 1964 оны гуравдугаар сарын 4-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас НҮБ байгуулагдаж дэлхийн олон бүс нутагт энхийг сахиулах ажиллагаа явуулсан. Гэсэн ч Киприйн ажиллагаа урт хугацаагаар үргэлжилж байна.
-Зөрчилдөөн яагаад ийм удаан үргэлжилж байна вэ. Асуудлын уг шалтгааныг юу гэж тайлбарлах уу?
–Киприйн асуудал зөвхөн цэргийн мөргөлдөөн биш. Улс төрийн том эрх ашгийн зөрчил юм. Түүхийг нь харвал, 1960 онд Кипр улс тусгаар тогтнож, шинэ Үндсэн хуулиа баталсан. Тэр үед Грекийн Киприйн талаас Ерөнхийлөгч, Туркийн Киприйн талаас Дэд Ерөнхийлөгчтэй байх, парламентын суудлыг 60:40 харьцаагаар хуваарилах зэрэг зохицуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үед Кипр нэг улс байсан ч хоёр үндэстний эрх ашгийг тэнцвэржүүлэхийн тулд ийм зохицуулалтуудыг хийж байсан.
Гэвч 1963 оны арванхоёрдугаар сард хоёр талын хооронд мөргөлдөөн гарч, түүнийг түүхэнд “Цуст Зул сар” гэж нэрлэдэг. Энэ үеэр Грекийн Кипр болон Туркийн Киприйн иргэдийн хооронд хүчтэй мөргөлдөөн өрнөж, олон мянган энгийн иргэн амь насаа алдсан.
Ингээд нөхцөл байдал хурцадсаны улмаас 1964 оны гуравдугаар сарын 4-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр Кипрт энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн байдаг. 1974 онд Грект төрийн эргэлт гарч, тэр нь Киприйн нөхцөл байдалтай давхцсан. Үүний дараа Туркийн Киприйн иргэдийн аюулгүй байдалд заналхийлэл үүссэн гэж үзэн Турк улс цэргийн ажиллагаа явуулсан. Түүхэнд энэ ажиллагааг “Аттила-1”, “Аттила-2” гэж нэрлэдэг. Үүний дараа хоёр талын хооронд мөргөлдөөн өрнөж, НҮБ-аас гал зогсоох шийдвэр гаргаж байсан. Гэхдээ энхийн гэрээ байгуулагдаагүй, зөвхөн гал зогсоох дэглэм тогтоосон хэрэг. 1974 оны хуваагдлын үед хүн амын томоохон шилжилт болсон гэдэг. Хойд хэсэгт амьдарч байсан Грекийн Киприйн 100 гаруй мянган иргэн өмнөд хэсэг рүү нүүж, өмнөд хэсэгт байсан 60 гаруй мянган Туркийн Киприйн иргэд хойшоо шилжсэн.Үүний дараа өмнөд хэсэгт ихэвчлэн Грекийн Киприйн, ортодокс шашинтай иргэд, хойд хэсэгт Туркийн Киприйн исламын шашинтай иргэд төвлөрч амьдрах болсон.Тухайн үеийн ахмад үеийн хүмүүсийн яриаг сонсоход өмнө нь хоёр тал харьцангуй эв найрамдалтай амьдарч байсан гэдэг. Харин 1974 оноос хойш сөргөлдөгч талууд 50 гаруй жил тусгаарлагдан амьдарч байгаа учраас залуу үеийнхэнд үзэл санааны ялгаа илүү хүчтэй болсон тал бий. Энэ нь боловсрол, мэдээлэл, улс төрийн нөлөө зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Ингээд арал дээр буфер бүс буюу тусгаарлах бүс бий болж, хойд хэсэг нь арал нутгийн ойролцоогоор 33 хувийг, өмнөд хэсэг нь 67 хувийг эзлэх болсон. Зарим хэсэгт хоёр талын харуулын цэгүүд хоорондоо хэдхэн метрийн зайтай, цэргүүд бие биенээ шууд харж байх хэмжээнд ойрхон байрладаг.
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үндсэн зорилго нь хоёр талын хооронд дахин мөргөлдөөн гаргахгүй байх явдал. Мөн НҮБ-ын цагдаагийн байгууллага хууль сахиулах, энгийн иргэдийн хэвийн амьдралыг сэргээхэд чиглэсэн үүрэгтэй ажиллаж байна.
Хоёр талыг нэгтгэх оролдлогыг олон удаа хийж байсан. Жишээлбэл, 2004 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Kofi Annan-ын санаачилсан энхийн төлөвлөгөө буюу “Аннаны төлөвлөгөө” яригдсан ч амжилтгүй болсон. Хамгийн сүүлд 2017 онд Швейцарын Кранс-Монтана хотод энхийн хэлэлцээ явагдсан. Тэр хэлэлцээнд хоёр тал федерацын тогтолцоотой нэгдсэн улс байгуулах асуудлыг ерөнхийдөө зөвшөөрсөн ч эцсийн шатанд гарын үсэг зурах хэмжээнд хүрээгүй. Түүнээс хойш хэлэлцээний үйл явц удааширсан хэвээр байна. 1983 онд Киприйн хойд хэсгийнхэн өөрсдийгөө “Хойд Киприйн Туркийн Бүгд Найрамдах Улс” гэж зарласан. Гэхдээ энэ улсыг одоогоор зөвхөн Турк улс л хүлээн зөвшөөрдөг. НҮБ болон олон улсын байгууллагуудын хувьд өмнөд хэсэгт байгаа засаглалыг Киприйн хууль ёсны Засгийн газар гэж үздэг. Тиймээс арал дээр улс төрийн шийдэл олох асуудал өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдээгүй байна.
-Стратегийн чухал ач холбогдолтой улс гэж байсан. Ямар учраас чухал гэж үзэж байна вэ?
–Тийм ээ. Кипр зөвхөн арал гэхээсээ илүү стратегийн өндөр ач холбогдолтой газар. Учир нь Кипрээс урагшаа Египет оршдог. Египетээр дамжин Суэцийн суваг, цаашлаад Улаан тэнгис рүү гарч, далайд нэвтрэх гарц бий. Энэ нь дэлхийн далайн тээврийн хамгийн чухал замуудын нэг юм. Мөн сүүлийн жилүүдэд Киприйн эргэн тойронд асар их газрын тос, байгалийн хийн нөөц илэрч байгаа нь түүний стратегийн ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна. Энэ газрыг эзэмших, тэндээс ашиг олох сонирхол нь Турк, Грек, Англи гэсэн том гүрнүүд дээр төвлөрдөг. 1960 онд Кипр тусгаар улс болохдоо Аюулгүй байдлын баталгааг энэ гурван улсаас авч байсан юм. Тиймээс Английн оролцоо ч их. Тэнд хоёр цэргийн бааз нь байрлаж байна. Киприйн газар зүйн байрлал нь өнөөдөр цэргийн ажиллагааны ар тал, хангалтын бааз болж ажиллахад тохиромжтой. Жишээлбэл, саяхны үйл явдлуудыг харахад Иран руу хийж байгаа цэргийн цохилтуудын ард тэндээс дэмжлэг, логистик хангалт хийж байж болох юм. Түүнчлэн Англи улс Киприйн баазаа хаахгүй, харин ч стратегийн ач холбогдлоор нь ашигласаар байгаа. Тэгэхээр Кипр бол зөвхөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв биш, олон улсын стратегийн цөм газар гэж ойлгож болно.

-Хүчний командлагчаар ажиллахад сэтгэл зүй болон ажлын нөхцөл байдал ямар байв. Ер нь хүндрэл бэрхшээл их гарах уу?
–НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хүчний командлагчаар сонгогдоно гэдэг өөрөө нэлээд урт, олон шат дамжлагатай үйл явц байдаг гэдгийг хэлсэн. Би 2024 оны нэгдүгээр сарын 2-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэрээр Кипр дэх НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүчний командлагчаар томилогдсон тухай албан ёсны мэдээг хүлээн авсан байдаг.
Мэдээлэл нь НҮБ-ын цахим хуудсанд нийтлэгдсэнээр баталгааждаг. Өмнө нь Өмнөд Судан, Сеьра Леон зэрэг оронд энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан учраас тодорхой хэмжээний туршлага надад байсан.
Гэхдээ Кипр дэх нөхцөл байдлыг үнэлж дүгнэх шаардлага гарсан. Тиймээс Монгол Улсаас явахынхаа өмнө Турк улсад Элчин сайдаар ажиллаж байсан Р.Болд болон Гадаад харилцааны яамны Европ хариуцсан зарим албан тушаалтнуудтай уулзаж, Киприйн улс төрийн нөхцөл байдал, яагаад улс хуваагдсан, энхийг сахиулах ажиллагаа ямар нөхцөлд эхэлсэн зэрэг асуудлаар нэлээд мэдээлэл авсан. Мэдээж эх орноо төлөөлөн анх удаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хүчний командлагчаар ажиллана гэдэг маш өндөр хариуцлага байлаа. Тиймээс бага хэмжээний сэтгэл түгшилт байсан. Өөрийгөө илүү сайн бэлтгэх шаардлагатай гэдгийг мэдэрч байлаа. Цэргийн хүнд аливаа нөхцөл байдлыг үнэлэх, газар дээр нь ажиллаж ойлгох чадвар маш чухал байдаг. Тиймээс очихоосоо өмнө тухайн бүс нутгийн нөхцөл байдлыг аль болох судлахыг хичээсэн.
Гэхдээ бодит байдал дээр асуудал арай өөр түвшин угтсан л даа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тайлан, албан ёсны мэдээллээс өөр, илүү нарийн нөхцөл байдалтай байдаг юм билээ. Би ганцаараа очоогүй. Хоёр туслах офицер, нэг жолоочтойгоо нийлээд дөрвүүлээ баг болж очсон.
Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагаас аль болох өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай офицеруудыг сонгож, миний багт ажиллуулсан. Тэд маань надад маш их дэмжлэг болсон. Бид эхний 2-3 сарын хугацаанд ажиллагааны газар орны нөхцөл байдал, онцлогийг судалж, илүү гүнзгий ойлгоход гол анхаарлаа төвлөрүүлсэн. Киприйн ажиллагаа бусад бүс нутгуудад явагдаж буй ажиллагаанаас нэлээд ялгаатай. Хоёр талын хооронд тогтоосон буфер бүсийг хянахаас гадна дипломат шинжтэй ажиллагаа давамгайлдаг. Тиймээс цэргийн ур чадвараас гадна улс төр, дипломат орчныг ойлгож ажиллах шаардлагатай байлаа.
-Монгол Улсын энхийг сахиулагчдын нэр хүнд олон улсад өндөр байгаа учраас НҮБ-ын ажиллагааны удирдах түвшний албан тушаалд монгол генерал, хурандаа нар ажиллах боломж нэмэгдэж байна гэж ойлгож болох уу?
–Тэгж ойлгож болно. Гэхдээ үүнийг зөвхөн нэг хүний амжилтаар тайлбарлах боломжгүй гэдгийг дахин хэлмээр байна. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хүчний командлагчаар ажилласан нь мэдээж хувь хүний олон жилийн туршлага, сахилга бат, ур чадвартай холбоотой. Гэхдээ үүний цаана Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаанд оролцсон олон мянган цэргийн алба хаагчдын хөдөлмөр, нэр хүнд байдаг.
2002 оноос хойш Монголын энхийг сахиулагчид дэлхийн олон бүс нутагт үүрэг гүйцэтгэж, “Монгол цэрэг – дэлхийн цэрэг” гэсэн нэр хүндийг бий болгож чадсан. Энэ л нэр хүнд Монгол офицеруудыг олон улсын ажиллагаанд илүү хариуцлагатай, удирдах түвшний албан тушаалд ажиллах боломжийг нээж өгч байна.
НҮБ-ын зүгээс Монгол Улсын энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг өндөр үнэлдэг. Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг тууштай дэмжиж байгаа нь НҮБ-ын бодлоготой нийцдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш манай айлчилсан. Тэрээр айлчлалынхаа үеэр Монгол Улсыг энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлдэг, амгалан тайван орон гэдгийг онцолж байлаа.
Мөн Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, дэлхийн энх тайванд бодит хувь нэмэр оруулж байгааг онцолсон шүү дээ. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор манай улсын 20 гаруй мянган цэргийн алба хаагч дэлхийн дайн байлдаан, сөргөлдөөнтэй бүс нутагт үүрэг гүйцэтгээд байна.
Анх Африкийн бүсэд хоёр ажиглагч офицер ажиллаж байсан. Харин 2005 онд Монгол Улс анх удаа 250 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг илгээсэн. Үүнээс хойш манай цэргүүд Серра-Леон, Судан, Дарфур, Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс зэрэг бүс нутагт НҮБ-ын мандатын дагуу үүрэг гүйцэтгэж ирлээ. Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцогч орнуудын дунд нэр хүндтэй түнш болсон гэдгийг бахархалтайгаар хэлмээр байна.

-Та өмнө нь Өмнөд Судан улсад явагдаж байгаа цэргийн ажиллагааны гуравдугаар ээлжийн багийн захирагчаар ажилласан. Тухайн үед нөхцөл байдал бас л амаргүй байсан гэж сонссон?
-Өмнөд Суданд манай цэргийн багийнхан нэлээд ширүүн нөхцөл байдалд үүрэг гүйцэтгээд ирсэн дээ. Би багийнхаа цэргүүдээр бахархдаг. Тэр үед манай цэргийн багийн үүрэг нь тус улсад зөв засаглал бий болгох, мөн аюулгүй байдлын хүчнийг бэлтгэх, цэрэг, цагдаагийн чадавхыг нэмэгдүүлэх байсан. Багийн анхны болон хоёрдугаар ээлжийнхэн хэд хэдэн байрлалд салбаруудыг нээж байрлуулсан байсан. Гэвч 2013 оны арванхоёрдугаар сарын 15-нд нийслэл Жуба хотод Засгийн газрын хүчин, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн хуваагдлаас шалтгаалсан зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн. Бинтью сууринд ойролцоогоор 100 мянга гаруй хүн амьдардаг. Зэвсэгт мөргөлдөөн эхлэх үед 47 мянга гаруй иргэн НҮБ-ын цэргийн бааз руу аюулгүй байдлаа хангах гэж ирсэн. Бусад нь зугтаж, хөдөө, сум, тосгоноор тарсан. Манай цэргийн багийн үүрэг аюулгүй байдлыг хангах, таран байршсан иргэдэд тусламж үзүүлж, бааз руу авчрах болж өөрчлөгдсөн. Эхэндээ мандат маань зөвхөн зөв засаглал бий болгох, хүчний байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх чиглэлтэй байсан. Харин мөргөлдөөн эхлэх үед энгийн иргэдийг хамгаалах үүрэг нэмж орж ирсэн бөгөөд энэ нь багийн үүрэг гүйцэтгэх нөхцлийг илүү хариуцлагатай болгож байлаа.
-Ер нь ажиллагааны газар оронд мандат өөрчлөгдөх, тэдэнд дасан зохицох хэцүү юу?
-Тийм ээ. Богино хугацаанд мандат өөрчлөгдөх нь энхийг сахиулагчдын хувьд маш их сорилт болдог. Мөргөлдөөн эхлээд “Protection of Civilians” буюу энгийн иргэдийг хамгаалах үүрэгт шилжсэн. Энгийн хүмүүс баазад хүрч чадахгүй, гэр орноосоо гарч чадахгүй байсан. Тэгэхэд манай монгол цэргүүд цаг наргүй үүрэг гүйцэтгэж иргэдийг хамгаалан, баазад хүргэж, эмнэлэгт хүлээлгэн өгч байлаа. Бусад улсын цэргийн багууд олон тохиолдолд баазаасаа гарч чадахгүй байхад манай цэргүүд гарч онцгой ажиллагаа хийж, хүмүүст амьдралаа аврах боломж олгож байлаа. Тийм ч учраас орон нутгийн удирдлага, НҮБ-ын ажилчид монгол цэргийн ажиллагааг өндрөөр үнэлдэг. Тэр үед НҮБ-ын штабын дарга нь “Өмнөд суданд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол цэргүүд энхийг дэмжих ажиллагаанд гэрийн гялбаа өглөө” гэж байсан нь санаанаас гардаггүй. Одоо ч манай энхийг сахиулагчид энэ үйлсэд гэрлийн гялбаа нь болсоор байна. Монгол цэргүүдийг яг л өөрсдийн иргэдийг хамгаалагч, мэргэжлийн, хариуцлагатай баг гэж үздэг болчихсон. Суданы генералууд хүртэл хэлэхдээ “Хэрэв байлдах шаардлага гарвал ганцхан монгол цэрэг л үүрэг гүйцэтгэнэ, бусад улсын цэргүүд бэлэн биш гэж үнэлдэг” байсан юм шүү дээ.
-Нөгөө талаар цэргийн албан хаагчдын амь нас эрсдэлд орох магадлалтай ажиллагаа шүү дээ. Ер нь багийн захирагч мөргөлдөөнтэй газар руу албан хаагчдаа явуулах шийдвэр гаргахад амаргүй байдаг байх. Тийм үү?
-Энэ үнэхээр хэцүү шийдвэр байдаг. Цэргийн багийн өдөр тутмын үйл ажиллагаа, гүйцэтгэх үүрэг, аливаа эрсдэл гээд бүх зүйл багийн захирагчийн толгой дээр байна. Хэрэв албан хаагчдын амь нас, эрүүл мэнд захирагчийн буруу шийдвэрээс шалтгаалан эрсдэлт нөхцөл байдалд орвол зөвхөн багийн захирагч л хариуцлага хүлээнэ. Энэ утгаараа захирагч хүн нойртой хонох нь ховор доо.
Есөн сар үргэлжилсэн ажиллагаанд “Энэ олон аав, ээжийн хүүхдүүдийг эх оронд нь яаж аюулгүй авчрах вэ” гэдэг асуудал миний өдрийн бодол шөнийн зүүд болж байсан. Энэ бол багийн захирагчаар ажилласан хүний л мэдэрдэг стресс, оюун санааны дарамт.
Аливаа ажиллагаанд цэргийн багийнхан зөвхөн өөрсдийн дур сонирхлоор явж байгаа хэрэг биш. Төр засгийн бодлого шийдвэрийн хүрээнд Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд үүргээ биелүүлж байгаа хэрэг шүү дээ. Тэр ч утгаараа монгол цэргийн үүрэг нь олон талын ач холбогдолтой. Энгийн иргэдийг хамгаалахаас эхлээд НҮБ-ын гишүүн орны цэргийн хувьд даян дэлхийд энхийг сахиулах үүргээ биелүүлэх цаашлаад Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг улс төр, дипломат аргаар бататгах хүртэл үүрэг хүлээдэг. Тэгэхээр энэ нь хувь хүний бодлого огт биш, Монгол Улсын гадаад бодлогын хэрэгжилт юм шүү дээ. Багийн захирагч албан хаагчдаа хамгаалах, энгийн иргэдийг хамгаалах, мөн Монгол Улсын нэр төр, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх гээд бүх үйл ажиллагааг олон талаас нь харж, эрсдэлтэй нөхцөл байдалд зөв шийдвэр гаргах нь хамгийн чухал байдаг.
-Монгол цэрэг дайчин чанар, дасан зохицох чадвартай гэдгийг энхийг сахиулагчид маань нотолчихлоо. Энэ нь яг юун дээр илүү мэдрэгддэг юм бэ?
-Манай цэргүүдийн дайчин чанар, дасан зохицох чадвар бидний ген, уламжлалд суучихсан чанар юм билээ. Энэ нь энхийг дэмжих ажиллагааны өмнөх бэлтгэлүүдээс харагддаг.
Монгол цэрэг ажиллагааны өмнөх бэлтгэлээ 30–40 хэмийн хүйтэн нөхцөлд ч хийдэг. Тэгээд Африкт очиход биднийг 30–40 хэмийн халуун орчин хүлээж байдаг. Тийм нөхцөлд үүрэг гүйцэтгэх шаардлагатай болно. Эхний 1–2 сар хөлс гоожиж, каск, хантаазтай ажиллахад бие физиологийн хувьд дасан зохицох чадвар хэрэгтэй.
Үүнийг бусад орны цэргүүдтэй харьцуулахад манайхан ямар ч өөрчлөлтгүйгээр даван туулж, хурдан хугацаанд дасан зохицож чаддаг. Энэ бол нэг том давуу тал юм шүү дээ. Мөн манай цэргүүд сахилга, зохион байгуулалт сайтай. Аливаа цэргийн ажиллагаа амжилтад хүрэхэд багийн сахилга бат маш чухал. Сахилга батгүй, замбараагүй орчинд асуудал үүсдэг. Сэтгэл зүйн аливаа асуудлыг ч даван туулах чадвар сайтай. Цэргийн ажиллагааны үед эх нутаг, гэр бүл, элгэн саднаасаа хол байхад амьдралын баяр жаргал, зовлон гуниг гээд олон зүйл тохиолдоно. Зарим нь үр хүүхэдтэй болж байхад зарим нь аав, ээжээ энэ хорвоогоос алдах гэдэг гашуун үнэнтэй нүүр тулж байдаг. Ийм үед цэргийн хүний сэтгэл зүйн бэлтгэлтэй, хатуу байж, биеэ зөв авч явах зайлшгүй шаардлагатай тулгардаг даа.

-Цэргийн дарга болгон өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Таны баримталдаг зарчим юу вэ?
-Багийн захирагчийн гол үүрэг бол багаа зөв бүрдүүлэх, штабын үйл ажиллагааг зөв зохион байгуулахад оршино. Өөрийн орлогч, штабын дарга, штабын бүрэлдэхүүнийг ажиллах орчин нөхцлөөр бүрэн хангаж өгөх нь хамгийн чухал юм. Түүнээс өөрөө бүхнийг хийж, бүх зүйлд оролцоод байх нь утгагүй. Хүн бүр өөр өөрийн гэсэн үүргээ ухамсарлаж байх нь чухал шүү дээ. Энэ зарчим бол багийн амжилтын нэг хэсэг юм. Мөн багийн захирагч, цэргийн дарга гэдэг зөвхөн заавар өгдөг хүн биш. Хүмүүстэйгээ ойр дотно харьцаж, спорт, урлагийн арга хэмжээнд оролцож, өөрөөрөө үлгэрлэж харьцах нь чухал гэж боддог. Хүмүүсийнхээ сэтгэл зүйг өндөрт өргөж байх хэрэгтэй. Хамтдаа кофе уугаад, нээлттэй ярилцах нь багийн амжилтад бас нөлөөлдөг дөө. Сайн штаб, сайн хамт олон, цэргүүдийн сахилга бат, зохион байгуулалт бүгд л нэг цогц байж тэр ажиллагаа амжилттай болно гэж үздэг.
-Дэлхийн олон газар мөргөлдөөнтэй байна. Монгол Улс маань амгалан тайван байгаад иргэн хүний хувьд баярлах юм. Олон бүс нутагт ажилласан, цэргийн хүний хувьд эх орныхоо өнөөгийн нөхцөл байдалд ямар үнэлэлт дүгнэлт өгдөг вэ?
–Мөргөлдөөнтэй бүс нутагт үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагчид маань нэг зүйлийг маш тодорхой ойлгож, мэдэрч ирдэг. Тэр нь эх орны маань амар тайван байдлын үнэ цэн юм. Монгол Улс бол дэлхийн хэмжээнд харьцангуй амгалан, тогтвортой оронд багтана. Мэдээж дотооддоо улс төрийн маргаан, нийгмийн асуудал, түгжрэл, агаарын бохирдол гэх мэт асуудал бий. Гэхдээ энэ бүхэн дайн, зэвсэгт мөргөлдөөнтэй харьцуулахад асуудал гэхэд хэцүү шүү дээ. Зэвсэгт мөргөлдөөний хамгийн том хохирогчид нь энгийн иргэд байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүд хамгийн ихээр өртдөг нь харамсалтай. Киприйн ойролцоох бүс нутаг болох Газын зурваст сүүлийн жилүүдэд болсон мөргөлдөөний үеэр олон мянган энгийн иргэн амь насаа алдсан.
Дайн эхлэхэд хүмүүс гэр орноо орхиод аюулгүй газар руу нүүхээс өөр аргагүй болдог. Тэд ихэвчлэн ганц хоёр хувцас, ойр зуурын зүйлээ аваад л дүрвэдэг. Энэ бол үнэхээр хүнд дүр зураг. Эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөө гэдэг үгсийг бид өдөр тутамдаа энгийн мэт ярьдаг.
Гэтэл дэлхий дээр одоо ч гэсэн тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа олон мянган ард түмэн бий. Ойрхи Дорнодод амьдардаг курд үндэстэн гэхэд олон зуун жилийн турш өөрийн тусгаар улсыг байгуулахын төлөө тэмцэж байна. Африк тивд тусгаар тогтнолоо олсон ч дотоодын мөргөлдөөнөөс салж чадахгүй байгаа орнууд бий. Тусгаар тогтносон Монгол Улсын иргэд бид өнөөдөр амгалан тайван амьдарч байгаа нь зүгээр нэг тохиолдол биш юм шүү. Энэ бол үе үеийн эх орончид, өвөг дээдсийн маань хичээл зүтгэлийн үр дүн. Тэдний золиосын үр дүн. Тиймээс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж, амь биеэ зориулсан хүмүүсийн гавьяаг бид үеийн үед санаж явах учиртай юм. Амар амгалан эх орныг бидэнд үлдээсэн өвөг дээдсээрээ эх орноороо бахархах ёстой.
-Таныг Кипрээс ирсний дараахан Баянхонгор явсан гэж сонссон. Та хонгор нутгаас гаралтай хүн үү. Ер нь яагаад цэргийн мэргэжлийг сонгосон бэ?
-Би Улаанбаатар хотод төрж өссөн. Гэхдээ миний угсаа гарвал яах аргагүй хонгор нутаг л даа. Аавыгаа их багадаа алдсан, өвөөтэйгээ өссөн хүүхэд. Ээж минь цэргийн хүнтэй ханилж намайг цэргийн мэргэжэл сонгоход их нөлөөлсөн дөө. Би хөнгөн атлетикаар хичээллэдэг, тамирчин хүү байлаа. 1989, 1991 онд улсын аваргад орж байсан. Тэр үед тамирчин болох уу гэсэн хүсэл сонирхол байснаас цэргийн амьдралын тухай ямар ч ойлголт надад байгаагүй. Гэсэн ч аравдугаар ангиа төгсөөд ээжийнхээ санал болгосноор Цэргийн Их сургуулийн ерөнхий цэргийн ангид орсон.
Эхний үед шинэ сонин мэдрэмж дүүрэн байсан. Удалгүй цэргийн команд ойлгодог болж, ямар албанд орж байгаагаа ойлгож эхэлсэн. Бэлтгэл сургуулилт хийхээс эхлээд дөрвөн жил амаргүй байсан ч ээжийнхээ үгийг дагаж, хичээлээ тууштай хийсэн дээ.
Цэргийн сургуулиа төгсөөд ажлын гараагаа Зүүнбаянгийн цэргийн анги буюу Дорноговь аймгийн Зэвсэгт хүчний 131 дүгээр ангиас эхэлж байлаа. Ингээд Зэвсэгт хүчний 150 дугаар анги буюу Элитийн батальон, 330, 350 дугаар ангиудад ажилласан. Сүүлд ЗХЖШ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, Агаарын цэргийн штабын даргаар ажиллаж байгаад НҮБ-д хүчний командлагчаар томилогдсон. Монгол Улсын Зэвсэгт хүчинд 30 гаруй жил зүтгэж байна.
-Монгол Улсын Зэвсэгт хүчин 105 жилийн ойгоо удахгүй тэмдэглэнэ. Зэсвэгт хүний хөгжилд ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
-Монголын Зэвсэгт хүчин өнөөдөр олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог, нэр хүндтэй байгууллага болсон. Үүнийгээ дагаад дотоодод Зэвсэгт хүчнийг үнэлэх үнэлэмж ч нэмэгдэж байна. Олон улсын нөхцөл байдлыг харахад аливаа улс орны өөрийн аюулгүй байдлыг хангах чадвар нэн чухал болж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин зөвхөн улс орны аюулгүй байдлыг хангахаас гадна олон улсын энх тайванд хувь нэмэр оруулдаг, мэргэжлийн байгууллага болж цаашид улам хөгжих ёстой. Монгол Улс мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчинтэй байх бодлого баримталж байна.
Орчин үеийн зэвсэгт хүчний үндэс нь мэргэжлийн бэлтгэлтэй цэрэг болж байгаа. Нөгөө талаар Зэвсэгт хүчин зөвхөн дайн байлдаанд биш, улс орондоо гамшгийн үед иргэдэд туслах чухал бүрэлдэхүүн байх үүрэгтэй. Сүүлийн үед “сөрөн тэсвэрлэх чадвар” буюу сөрөн тэсвэрлэх стратегийн талаар их ярьж байна.
Энэ нь аливаа гамшиг, гэнэтийн нөхцөл байдалд ард иргэд, байгууллагууд нэгдсэн байдлаар хурдан хариу арга хэмжээ авч чадах чадвар юм. Зуд, газар хөдлөлт, ой хээрийн түймэр гэх мэт гамшиг тохиолдсон үед ард иргэд бүгдээрээ оролцож, бие биедээ дэмжлэг үзүүлж, бэлэн байдалд байх нь чухал. Гэхдээ хамгийн хурдан, үр дүнтэй үйл ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх чадвартай байгууллагууд бол төрийн цэргийн байгууллагууд юм. Тиймээс Монгол Улсын Зэвсэгт хүчин зөвхөн батлан хамгаалах салбарын төдийгүй улс орны аюулгүй байдалтай шууд холбоотойгоор, мэргэжлийн ур чадвартай болон өргөжин хөгжих учиртай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 03 сарын 12,
2026
Сэтгэгдэл1
“Хэрэв байлдах шаардлага гарвал ганцхан монгол цэрэг л үүрэг гүйцэтгэнэ, бусад улсын цэргүүд бэлэн биш гэж үнэлдэг” байсан юм шүү дээ. Монгол цэргийг арай дөвийлгөжээ.