Энэ удаагийн дугаарын зочин бол Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ротын ахлагч, сургагч ахлагч Б.Гантөмөр. Зэвсэгт хүчинд 20 дахь жилдээ ажиллахдаа бууриа сэлгээгүй элитийн батальоны жинхэнэ бүтээгдэхүүн бөгөөд НҮБ-ын энхийг дэмжих болон Олон улсын цэргийн зургаан ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн арвин туршлагатай энхийг сахиулагч юм. Түүний ажиллагаанаас олж авсан туршлага, үүрэг гүйцэтгэж байсан үеийнх нь талаар ярилцлаа.
 
 
Цэргийн хүн болсон талаар ярилцлагаа эхэлье. Энэ сонголтыг өөрөө хийсэн үү?
 
-Аав, ах хоёр маань хоёулаа цэргийн хүмүүс байсан. Аав маань барилгын цэрэгт алба хаасан бэлтгэл хошууч. Харин ах маань 1997 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийг анх үүсэн байгуулагдсан цагаас нь эхлэн алба хаасан ахлагчдын нэг бөгөөд 2000 онд авто ослоор харамсалтайгаар нас барсан юм. Тэр цагаас л цэргийн хүн болж аав, ах хоёрынхоо залгамж халаа болох хүсэлтэй болсон. Яг энэ үед Зэвсэгт хүчний 150 дугаар ангид ажиллуулах мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалт эхлэх гэж байгаа талаар сонсоод БХИС-ийн Ахлагчийн сургуульд элсэн орж суралцсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний мэргэжлийн тусгай батальон, дээр нь ахын минь алба хааж байсан анги учир өнөөдрийг хүртэл энэ ангидаа хоёргүй сэтгэлээр ажиллаж байна.
 
Анх 150 дугаар ангийн үүдээр орж байсан дэд ахлагч, өнөөдрийн сургагч ахлагч хүртэл ямар ямар албан тушаалуудыг дамжиж байв?
 
-Цэргийн хүн бүрийн л давах даваа, туулах зам ижил гэж боддог. Энэ л замаар өөрт оногдсон үүргийн дагуу явна. 2001 онд анх буудагчаар томилогдож, дараа нь ротын пулемётчин, тасгийн захирагч, салааны захирагчийн орлогч, тэгээд одоогийн албан тушаалд томилогдон ажиллаж байна.
 
Ротын ахлагчийн маань албандаа хандах хандлага, зарчмын талаар сонирхвол ...
 
-Цэргийн хүн туйлбаргүй байж болохгүй. Албандаа зүтгэлтэй, сэтгэлтэй байж хамт олон, ангийн ажил явна. Миний хувьд цагтаа ирж, цагтаа тарахаас эхлээд ажлын цаг ашиглалтыг үр дүнтэй байлгаж чөлөөт цагаараа өөрийгөө боловсруул гэдэг шаардлагыг ахлагч нартаа тавьж ажилладаг. Шижигнэсэн залуустай хамт ажилладаг учраас даргын хувьд үүрэг өгөх үе, ах шиг нь найз шиг нь байж зөвлөх үе ч бий. Тиймээс энэ бүгдэд нь тохируулан залуустайгаа тулж ажиллахын зэрэгцээ алба болон хувийн тал дээр нэг алхам ахиулахуйц зөвлөгөө, заавар өгч ажиллахыг хичээдэг. Одоо үед хувь хүн өөрийгөө дайчилж чадвал хөгжих боломж нээлттэй байна. Тухайлбал, манай ангид бүх төрлийн ном, сурах бичиг, танхим, төхөөрөмжүүд байна. Ялангуяа гадаад хэл сурч, бие бялдраа хөгжүүлэх илүү боломжтой. Тиймээс өдөрт ганц цагийг л өөртөө зориулж чадвал оюун ухааны болон бие бялдрын хөгжлийг хүн бүр өөртөө цогцлоож чадна.
 
НҮБ болон Олон Улсын цөөнгүй ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагынхаа талаар ярихгүй юу?
 
-Анх 2003 онд "Иракийн эрх чөлөө" ажиллагааны нэгдүгээр ээлжид буудагч, 2007 онд Сьерра-Леон улсад явагдсан НҮБ-ын “UNMIL” энхийг сахиулах ажиллагааны гуравдугаар ээлжид тасгийн захирагч, 2009 онд Чад, ТАБНУ-д явагдсан НҮБ-ын “MINURCAT” энхийг сахиулах ажиллагаанд салааны захирагчийн орлогч, 2013 онд Афганистан улсад явагдсан “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд ротын ахлагч, 2015 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа “UNMISS” ажиллагаанд мөн ротын ахлагч, 2018 онд Афганистан улсад явагдаж байгаа ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан Цэргийн хамгаалалтын ротын долоодугаар ээлжид буудагч, оператораар тус тус үүрэг гүйцэтгэсэн.
 
Ажиллагаа бүр өөрсдийн гэсэн онцлогтой байж цэргийн алба хаагчид багагүй туршлага хуримтлуулсан байдаг. Таны хувьд ...
 
-Бүх ажиллагаа өөрийн гэсэн онцлогтой. Иракийн эрх чөлөө ажиллагаанд нэлээдгүй туршлага хуримтлагдсан. Тухайлбал, ажиллагааны өмнөх бэлтгэл, сургалтын үед заагдаж байсан эргүүл, хамгаалалтын сургалтыг бодитоор хэрэгжүүлсэн. Мөн тэнд бүтээн байгуулалтын ажил их хийгдэж байсан учир төрөл бүрийн ажилд дадсан. Миний хувьд цэргийн хүн болсноос хоёр жилийн дараа оролцсон ажиллагаа байсан учир тэр үед цэргийн хүнд байх тэсвэр, хатуужил, сэтгэл зүйн бэлтгэл зэргийг олж авсан гэж боддог.
 
Сьерра-Леон дахь ажиллагаанд тасгийн захирагчийн үүргийг гүйцэтгэх хугацаандаа хүн удирдах арга барилд суралцсан. Чад, ТАБНУ-д явагдсан НҮБ-ын “MINURCAT” энхийг сахиулах ажиллагаанд бие даан шийдвэр гаргах эрх бүхий салааны захирагчийн орлогчоор үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс хэрхэн зөв шийдвэр гаргах, эргүүл хийж байгаа цэргүүдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллах талаар төлөвлөгөө, тактик боловсруулах дөр суусан.
 
Энэ мэт олон дадлага, туршлага, сургамж бүрийг ажиллагаанаас ажиллагаа бүрд хамт үүрэг гүйцэтгэсэн захирагч, удирдлага, хамт олноосоо суралцаж албандаа хэрэгжүүлж байна даа. Энд нэг зүйлийг сонирхуулахад зургаан ажиллагааны дөрөвт нь ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын ажиллагааны удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга, газрын орлогч дарга, хурандаа Б.Баатар даргатай хамт үүрэг гүйцэтгэж байсан.
 
Залуус ажиллагаанд явснаар дээр дурдсан дадлага, туршлагаас гадна нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд томоохон дэмжлэг болдог. Таны хувьд ...
 
-Тодорхой хэмжээгээр нийгмийн асуудлаа шийдэж чадсан. Ангийнхаа албан тушаалын байранд анх өрх тусгаарлаж тусдаа гарсан. Тэгээд ажиллагаанд явж ирэх бүрдээ залуу хүмүүст тулгардаг санхүүгийн асуудлуудаа тодорхой хэмжээгээр шийдсэн гэж боддог.
 
Цэргийн хүн болсноороо бахархаж байсан үе нь хэзээ вэ?
 
 
 
-Миний хувьд ажиллагааны газар оронд төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх үед огшиж, цэргийн хүн болсноороо бахархдаг. Мөн үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо газардах тэр мөч үнэхээр сайхан.
 
 
 
Энэ мэдрэмжийг магадгүй цэргийн бид л мэдэрдэг байх. Сүүлийн ажиллагаандаа үүргээ гүйцэтгээд ирэхдээ эхнэртэйгээ ярилцаж байгаад хүүхдүүддээ гэнэтийн бэлэг барих гээд хэлэлгүй гэртээ шууд ирсэн юм. Тэр үед хүүхдүүдийнхээ баярлахыг хараад ядарсан мэдрэмж хормын дотор л үгүй болох шиг болсон.
 
Таны цаашдын зорилго ...
 
-Сурч боловсрох маш олон шат намайг хүлээж байгаа.
 
Цэргийн бид гэртээ зарцуулах цаг хомс. Ялангуяа тань шиг албатай хүний хувьд ...
 
-Сайн аав болж байгаа гэж хариулъя. Учир нь том охиныхоо эцэг, эхийн хуралд нь анх удаа очих үед анги удирдсан багш нь “Чанцалдуламын аав нь ийм хүн байдаг байсан юм уу? Танай охин дандаа л аав ажилтай, хөдөө явсан, гадагшаа явсан гэдэг ” гэж билээ. Тэгэхэд нь одоо л хүүхдүүддээ цаг зарцуулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Мөн бага хүүгээ төрөөд долоо хоногтой байхад нь Афганистан руу явж байсан. Долоон сарын дараа ирэхэд мөлхдөг болчихсон байж билээ. Энэ мэт зүйлс намайг гэр бүлдээ хэр цаг зарцуулдаг байсныг харуулж байгаа байх. Байхаасаа байхгүй нь их. Ар гэрийг маань авч явдаг хүн бол миний хань А.Бүдсүрэн юм. Бид гурван хүүхэдтэй. Миний хань болсноосоо мэргэжлээрээ нэг ч удаа ажиллаж чадаагүй боловч хэзээ ч гомдол хэлж байгаагүй.
 
 
Тэгвэл ханьдаа дайх үг байгаа даа ...
 
-Чамдаа баярлалаа гэж хэлье. Өмнө нь хэлмээр үе зөндөө байдаг ч хэлж байгаагүй юм байна. Б.Гантөмөрийнх гэдэг айлыг нэр бүтэн, мөр бүтэн авч явж байгаа нь ханийн маань гавьяа юм.
 
Сүүлийн асуултыг танд үлдээе ...
 
-Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн удирдлага, хамт олон, хамт үүрэг гүйцэтгэсэн нийт энхийг сахиулагчдадаа “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. “Энхийг сахиулна гэдэг цэрэг хүний хийх ажил биш ч гагцхүү цэрэг хүн л үүнийг хийж чадна” гэдэг үгийг та бүгддээ хэлье.
 
Ярилцсанд баярлалаа.
 
Хошууч Д.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин