Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Лондон хотын хот төлөвлөлт, нийтийн тээврийн зохицуулалтын талаар уулзалтууд хийв. Энэ үеэр төлөөлөгчид Лондон хотын захиргаанд зочилж, Лондон хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (London Assembly)-ын Дэд дарга Эндрью Бофф-той уулзав.
Лондон хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 25 гишүүнтэй бөгөөд 14 нь иргэдээс шууд, 11 нь намын жагсаалтаар сонгогддог.
Үндсэн чиг үүрэг нь Лондон хотын Захирагчийн үйл ажиллагаанд хяналт тавихад оршдог. Лондон хотын Захирагч сард нэг удаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчидтэй заавал уулзаж, төлөөлөгчдийн асуултанд хариулт өгдөг. Лондон хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг шууд дамжуулдаг бөгөөд шууд дамжуулахгүй бол хуралдахгүй гэж хуульчилсан байдаг аж.
Лондон хот нь 32 дүүрэгтэй бөгөөд төлөөлөгчид Монгол Улсын Элчин сайдын яамны байрладаг Кэнсингтон ба Чельси дүүргийн захиргаанд зочилж, Засаг дарга Том Бэннет-тэй мөн уулзав.
Уулзалтад Кэнсингтон ба Чельси дүүргийн Засаг даргын орлогч Аариен Арети, дүүргийн төлөөлөгч Претти Хад, Дори Шметтерлинг нар байлцав. Энэ үеэр орон нутгийн засаг захиргаа, түүний чиг үүргийн талаар ярилцав. Мөн дүүргийн хариуцдаг гол асуудал болох халамжийн орон сууцны бодлого, зохицуулалтын талаар мэдээлэл авав. Мөн төлөөлөгчид Лондон хотын дундуур урсаж буй Тэймс голын дээгүүрх дүүжин тээвэр болон голын доорх авто замын туннелтэй танилцав.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл0