“The Hu” хамтлаг нь хөөмэй, хархираа зэрэг монголчуудын хийдэг хоолойн өвөрмөц техникүүд болоод морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгийн дуугаралтыг орчин цагийн рок хөгжмийн элементүүдтэй хавсарган "Хүннү рок" урсгалыг дэлхийн тавцанд танилцуулаад байгаа юм.
 
Дэлхийг тойрон аялах тоглолтоо цар тахлын улмаас түр зогсоосон тус хамтлаг "КОВИД-19" халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж "ГЭРЭГ" тоглолтоо өнгөрөгч 6 дугаар сарын 29-нд зохион байгуулсан.
 
Тус тоглолтоос нийт 55 сая төгрөг Улсын Онцгой комиссын хандивын дансанд цугларчээ.
Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тус хамтлагийн продюсер, МУГЖ Б.Дашдондог болон хамтлагийн гишүүд, мөн тоглолтыг хамтран зохион байгуулсан МҮОНРТ-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзан чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Тэрээр ”Манай ард түмэн төрөө хүндэтгэдэг, төр засгийн гаргасан бодлого шийдвэрийг ёсчлон биелүүлдэг сахилга баттай ард түмэн гэдгээ өнгөрсөн 6 сарын хугацаанд харууллаа. Түүний хүчинд өнөөдрийг хүртэл Монгол Улс дотооддоо КОВИД-19 халдварыг алдаагүй байна. Та бүхэн Монголын нэрийг дэлхийд гаргаж, Монголын нэрийн хуудас болж буй хамтлаг.
Одоо бид КОВИД-19 халдварыг давж гарахын төлөө хичээн зүтгэж байна. Тэр цагт дэлхийд дахин Монголын нэр цууурайтах биз ээ. Энэхүү цар тахалтай тэмцэхэд та бүхний, ард иргэдийн өргөсөн хандив үнэтэй хувь нэмэр болж байна. Та бүхэнд урлагийн өндөр амжилт хүсье” гэлээ.
“The Hu” хамтлаг тоглолтынхоо үеэр "КОВИД-19"-тэй тэмцэж буй хүмүүст талархан, иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг уриалсан юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.