sonin.mn
Улс орон болгон өөрийн гэсэн өнгө төрхөөрөө сэтгэлд хоногшиж, зарим нь холдоо ч үгүй байхад эргэн очих хүслийг төрүүлдэг нь гайхалтай. БНХАУ-ын Ланжоу хотын шинэ дүүргийн их бүтээн байгуулалт ийм л сэтгэгдлийг надад төрүүлсэн юм.
Хэдхэн жилийн өмнө үй олон хүн амтай, байгалийн баялаггүй энэ улсад амьдарлын төлөөх тэмцэл нь дэндүү бэрх, хурц ширүүн өрсөлдөөнтэй байсан. Ачааны дугуйгаар цемент зөөвөрлөх, үс нь бууралтаж цав цагаан болсон эрийн зовлонт харцыг би мартаагүй. Тас хар болчихсон ногоочдын харц бас тийм л байсан. Саяхныг хүртэл энэ хотыг тиймээр нь л төсөөлж байлаа. Энэ улсад байгаль, хүн амын асуудлаас үүдсэн гачлан, ядуурал их байсан билээ. Тэрний хэмжээгээр төр засаг нь иргэдийнхээ төлөө гэсэн бодлого явуулж, халамж тавьдаг нь ажиглагдсан. Хятадууд Монголд болон улсдаа огт өөрөөр биеэ авч явдаг гэлтэй. Манайд тэд хэчнээн хэл ам, хэрэг зөрчил тарьж, таагүй сэтгэгдэл, уур амьсгалыг үүсгэдэг ч өөрийн улсдаа бол огт өөр хүн болон төлөвшжээ.
 
 
Өнөөгийн Хятад улс төр хувийн хэвшил, томоохон группуудтэйгээ нэг зорилгын төлөө хүчээ нэгтэж, 13 сая гаруй иргэнээ ядуурлаас гаргаж байгааг хараад атаархах шиг.  БНХАУ 2020 он гэхэд бүх ард түмнээ ядуурлаас гаргах том зорилго тавьжээ. Энэхүү зорилго биелэхэд тун ойртжээ. Хятадын нэг хүнд ногдох цэвэр орлого 1949 онд 49 юань буюу долоон ам.доллар байсан бол өдгөө 60 дахин нэмэгдэн 28 мянган юань болтлоо өсөж эдийн засаг, хүн амын амьжиргааны түвшин дээшилж хөгжлийн эрчийг нэгэнт авчээ.
 
Сэтгэл зүтгэлээ нэгтгэвэл амжилтанд хүрдгийн тод жишээ Шуанлиан тосгон
 
 
Гансу мужийн Дингси хотод байрлах уг тосгонд одоогоор 1625 хүн амьдардаг бөгөөд голчлон эрдэнэ шиш тариалж байна. Ядуурлыг арилгах зорилгын хүрээнд тосгоныг шинэчлэх төслөө оршин суугчдад нь анх танилцуулаад, хуучин тосгон байсан энэ суурин одоо орчин үеийн хэв загварыг хуучин уламжлалтайгаа хослуулсан аялал жуулчлалын нэгэн чухал хэсэг болон хөгжиж байна. Тосгоныг 13 сая юаниар сэргээн засварласан байна. Хашаа, ханандаа хуучны эд өлгийн зүйлс болох газар тариалангийн багаж, оёдлын машин, унадаг дугуй, дээр үеийн телевизор зэргийг орчин үеийн дизайн шийдлээр засч, ханандаа уран зургуудыг зурж, сийлэхийг нь сийлж, хөшөө баримал зэргийг сүндэрлүүлэн, ёстой л музей шиг л алмайруулж орхив. Эдгээрийг төрөөс төсөвлөсөн хөрөнгөөр болон оршин суугчид дотоод нөөц боломжоор хамтран тохижуулжээ. Үнэхээр л чулуугаар хүртэл хуучин тосгоныг нүд гялбам тохижуулсан байгаа нь хөдөлмөрч зангийнх нь жишээ биз ээ. Өмнө нь эгэл жирийн тосгон байсан бол өдгөө жуулчдыг татахуйц хэмжээнд хүрчээ. Өнгө өнгийн цэцэгс алаглан, хиймэл нуур, цөөрөм цэнхэрлэн долгиолж, хүүхэд багачууд, хөгшин хөвөөгүй амарч зугаалахад тохиромжтой үнэхээрийн амар амгалангийн тосгон аж. Сэтгэл зүтгэлээ нэгтгэвэл ямар их амжилтанд хүрдгийн тод жишээ Шуанлиан тосгон юм.
“Энхтайван хөгжлийн сан” Монголд 20 гаруй буцалтгүй тусламж үзүүлжээ
БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан” нь манай улсад эрүүл мэнд, боловсролын чиглэлээр таван төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тухайлбал тус сангийн буцалтгүй тусламжаар Чингэлтэй дүүрэгт хүүхдийн амбулатори, Налайх дүүрэгт хүүхдийн 50 ортой эмнэлэг, Баянзүрх дүүрэгт хүүхдийн эмнэлэг гэх мэт бүтээн байгуулалтыг хийсэн юм. Мөн Монгол Улсад 20 гаруй төрлийн буцалтгүй тусламж үзүүлжээ. Энэхүү сан нь 2011 онд байгуулагдсан бөгөөд олон нийтэд нээлттэй хандив цглуулц, цугласан мөнгөөрөө нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөрүүдийг гадны улсуудад хэрэгжүүлдэг аж. БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-гийн Төрийн нарийн бичгийн дарга Ван Хуа “100 жилийн өмнөх Хятад, одоогийн шинэ Хятад хоорондоо асар их ялгаатай. Бидний Монгол Улсад хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн сацуу хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлж буй явдал юм. Боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү анхаарч ажиллаж байна. Манай ТББ дан ганц Монгол Улсад ч гэлтгүй Хятадтай ойрхон улсуудад ч мөн энэ чиглэлэээр тусламж үзүүлдэг. Манай улс 2035 он гэхэд дэлхийн бүх үйлдвэрийг өөрийн орондоо төвлөрүүлэн хөгжүүлэх, иргэдээ ядуурлаас гаргах зорилттой байна” гэдгийг онцолсон юм.
Өнгө өнгийн цэцэгс алаглан, хиймэл нуур, цөөрөм цэнхэрлэн долгиолж, хүүхэд багачууд, хөгшин хөвөөгүй амарч зугаалахад тохиромжтой үнэхээрийн амар амгалангийн тосгон аж.
 
 
Тосгоны иргэдийг ажлын байр, орон сууцаар нь хангах бодлого хэрэгжүүлжээ
Газар тариалан эрчимтэй хөгжсөн энэ улсад Дингси хотын Андинг дүүрэг хэдхэн жилийн өмнө хамгийн ядуу буурай тосгонуудын нэг байсан ч ядууралтай тэмцэх ажлын хүрээнд газраа хамтын хүчээр ашиглаж, зорилтот бүлгийн иргэдтэйгээ ойр ажиллаж эхэлснээр үндэсний хэмжээний ядуурлаас ангижирсан дүүрэг болж чаджээ.Тухайлбал 5000 га газарт 70 гаруй нарийн ногоо тариалж, жилдээ хоёр удаа ургац хураан авч, 200 гаруй хүнийг ажлын байртай, орлоготой болгожээ. Мөн ядуурлыг бууруулах төслийн хүрээнд оёдлын үйлдвэртэй танилцахад төвөөсөө алслагдсан уулын мухарт байрладаг хүмүүсийг ажлын байраар ханган сардаа 3000-4000 юаниар цалинжуулж, ЕБС-ийн дүрэмт хувцас, бүхий л ажлын хувцаснуудыг үйлдвэрлэж байлаа. Өдөрт л 1000 орчим хувцас үйлдвэрлэдэг аж. Үйлдвэрийнхээ ойролцоо ажилчдаа амьдрах байраар нь хангажээ.
 
 
 
Хотын төвөөс алслагдсан уулын мухарт байрладаг хүмүүсийг ажлын байраар ханган, сардаа 3000-4000 юаниар цалинжуулж, ЕБС-ийн дүрэмт хувцас, бүхий л ажлын хувцаснуудыг үйлдвэрлэж, өдөрт 1000 орчим хувцас үйлдвэрлэдэг аж.
 
Харин өмнөд хөршийн Төрийн зөвлөл болон Засгийн газар эдгээр иргэдээ бодлогоор дэмжиж орон сууцыг нь үнэгүй өгч, Ланжоу хотын суурин иргэншилтэй болгосон аж. Одоо тэд зам бас дахин зам барьж, дараа нь иргэдээ сэтгэ бас дахин сэтгэхийг уриалж байх аж. Сэтгэсэн бүхэнд тэд хөрөнгөө харамлахгүй байна. Тэрбум гаруй хүн амтай атлаа хүн нэг бүрт хүрсэн төрийн бодлого хэрхэн хэрэгжиж болдгийг эндхийн иргэдийн амьдралаас олж харав.
 
 
Б.Намуунтамир
Эх сурвалж: Зууны мэдээ сонин