sonin.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст нийтийн албан тушаалтан С.Б, П.Я, иргэн Т.Д нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1-д заасан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.


Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн дарга С.Б нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто зам сэтлэх болон авто замын орц, гарц шинээр гаргах зорилгоор замын байгууламжийг эвдэж гэмтээсэн “МА” компанийн гаргасан зөрчлийг илрүүлсэн Замын цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах зохицуулагч П.Я руу “МА” компанийн менежер Т.Д-ын гуйлтаар, утсаар холбогдон “Наадхаа зохицуулаад нэг удаа чимээгүй болгочих” гэх хууль бус үүрэг чиглэлийг өгч, уг зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаар шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “МА” компанид Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулалгүй давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон байна.


Түүнчлэн яллагдагч С.Б нь үргэлжилсэн үйлдлээр Гэрээт цагдаагийн хэлтэст ашиглагдах ёстой 1 тонн түлшийг өөрийн танил “АА” компанийн захирал Г.Ж-д худалдан борлуулж, багын найз болох “ЭОК” компанийн захирал Д.А-гийн эзэмшлийн дансаар 3,2 сая төгрөгийг шилжүүлэн авч өөртөө санхүүгийн давуу байдал бий болгосон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс дээрх хэрэгт 6 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд “Shinebayar Altai” нэрээр олон нийтийн сүлжээнд бичсэн “АТГ-т нөлөөлж авлигын хэргийг хаалгасан” гэх мэдээлэл нь огт үндэслэлгүй, илт худал ташаа болохыг үүгээр мэдэгдэж байна.