Монголын Худалдаачдын Холбооны тэргүүн, “Фүжи Холдинг”  компанийн  захирал, хуульч, эдийн засагч Т.Энхсайханыг урьж, ярилцлаа.
 
 
 
-Дэлхий нийтийг хамарсан цар тахал эдийн засгийг хямралд оруулсан  хүндхэн  үед олон мянган гишүүнтэй Монголын худалдаачдын холбоо таныг тэргүүнээрээ сонгожээ.  Та ажлаа юунаас эхлэх гэж байна?
 
-Энэ жил МҮХАҮТ   байгуулагдсаны 60 жилийн ой, Монгол Улсад хувийн хэвшил үүсэн  бий болсны 30 жилийн ой давхар тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголын Худалдаачдын Холбоо II Их хурлаа зарлан хуралдуулж өмнөх жилүүдийн тайлангаа гишүүддээ танилцуулж, мөн дараагийн жилүүдэд ажиллах удирдлагын бүтцээ баталж тэргүүнээр сонгосон юм.
Миний хувьд гэвэл,  би Монголын Худалдаачдын Холбооны гишүүн, мөн энэ удаагийн хуралд илтгэл тавихаар оролцсон. Гэтэл санаандгүй юм болж заалнаас нэр дэвшүүлээд тэргүүнээр сонгогдчихлоо /инээв/. Гэнэтийн үйл явдал байлаа. Ер нь бол манай худалдаачдад тулгамдаж  байгаа  асуудал олон байна. Бид байнга уулзаж хүндрэл бэрхшээл, цаашдын арга замуудыг  ярилцдаг. Ялангуяа Covid-19-ийн хөл хорионы үед Монголын төрөөс дорвитой арга хэмжээ авахгүй байгаагийн улмаас олон бизнесүүд  дараалан дампуурч, олон компани  үүд хаалгаа барьж байна. Энэ нь ганц худалдаачдад хохирол учруулаад зогсохгүй Монгол Улсын эдийн засагт асар их хохирол дагуулж байгаа юм.
Яагаад гэвэл, өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 300 гаруй мянган хүн худалдааны салбарт албан болоод  албан бусаар ажилладаг гэсэн  судалгаа бий. Зургаан нэрийн, найман  нэрийн барааныхан, хүнсний барааны дэлгүүрүүд, супермаркетуудаас өгсүүлээд, түрээсийн лангуу, ТҮЦ ажиллуулдаг хүмүүс, зах дээр худалдаа наймаа эрхлэгчид бүгд худалдаачид. Эдгээр 300 гаруй мянган хүний ард гэр бүл, үр хүүхдүүд нь байна гэж бодоход  900 мянган орчим хүн худалдааны салбарын үйл ажиллагаатай шууд холбоотойгоор  монголчууд бидний амьдралыг нуруун дээрээ үүрч яваа юм. Тиймээс  бид өнөөдөр зөвхөн худалдааны том компаниудаа анхаараад, жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг  хаяж орхигдуулж хэрхэвч болохгүй. Монголын Худалдаачдын Холбоо эдгээр хүмүүсийнхээ бизнесийн орчин, эрх ашгийг нийтэд нь хамгаалдаг, тулгамдаж буй асуудлуудыг төр, засгийн түвшинд гаргаж  тавьдаг зангидсан хүч нь байх ёстой. Бид үүний төлөө ажиллана. Мөн Монголын төр эдгээр хүмүүстээ  анхаарлаа илүү хандуулж, бодлогын түвшинд зохицуулалт хийж дэмжиж  ажиллах ёстой. Худалдаачдын эрх ашгийг хамгаалахгүйгээр, худалдаа эрхлэх орчин нөхцөлд нь дэмжлэг үзүүлэхгүйгээр өнөөдрийн нийгэм, эдийн засаг урагшлахгүй гэдгийг мартаж болохгүй.
 
-Хөл хорио тогтоож, хил хаасан нь зээлийн хүүгийн дарамт, түрээсээ төлж чадахгүй байх, борлуулалт буурсанаас орлого буурах зэргээр иргэдэд хүнд тусаж байна. Covid-19-ийн үеийн эдийн засгийн Монголын нөхцөл байдал, нэн тэргүүнд зохицуулах ёстой алхмуудыг та юу гэж үзэж байна?
 
- Жирийн үед гэхэд л худалдаачид маань жилийн 365 хоногт нэг өдөр нь ч  амрахгүй   ажилладаг. Өвлийн тэсгим хүйтэнд ч, зуны халуунд ч тэд  ажилласаар л байдаг. Гэтэл ажиллаж хөдөлмөрлөх  тусмаа амьдрал нь  сайжрахын оронд харин ч өрнөөс өрний хооронд, түрээсээс түрээсийн хооронд, бизнес хийх орчин нөхцөл нь улам хэцүү болоод байдаг. Зүгээр жирийн үед шүү дээ, бод доо. Тэгвэл одоо хөл хорионы үед  бүр ч  ярих юм биш. Энэ бүхэн юунаас болоод байна вэ гэвэл бид чөлөөт зах зээлийн нийгэмд орохдоо дүрэмгүй тоглолт хийж  ирсний  гай юм.
Монголчууд зах зээлийн нийгэмд ороод 30 жилийн нүүр үзлээ. Өнөөдрийг хүртэл худалдаачдын эрх ашгийг хамгаалсан,  худалдааны орчинг хамгаалсан Худалдааны тухай хууль алга. Бусад хуулиудын зохицуулалтаар дандаа төрийн чиг үүргийг тусгасан, худалдаачдын эрхийг хааж боосон, эрхийг зөрчсөн, тэр ч битгий хэл төрийн эрх мэдэлтнүүд бизнесийг нь булаадаг, дээрэмддэг, торгууль шийтгэлээр дамжуулан хөдөлмөрийг нь мөлжих явдал газар сайгүй гаарч байгаа нь үнэн. Үүнээс үүдэн бодит байдалд худалдаа эрхлэгчдийн бизнес өсөн дэвжих биш харин ч өдрөөс өдөрт амьдрал нь доройтож байна. Дэлхий нийтийг хамарсан  Covid-19 цар тахал  гарснаас хойш  дээрээс нь нэрмээс болж хүмүүс банкны хүү, түрээсийн өрөнд орж шил шилээ даран дампуурч,  ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Худалдаачдад Худалдааны тухай хууль хэрэгтэй байна. Хуулиа байг гэхэд, ядаж одоо  цар тахлаас үүдэн  үйл ажиллагаа  нь зогсчихсон байхад нэн тэргүүнд банкны хүүг царцаах хэрэгтэй байна. Улс даяар түрээсийн төлбөрийг зогсоох хэрэгтэй байна.
Худалдаачид маань их бухимдалтай байгаа. Хөл хорио гээд ажил нь зогсчихсон, өдрийн зээлийн хүү нь өдрөөс өдөрт нэмэгдэж, лангууны түрээсийн дарамтад ташраараа орчихоод байхад Монголын төр үүнийг яагаад хөнгөлж өгдөггүй юм бэ гэцгээж байна. 
Яагаад худалдаачдад өөрсдөөс нь шалтгаалаагүй зовлонг бүгдийг үүрүүлэх ёстой юм.  Ер нь яагаад хөдөлмөрлөж байгаа хүнийг  дэмждэггүй юм.  ЖДҮ-гийн зээлийг дээгүүрээ авч идэж ууснаас болж жинхэнэ зээл хэрэгтэй байгаа хүмүүс нь өдрийн зээл гээчийг авч  дарамтад орчихоод байж байна гэх мэтээр гомдол их гаргаж байгаа. Энэ бол худалдаачдын буруу биш. Монголын төр хийх ёстой ажлаа хийхгүй байгаад л гол нь байгаа юм. Худалдаачид бол төр, засгийнхаа шийдвэрийг дагъя, хөл хорио тогтоосныг дагаж мөрдөе  гээд байгаа шүү дээ. Гол нь хөл хорио тогтоож   ажил нь зогсчихоор яаж зээлийн хүүгээ төлөх вэ, яаж лангууны түрээсээ төлөх вэ гэдэг асуудлыг төр шийдэж өгөлгүйгээр  ажлыг нь зогсоочихож байна. Бусад улс орнуудыг  харахад  Covid-19-ийн  хөл хориог  тогтоохдоо хамгийн түрүүнд жижиг бизнесүүдээ аварч хамгаалж авч үлдэж байна шүү дээ. Бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүү, татварын хөнгөлөлт үзүүлж, банкны хүүг царцааж, түрээсийг зогсоох, НӨАТ-аас чөлөөлөх арга хэмжээнүүдийг авч, шаардлагатай зохицуулалтуудыг нь хийж байна.
 
-Тухайлбал?
 
-Улс орон бүр өөрийн онцлогт тохирсон, өөрсдийн эдийн засгийн чадамж, боломж бололцоонд тулгуурласан арга хэмжээг авч байна.  Тухайлбал, ХБНГУ  Covid-19-ийн  үед эдийн засгаа сэргээх төлөвлөгөө баталж нийт бизнес эрхлэгчдээ дэмжиж, ажлын байраа хадгалж үлдэж байна. Жижиг дунд бизнесийг дэмжихэд 50 тэрбум еврогийн буцалтгүй тусламжийн багц гаргаж жижиг дунд бизнес эрхлэгчдэд 30 мянган евро хүртэл буцалтгүй тусламж олгож ажлын байрыг нь  хадгалж байна. Японд мөн адил компаниуд, хувиараа бизнес эрхлэгчдэд буцалтгүй мөнгөн тусламж үзүүлж байна. Манайх бол мөнгөгүй л гээд байгаа юм. Гэхдээ энэ олон бизнес эрхлэгчид чинь Монголын төрөөс мөнгө гуйгаагүй шүү дээ. Эхний ээлжинд банкны зээлийн хүүг царцаагаад өгөөч, түрээсийн төлбөрийг зогсоогоод өгөөч гэж хүсэж байгаа юм. Яг үнэндээ тэр хандиваар цугларсан зээл,  тусламжийн  олон тэрбум төгрөг хаачив.  Энэ бас л асуулт...
 
-Худалдааны салбарын ирээдүй  хаашаа явж байна?
 
-Өнөөдөр Монгол Улсад амжиргааны гол цэг болсон худалдааны салбарын бодлого, зохицуулалтыг авч явах Худалдааны яам байхгүй. Үүнээс болоод Монгол Улсын гадаад, дотоод худалдааны бодлого алдагдаж гадагш урсах валютын зардал жил ирэх тусам өссөнөөр төлбөрийн тэнцэл алдагдалтай явж байгаа. Дэлхийн 195 оронд худалдааны яам нь гадаад дотоод худалдаагаа зохицуулалт хийгээд дэмжээд ажиллаж байна. Аливаа улс орны санхүүгийн чадавхийг харахын тулд гадаад худалдааны төлбөрийн тэнцэлийг хардаг. Гэтэл манайх төлбөрийн тэнцэл алдагдалтай учраас валютын ханш жил ирэх тусам нэмэгдэж, монгол төгрөгийн ханш буурснаар инфляци өсөж энэ нь дотоодын жижиг худалдаа эрхлэгчдэд ч муугаар нөлөөлж, иргэдийн амьдрал  доройтож байна. Худалдааны тухай хуульгүй, худалдаа ны харилцааг зохицуулах  хариуцсан яамгүй, үнэ тарифаас өгслүүдээд  худалдааны цогц бодлогогүй, төлбөрийн тэнцлийн асуудлыг орхигдуулж  ирснээс болж өнөөдөр Монголын эдийн засаг хөгжин тэлж чадахгүйд хүрээд байна. Үүгээр би юуг хэлэх гээд байна вэ гэвэл, ер нь бол  Covid-той,  Covid-гүй угаасаа төрийн дэмжлэг байхгүй хаягдаж орхигдсон энэ салбарынхан хөл хорионы үед бүр ч  уналтанд орж, үүнийг дагаад олон хүн амьжиргаанаасаа салж, амьдрах аргагүй байдалд орчихлоо.  Аргагүй байдал ийм байна гээд хэлэхээр зарим хүн  “Үнэхээр хүнд байгаа юм бол худалдаа наймаа эрхлэхээ л больчихооч”  гэж  магадгүй. Тэгвэл хүн амын даацтай хэсгийг хамарч буй эдгээр хүмүүсийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд, тэр дундаа 20 орчим хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд, 56 хувь нь ажил олддоггүй  учраас  худалдаа эрхэлж амьдралаа авч явдаг гэсэн судалгаа бий.
 
Уул шугамандаа бол энэ 30 жилд монголчууд бид үйлдвэрлэлээ хөгжүүлж ажлын байр олноор бий болгох ёстой байсан. Үйлдвэрлэл хөгжиж байж  улс хөгждөг жамтай. Гэтэл өнөөдрийг хүртэл буруу замаар явсан учраас  энэ хүмүүс өөрсдөө ажлын байр  бий болгон ажиллаж,  төрийн  ямар ч дэмжлэггүйгээр амьдралаа авч  явсаар өдий хүрсэн. Нэгэнт 30 жилийн турш худалдаа эрхэлсэн хүнийг  “ Та одоо болиод  өөр ажил хий” гэвэл чадах болов уу. Болилоо гэхэд  өөр ажил олдох болов уу  гэдэг асуултыг нэг тавьж үзээрэй. Өнөөдөр би өөрийнхөө тухай биш жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийнхээ тухай ярьж байгаа юм шүү.
 
-Тусгай зөвшөөрөл, торгууль, хураамж, гэх мэт төрийн байгууллагын дарамт шахалт их байгааг та түрүүн дурдлаа. Иргэд ч бас хэлэх боллоо.  Энд ямар зохицуулалт дутагдаж байна вэ?
 
-Өнөөдөр зах дээр худалдаа, наймаа эрхэлж байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байгаа. Тэд өвлийн хүйтэнд ч, зуны халуунд ч  бараагаа зараад зогссоор  байдаг. Олон жилийн турш тэсгим өвлийн хүйтэнд өдөрт 7-8 цаг зогссоноор эрүүл мэндээрээ хохирч байна. Өнөөдөр 15-16 наснаас өгсүүлээд 70-80 дөхсөн хүмүүс гудамж талбайд бараа ширхэглэж зараад  зогсч байхтай та тааралдаж л байсан байх.
Эдгээр хүмүүс  амьдрахын тулд тэнд зогсч  байгаа шүү дээ. Энэ бол манай нийгмийн бодит амьдрал, тийм биз дээ. Хэнээс ч гуйлга гуйхгүйгээр тэд өнөөдөр амьдралаа  залгуулж, хоол хүнсээ болгоод  явж байна шүү дээ. Тэд өнөөдөр хангалттай хэмжээний тэтгэвэр тэтгэмж гуйгаагүй, хангалттай хэмжээний халамж нэхээгүй. Тэд зөвхөн шударга нийгэмд шударгаар хөдөлмөрлөж амьдрахыг л хүсч  байгаа. 
Гэтэл Монголын төр үүн дээр  бодлогын зорицуулалт хийх ёстой байтал, амьдрах гээд ядаж явахад нь дээрээс нь дарамт болж торгууль, шийтгэл, шимтгэл, хураамж, эрхийг нь хасна, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэх мэтээр дарамталдаг. ТҮЦ-үүдийг ачна гээд дарамталчихна. Дээрээс нь нэмээд түрээсийн дарамт, зээлийн хүүгийн  дарамт гээд манай худалдаачдад нүүрлэж буй олон зовлон бэрхшээл  байдаг. Мөн жижиглэнгийн бараа бүтээгдэхүүнээс гаалийн өндөр татвар авч байна. Өнөөдөр бид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болохыг хүсч  байгаа. Гэвч өнөөгийн нөхцөл байдал дотооддоо үйлдвэрлэж чадахгүй байгаа учраас худалдаачид маань гаднаас жижиглэнгээр зөөж авчирч борлуулдаг. Жижиглэнгийн бараа гээд Олон улсын  жишиг тарифаар өндөр татвар авдаг. Харьцангуй өндөр татвар төлөөд оруулаад ирэхээр нь нэмээд НӨАТ нэхчихдэг. Энэ бол дээрэм л дээ. Ер нь бол НӨАТ-ийн буцаан олголтынг 7-8 хувь руу аваачих хэрэгтэй. Төр нь ард түмнээ дээрэмдэж байгаа нэг сонгодог жишээ бол энэ. Мөн гадны сүлжээ дэлгүүрүүдийг олноор байгуулснаар дотоодын худалдаачид  маань зах зээлээс шахагдаж эхэлж байна. Энэ талаар төр нь юу харж байдаг байна аа гэж асуумаар. Төрийн зүгээс авч хэрэгжүүлж буй бодлого гэж нэг ч алга. Хөлөөрөө толгой хийчихсэн улс л гэж манай улсыг хэлэхээр болчихоод байна. Тэр гадаадын хөрөнгө оруулалттай сүлжээ дэлгүүрүүдийн олсон ашиг гадагшаа л урсана. Бид дотооддоо худалдаа эрхлэгчдээ сургаад үйлчилгээ, чанараа сайжруулаад, үндэсний брэнд сүлжээ үүсгээд явж бүрэн чадна шүү дээ. Монголын төр энэчиглэлд  хамтарч ажиллах хэрэгтэй байна. Гадны биш дотоодын худалдаачдаа дэмжиж ажиллах хэрэгтэй .
 
- Та сая бидэнд олон асуудал байна гэлээ. Эдгээр асуудлыг хийж хэрэгжүүлж, шийдвэрлэхийн тулд  цаашид яах вэ?
 
-Бид юуны өмнө  асуудлыг шийдэх эрх мэдэл бүхий  төрийн байгууллагуудтай  нь хамтарч ажиллая. Хэрэв хамтарч ажиллахгүй гэсэн хариу өгвөл шахаж шаардая гэсэн зорилго тавиад ажиллаж байгаа.  Төр өнөөдөр яахаараа сонгууль дөхөөд ирэхээр  бусдад таалагдсан шийдвэр гаргачихаад, бусад үед нь буруу хараад суух ёстой юм. Одоо ч гэсэн худалдаачдын асуудлыг шийдвэрлэх боломж бололцоо, эрх мэдэл нь Монголын төрд байна. Энэ бүх зовлонг нимгэл гэж тэдгээр улстөрчдийг төрийн толгойд  гаргасан болохоор биш, зовлон дээр нь зовлон нэм гэж өнөөдрийн төр,  засгийг гаргаагүй юм шүү. Худалдаачид бол том хүч. Өнөөдөр айл өрх бүрт худалдаа эрхлэгчид байна. Дээрээс нь бид өөрсдөө хамтдаа худалдаачдынхаа эрх ашгийг хамгаалах ажлыг сайн зохион байгуулж чадах юм бол эргээд бидний ирээдүйд гарах үр дүн  сайн, чанартай, зөв системд орно. Үүнийг  би ганцаараа хийж чадахгүй нь тодорхой. Тийм учраас бидний хамтын оролцоо хамгийн чухал. Бид улам олуулаа нэгдэж нийлж, хүчирхэгжих тусам өөрсдөдөө тулгамдаад байгаа олон асуудлыг хамтарч шийдэж чадна. 
 
 Ч.Үл-Олдох
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин