Үндэсний ой санамж-5
 
Цаг оны баяр нь өвөг дээдэсдээ тахил өргөн цаг угтаж буй төрийн зан үйл болно
 
Халх, Ойрд, Буриад (төлөөлүүлэв) ахан дүүс настангуудтайгаа хамт үндэсний баяр гэдэг бүрэн утгаар нь Цагаан сар буюу Цаг оны баяраа тэмдэглэдэг. Харин уг баярын мөн чанарыг илэрхийлэх гол зан үйл нь хадгалагдан үлдсэнийг мануус олж харахгүй өдийг хүрэв. Олж хараагүй удсан тул Төвөдийн нөлөөтэй баяр гэж мэдэмхийрэгчид мөн олшров. Энэ нь манай үндэсний ой санамжийг доройтуулж буй. Энэ удаагийн нийтлэлээр уг баярын мөн чанарыг сэрээнэ.
Юуны түрүүнд эх сурвалжаа сөхөцгөөе.
“Он болгоны анхны сараар ахлагч нар Жангурын (Шаньюгийн) өргөөнд бага чуулганд ирж тахил өргөдөг” гэж Сыма Цяни “Түүхэн тэмдэглэл” номондоо НТӨ I зуунд бичжээ.
“Хүннүгийн заншлаар жилд гурван удаа тахилга хийнэ. Үргэлжид цаг оны сар, таван сар, есөн сарын нохой өдөр тэнгэр сахиусаа тахина” гэж Өмнөд төрийн Сун улсын түүхч Фан Э V зууны эхэнд “Хожуу Хан төрийн бичиг”-тээ бичжээ. 
Дээрх хоёр зан үйлээс харахад Хүннүчүүд зургаан зууны турш уг үйлийг хийжээ. Дахин хийдэг үйлийг зан үйл гэнэ.
Энэ зан үйлийг Үсүньд хийж байсан уу?
“Үсүнь улс, их күнь-ми нь Үй-гү-чэн хотыг захирна. Түүнээс Чан-ань хүрэхэд найман мянга есөн зуун ли газар. Арван хоёр түмэн (120000) өрхтэй, жаран гурван түмэн (630 000) хүн амтай. Цэрэгт мордох арван түм найман мянга найман зуун (188 800) хүн бий.
...Газар нь тэв тэгш. Хур ихтэй, хүйтэн. Ууландаа хар мод ихтэй. Газар тариалж мод тарихгүй. Мал хар өвс усыг дагана. Хүннүтэй заншил адил. Улс нь адуу ихтэй. Баян хүн нь дөрөв таван мянган адуултай. Ард нь зоримгой догшин, өлөн бөгөөд итгэлгүй, хулгай дээрэм их хийнэ. Анхнаасаа Хүннүг хүлээн дагадаг байжээ. Хойноо хүчирхэгжин харьяатаа аван бараалхахгүй болжээ (Лүнгийн тахилгад бараалхахгүй болсон тухай өгүүлж байна)” гэж Бан Гу “Хан төрийн түүх” номынхоо Баруун орны шастир, жаран зургаа, доод-д бичжээ.
Тэгэхээр Каспийн Тэнгисээс Шар Тэнгис, Бай голоос Шар мөрний өмнө хүртэлх уудам нутгийн дунд оршиж байсан бүх аймаг овог Хүннүтэй зан заншил нэг тул Цаг оны баярыг хамтаар тэмдэглэдэг байжээ. Хожим XI зуунаас XV зууны хооронд Үсүнь дэх Казахстан, Туркменистан, Киргыз, Узбек нарын дээдэс Исламын шашинд орж, Ислам он тооллыг мөрдөж, Хүн гүрний зан үйлийг орхив. Хүн гүрний хур улсуудын үр хойчис алтайчууд, тувачууд, якутууд Цаг оныхоо баярыг энэ өдгөө тэмдэглэсээр байна. Хүн гүрэн болон тэдний дээдэс зан үйлээрээ Шар тэнгисээс Каспийн тэнгисийн хооронд оршиж байсан бүх улсыг удирдаж байжээ. Ийм уудам нутаг дэвсгэрийг зан үйлээр удирдах нь хамгийн сайн зам биш цорын ганц зам болно.
Эрт дээр үеэс төрөө дээдсийнхээ зан үйлээр удирдахыг удирдлагын дээд хэлбэрт тооцож байжээ.
Өдгөө дэлхийн том гүрнүүд Зул сарын баяр, Шинэ оны баяр, Валентины баяр, Талархалын баяр, Мартын 8 гэх мэтээр энэ ухааныг хэрэгжүүлсээр л байна.
Төрийн зан үйл нь удирдлага болон хүмүүсийн нийгмийн ялгааг харуулж буй дээд хэлбэр төдийгүй улсын хүч болон төрийн бат бөхийн үндэс. Зөвхөн төрийн зан үйлээр төр эрх мэдлээ зузаатгаж, өөрийн ард олон болон хур ард олныхоо хүчин зүтгэл, алдар гавьяаг нь цуурайтуулдаг. 
Тэнгэр газар нь амьтай бүхний өлгий; манай анхны дээдэс мануусын эх; эзэд болон улсын багш нь удирдлагын ул юм. Тэнгэр Газар байсангүй бол хэрхэн амьдрал үүсэх билээ? Өвөг дээдэс байсангүй бол үр хойчис хэрхэн бий болох билээ? Эзэд, улсын багш байсангүй бол хүмүүсийг хэн удирдах билээ? Энэ гурван суурь улын нэгэн нь үгүй бол хүмүүс амар амгаланг үзэхгүй. Тийм учир зан үйлийн утга нь дээр тэнгэрт, доор газартаа зүтгэхэд, өвөг дээдсээ дээдлэхэд, эзэд, улсын багшаа хүндэтгэхэд оршино. Энэ бүхэн төрийн зан үйлийн гурван үндэс болно.
 
 
 
Цаг оны тахилгыг бага тахилга гэж “Түүхэн тэмдэглэл” номд бичжээ. Тэгэхээр энэ нь Тэнгэр газар усны тахилга биш. Өвлийн сүүлээр энэ тахилгад Каспийн тэнгисээс, Шар тэнгисээс, Бай голын умард хэсгээс ахлагч нар ирэхэд бэрх. 
 
 
 
Бага тахилга буюу Цаг оны баяр дахь туслах зан үйл гэж хардаг хэсгийг эргэж харцгаая.
Цаг оны баяр нь эзэд болон улсын багшийн хамтаар (Төрийн хар хайрцагны бодлого боловсруулагч нэгнийг өгүүлнэ) өвөг дээдэсдээ тахил өргөн цаг оноо хамтаар угтаж буй зан үйл болно.
Аливаа тахилаар гал өрдөж түүндээ мах, гурил будаа, даавуу өргөнө. Ингэж дээдсийнхээ сүнсийг баярлуулж буй үйл. Энэ үйлийг хийхдээ дуу бүжгээр сүнсийг аргадана. Энэ зан үйлээс өдгөө манууст өвлөгдсөн хэсэгт анхаарлаа төвлөрүүлцгээе.
Тувачууд Цаг он сарын нэгний өглөө эрт босон гоёлоо өмсөж, хонины өвчүүг бусад идээ будаатайгаа модон тэвшин дээр засаж өндөрлөг газар аваачина. Тэд “сан салыр” гэх зан үйлийг хийнэ. Тэд гал өрдөнө. “Сан сылар” гэдэг нь халх аялгаар “сансул”. Энэ нь тахил өргөдөг буюу дээдсийг тавьдаг газар гэж доктор Г.Буянтогтох өгүүлэв.
Алтайчууд Цаг он сарын нэгний өглөө зориулалтын тайцанд хүний болон малын дүрсийг бяслагаар хийнэ. Гал өрдөж бүх хүмүүний амар амгаланг хүснэ. Энэ үйлийг овгийн ахлагч эсвэл бөө удирдана. Оролцогчид сүү галд өргөж сайн сайхныг гэр бүлдээ хүснэ. 
Буриадууд Цаг он сарын нэгний өглөө “Даллага” хийнэ. Энэ нь галын эзэнд гэр бүлийн төлөөлөл тахил өргөж буй зан үйл. “Гай барцад холуур сайн бүхэн нааш” гээн тэд хундан цагаан хонины өвчүүгээр тахил өргөнө.
Архангай аймгийн Хотонт сумынхан (энэ сумаар төлөөлүүлж байна) шиний нэгний үүрээр гоёлоо өмсөж овоон дээр идээ будааныхаа дээжийг авчирж ургах нарыг хамтаар угтана. Гал өрдөж, галдаа болон овоондоо идээ будааныхаа дээжийг өргөнө.
Энэ зан үйлийн хялбарчилсан хэлбэр нь гэртээ зуухандаа (галдаа) өвчүүний бүдэрхий, богино хавирга, ууц таллахдаа ууцны хоёр талын хэсгийг өргөж буй үйл.
 
 
 
Тахил өргөх зан үйл нь өвөг дээдсийнхээ сүнсийг баярлуулж буй хамгийн чухал хэсэг бөгөөд уг баярын утга учир мөн чанар үүнд оршино. Хүннүчүүд өвөг дээдсийн сүнсэнд тахил өргөдөг гэж НЭӨ I зуунд “Түүхэн тэмдэглэл”-д бичигдсэн нь ийм учиртай. Өвөг дээдсийнхээ сүнсэнд тахил өргөх энэ зан үйл маань Исламын шашинг үндэслэгч Мухаммед НТ 570 онд төрөхөөс урьд, 2020 жилийн өмнө Христос мэндлэхээс урьд, Буддын шашныг үндэслэгч, НЭӨ VI-IV зуунд төрсөн энэтхэг Сиддхарта Гаутма буюу хожим Будда Шакьямун хэмээгчээс урьд оршиж байжээ.
 
 
 
Цаг оны баяр маань настангуудын баяр гэж хэлж эс болно. Овгийнхоо дээдэстэй хамгийн ойр байсан нь, овгийнхоо дээдсийг хамгийн сайн мэддэг нь настнууд болохоор өдгөө мануус настнуудаараа очиж золгож буй нь ийм учиртай.
Цаг оны баяр нь цагийн баяр тул хүмүүс хоорондоо цаг гарлаа гээн цагийн золголт хийнэ. Цагт тарган оров уу? Онд мэнд оров уу? гээн золгоно. Хоорондоо уулзаж учраагүй хүмүүс цагийн золголтоо хожим хийнэ.
Энэ удаагийн нийтлэлээр Цаг оны баярын мөн чанарыг ухагч та бүхэндээ толилуулав. 
Цаг оны баяр нь эзэд болон улсын багшийн хамтаар (Төрийн хар хайрцагны бодлого боловсруулагч нэгнийг өгүүлнэ) өвөг дээдэсдээ тахил өргөн цаг оноо хамтаар угтаж буй зан үйл болно.
“Он болгоны анхны сараар ахлагч нар Жангурын (Шаньюгийн) өргөөнд бага чуулганд ирж тахил өргөдөг” гэж Сыма Цяни “Түүхэн тэмдэглэл” номдоо НТӨ I зуунд бичсэний учрыг өнөө бид олов.
Өнөө Хүчтэй төртэй болохын тулд Цаг оны баярын зан үйлийг сэрээх ёстой. Төрийн зан үйлийг сэрээхдээ хүмүүний сэтгэл мэдрэмжээс эхэлнэ. Зөвхөн хүний чанар дээр тулгуурлан төрийн зан үйл болон түүнд орох ёсыг боловсруулан сэрээнэ. Нэн эртнээс ингэж л зан үйлийг бий болгож байжээ. Эрт дээр үед байдал ийм байжээ, өдгөө Монгол улс зан үйлийнхээ мөн чанарыг сэрээж үр хойчистоо өвлүүлэх үүрэгтэй. 
 
 
Үргэлжлэл бий.
 
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн