sonin.mn
Засаглалын хэлбэрийг өөрчилж, “хаан” болох санаархлаа нууж хаалгүйгээр тулгаж орхисон Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаад барьцаа ахиулж, ард түмэнд хуулиар олгосон онцгой бүрэн эрхэд “халджээ”. Өөрөөр хэлбэл, парламентын засаглалтай манай улсад Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог. Энэ утгаараа “Төрийн тэргүүн ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” хэмээн Үндсэн хуулийн 30.1-д тусгайлан заасан байдаг. Гэтэл тэрбээр ард түмэнд хуулиар олгосон засаглах эрхийг хориглож орхив. Тодруулбал, УИХ бүтэн гурван сарын турш хэлэлцсэний дүнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаад байгаа билээ. Ингэснээр уг эхийг батлах эсэхийг ард түмнээс асуух шийдэлд хүрсэн. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөлд хориг тавьж буйгаа зарлалаа. Цаг хугацааг хэдхэн хоногоор урагшлуулж үзвэл Төрийн тэргүүн ард нийтээс санал асуухыг үгүйсгээгүйгээр барахгүй уг санал асуулгад “Монгол Улс парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийнх үү” гэдгийг хамтатган асууя хэмээн санал гаргаад УИХ- ын даргад өргөн барьсан. Энэ цаг хугацааг мөн л хэдхэн хоногоор урагшлуулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах өөрийн саналаа гаргаж, УИХ-д уламжилснаар өдгөө хоёрдугаар хэлэлцүүлгээр батлаад буй эхэд Төрийн тэргүүний зүгээс гаргасан хэд хэдэн саналыг тусгасан билээ. Түүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн Зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Гэвч тэрбээр УИХ-ын гишүүдийн олонхын саналаар баталсан Үндсэн хуулийн эхийг батлах эсэхийг ард нийтээс асуухыг хориглочих нь тэр.
 
 
Үндсэн хуулийг өөрчлөхийг анхнаасаа дэмжиж, төсөлд тусгах саналаа хүртэл тодорхой гаргасан, тэр бүү хэл Зөвшилцлийн ажлын хэсгийг ахалж явсан Ерөнхийлөгч маань энэ удаад “нүд рүүгээ хуруугаа хийчихэв” бололтой. Өөрөөр хэлбэл, анх өргөн мэдүүлсэн 62-ын төслөөс гадна Ерөнхийлөгчийн саналыг багтаасан эхийг УИХ олонхоор дэмжсэнээр ард түмний мэдэлд шилжүүлчихээд байхад хориг тавьсан нь өөрөө өөртөө хориг тавьснаас ялгаагүй зүйл болов.
 
 
Харин ард нийтийн санал асуулгыг эсэргүүцсэн тухайд Ерөнхийлөгч “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бус хууль байх учиртай байлаа” хэмээн ишлээд үүнийг хуулийн зөрчил болгон тайлбарласнаар хориг тавиад байгаа юм. Гэтэл энэ тухайд тов тодорхой кейс бий. Энэ нь ердөө 2015 оны жишээ бөгөөд үе үеийн парламент Үндсэн хуулийг өөрчлөх санаачилга гаргасны дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг тухайн үеийн УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан УИХ-д өргөн барьж байв. Тэдний дотор одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн зөвлөх ч багтаж явсныг зориуд сануулъя. Тухайн үед тэд “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл” гэх нэршилтэйгээр УИХ-д өргөн барьж байв. Дөрвийн дөрвөн жилийн өмнөх гэж үзээд мартаж, мэлзэж болно гэж тооцлоо гэхэд ердөө хоёрхон сарын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд тусгах санал гаргаснаа хууль зүйн хувьд ямар нэршлээр өргөн барьсныг эргэн харъя.
 
 
“Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа” гэх мэдээлэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим сайтад өнөөдөр ч хэвээр төдийгүй парламентын үйл ажиллагааны протоколд нэг нэгэнгүй туссан байгааг хааш хийх вэ. Бүхэл бүтэн тусгаар улсын Ерөнхийлөгчийг “загасны ой санамж”-тай гэх үү, “Эрх баригчид миний улс төрийг даагаарай” гэх заналхийлэлдээ үнэнч үлдэхийн тулд юу эсийг хийж сууна гэж харах уу.
 
 
“Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” хэмээн Б.Чимид багшийн томьёолсончлон ийм том бодлогын бичиг баримтад хандаж буй Төрийн тэргүүний байр суурь нэг иймэрхүү. Хэрвээ Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгосон хуулиин хүрээнд ажилласан бол өөртөө давуу байдал үүсгэж, эрх хэмжээгээ нэмэгдүүлэхийг санаархахын оронд зөвшилцөл, ойлголцолд уриалан дуудах байлаа. Ингэж улс орны “эцгийн” хувиар эв нэгдэл, тусгаар тогтнол, Үндсэн хуульт ёсоо хамгаалах учиртай байлаа. 
Харамсалтай нь, тэрбээр амин хувийн эрх ашгийнхаа цаанаас өндийж чадсангүй.Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хэмжээ, хязгаар гэж бий. Тиймээс ч түүний хийж болох, эс болох үйлдлийг “эцэг” хуульд тусгайлан зохицуулсан байдаг. Хуулийн зохицуулалтыг үргэлжлүүлэн ишилбэл, “Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна” гэх заалт өдгөө ч хүчинтэй хэвээр. Тийм ч учраас эрх баригчдын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжин батлах эсэхийг ард түмэнд үлдээсэн. Ингэснээр иргэд Үндсэн хуулиа батлах эрхзэ эдлэхээр болоод байгаа юм. Харамсалтай нь, Ерөнхийлөгчийн улс төр лавширч, ард түмний засаглах эрхийг хориглов. Ард түмнээс сонгогдсон түүнд ард түмэнд хориг тавих эрх бий билүү. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэх тухай заалтыг цаашид мөрдөх үү, эс мөрдөх үү.
 
Х.Баттулгын хувьд хоёрхон жилийн өмнө “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөж, төрийн тамга гардсан. Өргөсөн  тангаргаасаа няцсан, Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Цэцэд “оччихоод” байгаа Ерөнхийлөгч хаа хүртэл жолоо сунгах вэ.
 
Засаглалын хэлбэрийг ард түмнээс асуух санал гаргана. Залгуулаад ард нийтийн санал асуулгыг хориглоно. Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөл санаачилж, буцаан татаж, аливаа хууль, тогтоолд хориг тавих эрхээ эдэлж байна гэж харж болох. Гэвч түүний үйлдэл зөвхөн хуулийн хүрээнд байх учиртай. Сонгогчдын боловсролыг “хангалтгүй” хэмээн дүгнэдэг энэ цаг үед улс төрийн хүрээнийхэн, учир мэдэх хүмүүс төдийгүй хуульчид “Ерөнхийлөгч хуулиас давсан үйлдэл хийлээ” хэмээн дүгнэж байгаа нь хонгилын үзүүр дэх гэрэл байж болох. Ямартай ч, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн гаргаж буй үйлдэл бүр ард түмнийг талцуулаад зогсохгүй улам бүр ойлгомжгүй байдлыг үүсгэж байгааг та бид харж байна. Төрийн тэргүүний улс төр хаа хүрч, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрхэн эцэслэхийг хүлээхээс өөр гарц ард түмэнд үлдсэнгүй.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин