sonin.mn
Миний бага насанд Улаанбаатар хотын 1970-80 оны хүүхдүүд байр болон гэр хорооллоор талцаж, чулуугаар байлдаж тоглодог байв. Чулуун мөндөр гэгчийг хоёр талаас буулгаж, хүн амьтан ч явуулахгүй ухарч, давшлан дайрахдаа,
Дандар баатар дайраад ирэв   
Дайсны цэрэг ухраад зугтав гээд хоолой нийлүүлэн “Ура” хашгиралдан гүйлддэг байлаа.  “Халх голын алаг морьт Дандар баатар” гэдгийг анх ингэж мэдэж, дараа нь тусгаар улсын хилээ хамгаалан тулалдсан “Эх оронч Мадриг” гэж ард олноо хүндлэгдсэн нэгэн баатрын тухай томчуулын ярианаас сонсож байлаа. 
Хожмоо сургуульд орж, дунд сургуулийн унших бичгээс Ц.Уламбаярын “Энхтайвны манаа” баримтат туужийг уншиж, ахмад Мадриг шиг гялалзсан офицер эсвэл түүний байлдагч Тэгшээ, Даваадорж, Гиваан нар шиг баатарлаг цэрэг болно гэж сурагч бид хөөрцөглөн мөрөөддөг байв.
Гэтэл өөрийн сумангийн 50 гаруй офицер, хилчин дайчдаа дайны үеийн бэлэн байдалд бэлтгэн, зохион байгуулж,1946-1950 оны Байтаг орчмын байлдаанд Хятадын Гоменданы генерал Ма Фу Ганы командалсан явган, морьт холимог хорооны түрэмгийлэл болон Османы дээрэмчдийн зэвсэгт бүлэглэлийн эсрэг хүч тэнцвэргүй тулалдаанд удаа дараалан орохдоо байлдааны цаг үеийн нөхцөл, орон нутгийн байршилтай нь холбогдуулан, дайсны цэрэгт үлэмж хохирол учруулах, өөрийн цэргээ гарздалгүй авч үлдэх, стратеги болон байлдааны нарийн тактикуудыг боловсруулж, түүндээ цэрэг дайчдаа бэлтгэн, сургуулилж, улмаар Монгол улсынхаа 150 гаруй километр газар нутгаа авч үлдсэн төдийгүй сумангаасаа таван Монгол улсын баатар төрүүлсэн, баруун аймгийнхан болон арми, ард олны  дунд “Эх оронч Мадриг” гэж алдаршсан сумангийн дарга, ахмад Мадриг (1912-1994) гэж авъяаслаг офицер өнөө хүртэл Баатар цолоо аваагүй байгаад гайхаж, харамсахын хажуугаар тухайн үеийн төрийн удирдлагаас түүний үйл хэргийг дарж, хэлмэгдүүлсэн гажуудлыг засаж “Монгол улсын баатар” цолыг нь нэхэн олгоосой хэмээн доорх түүхэн үнэнг толилуулж байна. 
 
 
 
Монголын түүхэнд 1946-1950 оны баруун хязгаарын хилийн мөргөлдөөн, тулгаралт гэж даруухнаар тэмдэглэсэн Байтагийн орчмын байлдаан нь угтаа манай газар нутгаас тасдаж авах гэсэн Хятадын геополитикийн өргөн далайцтай бодлого байв.
 
 
 
Иймээс ч Монгол улсыг 1946 онд НҮБ-д элсэхэд Хятад улсаас Чан Кай Ши-гийн төлөөлөгч “Монгол улс нь Хятад улсад түрэмгийлэл үйлдэн 150 гаруй километрын гүнд байгаа Байтаг уулыг эзэлсэн” гэж зохиомол шалтаг гаргаж элсүүлээгүй төдийгүй өөрсдийн армийн анги нэгтгэлүүдээ татан илгээж, эхэлсэн бөгөөд мөн Османы дээрэмчдийг хөрөнгө, зэр зэвсгээр дэмжин хилийн цөөхөн монгол цэргүүдийг олзолж, устгах давуу хүчээр айлган сүрдүүлж, ухраах бодлого үйлдэж байв.
Энэ талаар 1990 онд Хятадын Гоменданы генерал Жан Дан Жүн “Ар Монголын орчин үеийн түүх” номынхоо “Монголын цэрэг Шинжааны Байтаг уул руу довтолсон нь” (тал 1568-1578) хэсэгт “Зөвлөлт Монголын газрын зураг дээр Байтаг уулыг Ар Монголын хилд оруулж зурсан байсан ба Байтагаар зогсохгүй Булган гол зэрэг газрыг ч хүртэл хамааруулж байсан учраас Байтаг уулыг тэд өөрсдийн нутаг гэж үзсээр байв. Уулаасаа Байтаг уулыг дуудлагаар нь оруулахдаа Бай та кү үүл, Бай та уул, Ба и та үүл гэхчлэн олон янзаар нэрлэж байжээ.
 
 
 
 
Баруун хойш Хятадын газрын зурагт тэмдэглэснээр Байтаг уул нь умард хязгаарын захиргааны төвийн хойт талын хил болох хавтагаас баруун тийш 150 гаруй км зайтай орших ба уг нурууны хэц нь зүүн тийшээ үргэлжилдэг Тэнгэр уулын нэгэн салбар уул юм” гэжээ. Энэ номноос нь тухайн үеийн Хятадын баримталж байсан бодлого, түүнд нөлөөлж байсан хүчин зүйлүүд, Монгол улсыг НҮБ-д элсэх гэхэд яаж саад хийснийг тодорхой мэдэж болно.
 
 
 
 
Монгол, Хятадын 1962 оны хилийн гэрээгээр 1962-1964 оны хооронд улсын хилийг маань Байтаг уулын чиглэлээр дахин шинэчлэн тогтоож, Монгол улс нь олон улсын хэмжээнд хилээ баталгаажуулан зарлаж чадсан юм.Энэ тухай дэслэгч генерал Ш.Арвай (МУ-ын ШУ-ны гавъяат зүтгэлтэн, Цэргийн шу-ны доктор, Хилийн болон Дотоодын цэргийн командлагч агсан) “Ялангуяа Мадригийн удирдсан сумангийн заставууд, хилчид гарамгай байлдан Байтагийн ноён оргил, ус хуваагч нурууг оролцуулаад газар нутгаа авч үлдэн, 1962-1964 онд улсын хилийг тухайн заагаар тогтоох боломж бүрдүүлжээ. Үүргээ сайн биелүүлсэн Д.Даваадорж, Б.Тэгшээ, Б.Гиваан, сумангийн туслах асан Ж.Нэхийт, сумангийн заставын дарга байсан Н.Жамбаа нар Монгол улсын баатар цол хүртсэн юм” гэж эх оронч Мадригийн сумангийн талаар бичсэн байна. Монгол улсын маань хилийн заагийг Хятадын талаас хүлээн зөвшөөрөөгүй байсантай холбогдуулан хэлэхэд Мао Зэд Ун-ээр удирдсан Хятадын Ардыг Чөлөөлөх армийн нэгтгэл Эх оронч Мадригийн сумангийн байр руу санаатай болон санамсаргүй байдлаар довтолсон тулалдаан юм. Үүнийг тухайн үед нууцалж байсан. 1950 оны 5-р сарын 30-нд Байтаг Богд уулын өмнөд бэл болох Олонбулагт байрлаж байсан Эх оронч Мадригийн суман руу  Хятадын Ардын Чөлөөлөх армийн  500, 500-аар 3 хуваагдсан батальонтай  1500 хүнтэй миномёт, хүнд буу,пулемётаар зэвсэглэсэн Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хороо довтолсон байна.Эх оронч Мадригийн суман нь офицерүүдийн эхнэр хүүхэд, хилчин байлдагч нартайгаа нийлээд 59 байсан бөгөөд азаар Зөвлөлт Оросын газрын зургийн хэсэг арваад орос санаандгүй ирж,  амиа аварч, зугталгүй тэдэнтэй нийлж байлдахаар шийдсэн байна. Алсуур тойрч цагираглан бүсэлсэн ХАЧ арми довтолгооноо оройн 10 цагаас эхэлж, хүчтэй дайралт, шөргөн гал нээж, үүр цайтал үргэлжлүүлсэн боловч дийлж чадаагүй байна. Гэгээтэй болоод ирмэгц Хятадын тал улаан дарцаг мандуулж манайхтай учраа ололцсон байна. Тэд манайхныг Гоменданы цэргийн нэгтгэл гэж андуурсан гэжээ. Энэ тулалдааны дараа Эх оронч Мадригийн 50 хүнтэй сумангаас нэг шинэ цэрэг Хомоодой нь амь эрсэдсэн бөгөөд 1500 бие бүрэлдэхүүнтэй Хятадын хороо цэргээс 30 хүн алагдсан байна. Найрсаг харилцаа тогтсоны дараа Хятад талын хүмүүс “Шинжаанд Хятадын Ардын Чөлөөлөх цэрэг хамгийн их хохирол амссан цэг” гэж хэлж байсан байна.
 
“Давуу хүчтэй дайсанд манай хилчид суман заставаараа хүйс тэмтрүүлж, хүй бүлгээрээ сүйрэхгүй байхын нэгэн найдлага нь зурвас нутгийн байгалийн бартааг зөв ашигласан инженерийн байгууламж мөн гэдгийг олон баримтаар нотлон хэлж болно.
Байтаг Богд уулын хамгаалалтын явцад Гоменданы давуу хүчтэй цэрэг болон улангассан зэвсэгт дээрэмчдийн эсрэг хориглон байлдах инженерийн байгууламжгүй байх нь “Галзуу чонын өмнө гар хоосон байхтай адил” байлаа. Манай хилчид, гэр бүлийн хүмүүс байлдааны нэн чухал инженерийн байгууламжийг бүрэн хийж, хэрэглэж чадсан нь байлдаанд олон зуун хилчид, гэр бүлийн хүмүүсийн амь аврах баатарлаг цайз болж, дайснаа няцааж байсныг санахад нэн бахархалтай байна” (т120) гэж “Эх оронч Мадриг” (УБ 2011он) номонд түүний дурсамжийг оруулжээ. Энэ үед Байтаг Богд уулын нуруун дээрх Олонбулаг (Оронбулаг)-ийн хөндий, Их, Бага тахилтын зэрэг ашигтай газрыг эзлэн байрласан Гоменданы генерал Ма Фу Га нь өөрийн командалсан хүч нэмэгдүүлсэн явган болон морин цэргийн холимог хороогоо болон Османы удирдсан дээрэмчдийг зэр зэвсэг, эд хөрөнгөөр бүрэн хангаж, хамтын нэгдсэн давуу хүчээр манай хилчид рүү гэнэт дайралт хийж, манай хилийн застав, суманг устгах, амьд хилчинг олзлох эсвэл ухрааж хөөн зугтаалгаж, Байтаг Богд уулын салбар газруудыг бүрэн хяналтандаа оруулах гэж чармайж байв. Баруун хязгаарын улсын хилээ хамгаалах тулалдаанд манайхны 250 офицер хилчид маань амь эрсдсэн байдаг.   
Энд онцлон тэмдэглэхэд, зэвсэглэл сайтай, хүчтэй дайсны эсрэг манайхан цөөхүүлээ боловч айлгүй сөрөн баатарлаг байлдаж байсан нь Эх оронч Мадриг нь хилчин дайчдийнхаа дайнд орох сэтгэл зүй болон биеийн бэлтгэлийг бүрэн хангаж, хамгаалах хориглох байлдааны тактик, болзошгүй дайснаас тухайн газрын онцлогийг харгалзан хориглох байгууламжийг хэрхэн барихыг зааж, өөрөө үлгэрлэн, манлайлан хойноосоо дагуулж, хүн хүчээ зөв хуваарилаж, удирдаж байсантай холбоотой.
Энэ тухайгаа ч “Дайсны дайралт. Цөөн мөчийн дараа хүнд зэвсгийн дуу нүргэлж, манай хориглолтын дүүрэгт мина- гийн сүртэй исгэрэлт шуугин, газрын хөрсөн дээр гал маналзаж тэсрэхийн зэрэгцээ пулемёт, винтовын сум мөндөр мэт асгарч эхлэв. Манай хилчдийн хэсэг бүр өөрийн хуваарьт зурвасуудад илэрсэн дайсны галын цэгүүдийг мэргэн оновчтой галаар дарж, үхлийн аюулыг намжааж, бөртийж хөдөлсөн бүхнийг нь шуурган галаар дайрч юу ч ойртуулсангүй” (т132-133) гэж Эх оронч Мадриг дуртгалдаа бичжээ. Байтаг Богдын Бүдүүн харгайтын тулалдааны тухайд олон янзын зөв, буруу бичсэн өгүүлэл ойлголт байдаг. Гэхдээ бодит ойлголтыг үнэн зөвөөр нь хэлэхэд...
 
Монголын хилчдийн түүхэн замналын бахархал болсон энэ тулалдаан 1948 оны 7-р сарын 8-нд болсон бөгөөд сумангийн дарга Эх оронч Мадригаас тушаал аван, улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар удирдуулсан 9 хилчин Бүдүүн харгайтын аман дах нэргүй 3 өндөрлөгийг гурвалжин байдлаар эзлэн хяналт тавьж байтал Бүдүүн харгайтын уулын хар модон дотроос 150 гомендоны миномёт, пулемёт, винтовоор зэвсэглэсэн цэргүүд газрын бартаа ашиглан, тасралтгүй галын урсгалын дор давшиж эхэлсэн.Хилчин Пэлжээг холбоо залгах тушаал авч, мориндоо мордоход дайснууд түүнийг мэдэж, устгах гэж миномёт пулемётын шуурган гал нээсэн ч амь эрсдэлгүй амжилттай цойлон 30 гаруй км хол сумандаа хэл хүргэж чадсан байна.  Тасгийн дарга Б.Гиваан, Б.Тэгшээ,Х.Даваадорж нар өөрсдийн байршлаас хөнгөн пулемётын ширүүн оновчтой галаар дайсны давшилтыг зогсоож, галын хүчтэй цэгүүдийг устгаж байв.
Таван цаг үргэлжилсэн тулалдааны эцэст Н.Дандархайдав, З.Архад, Т.Баян нар хориглосон байрлалаасаа ухралгүй байлдсаар амь эрсэдсэн. Б.Гиваан, Б.Тэгшээ, Х.Даваадорж нар бүслэлтэнд орж сум хэрэглэл нь дуусмагц, зэвсгээ эвдэж, эвлэлийн батлах зэрэг бичиг баримтаа хадны завсар нууж, өөрсдөдөө үлдсэн ганц гранатаа дундаа тавьж,тэднийг амьд олзлохоор ирсэн дайсны цэргүүдийг шавааралдаад ирмэгц дэлбэлсэн байна. Г.Хаянхярваа, Д.Чойжин, Л.Гончигзэвэгээ нар дайсны давуу хүчинд дарангуйлагдаж, ухран хориглох байлдаан хийсэн. Үүнд галт байраа сэлгэн голын адгийн ашигтай байрлалд шилжин очсон бөгөөд ийшээ давших нь дайсанд ямар ч ашиггүй, дахин бие бүрэлдэхүүний хүнд хохирол амсах эрсдэл тулгарсан тул ухарч буцсан байна.
 
 
 
Чухамдаа ганц хөнгөн пулемёт, орос винтов, гранатаар зэвсэглэсэн монголын 9 хилчин маань, 50, 75 мм-ийн миномёт дөрөв, хүнд хөнгөн пулёмет арваад, винтовын бөмбөг буудагч хоёр, америк винтов, гранатаар өвч зэвсэглэсэн хятадын 150 цэрэгтэй ана мана үзэлцэж, 3 нь амьд үлдэж, дайснаа ухраасан нь дэлхийн байлдааны түүхэнд ч ховор тохиолдол юм.
 
 
 
Манай туслах хүч ирэхэд дайсан аль хэдийн зугтсан бөгөөд тагнуулын мэдээллээр Хятадын гомендоны цэрэг асар их хохирол үзсэнээ дээд газартаа мэдэгдэж, бүтэн өдөр гашуудал зарлаж, алагдсан хүмүүсийнхээ хүүрийг нутгийн гүнд Шар хөтөлийн Хар дэл гэдэг газарт 17 морин тэрэг, 3 автомашин хөлөглөн,олон зуун хүний оролцоотойгоор оршуулсан байна. Энэ бол 1 цэрэг өөрсдөөсөө зэвсэглэл илүү 16 дайсны цэрэгтэй эрэлхэг тулалдсан түүх буюу монгол байлдагчдын эр зоригийг харуулсан үлгэр жишээ болсон тулалдаан юм.
 
Үүний нууц нь юундаа байна вэ?
 
Энэ бол Эх оронч Мадриг түүний командын офицерүүд өөрсдийн цэрэг байлдагчдаа дайны нөхцөлд хэрхэн байлдах сургалт, ухаалаг бүтээлч байлдааны тактик болон байлдааны ашигтай байрлалыг зөв сонгож, цэц ончтой мэргэн буудаж сургасантай холбоотой.
Эх оронч Мадриг тухайн үедээ хийсэн байлдааны нэгэн гайхалтай шинэчлэлт нь манай хилчид олонх тохиолдолд бууны тусгал найдвартай биш 700-800 метрийн зайнаас гал нээж, өөрийн галын цэгийг дайсанд эрт мэдэгдэж хохирол амсаж байсан дутагдлыг засаж, дайснаа маш их ойртуулж, шуурган галаар оновчтой устгахын давуу талыг хилчин байлдагчдаа зааварлаж, галын бэлтгэл, буудлагын сургуулийн хөтөлбөртөө 150-300 метрийн дотор оновчтой мэргэн буудах, тэвдэж сандралгүй, хурдан шуурхай сэлгэлт хийж, хориглолтоо бат хамгаалах  сургуулилалт хийлгэдэг байсан байна.
 
 
 
Мөн эх орныхоо төлөө эцсийн дусал цусаа дуустал тулалдаж, сум дууссан тохиолдолд дайсанд амьдаараа олзлогдож болохгүй, өөрийн зэр зэвсгээ ч сул өгч болохгүй, эцсийн ганц гранатаа өөртөө болон амьдаар нь олзлохоор ирсэн дайсандаа зориул гэж цэрэг байлдагчдаа зоригжуулан сургаж, зааж байжээ. Сайн офицер сайн цэрэг төрүүлдэг аж.
 
 
 
Бүдүүн харгайтын чиглэлээр дайсны үлэмж хүч орж ирнэ гэдгийг ч урьдаас мэдэрч, хүч нэмэгдүүлсэн бие бүрэлдэхүүн тавьсан бөгөөд Бүдүүн харгайтын байлдааны төлөвлөгөө, байлдах тактикийн талаар өөрийн офицерүүдийн хамт хийжээ. Иймэрхүү төлөвлөгөөг застав бүрийнхээ орон нутаг, газар зүйн байрлалд нь тохируулан боловсруулж, офицер, хилчдээрээ хээрийн сургууль хийлгэдэг байсан байна. 
 
Үүнээс Бүдүүн харгайтын байлдааны төлөвлөгөөг товчхон сонирхуулахад,
 
“  ...- Ихэр гурван өндөрлөгийн уялдаа авцалдаа нэн нягт, нэг оргилыг орхиод нөгөөг хамгаалж, амжилтанд хүрэх бололцоогүй тул гурвууланг нь зэрэг хамгаалж зохицуулахыг заалаа...
- Түрэмгийлсэн дайсан юуны өмнө орчиндоо ноёрхож байгаа энэ гурван өндөрлөгийг эзлэхээр чармайна гэдэгт итгэж болно. Энэ гурвыг алдвал манайд учрах хөнөөлийн голомт бий болно.
- Дайсан ямар ч хохирлыг үл тоон гурван өндөрлөгийг нэгэн зэрэг эсвэл ээлж дараалан эзлэхэд манай пост байраа сэлгэх ёстой
- Манааны аль ч өндөрлөгөөс тал руу шууд ухарч болохгүй. Тэгвэл өндөрлөгийг эзэлсэн дайсны олон буудагчид чөлөөтэй онилон, нэгэн зэрэг буудаж устгана.
- Байраа сэлгэх цорын ганц ашигтай байрлал бол зүүн урагш Бүдүүн харгайтын голыг гатлан, урд мөргүүг эзлэн хориглон байлдах...
- Учир нь мөрдөн хөөсөн дайсан зүүн өмнөд өндөрлөгөөс бууж, голын эрэг хүрэхэд нэлээд зайтай, бартаагүй цагаан тал зурвасыг туулах тул дайсны үлэмж хүчийг тэр талд устгаж болно.
- Цаашид дайсны хүр рүү орох үед 110-120 метрээс холгүй зайтай голын урд эрэгт хориглосон манай дайчид төрөл бүрийн зэвсгийн шуурган галаар хөмсөг дээр нь сүйрүүлэх боломжтой. Энэ бол манай хоёр дах удаагийн өгөх цохилт байх болно...
- Энэ хориглох тулалдааны  үед цаг хожих бөгөөд тусламжийн хүч  маань ирж амжина” (т142-144)  “Эх оронч Мадриг” УБ 2011он.
 
 
 
Эх оронч Мадриг болзошгүй байлдааны энэ төлөвлөгөөгөө нууцлалын зэрэглэлд оруулж харин энэ дагуу өөрийн Дамжигийн суман, заставынхаа нийт офицер хилчин байлдагчаа бие бүрэлдэхүүнээр нь 1947 оны Октябрийн, 1948 оны 3-р сарын18 цэргийн баярын өдрүүдээр газар дээр нь хээрийн дадлага сургуулилт хийлгэж, Бүдүүнхаргайтын голын дүүргийн газар орны байрлалыг байлдаанд хэрхэн ашиглахыг зааж, сургасан байна.
 
 
 
Чухамхүү яг энэ төлөвлөгөөнийх нь дагуу манай баатарлаг 9 хилчин 3 өндөрлөгийн байрлалаа эзлэн гайхалтай эрэлхэг байлдсан.
Хоёр өндөрлөгөө алдаж, дайсны давуу хүчинд автагдсан сумангийн улс төрийн орлогч 
Г.Хаянхярваа өөрийн 2 хилчний хамт сүүлчийн өндөрлөгөө орхин, байраа сэлгэж, байлдааны төлөвлөгөөний дагуу Бүдүүнхаргайтын голыг гатлан, урд мөргүүг эзлэн байрласан. Гэтэл Гомендоны цэргийн офицерүүд ч бартаагүй цагаан зурваст өөрийн цэргүүдэд дахин хүнд хохирол учрахыг урьдчилан харсан тул цэргүүдээ ухрааж, үхсэн цэргүүдээ аван, манай нэмэлт хүч ирэхээс өмнө санд мэнд зугтжээ.
Чухамдаа энэ тулалдааныг нь газар дээр нь тэр дор нь шинжлэхээр Дотоод явдлын яамнаас болон Төвөөс шинжилгээний комисс, орос сургагчдын хамт шинжилж, шалгаж, баталсан байна
Дараа нь 1949 онд Б.Тэгшээ, Л.Даваадорж хоёрт “Улсын баатар” цол харин 23 жилийн дараа тасгийн дарга Б.Гиваанд “Улсын баатар” цолыг нь нөхөн олгожээ.
Өөрөөсөө 16 дахин хүчтэй хүнд зэвсэглэсэн дайсны хүч тэнцвэргүй тулалдаанд дийлдэлгүй үлдэж, газар нутгаа авч үлдэн, эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр байлдааны үүрэг даалгавраа гарамгай сайн биелүүлж, эрэлхэг зоригтой байлдсан 10 хилчнээ алдаршуулан суртчилах нь арми хилийн цэргийн бие бүрэлдэхүүнд бахархах үлгэр дууриал болж, тэдний төрж өссөн уул ус, газар нутаг төрөл төрөгсдийг нь баярлуулан бахдуулах юм даа.
Монголын Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын лавлагаанд “1948-1950 он хүртэл 24 дүгээр отрядад шугамын сумангийн даргаар ажиллах хугацаандаа Х.Мадригийн удирдсан 50 орчим хүнтэй суман нь дайсны 800 гаруй хүнтэй буюу 16 дахин их хүнтэй тулалдан байлдаж дайсны талаас 6 цэрэг нэг офицерийг устган, өөрийн талаас нэг хүн, нэг мориноос өөр хохиролгүйгээр дайсны хүчийг ухраажээ” гэсэн Эх оронч Мадригийн сумангийн нэгэн тулалдааны талаарх мэдээлэл ч байна.
Эх орны минь 150 гаруй километр газар нутгийг минь авах гэсэн Хятадын геополитикийн бодлогыг няцааж, Хятадын Гомендоны цэрэгт байрших боломж олголгүй өөрийн офицер, хилчдийн хамт эрэлхгээр хамгаалан байлдаж, авч үлдсэн Эх оронч Мадриг гэж хэн бэ? 
 
Эх оронч Халтарын Мадриг нь Түшээт Хан аймгийн Гүн түшээ гүний нутаг одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг болох Элгэн хэмээх газар 
1912 онд төржээ.
1930-1933 онд Өмнөговийн Хятадтай хил залгаа Ноён сумын нутагт цагдаа- цэргийн алба
1936-1945 онд дахин цэрэгт татагдаж, тасгийн дарга, хязгаарын цэргийн сургуульд суралцан салаан дарга, сумангийн бэлтгэл дарга
1945 онд Японы эсрэг чөлөөлөх дайнд тулалдаж, Өвөр Монголын баруун Сөнөд, Зүүн Хошуу, Баруун үзэмчний хошуунд бугшиж байсан Японы тагнуул, хорлон сүйтгэгчдийг илрүүлэн баривчлах ажиллагаанд оролцсон байна. 
1946-1953 онд Монголын баруун хилд томилолт аван Ховдын 5-р отряд, Байтагийн сумангийн дарга
1953-1984 онд Цагдаагийн Ерөнхий газрын цахилгаан станц, Элчин хамгаалах ротуудад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.
 1994 онд насан өөд болов.
 
Эх оронч Мадригийн талаар...
 
Дэслэгч генерал Ж.Жамъяны дурсамж.
“Х.Мадриг нь 1946 оны эхээр Командлагч генерал Б.Доржийн судалгаагаар шалгарч, цус урсгаж байсан аюултай халуун цэг Баян-Өлгий аймгийн Дэлүүний сумангийн даргаар томилогдон ажиллаж, олон удаа байлдаан тулалдаанд ялж, байдлыг тогтворжуулж чадсанаараа бахархагдаж байв”
Г.Цогбадрахын дурсамж, Бодончийн 6-р отряд,3-р сумангийн улс төрийн орлогч асан  2011он
 “Мөн ч зарчимч, ширүүн, тун дайчин дарга байсан даа, цаг үе ч тийм байж...
Эх оронч Мадриг гуай бол сайн барилддаг, уртын дуу сайхан дуулдаг, юм үзэж нүд тайлсан, өндөр сайхан тураг биетэй, хүрэн бор царайтай, жирийн үгээр санаа бодлоо товч илэрхийлдэг, өөрийгөө хэзээ ч магтдаггүй, хамтран зүтгэгсдийнхээ төлөө байнга санаа тавьдаг, бахархан дууриах гавъяатай баатарлаг хүн байсан юм шүү.
Энэ хүн бол цогтой эх оронч “Монгол Улсын баатар цол”-оор шагнагдах ёстой гэж ахмад дайчид бид өнөөдрийг хүртэл хүлээж, ярьцгааж, дурсацгааж байдаг юм”
 
Дэд хурандаа Д.Нацагийн дурсамж, 2011 он.
 
“Үнэхээр эрэлхэг цэргийн цээжинд эх орон багтдаг гэсэн гэгээн санаа надад одоо хүртэл бодогдож явдаг юм. Эх оронч Мадриг бол үнэнч шударга, холч ухаантай, хүнлэг, алсын хараатай, хамт ажиллахад түшигтэй, ёстой л нэг говийн сайхан Дэлгэрхангайн уул шигээ нөөлөг нөмөртэй, намбатай сайхан төрийн хар хүн байсан даа...”
Цагдаагийн хурандаа, ЦСЕГ-ын Ахмадын холбооны тэргүүн Н.Гаравсүрэнгийн дурсамж 2011он
“Энэ хүн бол түүхэн гавьяатай хүн. Баруун хязгаарын домог болсон ийм хүн л дээ. Эх оронч Мадриг л гэж хэлдэг, нэрлэдэг, хүндэлдэг байсан билээ”
 
Хурандаа Ч.Алтангэрэл 2011 он 5-р сар    
 
“Ялангуяа удирдсан салбараасаа Улсын олон баатар эрс, эх орончдыг төрүүлэн, баруун фронтын гол чиглэлийг хамгаалах нөр хүнд үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн, гурван фронтын дайчин Халтарын Мадригийн гавъяа мөнхөд дуурсагдах нь мэдээж билээ” 
 
 Дэслэгч генерал Ш.Арвай (Хилийн ба Дотоодын цэргийн командлагч асан) 2011 он
 
“Эх оронч Мадригт Монгол Улсын баатар гэдэг эрхэм цол, хүндэтгэлийг хүртээх тухай ч өмнө нь санал дэвшигдэж байсан удаатай. Гавъяа нь мөнх учраас мөнхжүүлэхэд төр гар сунгах цаг ирнэ гэдэгт итгэж явдаг хүмүүсийн нэгэнд би өөрийгөө хамааруулдаг хүн”
Баруун хязгаарын ард түмний дунд “ атга шороо, алхам ч газар алдаагүй” гэж  домог болсон баатар, Эх оронч Мадриг нь Улсын баатар цолоо авч, төрийн хүндлэлээ аваагүйн шалтгаан юундаа байна вэ?
Эр цэргээ эцэг хүн шиг хайрладаг Эх оронч маань тэднийхээ өмнөөс өөрийн дээд удирдлагатай муудалцаж, тэдний зэвүү, дургүйг хүргэсэн учраас түүнийг ахиж дэвшүүлэхийг ч хүссэнгүйгээр барахгүй, авах ёстой алдар гавъяаг нь  ч дарж хэлмэгдүүлсэн байна.
Энэ нь баруун хязгаарын цэргүүдийн өлсгөлөнтэй холбоотой. Монголын армид тохиолдсон энэ өлсгөлөнг  төрийн нууцлалын зэрэгт байлгаж байсан ч 1991 онд Монголд ардчилал ялснаар ил тод болж эхэлсэн юм.
Шалтгаан нь 1947 оноос 1948 оны 4-р сар хүртэл баруун хязгаарын хилийн цэргүүдэд өлсгөлөн нүүрлэж, ялангуяа Байтагийн салбарын отряд, Эх оронч Мадригийн суманд илүүтэй их туссан байна. Өөрийнх нь заставаас 3 цэрэг өлсгөлөнгөөс болж үхсэн. Хилчин байлдагч маш хэрэгтэй энэ үед тулааны талбарт биш өөрсдийн удирдлагын ажил албаны хариуцлагагүй байдлаас болж, энгийн ардын сайхан үрсийг алдсандаа маш их харамсаж, бухимдаж үүнийгээ ч зоригтой илэрхийлж, удирдах албан тушаалтнуудаа шүүмжилж байжээ.
 
Өлсгөлөн үүссэн нөхцөл  нь,
 
1. Дээд удирдлага нь 1947 оны 11 сард ирэх ёстой цэргийн хангамжийг нь цаг тухайд ирүүлэлгүй ажлаа цалгардуулж, байж байгаад 1948 оны 4-р сард ирүүлсэн.
2. Байтагийн салбар газраар олон жил ган зуд болсон тул ашиглах нөөц маш хомс. Өвсгүйгээс ан амьтан дайжиж холдсон. Иймээс мал байтугай аргал, янгир, зээр үй олноор өлбөрч үхэж байв. Иймээс явган хил хамгаалсан, ээлж халаагүй дайсантай тэмцсэн, тэжээллэг чанар муутай хоол нь хомсхоноос сульдаж ядаргаанд орсон цэргүүдийг тэнхрүүлэх “Тэжээлийн цэгүүд”-ийг Дамжигийн сумангийн төв, отрядын штабт тус тус байрлуулан, эмнэлгийн хяналтанд оруулж байж. Өвчин, өлсгөлөн аль нь үл ойлгогдох шалтгаанаар нас барсан цэрэг болон офицерүүдийн хүүхдийн тоо нэмэгдсэн. 
“Би нэлээд лагс зузаан хүн байсан. Өлсгөлөнгийн саруудад жин алдаж, таардаг размерийнхаа хувцасыг хоёр дахин багасган хасаж өмссөн юм. Надтай хамтран зүтгэж явсан заставын дарга, орлогчид мөн л тиймэрхүү болж, нүд нь хонхойж, эрүү нь сунаж, хүзүү нь гүрдийж, царай алдсаар байсан билээ” гэж Эх оронч Мадриг дурссан байна.
Хурандаа Ч.Алтангэрэл “Байтаг орчмын хилийн цагийн байдал, хүндэрсэн үе ба түүнийг хэрхэн шийдвэрлэсэн тухай зарим баримтаас” гэсэн үнэ цэнэтэй судалгааны өгүүлэлдээ “...Хилчид ингэж дайсантай тэмцэхийн зэрэгцээ өлсгөлөнтэй тэмцэж байв...цай давс тасарч, цэцэг өвс хандлан ууж, хэвгээр гамбир хайрах,цас малтаж турж үхсэн малын мах олж идэх, намрын нядалгааны малын сэвс олж зажлан, өл залгах үе бишгүй тохиолдож байжээ. Турж эцсэн цэргүүдийн зарим нь хилийн манаанд явах чадалгүй харангадан унах, тэмээний хорголд тээглэн ойчих нь ердийн үзэгдэл болсон байлаа. Шүдэнз тасарснаас сумны хавчаараар хэт хийн цахиж, дэн барих, цоорсон гутлаа тэмээний тавхайгаар уллаж, хилд явах зэргээр ажил амьдралаа залгуулж байжээ.
Олон сараар хувцас тайлалгүй харуул манаанд гарснаас хир буртагтаа баригдан бөөстөж, зарим ангид хижиг өвчин гарч байжээ. Хүмүүс олноор үхсэн нь ч нууц биш юм. Байтагбогдод 1948 оны 4,5 саруудад болсон тулгаралтанд хилчид үстэй дээл, эсгий гуталтай орсон нь хангалт ямаршуу байсныг гэрчилнэ. Гэвч хилчид дайсантай нэр төртэй тэмцэж, газар нутгаа хамгаалж байсан юм” гэж бичжээ.  
Хилчин дайчдыг өлсгөлөнд нэрвэгдүүлсэн удирдагчид нь Дотоод Яамны сайд генерал Цэдэв, Хязгаарын газрын дарга генерал Б.Дорж, Хязгаарын газрын штабын дарга хурандаа Намжил, Улс төрийн хэлтсийн дарга хурандаа Д.Санжаа, Бэлтгэн нийлүүлэх арын албаны дарга хурандаа Д.Рэнцэн нар аж. Жишээлбэл, генерал Б.Дорж нь Улаанбаатараас 8 ханатай маш гоё цоохор гэр Ховдод аваачиж, гэртээ Ховдын хэлтсийн ажилтан хаагчаар үйлчлүүлж, хилчин цэргүүдээр хамгаалуулж, утсан харилцаа нэгэнт хөгжсөн байхад  Улаанбаатар руу үргэлж ирж очсоор байдаг гэтэл хил дээр хилчид өлсгөлөнд нэрвэгдэж, хүндхэн байгааг ард олон нууцаар шүүмжлэн, шуугиж дургүйцлээ илэрхийлж байсан байна.
Хязгаарын цэргийг удирдсан дээрх генерал, хурандаа нар хилчин цэргүүдийнхээ хоол хүнс, хувцас хэрэглэл болон отряд, суман, заставынхаа бие бүрэлдэхүүнийг хэвээр хадгалах, хүч чадлыг нэмэгдүүлэх ажлыг цаг тухайд нь  хийлгүй алгуурласнаас Алтайн давааг цасаар хаалгаж, цэргийн хангамж нийлүүлэлт нь тасарч өлсгөлөн нүүрлэжээ.
Эх оронч Мадриг энэ тухай “Цэргийн нормт хүнс, дүрэмт хувцасны хангамж тасалдаж, зарим чиглэлд хагас өлсгөлөнд хүрч хариуцлага алдсан тул Хязгаарын газрын бэлтгэн нийлүүлэх хэлтсийн дарга (Арын албаны дарга) хурандаа Довдонгийн Рэнцэнг ажлаас нь халж, хуулийн байгууллагад шилжүүлсэн тухай Хязгаарын цэргийн Улс төрийн хэлтсээс намын гишүүдэд илгээсэн мэдээлэл үнэн байсан.
Генерал Дорж “Эх орны төлөө цохилох зүрх” гэсэн өөрийн дуртгал номын 71-р хуудсанд, ”...хилчин дайчдын ахуй хангамж, үйлчилгээний ажилд хурандаа Рэнцэн (Бэлтгэн нийлүүлэх хэлтсийн дарга) нарын зэрэг хүмүүс сайн ажиллаж, цэрэг дайчдын баяр талархал хүлээж байлаа...” г.м. хуурамчаар зохион бичсэнийг уншаад командлагчаа чамлаж, харамсаж билээ”(т116) гэж тухайн үеийн үнэнг нууж, хариуцлага тооцох ёстой хурандаа нар нь талархал хүртэж байгаад гомдож, өлсгөлөнгөөс болж үхсэн цэргүүд, офицерынхаа үр хүүхдийн өмнөөс үнэхээр харамсан гашуудаж байсан байна...
Эх оронч Мадриг түүний эрэлхэг зоригт хилчдийнх нь талаар Ц.Уламбаяр “Энх тайвны манаа” 1949 он баримтат тууж, М.Машбат “Эх оронч Х.Мадриг” баримтат түүх 2011он,  “БНМАУ-ын Хязгаарын цэргийн түүхэн замнал”, “БНМАУ-ын хил үүсэж тогтсон түүхэн товч”, “Онгон хилийн манаанд” , “Бүдүүн харгайтын тулгаралт, байлдаан” зэрэг номнууд,  Б.Сумхүү “Хил дээр” 1967 он (уран сайхны кино), О.Бат-Өлзий  “Маш нууц 2- Байтаг Богд” 2018 он (урансайхны кино) гэх мэтээр Монголын уран зохиол, кино урлаг, дүрслэх урлаг, уран зураг, цэргийн түүх, сонин нийтлэл, хэвлэлийн хуудаснаа олонтоо гарч, мөнхрөн үлдсэн бөгөөд хойчид ч энэ тухай хэвлэгдэн нийтлэгдэж, Монголын үе үеийн  хойчийг залгамжлагч охид хөвгүүдэд минь бахархан дууриах, тусгаар тогтнол, газар шороо гэж ямар их үнэ цэнэтэй юм бэ гэдгийг сануулж, эх оронч хүмүүжил, монгол эр цэргийн үлгэр дууриал болсоор л байх болно.
Мөн түүнчлэн Монголын баруун хил хязгаараа хамгаалж байсан ахмад хилчин дайчдын төдийгүй тухайн үеийн гэрч энгийн малчин ард ахмад буурлуудын дурсамж ярианд “Эх оронч Мадригийн” тухай бахархан бахархан дурсаж, үр хойч үедээ өвлүүлэн үлдээж байдаг нь сайхан. Иймдээ ч түүнийг мэддэг, хамт алба хааж явсан, гавьяа зүтгэлийг үнэлдэг ахмад дайчид, офицер, хилчид Эх оронч Мадригийг “Монгол улсын баатар” цолоор нь шагнуулж, төрийн хүндэтгэлийг нь нэхэн олгуулах гэж нас барсаных нь дараа ч гэсэн хөөцөлдөж байсан байна.
Тухайлбал,
 
1. Монгол Улсын Засгийн газрын сайд М.Энхсайхан танаа
 
1997.04.25             Мөнхжүүлэх тухай                    Улаанбаатар хот
                        Эх оронч Х.Мадриг агсны тодорхойлолт 
Дотоодын цэргийн 805-р хорооны 2-р сумангийн ахмад дайчин Х.Мадриг агсанг “Монгол Улсын баатар цол” нэхэн, шагнуулахаар санал болгож...
Монгол Улсын Дотоодын цэргийн 805 дугаар хороо
Ахмадын хорооны дарга....................... Ц,Лувсандорж  
 
2.           Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт
 
1997.08.27          Дугаар 61      Улаанбаатар хот 
         
Монгол Улс даяар “Эх оронч” гэж алдаршсан Халтар овогтой Мадриг агсан нь...
“Монгол Улсын баатар” цолоор нэхэн шагнуулах тухай...
 
                       Дайнд Оролцогчдын Монголын Хороо
                       Дарга.......................................... Дугарсүрэн
 
3.            Цагдаагийн Байгууллагын Ахмадын Холбоо
 
2008.03.17           №12               Улаанбаатар хот
 
...хамт олныхоо дунд “Эх оронч Мадриг” гэж алдаршсан...”Монгол Улсын баатар цол”-оор нэхэн шагнуулах талаар...
                   Тэргүүн................................... Н.Гаравсүрэн
          Гэвч Япон болон Манж Го улсын эсрэг Халхын голын дайн 1939 он, Японы империалст гүрнээс Өвөрмонголоо чөлөөлөх дайн 1945 он, эх орныхоо баруун хязгаарыг авч үлдэх Хятадын Гомендоны болон Османы дээрэмчдийн нэгдсэн бүлэглэлийн эсрэг 1946-1950 тулалдаанд эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа зориулж, 3 фронтод тулалдаж, амьд үлдсэн ахмад дайчид маань нэг эх оронч андынхаа гавъяа зүтгэлийг нь үнэн зөвөөр нь төр засгаар үнэлүүлэх гэсэн хүсэлтийг нь үл ойшоожээ.
           Эх оронч Мадригт “Монгол Улсын баатар цол” нөхөн олгохоос татгалзаж “ Нэгэнт өнгөрсөн баатрыг авч хэлэлцэхгүй, мартагдсан түүх” гэж хариулсан нь эх орон, ард түмнийхээ төлөө халуун амь, бүлээн цусаа зориулж явсан ахмад дайчдын битгий хэл сонссон хүн бүрийн сэтгэлийг гонсойлгож, зүрхийг нь шархлуулж байгаа нь гунигтай.   
 Эх орон нь эх оронч хүүгээ мартаагүй дурсаж байхад төр засгийн түшээд нь эх орончдоо мартаж байгаа нь ямар харамсалтай Иймээс  Эх оронч Мадригийн түүхэн алдар гавъяаг нь Төр засаг маань үнэн зөвөөр үнэлж, ”Монгол Улсын баатар цол”-оо нөхөн олгож, хүндэтгэл үзүүлэн, “Монголын төр зүтгэсэн хүнээ мартдаггүй” гэдгийг ард түмэн, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд мэдрүүлж, хойч үеийнхэнд үлгэр болох гавъяаг нь мөнхжүүлээсэй. 
Өстөн дайсан нь
Өсгийгөө гялалзуулан зугтдаг гэгддэг гурван фронтод эрэлхэг зоригтой тулалдаж байсан Эх оронч Мадриг нь өөрийн сумангаа гарамгай удирдан, зохион байгуулж, баатарлагаар тулалдаж, эх орныхоо баруун хязгаарын 150 км газар нутгаа авч үлдсэн гэгээн замналыг нь мөнхжүүлэн алдаршуулна уу.
Жич, БНМАУ, ЗСБНХУ-ын 1957 оны хилээ тодотгон тогтоох хэлэлцээрээр Монголын хойд талын газар нутаг Асгатын оройгоос Их Соёны нуруу хүртэлх 300 орчим хавтгай дөрвөлжин километр газрыг ЗХУ нь геополитикийн бодлогоор таслан авахыг хүссэн боловч тухайн үеийн ГЯЯ-ны сайд С.Аварзэд шийдвэртэй эсэргүүцэж байсан тул түүнийг Монгол төрийн удирдагч байсан Ю.Цэдэнбал үүрэгт ажлаас нь зайлуулж, тээврийн жолооч болгож хэлмэгдүүлсэн. Үүний дараа Оросууд бяцхан буулт хийж 84 км газрыг минь үлдээж, 216 хавтгай дөрвөлжин км газрыг маань булаасан. Үүнд нь Ю.Цэдэнбал даргын өөрийнх нь төрсөн нутгийн бууц нь хүртэл орчихсон байна. Харин Монголдоо үлдсэн газар шорооноос маань одоо Асгатын мөнгөний орд илрээд байгаа билээ.    
Эх оронч хөвгүүдээ...
Уул толгод нь өндөлзөн өндөлзөн дурсана
Урсах мөрөн гол нь мяралзан мяралзан хүүрнэнэ 
Ухаант ард маань бахдан бахдан үлгэрлэнэ.
 
Монголын армийн бэлтгэл офицер  Боржигон овогт З.Ганболд  
2020 он 9 сар
 
Байтаг Богдын сумангийн дарга Эх оронч Мадриг
 
 
Байтаг Богдын Дамжигийн суман 1948 он баруун гараас 2 дах нь сумангийн дарга Эх оронч Х.Мадриг 
 
 
Байтаг Богдын Дамжигийн сумангийн ахмад дайчид, 1988 он Баруун гараас: Ц.Ванчиг, Г.Хаянхярваа, Б.Дулмаа,...,Пэлжээ, Баасанжав
 
 
 
Баруун хязгаарын ахмад дайчид, 1988он. Зүүн гараас: Эх оронч Х.Мадриг, хошууч Н.Норов, Хөдөлмөрийн баатар дэслэгч генерал Ж.Жамъян, Монгол Улсын баатар Н.Жамбаа Арын эгнээнд зүүн гараас: Хошууч Ё.Бямбаа, Алдарт комиссар П.Дагвадорж, дэд хурандаа Ж.Далхжав, сумангийн дарга ахмад М.Чойжилсүрэн, Т.Цолмон (Нэхийт баатрын гэргий), хошууч Ч.Алтангэрэл
 
 
Эх оронч Мадриг (1912-1994) 1939 оны Халх гол, 1945 оны чөлөөлөх дайн, 1946-1950 оны хил хамгаалах байлдаан  буюу 3 фронтод тулалдсан , ард олондоо “атга шороо, алхам ч газраа алдаагүй Эх оронч баатар” гэж домог болсон хошууч Х.Мадриг.