sonin.mn
Хууль тогтоох дээд байгууллагыг сонгох ээлжит сонгууль болоход 20 гаруй хоног үлдлээ. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу өнөөдөр нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх боломж бүрдэж байна. Сонгогчид сонгуульд оролцож саналаа өгөхийн ач холбогдол, оролцохгүй байх нь ямар уршигтай болон сонгогчдын боловсролыг хэрхэн дээшлүүлэх талаар “Сонгогчдын боловсрол төв" төрийн бус байгууллагын захирал С.ОЮУНТУЯАТАЙ ярилцлаа.
 
 
БҮХ НАСНЫХАНД СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ
 
-Манай улсын сонгогчдын боловсролын түвшин бусад улс оронтой харьцуулахад харьцангуй доогуур үзүүлэлттэй байдаг. Ер нь сонгогчдын боловсрол гэдэгт юуг хамааруулан хэлж байна вэ?
 
-Сонгогчдын боловсрол гэхээр санал өгч, улс төрийн аль нэгэн намын нэр дэвшигчийн нэрийг дугуйлах мэтээр явцуу байдлаар ойлгодог. Биднийг төрд төлөөлөх хүнийг сонгохоос гадна түүнд амлалтыг нь сануулах, хяналт тавих, амлалтаа биелүүлж буй эсэхэд нь дүгнэлт хийх ёстой. Ингэснээр дөрвөн жилийн дараа тухайн нам, эвсэл, улстөрчдөд итгэл хүлээлгэх эсэхээ шийддэг процесс. Энэ бүхэн бол иргэний, ардчиллын болон улс төрийн боловсролын асуудлын нэг хэсэг нь болдог.
Манай улсын хувьд сонгогчдын боловсролын хөтөлбөр гэсэн албан ёсны баримт бичиг одоо хүртэл алга. Боловсролын бүх шатны байгууллагад байдаггүй. Уг нь ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн хөтөлбөрт оруулж, энэ талаарх мэдлэг мэдээллийг олгох ёстой. Үүгээр ч зогсохгүй албан бус боловсролын хөтөлбөрөөр дамжуулан насанд хүрэгчдэд сонгогчдын боловсрол олгодог байх хэрэгтэй. Яагаад насанд хүрэгчдэд ч гэсэн сонгогчийн боловсрол олгох хэрэгтэй вэ гэхээр нийгэм, техник технологи хурдацтай хөгжиж байгаа тул үүнийг дагаад сонгуулийн процесс, санал өгөх хэлбэр, сонгогчдод хүрч буй мэдээлэл, эх сурвалж, арга хэрэгсэл нь хүртэл өөр болж байна. Энэ утгаараа бүх насныханд сонгогчийн боловсролын хөтөлбөр зайлшгүй хэрэгтэй байдаг.
 
-Бүх насныхан дундаас эхний ээлжид аль бүлгийнхэнд нь сонгогчдын боловсрол олгох зайлшгүй шаардлага байна вэ. Сонгогчдын боловсрол олгох ажлыг юунаас эхлүүлэх ёстой вэ?
 
-Сонгогчдын боловсролын нэг хүчин зүйл нь ирц болдог. Гэхдээ санал өгч буй байдал, ирц зэргээс харахад анх удаа санал өгч байгаа болон залуучуудын хувьд нэлээд бэрхшээлтэй тал бий. Сонгууль өөрөө нарийн, төвөгтэй процесс. Тэгэхээр сонгуулийг ямар байгууллага зохион байгуулдаг, холбогдох хууль тогтоомж, санал авах хуудас, ямар тэмдэглэгээ хийх гэх мэт олон хүчин зүйлийг нь ойлгож, мэдэхгүйгээсээ болж санал өгөхөөс төвөгшөөж, хойш суух тохиолдол их. Харин 40-өөс дээш насны сонгогчдын хувьд санал өгөх тухай ойлголттой, юунд үндэслэж санал өгөх ёстойг мэддэг болчихсон байдаг. Сонгуулийн үйл ажиллагаанд хамгийн эмзэг ханддаг, сонгогчийн боловсрол зайлшгүй шаардлагатай бүлэгт 18-25 насныхан багтдаг. Сонгуульд оролцож, санал өгөх хүмүүсийн нэлээд хувийг залуучууд эзэлж байна. Тодруулбал, 40 хүртэлх насныхан нийт сонгогчдын 50 гаруй хувийг нь эзэлдэг.
 
 
 
Тиймээс сонгогчдод зориулсан албан болон албан бус хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэхгүй бол сонгуулийн үр дүнд бий болж буй УИХ, Засгийн газар сонгогчдын боловсролтой дүйцэхүйц үр дүнтэй байх эрсдэлтэй. Улс орны ирээдүйд санаа зовниж, зөв улс төрийн нам, улстөрчийг гаргаж ирэх хүсэл зорилготой байвал сонгогчдод зориулсан боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс л ажлаа эхлэх хэрэгтэй.
 
 
 
-Сонгогчдын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй тухайд гадаадын улс орнуудын ямар сайн туршлага байна вэ?
 
-Герман улс энэ талд хамгийн сайн үлгэр, жишээ болдог. Яагаад Германд сонгогчдын, улс төрийн, ардчиллын боловсрол албан ёсны боловсролынх нь чухал бүрэлдэхүүн хэсэг болдог вэ гэхээр тэд гашуун туршлага, түүхтэй. Дахиад нацист намтай байж, дайн үүсгэхгүй байх нь иргэний улс төрийн боловсролоос шууд хамаардаг. Дарангуйлагч, хариуцлагагүй улс төрийн намыг бий болгож, тэр хэрээр төр засгийн бодлого шийдвэр ёс зүйгүй байх эсэх нь сонгогчдын боловсролтой холбоотой учраас үүнд илүү анхаардаг. Германд сонгогчдын боловсролын хөтөлбөрт маш олон байгууллага оролцож, хэрэгжүүлдэг. Улс төрийн намын нэг чиг үүрэг нь сонгогчдын боловсролын асуудал. Гэтэл манай улсын улс төрийн намууд энэ чиг үүргээ огт хэрэгжүүлдэггүй. Манай улс сонгогчдын боловсролын асуудлыг СЕХ-ны чиг үүрэгт хамааруулчихаад, тухайн байгууллагын л хийх ёстой ажил мэтээр хараад суугаад байдаг. Энэ бол нэг байгууллагын хийх ёстой ажил биш. Харин төрийн өөрийнх нь хийх ёстой үндсэн ажил, чиг үүрэг нь эндээс эхэлж байх ёстой. Иймд БСШУСЯ-наас гаргадаг албан ёсны хөтөлбөрүүдэд зайлшгүй суулгаж өгөх хэрэгтэй.
 
НЭР ДЭВШИГЧИЙН БОДЛОГО, МӨРИЙН ХӨТӨЛБӨР, АЛСЫН ХАРААГ НЬ ХАРЖ БАЙЖ СОНГОЛТОО ХИЙХ НЬ ЗҮЙТЭЙ
 
-Энэ жилийн УИХ-ын сонгууль нэлээд онцлогтой. Ийм тохиолдолд сонгогчдод ямар ойлголт мэдээллийг олгох шаардлагатай вэ?
 
-Энэ удаад сонгуулийг шинэ системээр зохион байгуулах гэж байна. 2016 онд нэг мандаттай буюу 76 тойргоос сонгосон бол энэ жил 29 томсгосон тойргоос 76 гишүүнээ сонгоно. Нэг тойргоос гурван хүн УИХ-д сонгогдох учраас гурван санал өгөх юм. Илүү юм уу, дутуу санал тэмдэглэвэл таны санал хүчингүй болно. Сонгогчид тухайн тойрог хэдэн мандаттайг мэдэж байх хэрэгтэй. Саналаа хүчинтэйд тооцуулахын тулд мандатын тоотой тэнцүү тоогоор дугуйлах ёстойг анхаарах шаардлагатай юм. Томсгосон тойргоос гадна олон нэр дэвшигчтэй, ялангуяа бие даагч нэлээд олноороо өрсөлдөх гэх мэт олон онцлогтой сонгууль болох нь. Эдгээрээс гадна дэлхий нийтэд тархаад буй цар тахлын үед манай улс анх удаа сонгууль зохион байгуулах гэж байна. Иймд сонгогчид бие даан нэр дэвшигчид гэж хэн юм бэ, ямар мөрийн хөтөлбөр, чиг үүрэгтэй, УИХ-д орсноор нөлөөтэй байж чадах уу зэрэг олон талаас нь судалж, ойлголттой болох нь чухал.
 
-Сонгогчид ялангуяа анх удаа санал өгөх гэж буй залуус нэр дэвшигчдийн юунд анхаарлаа хандуулбал зохистой вэ. Сонгогчид саналаа өгөхдөө нийтлэг ямар алдаа гаргадаг бол?
 
-Сонгууль бол нэр дэвшиж буй улс төрийн намуудын бодлого, мөрийн хөтөлбөрийг уралдуулдаг уралдаан. Гэтэл сонгогчид бодлого, мөрийн хөтөлбөрөөс нь илүүтэй нэр дэвшигчийг хувь хүнийх нь хувьд харах гээд байдаг тал бий. Ямар удам судартай, ямар ажил хийж байсан, аль нутаг усных, хэний танил тал, хамаатан садан, хаана сургууль төгссөн зэргийг нь илүү хардаг. Угтаа бол бид хууль тогтоох дээд байгууллагыг бүрдүүлэх хүнийг сонгох гэж байгаа. УИХ бол таньдаг хүндээ тааруулж бодлого боловсруулдаг газар биш. УИХ бол улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлдог. Бидний сонгосон хүмүүс ирэх дөрвөн жил хэдий хэмжээний татвар төлөх, хэр хэмжээний цалин авах, ямар орчинд сурч, хүмүүжиж, хөдөлмөрлөх вэ гэдгийг шийддэг тул илүү бодлого, мөрийн хөтөлбөр, алсын харааг нь харж байж сонголтоо хийх нь зүйтэй. Улс төрийн намуудын бодлого, мөрийн хөтөлбөрт маш бага ялгаа ажиглагддаг тул энэ нь сонголт хийхэд нэлээд хүндрэлтэй байдаг байж болзошгүй.
 
 
 
 
Улс төрийн намыг ажил хийхгүй байна, авлигад идэгдсэн гэж шүүмжилдэг. Энэ нь нэг талаасаа улс төрийн намын өөрийнх нь чадавхижих асуудал боловч нөгөө талаасаа сонгогчид сонгуулиар дамжуулж улс төрийн намуудтай хариуцлага тооцдог болчихвол улс төрийн намууд дараагийн сонгуульд өрсөлдөхдөө улс орны хөгжлийн бодлого руу чиглэсэн, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл хувилбарыг дэвшүүлж сонгуульд оролцоно. Үүний бас нэг хүч нь сонгогчид. Тиймээс сонгогчид нам гэдэг институцийг нь харж сонгох, дараа нь байгуулагдах Засгийн газрын баримтлах бодлого, чиглэлийн үндэс суурь нь тухайн мөрийн хөтөлбөр болдгийг ойлгох хэрэгтэй.
 
 
 
НАМУУД МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУСАА НЭР ДЭВШҮҮЛЖ БАЙНА
 
-Ер нь сонгогчид, тэр дундаа залуучууд ямар шалтгаанаар санал өгөхөөс татгалздаг вэ. Судалгаагаар ямар зүйл ажиглагдаж байна вэ?
 
-Залуу нэр дэвшигчид байдаггүй, мөрийн хөтөлбөрийг нь ойлгодоггүй, санал өгөх байранд очсон боловч дэмжихээр хүн байгаагүй, хэнийг нь ч сонгосон ялгаагүй, адилхан үнэт зүйлстэй хүн байгаагүй гэх мэт нийтлэг шалтгааныг хэлдэг. Судалгаагаар сонгуульд оролцоогүй залуусын 20 хувь нь итгэл хүлээсэн нам, улстөрч байсангүй, 16 хувь нь сонгуульд саналаа өгөх үйл явц төвөгтэй, 15 хувь нь улс төр сонирхдоггүй гэж хариулсан. Гэхдээ энэ жилийн тухайд иймэрхүү шалтгаан хэлэхгүй байж болох дүр зураг ажиглагдаж байна. Улс төрийн намуудын нэр дэвшүүлэлтийг харахад нэлээд мэдлэг боловсролтой залуучуудыг нэр дэвшүүлж байна.
 
-Сонгогчид сонгуульд оролцож, саналаа өгөхгүй байх нь нийгэм, улс төрд ямар сөрөг нөлөөтэй вэ?
 
-Сонгуульд оролцож, саналаа өгөх эсэх нь сонгогчийн эрх. Гэхдээ тэр сонгуулийн үр дүнд байгуулагдсан байгууллагаас гаргаж буй бодлого шийдвэр бидний өдөр тутмын амьдрал, талхны үнэд хүртэл шингэдэг. Тэгэхээр өөрийнхөө ирээдүйг шийдэх боломжоо бусад хүнд олгох хэрэггүй. Сонгуульд оролцож саналаа өгөөгүй хүнд төр, засгийн бодлого шийдвэрийг шүүмжилж, гомдоллох эрх байхгүй. Засгийн эрхийг барьж буй нам муу ажиллаж байвал түүний буруутан нь саналаа өгөөгүй хүмүүс. Өөрсдийнхөө хувь заяаг шийдэх эрхийг бусад хүнд олгохгүйн тулд сонголтоо хийж, түүндээ эзэн нь байхын тулд сонгогч заавал ч үгүй санал авах байр руу очиж, саналаа өгөх ёстой.
 
18-25 НАСНЫХАН ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХ ХАНДЛАГА АЖИГЛАГДСАН
 
-Энэ удаагийн сонгууль эрсдэлтэй нөхцөлд болох тул ирц хүрэхгүй байхвий гэсэн болгоомжлол байна. Ер нь ирц ямар байх бол. Энэ төрлийн судалгаанаас ямар зүйл ажиглагдаж байна вэ?
 
-Сонгуулийг тогтмол зохион байгуулж байх ёстой. Манай улсын хувьд 2016 оны УИХ-ын сонгууль өмнөхөөсөө харьцангуй өндөр буюу найман пунктээр илүү ирцтэй байсан. Санал авах үйл явцыг аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгааллын хувьд ямар нэгэн эрсдэл гаргахгүйгээр зохион байгуулах чадавх үүрэг нь төрийн байгууллагад бий. Энэ үүргээ хэр зэрэг хангаж чадах, үүнийгээ сонгогчдод хэр сайн ойлгуулж, хүргэж чадах, итгэл төрүүлэхээс ирцийн асуудал хамаарах байх. Сонгууль зохион байгуулсан бусад улс орны туршлагаас харахад цар тахал сонгуулийн ирцэд нөлөөлсөн зүйл байсангүй. Жишээлбэл, БНСУ-ын Үндэсний ассамблейн сонгууль өмнө нь ажиглагдаагүй илүү өндөр ирцтэй байлаа гэсэн дүн гарсан. Солонгосчууд цар тахалтай тэмцэхийн тулд бид заавал саналаа өгөх ёстой гэдэг итгэл үнэмшилтэйгээр саналын байр руу очсон байсан. 2016 оны сонгуулийн статистикийг харахад 18-25 насны залуучуудын 50 орчим хувь нь сонгуульд оролцоогүй. Тэгвэл сонгуульд оролцдоггүй энэ насныхан энэ удаагийн сонгуульд оролцож, саналаа өгнө гэсэн үр дүн судалгаагаар ажиглагдсан.
 
САНАЛ АВАХ ӨДӨР ИРЖ БУЙ ДУУДЛАГЫН 80 ОРЧИМ ХУВЬ НЬ “САНАЛ ӨГӨХ БАЙР ХААНА БАЙРЛАЖ БАЙГАА ВЭ” ГЭСЭН АСУУЛТ БАЙДАГ
 
-Танай байгууллагын хувьд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлд томоохон ямар ажлыг хийж хэрэгжүүлээд байна вэ. Лавлах утас руу холбогдож буй хүмүүс ихэвчлэн ямар мэдээлэл авдаг вэ?
 
-Төрийн бус байгууллагын хувьд хүний нөөц, санхүүгийн тухайд хангалтгүй. Гэсэн ч бид сонгогчдын боловсролд хувь нэмэр оруулахын төлөө ажиллаж байна. Бид 2009-2011 онд ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн багш болон сурагчдад зориулсан сонгогчдын боловсролын хөтөлбөр боловсруулж, туршиж үзсэн. Үр дүнтэй байсан ч албан ёсны хөтөлбөрт оруулаагүй учир урт хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй байсан. Бид сонгуулийн үеэр сонгогчдод мэдээлэл хүргэх зорилгоор 1800-2800 лавлах утас ажиллуулдаг. Өмнө нь өөрсдийн боломж нөөцдөө тулгуурлаж, мөн олон улсын байгууллагын тусламжтайгаар энэ ажлыг хийж байсан бол сүүлийн гурван удаагийн сонгуулиар СЕХ-той хамтарч ажиллаж байна. Лавлах утсаа тавдугаар сарын 1-нээс хойш ажиллуулсан. Энэ хугацаанд сонгуулийн тойргийн талаар нэлээд тодруулсан. Мөн сонгуулийн сурталчилгааг албан ёсоор эхлүүлээгүй байхад нэр дэвшигчид сурталчилгаа хийж байгаа талаар мэдээлэл өгч байна.
 
-Ер нь өмнөх сонгуулиудаас ажиглаж байхад лавлах утсанд ямар төрлийн гомдол, санал түлхүү ирдэг вэ?
 
-Сонгогчдын бүртгэл, нэрийн жагсаалттай холбоотой гомдол, санал ихэвчлэн ирдэг. 2016 онд лавлах утсанд ирсэн дуудлагын 50 хувь нь сонгогчдын бүртгэл, нэрийн жагсаалтай холбоотой байсан. Нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй байх тохиолдол их гардаг. Сонгогчдод урилга тараадаг байхад урилга нь илүү, дутуу ирэх зэрэг асуудал гардаг байсан. Сонгуулийн санал авах өдөр ирж буй нийт дуудлагын 80 орчим хувь нь “Манай хорооны санал өгөх байр хаана байрлаж байгаа вэ” гэсэн асуулт байдаг. Тэр болгонд хариулахдаа бид баяртай байдаг юм. Яагаад гэвэл, ингэж асуусан хүн бүр сонгуульд оролцож, саналаа өгөх гээд санал авах байр руу явж байна гэсэн үг. Уг нь сонгуулийн санал хураалтыг зохион байгуулдаг анхан шатны нэгж болох сонгуулийн хэсгийн хороо 14 хоногийн турш сонгогчийн саналаа өгөх байршлын хаяг зэрэг мэдээллийг сонгогчдод өгөх үүрэгтэй. Гэтэл энэ мэдээлэл хүртээмжгүй байгаа учраас сонгогчид санал авах өдөр лавлах утас руу залгаж байна.
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин