Монгол Улсын төрийн болон ёслол хүндэтгэлийн олон арга хэмжээнүүдийн үед “Хүндэт харуулын дарга Батдэлгэрийн Хаш-Эрдэнэ” хэмээн хэдэн зуун удаа илтгэл өгч байсан түүний дуу хоолойг уншигч та хаа нэгтээ сонсож байсан гэдэгт итгэлтэй байна. Энэ хүн бол бидний “Танил хүн” бөгөөд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ юм. Дархан хотын уугуул хүү тэрээр эцэг эхээс гурвуулаа. Геологич аав хүүхдүүддээ Дэлгэр-Эрдэнэ, Анар-Эрдэнэ, Хаш-Эрдэнэ гэж чулууны нэрс хайрлажээ.
Ахлах ангийн найман хөвгүүд тоглоом шогломоор бие биеийнхээ мэргэжлийг зөгнөж “Чи урлагийн авьяастай юм болохоороо СУИС-д ор, Хашаа том биетэй юм чинь Цэргийн сургуульд ор, чи техник сэтгэлгээтэй юм чинь ТИС-д ор. Мэргэжлээ давхцуулахгүй шүү найзууд аа. Хэдүүлээ эзэмшсэн мэргэжилдээ шилдгүүд нь байх болно” хэмээн хөөрцгөөж байсан ёсоороо мэргэжлээ сонгож, сонголтоо ээждээ хэлэхэд ”Удамд маань цэргийн хүн байхгүй. Миний хүү зөв сонголт хийжээ, хичээдэг юм шүү” хэмээн хэлсэн нь ташуур болж эргэлт буцалтгүйгээр нийслэл хотноо ирж байсан түүхтэй.
 
 
 
Цэргийн хүн ямар байдаг, юу хийдэг, цэргийн сургууль нь хаана ч байдгийг мэдэхгүй хүү ээжийнхээ, найзуудынхаа захиасыг өвөрлөн “Улаанхуаранд л байдаг" гэсэн ганц сургаар Цэргийн их сургуулийн Ерөнхий цэргийн ангид элсэж, бахархал дүүрэн суралцсанаар омог, бардам он жилүүдийг үдсэн юм.
 
 
 
Хэзээний өндөр сайхан нуруутай түүнийг сургуулиа төгсөж амжаагүй гуравдугаар дамжааны оюутан байхад нь Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хүндэт харуулын ротод авч байсан аж. Тэр үед ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч байсан чөлөөнд байгаа хошууч генерал Б.Шагдар өөрийн биеэр хүндэт харуулын ротод орох офицеруудыг шалгаруулж байсан аж. Тэр сонгон шалгаруулалтад маш олон офицер орсноос ХЗЦК-ийн Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатарын хамт тунаж үлджээ. Яг л морь мал шалгаж байгаа аятай эрүүнээс татаж, амыг нь ангайлгаж байгаад эцэст нь “За миний хоёр хүү тийшээ зогсоод сайхан монгол дуу дуулаадах” гэжээ. Тэр үед ахмад цолтой байсан О.Эрдэнэбаатар “Миний ээж сайхан ээжий Мяндас зөөлөн уян ээжий”, хэмээн эгшиглүүлэхэд сонсогч байсан тэрээр инээдээ барьж ядан зогсож байтал Шагдар генерал ”За одоо чи дуул” гэх нь тэр “Цэмбэн шинель ногоон цамцтай, Цэл залуухан...” гээд л дуулсан. Тэгээд дуулаад дууссаны дараа Шагдар генерал “За за чи ахмад цолтой, чи дэслэгч цолтой. Эрдэнэбаатар чи төрийн хүндэт харуулын дарга, Хаш-Эрдэнэ чи хүндэт харуулын салаан дарга” гэж хэлэхэд нь “Даргаа би сонсогч” гэтэл “Дүүрэнжаргал аа наад хүнээ зохицуул” гэж хэлснээр сонсогч ахуй цагтаа Хүндэт харуулын салааны дарга хэмээн эрхэм хүндтэй үүргийг хүлээн авч Хүндэт харуулын роттой холбогдож байсан бахархам түүхтэй.
 
 
Энэ цагаас хойш тэрээр Монгол Улсын Төрийн хүндэт харуулын салааны дарга, ротын даргын албан тушаалуудад үүрэг гүйцэтгэх хугацаандаа төрийн ба төрийн бус ёслолын үйл ажиллагаанд 700 гаруй удаа, төрийн дээд хэмжээний 400 гаруй ёслолын ажиллагаанд оролцон Хүндэт харуулыг удирдаж байсан юм. Тухайлбал, НҮБ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ, Казахстан, Индонез, Турк, БНСУ, Япон, ОХУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдуудад мөн 180 гаруй улсын Элчин сайдуудыг угтан авах гээд маш олон арга хэмжээнд оролцож амьдралынхаа баяр жаргал, гунигт мөчүүдийг жагсаалдаа өнгөрөөжээ.
 
2001 онд дөнгөж Хүндэт харуулын дарга болоод удаагүй байхад төрийн ёслолд өөрчлөлт орж, зочны нэрийг бүтнээр нь мөн илтгэл өгч байгаа өөрийнхөө нэрийг овогтойгоо хамт хэлдэг болж өөрчлөгдсөн аж. Яг тэрхүү өөрчлөлт орсноор анхны илтгэл өгөх гээд ордны гадаа зогсож байхад аав нь бурхан болсон харамсалтай мэдээг дуулжээ. Хараахан зочин ирээгүй байсан болохоор Дүүрэнжаргал хурандаад очоод хэлтэл “Тэр ямар хамаатай юм бэ, зочин юу юугүй ирж байхад үг дуугүй очиж ёслолоо ав” гээд тоосонгүй. Хачин гунигтай байсан хүн чинь гэнэт уур хүрээд очиж ёслолоо авахдаа Батдэлгэрийн Хаш-Эрдэнэ гээд цангинатал өгчхөөд цэргүүдээ эргүүлээд иртэл нөгөө загнаад байсан дарга нь тэвэрч аваад “За миний хүү даргынхаа машиныг унаад хурдан яв. Эрт үү, орой юу хэзээ нэгэн цагт тохиолдох л асуудал, харин чамд арай л эрт дуулдлаа. Сэтгэлийн тэнхээтэй байна шүү” гэж хэлээд явуулж байсан гэдэг. Харин одоо энэхүү үгийг хүний амьдралд тохиох харамсалтай, гунигтай мөчүүдэд тэрээр өөрийн ангийнхаа залууст хандан хэлдэг болжээ. Мөн тэр үед намайг аав минь өнгөрчихлөө гээд очиход өөдөөс хошуу дэвссэн бол би тэр илтгэлийг хэзээ ч тэгж тод чанга, цангинасан дуугаар өгч чадахгүй байсан юм билээ. Энэ бол цэргийн дарга хүнээс гарах ухаан юм шүү хэмээн дурсах дуртай.
Түүний Хүндэт харуулын дарга болсон түүх ч сонин. Тухайн үед Хүндэт харуулын дарга болох хүмүүсийг сонгон шалгаруулдаг байсан бөгөөд Зэвсэгт хүчний анги, салбаруудаас ирсэн өндөр нуруутай, дуу баргил залуус шалгаруулалтад оролцдог байлаа. Түүний ээлж ирэхэд илтгэлээ өгч. Өмнө нь гурван жил Хүндэт харуулын ротод байсан хүний хувьд туршлагатай байсан нь ихээхэн тус болсон. Тэгээд л хамгийн урт, сонсголонтой дуулдах нэр болох Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ... гээд л илтгэлээ өгтөл ЗХЖШ-ын дарга асан, хошууч генерал А.Ганбат “Хүндэт харуулын дарга чинь дотроо байгаа юм биш үү” гэж хэлээд томилж байж. Тэгээд дөхөж ирээд нэлээн ойроос харж байгаад "Наад шүдээ яасан юм бэ, Дүүрэнжаргал аа наадхынхаа шүдийг янзлуулаарай” гэж үүрэгдчихээд явсны дараа Дүүрэнжаргал хурандаа “Наад шүдээ пилтаадуулаарай чи” гэж хэлж байсан гэдэг. Уг нь пааландуулаарай гэж байгаа нь тэр аж. Тэгээд л ангийн санхүүгээс 57 мянган төгрөг гаргаж үүдэн найман шүдээ пааландуулж байсан түүхтэй бөгөөд тэр цагаас хойш таарсан дарга, цэрэг бүгд л “Наад шүд гэмтээв, наадах чинь улсын шүд шүү” хэмээн захидаг байсан нь түүний хэр их нэр хүндтэй үүрэг гүйцэтгэж байсныг илтгэн харуулах биз ээ.
Түүний нэгэн хөгтэй тохиолдол мөн л Хүндэт харуулын дарга байх үед нь тохиож байжээ. Засгийн газрын ордны урд талд бунхан байх үед шал нь гантиг байсан бөгөөд Беларусь улсын Элчин сайдыг хүлээж авч байтал цас бударч эхэлж. Зочин ч ирж, илтгэлээ өгөх гээд алхаж явах замдаа халтираад уначихсан. Босож ирээд хувцсаа гөвөөд малгайгаа тэгшлээд л явж очоод илтгэлээ өгсөн. За баларсан. Төрийн ёслолд алдаа гаргалаа даа хэмээн бодож амжаагүй байтал туганд хүндэтгэл үзүүлээд эргэж байхдаа Элчин нь халтираад унаад өгөв. Буцаад Засгийн газрын ордон руу орох гэж байхад Төрийн ёслолын хэлтсийн дарга мөн л халтираад уначихсан. Тэр үед юу гэж бодож байсан гэхээр за ямар ч байсан шийтгүүлэхгүй л өнгөрлөө гэж бодож байсан гэдэг. Энэ мэт түүний амьдралын үнэ цэн, ховор нандин дурсамжууд жагсаалд өнгөрсөн байх нь элбэг.
 
 
Мөн энд нэг зүйлийг сонирхуулахад, 30 гаруй Хүндэт харуулын дарга байдаг бөгөөд тэрээр 26 дахь дарга нь юм. Хэн хэдэн удаа ёслол авч байсан гэхээсээ илүү хэн ямар нэр хүндтэй хүнийг авч байснаараа бяцхан "өрсөлддөг" аж. Манай гол баатрын хувьд БНХАУ, Казахстан, Индонез, Турк, БНСУ, Япон, ОХУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд мөн 180 гаруй улсын Элчин сайдуудыг угтан авснаараа тэргүүлдэг байна.
Зэвсэгт хүчний 032 дугаар ангиас гадна тэрээр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн салааны захирагч, Зэвсэгт хүчний 210 дугаар ангийн салааны захирагч, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн байлдааны бэлтгэлийн албаны дарга, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн нөхөн хангалтын албаны дарга-ахлах мэргэжилтэн, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид ангийн захирагчаар тус тус томилогдон цэргийн дарга хүний туулах ёстой бүхий л шат дамжлагаар дамжин өнөөдрийн түвшинд хүрсэн.
Хаана ч, юу ч хийсэн түүний ажилдаа эзэн, цэргүүддээ нуруутай дарга байх идэвх зүтгэл, санал санаачилга нь ямагт тэргүүнд байж чаддаг гэлтэй. Тухайлбал, тэрээр анги, салбаруудад ажиллах хугацаандаа бэлэн байдал, цэргийн мэргэжлийн удирдлагын бэлтгэлжилтийг ханган ангийн олон талт үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх, штабын бэлэн байдлыг хангах, сургалт бэлтгэлийг эрчимжүүлэх, НҮБ-ын болон олон улсын бусад ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломж, чадварыг дээшлүүлэх, офицер, ахлагч нарын албандаа хандах хандлага, тэдний ахуй хангалтыг сайжруулах тал дээр үр өгөөжтэй олон ажлуудыг зохион байгуулж хэрэгжилтийг нь ханган ажиллаж байсан нь нүднээ илт байдаг.
 
Мөн байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх талаар олон талт үүрэг гүйцэтгэх бүлгүүдийн агуулахыг засаж тохижуулан үүрэг гүйцэтгэхэд бэлэн болох хугацааг богиносгосон. Байгалийн гамшгийн хор уршгийг арилгах тусгай үүрэг гүйцэтгэх бүлгүүд болон мэргэн буудагчийн бүлгүүдийн хувцас хэрэглэлийн загварыг шинэчлэн үүрэг гүйцэтгэх нөхцөлд ойртуулсан, ангийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн дагуу бүлгүүдийн байрлалыг ангийн штаб, ШНБ, тавиуланд засаж төхөөрөмжилсөн, цэргийн алба, сахилга, зохион байгуулалтын талаар анги, байгууллагын болон Зэвсэгт хүчний хэмжээнд үлгэр дуурайл болсон тэргүүний офицер юм. Түүнчлэн цэргийн албыг сайжруулах талаар олон ажлыг санаачлан түүнийгээ бүтээлчээр хэрэгжүүлжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагддаг марш тактикийн аварга салаа, тасаг шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчнээс оролцсон багуудад жагсаалын бэлтгэлийн багшаар ажиллан жагсаалын үзүүлэх тоглолтыг улам чанаржуулж сайжруулсан юм. Зэвсэгт хүчний аварга шалгаруулах уралдаан тэмцээнд өөрөө оролцохоос гадна баг тамирчдыг ахлан дасгалжуулж оролцож бахархам амжилт үзүүлж байгаа нь сүүлийн жилүүдэд бүхий л төрлийн тэмцээн уралдаанаас харагддаг буй заа. Түүний ажиллагааны туршлагын тухайд Сьерра Леон Улсад энхийг сахиулах ажиллагааны 8 дугаар ээлжийн Монгол Улсын Цэргийн багийн захирагчийн орлогчоор, Сьерра Леон Улсад энхийг сахиулах ажиллагааны 9 дүгээр ээлжийн Монгол Улсын Цэргийн багийн захирагчаар, Афганистан Улсад “Тогтвортой эрх чөлөө ажиллагаа”-ны 4 дүгээр ээлжийн багийн захирагчаар тус тус үүрэг гүйцэтгэж төр засаг, Зэвсэгт хүчний командлалаас даалгасан хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлсэн юм.
 
 
 
Сүүлийн жилүүдэд тэрээр Монгол Улсын мастеруудын улсын аварга шалгаруулах мэргэн буучдын тэмцээнд тогтмол оролцож байгаа бөгөөд хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан 37-44 насны ангиллаас мөнгөн медаль хүртжээ. Энэ нь түүний авьяас, чадвар нь Зэвсэгт хүчнээс давж, улсын чанартай уралдаан тэмцээнд орж өөрийгөө сорих, нөгөөтэйгүүр удирдлагад нь байдаг залуустаа үлгэрлэж, түүчээ нь болж явдгийн жишээ юм. 
 
 
 
Үүнээс гадна Монгол Улсын нэрийн хуудас болсон цэргийн алба хаагчид хоёр хөрш оронд болсон цэргийн ёслолын жагсаалд оролцсон нь түүнтэй салшгүй холбоотой юм. Тодруулбал, ОХУ-ын Агуу эх орны дайны ялалтын түүхт 70, 75 жилийн ой, БНХАУ-ын Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын арга хэмжээнд оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын хайрцгийг ахлан алхаж байсан нь түүнд хүлээлгэсэн өндөр хариуцлага гэлтэй. Магадгүй энэ нь түүнийг Хүндэт харуулын даргын үүргийг нэр төртэй, хариуцлагатай гүйцэтгэж байсныг нь үнэлж Зэвсэгт хүний удирдлагаас хариуцуулсан шалгуур биз ээ.
Зэвсэгт хүчин хэмээн их айлын “Онцлох эрхэм” болсон түүний арын албыг нь дааж явдаг ханийг нь Р.Энхзул гэдэг бөгөөд тэд хүү, охин хоёртой. Хүү нь өдгөө Английн Лондон хотод сурдаг бол охин нь 10 жилийн сурагч аж. Бидний ярилцлагын турш албаны төв царай гаргаж суусан гол баатар маань охиныхоо тухай ярихдаа нүүрэнд нь инээмсэглэл тодорч өөрийн эрхгүй мишээж байв. Мөн тэрээр төрсөн аав, ээж шиг минь хайрладаг хадам аав Л.Раднаасэд, ээж Ч.Нямгэрэл нартаа туйлын их баярлаж явдгаа энэ үеэр илэрхийлж байлаа. Тэгээд цааш нь ярихдаа би уг нь энд тэнд хэдэн зуун хүн удирдаад байдаг хэрнээ гэртээ орохоороо юун удирдах, удирдлаганд нь орчихоод байдаг юм хэмээсэн нь түүний өөр нэг дүр төрх байлаа. Мөн чин сэтгэлээсээ хүсдэг зүйл чинь юу вэ гэсэн сүүлчийн асуултад “Хүн бүр инээж яваасай гэж хүсдэг. Гэхдээ хаана, хэзээ гэдгээ л мэдэрдэг байх хэрэгтэй” хэмээн хариулсан юм. Түүний хувьд алдаа гаргасан цэргийн алба хаагчдыг цалингийн хувиар шийтгэж үзээгүй, шийтгэхийг ч хүсдэггүй. Түүний оронд нэг сайн "загнаад" гаргахыг л боддог. Цалингийн хувиар шийтгэнэ гэдэг бол хань, үр хүүхдийг нь давхар шийтгэдэг гэж боддог гэж хэлсэн. Ийм зан чанар яагаад ч юм ноён нуруутай цэргийн даргын зан гэж хардаг байлаа. Ийм л дарга нар олон байгаасай.
 
 
Хошууч Д.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин