sonin.mn
Зэвсэгт хүчний 325 дугаар ангиас хийсэн сурвалжилга үргэлжилж байна. Энэ удаа “Танайд өнжье”, “Бидний нэг”, Миний “нөхөр” булангаараа баруун хязгаарт үүрэг гүйцэтгэж байгаа журмын нөхдөө онцолсон юм.
 
Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн зарим офицер, ахлагч Завхан нутагт төдийлөн элбэг бус таун хауст амьдардаг юм байна. Алслагдмал анги, салбарт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хувьд энэ нь хамгийн том давуу тал юм. 2015 онд баригдсан энэхүү 24 айлын албан тушаалын орон сууцанд гал голомтоо бадраасан залуу офицер, ахлагчийн төлөөлөл болгон тус ангийн тусгай бэлтгэлийн багш, ахлах дэслэгч Б.Тулгаагийнхаас “Танайд өнжье” сурвалжилгаа бэлтгэсэн нь энэ.
 
Ахлах дэслэгч Б.Тулгаа 2014 онд ҮБХИС-ийг дүүргэж, өөрийн саналаар Зэвсэгт хүчний 325 дугаар ангид томилогджээ. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат гэнэ. Эхнэр Г.Болормаа нь ч мөн адил Улаан-Уул сумынх. Тэд Т.Балжиням, Т.Бадамсэрээжид гэдэг хоёр хүүтэй. Хоёр хүү нь цай уух зуурт том өрөөндөө барилдаад сүйд. Ээж нь “Болиорой, хүн ирчихээд байна. Дараа нь барилд” гэсэн ч ах, дүү хоёр ана мана үзэх нь өхөөрдөм. “Хөвгүүддээ барилдааны техник зааж өгсөн үү, сүрхий юм” гэхэд Б.Тулгаа “Зааж шальсан зүйлгүй. Манай хоёр зурагтаар бөх их үзнэ. Тэгээд л барилдаанд гаршиж байх шиг” гэлээ. Нийтлэлийн баатар маань өөрөө ч үндэсний бөхөөр хичээллэдэг, 2015 онд төрөлх нутагтаа очиж барилдаад сумын начин цол хүртсэн нэгэн. Бага хүүдээ нутгийн ах Монгол Улсын хурц арслан, Соёлын гавьяат зүтгэлтэн, бөх тайлбарлагч Ц.Бадамсэрээжидийн нэрийг хайрласныг бодоход бөхийн хорхойтон гэдэг нь ч андашгүй байв. Ер нь тэгээд Зэвсэгт хүчний 325 дугаар ангид сумын начнаас улсын начин хүртэлх цолтой 10 орчим залуус байдаг аж. Орон нутгийн баяр наадам болоод бусад тэмдэглэлт баярт ангийнхаа нэрийг гаргаж, урамтай сайн барилддаг алба хаагч олон байдаг нь тус ангийн бас нэг онцлог.
 
Гэрийн эзэгтэйтэй танилцлаа. Эрх зүйч мэргэжилтэй энэ бүсгүй цэргийн гэргий, цагаан зээр хоёр нутаггүй гэдгийн тод жишээ. “Үр хүүхдээ сайн хүн болгон өсгөж, ханиа ар гэртээ санаа зовох зүйлгүй эх орноо батлан хамгаалуулах нь миний зорилго” гэв. Тэрээр ийм сайхан ая тухтай орчинд амьдарч байгаа минь Зэвсэгт хүчний ач буян гээд өрөөнүүдээрээ дагуулж орлоо. Доод давхартаа том өрөө, гал тогоо, угаалгын өрөө, дээд давхартаа унтлагын өрөө, хүүхдийн өрөө, бас гэрийн эзний ажлын өрөө байна. Өрөө бүр том талбайтай байх агаад дулаахан гэж жигтэйхэн юм. Нэг айлд дунджаар 80 гаруй квадрат метр хамаардаг энэ байр 2015 онд баригдаж, 2018 онд дулааны шугамд холбогдсон гэнэ. Үүнээс өмнө цахилгаанаар халаадаг байсан бөгөөд нэг айл хамгийн багадаа сард 300 орчим мянган төгрөг төлдөг байж. Шинэ байр хэдий ч санхүүгийн дарамт үүсгэдэг байсан учир ангийн удирдлагууд уйгагүй хөөцөлдсөний үр дүнд 2018 онд БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын удирдлагуудын дэмжлэгтэйгээр Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн барилгачин дайчид дулааны шугамыг нь барьж өгчээ. Мэдээж энэхүү албан тушаалын байранд томилогдож ирсэн алба хаагч бүр ордоггүй. Эрхэлсэн албандаа идэвх зүтгэлтэй ажиллаж байвал бусад албаны байрнаас нь шилжүүлж оруулдаг байна. Бусад гэдгийн учир нь тус ангийнхан 24 айлын таун хаусаас гадна нэлээд хуучны 12, найм, дөрвөн айлын орон сууцтай. Г.Тулгаагийнх ч энэ жишгээр 2017 онд тус байранд оржээ. Мөн ангийн офицер, ахлагч, ажилтан алба хаагчид зуны улиралд ээлжийнхээ амралтаар гэр бүлээрээ харьяа тусгай салбаруудынхаа үйл ажиллагаатай танилцангаа Монгол Улсын үзэсгэлэнт газраар аялдаг бол өвлийн улиралд ууланд авирах, багийн спортоор хичээллэдэг бичигдээгүй хууль үйлчилдэг тухай гэрийн эзэн онцолж байсан юм. Тулгаа, Болороо хоёрт бодож төлөвлөсөн олон ажил байгаагаас хамгийн чухал нь үүргээ нэр төртэй гүйцэтгэж, ойрын хэдэн жилдээ багтаж бүл нэмэх гэнэ лээ. Залуу хосууддаа аз жаргал хүсье.
 
 
дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин