sonin.mn
Украины Ерөнхийлөгч Владмир Зеленский “Тайм” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Вашингтонд импичментийн мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн ч Украинд АНУ-ын дэмжлэг хэрэгтэй байгааг тайлбарласан байна. Мөн Крымийн хойгийг эргуулэн авахаар чармайж байгаагаа ч нуусангүй. Тэрбээр Парис хотноо өнөөдөр эхэлж буй “Нормандын дөрвөл”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа юм. Түүний ярилцлагаас хөрвүүлэн хүргэж байна.
 
-Парис хотноо өнөөдөр эхэлж буй “Нормандын дөрвөл”-ийн энхийн хэлэлцээрээс та юу хүлээж байна вэ?
 
-Олон цагаар үргэлжилдэг дээд хэмжээний уулзалтын агуулга харилцан адилгүй, урьдчилан тааварлахад бэрх байдаг. Ихэнхдээ тойрог хэлбэрээр явуулдаг бөгөөд хүмүүс нэг үгээ л давтдаг. Харин оролцогчдын ирсэн зорилго ондоо. Улс бүр өөрийн гэсэн байр суурьтай. Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд Герман, Францын хийсэн хүчин чармайлтыг үгүйсгэхгүй. Уулзалт зохион байгуулна гэдэг эхний бөгөөд чухал алхам юм. Би үндсэн хоёр шаардлага дэвшүүлсэн.
Нэгдүгээрт, олзлогдсон иргэдийн солилцоо.
Хоёрдугаарт, гал зогсоох. Энэ сэдэв өмнөх хэлэлцээрүүдийн тэргүүлэх чиглэл байсан. Гэхдээ бид асуудал удааширч байгааг ойлгох хэрэгтэй.
 
-Украин ОХУ-тай хиллэдэг. Одоо салан тусгаарлагч хүчний мэдэлд байгаа хэсгүүдийг хэзээ хяналтдаа авах вэ. Хэрэв хэлэлцээр үр дүнд хүрэхгүй бол яах вэ?
 
-Энэ бол манай Засгийн газрын тулгамдсан, шийдэлд хүрч чадахгүй байгаа асуудаг. Мөн хэлэлцээрийн хамгийн адармаатай сэдэв болсон. Гэхдээ би өмнөх гэрээний дагуу сонгууль зохион байгуулсны дараа нь хилийн хяналт Украинд шилжинэ гэсэн заалттай санал нийлэхгүй байгаа. Донбасст дайтахыг би зөвшөөрөхгүй. Надтай санал нийлэхгүй хүн олон бий. Ялангуяа жагсаал цуглаан зохион байгуулагчид.
 
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй нүүр тулан уулзана. Түүнтэй үр дүнтэй хэлэлцээр хийнэ гэсэн итгэл байна уу?
 
-Оросын Ерөнхийлөгчтэй гурван удаа утсаар ярьсан. Тухай  бүрт үр дүнгээ өгснийг дурдах хэрэгтэй. Бид  ОХУ-д саатуулагдаад байсан далайчдаа эргүүлэн авсан. Та нэг хувьсагчтай тэгшитгэлийг бодож болно. Харин улс төр бол нарийн шинжлэх ухаан биш.
 
-Орос, Украины хооронд энхийн хэлэлцээрт чухал үүрэг гүйцэтгэхийг АНУ хүссэн. Энхтайвны үйл явц дахь Д.Трампын Захиргааны тусгай төлөөлөгч Курт Волкер ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Тэр хичээсэн. Тодорхой хэмжээний ахиц гаргасан. Тухайн үед би Ерөнхийлөгч байгаагүй учраас дэлгэрэнгүй ярьж чадахгүй нь. Гэхдээ импичментийн өргөдлийн хүрээнд Волкер Трампын засаг захиргааны хүрээнд Украиныг дэмжиж байсан бусад албан тушаалтны адилаар ажлаа өгсөн.
 
 
Би Украины газрын зургийг дэлхийн томоохон тоглогчдын шатрын хөлөг болгохыг хүсэхгүй байна. АНУ-ын хувьд, тэд бидэнд тусалдаг. Би зөвхөн техник, цэрэг, санхүүгийн тусламжийн тухай яриагүй. Украин авлигад автсан орон байсан. Одоо өөрчлөгдөж байгаа. Бид энэ байдлыг өөрчлөхийг хүссэн. Америк бол энэ үйл явдлын түлхүүр юм.
 
 
-Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “НАТО-д тархины үхжилт явагдаж байна” гэж мэдэгдсэн. Мөн Орос бол Европын нэг хэсэг, аюул заналхийлэл биш гэж түүний хэлсэнтэй санал нийлэх үү?
 
-Франц улс Оростой харилцаагаа өөр түвшинд хөгжүүлэхийг хичээж байгаа. Ерөнхийлөгч Э.Макроны үзэл бодол өөрчлөгдсөн нь ОХУ-ын эсрэг зарим хориг арга хэмжээний бодлого суларсантай холбоотой. Би ойлгож байна, учир нь эдийн засгийн хувьд хориг арга хэмжээний бодлого Франц, Герман улсад ашиг тусаа өгөхгүй. Европын удирдагчид биднийг нутаг дэвсгэрээ буцаан авах хүртэл хориг арга хэмжээг үргэлжлүүлнэ гэж надад баталгаа өгсөн.
 
-Үүнд Крым багтсан уу. Энэ удаагийн энхийн хэлэлцээрт Парис, Берлиний зүгээс ямар үүрэгтэй оролцож байгаа вэ?
 
-Крым орно. Европын түншүүд маань биднийг дэмжих ёстой гэдэгт итгэдэг. Гэхдээ үүнийг эхний хагас цагт л харах болно. Өмнөх хэлэлцээрт зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан ч канцлер Ангела Меркель Оросоос Герман руу “Умардын урсгал 2” нэртэй хий дамжуулах хоолойн шинэ төслийг дэмжсэн.
 
 
Европын удирдагчид “Умардын урсгал” төслийн хүрээнд өөр алхам хийхийг хүсч байна. Европчуудын шийдвэрт нөлөөлөх хөшүүрэг бидэнд байхгүй. Би зөвхөн АНУ-ын хүчтэй дэмжлэгт итгэнэ.
 
 
-Үүнийг зогсоож чадах цорын ганц хүч нь АНУ гэж үү?
 
-Тийм. Манай улсад дайн болж байгаа ч бид Европын гуйлгачид болохыг хүсэхгүй. Украины стратегийн түнш шударга байх ёстой.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин