/Дотно найз Г.Гүнчинсүрэн агсаны гэгээн дурсгалд зориулав/
 
Найз минь ѳвдѳѳд нилээд удсан сан. Хааяа утсаар ярихдаа “Хѳгшин нь давгүй ээ. Найзыгаа иртэл тэснэ дээ. Ирэхээр чинь сайхан хуучилна” хэмээн учирлана. Бие биенээ санасан сэтгэлийг аргадахдаа үхэл тийм ойрхон байсан гэдгийг анзаараагүй юм даа. Гурван жилийн ѳмнѳх энэ ѳдѳр найзыгаа тэнгэрийн оронд дэвшсэнийг гэнэт сонсоод сэтгэл минь хоосроод л явчихсан. Ѳвчин зовлон үхэл хагацал, хүний дүүрэн сэтгэлийг дундалсаар л байдаг. Монголдоо ирсэнээс хойш Эрдэнэт хотод очихдоо гэргий О.Уртнаатай нь уулзахад “Чамайг л их хүлээсэн дээ…” хэмээн харамсангүй хэлж билээ. Бид аж амьдралын олон асуудлуудтайгаа зууралдсаар яваад зѳндѳѳ их хүлээлтэд зорьж очиж амжилгүй, эргэж онгойхгүй хүйтэн хаалганд духаа наан харамсаж зогсох нь бий. Гэхдээ халуун дулаан сэтгэлээсээ хэзээ ч холдуулж чаддаггүй юм даа. Хоосон мѳртлѳѳ дүүрэн, дүүрэн атлаа хоосон…
 
БИ
 
Эх нутагтаа уйлж тѳрсѳн, дуулж ѳссѳн
Энгэр бараадах үедээ харамсах юмаар дульхан
Илүү дутуу хоёрын зовлонг бага амссан
Эгэл хүний ёсоор энгийн борхон амьдарсан   /Г.Гүнчинсүрэн/
 
Ид залуу хорь гаруйхан насандаа Завхан аймгийн Булнай сумын дунд сургуульд багшилж байхад Г.Гүнчинсүрэн орос хэлний багшаар ирж байлаа. Адилхан залуус болохоор хурдан дотносож бүх л үйлдэлд хамтдаа явдаг байв. Гүнчээгийн ээж нь сургуулийн дотуур байранд тогооч байсан болохоор хааяа очиж “хоол буудна”. Мотоцикль сайн унадаг болохоор араар нь сундалж суугаад хѳдѳѳгүүр тэнэнэ. Нэг удаа дугуй хагараад нѳхѳѳс хийх боломжгүй болохоор нь дотуур хаймарны оронд даавуу чихэж хийгээд хэсэг давхиж, сүүлдээ чирж түлхэж явсаар Тосонцэнгэл орсон сон. Гүн харанхуй шѳнѳ хээр талд гараа салаавчилан тэнгэрийн одод ширтэн мѳрѳѳдлѳѳ хуваалцаж байсан ѳдрүүд олон. Хаврын хахир хүйтэнд дотуур байрны түлээ бэлдэх гэж уулын царманд гадаа цасан дунд хонож, шүүдэр хяруулсан намрын ѳдрүүдэд хадлан хадах гэж майханд хамтдаа хонож байсан дурсамжууд зѳндѳѳ. Жил жилийн хавар цэргийн “зарлан” авч аймаг руу хамтдаа мордож албан шалтгаанаар “чѳлѳѳлѳгдѳѳд” буцаж ирнэ. Улиастайгаас Тосон руу ачааны машины тэвшин дээр зогсоод усан бороонд шалба норсон хэрнээ тасралтгүй шүлэг уншиж, дуулж бас хашгиралдаж явсан онгиргон хѳѳрүу залуу насны минь анд байлаа, тэр.
 
Ѳдѳр бүрий зүтгэл үйлс ажилдаа шамдаад
Ѳргѳн олноо хүндлэгдэн үр шимийг нь хүртсэн
Хайр дүүрэн амьдралын халуун голомтыг бадраасан
Халамж энэрэл бялхаасан миний хайртай хань  /Г.Гүнчинсүрэн/
Гүнчээг 1984 онд ОХБДС-ийг тѳгсѳѳд Завханы Тосонцэнгэлийн 10 жилийн сургуульд орос хэлний багшаар томилогдон ирэхэд би жилийн ѳмнѳ энэ сургуульд шилжиж ирсэн байлаа. Ардчилсан хувьсгалын анхдагч Дарь Сүхбаатар бид гурав аминчхан найзууд байв. Одоо бодоход тэр хоёр маань шүлэг яруу найраг хэлэлцэж, би даган баясч явсан байж дээ. Тэр үед Гүнчээ маань бидэнтэй хамт химийн багшаар ажиллаж байсан О.Уртнаа /дунд сургуулийн нэг ангийн хоёр/ тай гэр бүл болж амьдралаа эхлүүлсэн хэдий ч бидний нѳхѳрлѳл сайн ханийх нь дэмжлэгээр холдоогүй юм. Сумын залуу багш нар юу эсийг хийж бужигнуулах билээ. Цалингаа буухаар ганц ганц “шил юм” авч хувааж уух, хадланд явахдаа голын айлуудаар “шимийн юм” эргүүлэх, ажил амьдралын элдэв асуудлаас шалтгаалж сайдаж муудан эвлэрч дотносож явсан гэгээн мѳчүүд тэртээд алсарчээ. Хиргүй сэтгэлээр хоргүй нѳхѳрлѳж байсан олон найзууд минь ѳдгѳѳ бурханы оронд одоцгоосон байна. Тэр үед муудалцаж гомдоод, хорсож үзэн ядаад байсан шалтгаанууд ѳнѳѳдѳр эргээд санахад дэндүү жижигхэн зүйл байж дээ. Зорилгогүй, зѳнгѳѳрѳѳ найзалж байсан нѳхѳрлѳл үнэ цэнтэй байсны нотолгоо Гүнчээ бид ѳѳрсдѳѳ байлаа.
 
БИ
 
Буян нүглийг сэтгэлээсээ хайж, ѳр нимгэн явдаг
Бурханыг ариунаар биширч, булай бүхнийг адалдаг
Бухимдал шаналлын ѳмнѳ бусдыг ѳѳртэйгээ адил мэдэрдэг
Буруу зѳвийн зааг сүүдрээн дагуулсан хүн  /Г.Гүнчинсүрэн/
 
1990 оны бужигнаанаар хүн бүхэн “хѳлѳѳ олох” гэж ѳѳрсдийн сонголтоороо зам замаа хѳѳсѳн. Тэр их бужигнаан дунд мѳн чанараараа холдож одсон хүмүүс мѳн чанараа дагаад эргэж учирдаг нь амьдралын жам юм билээ. Бизнес сонгож “Наран” компанид ажиллаж байсан Гүнчээ маань Эрдэнэт хот руу яваад ирэхдээ манайд нэг хивс авчирч ѳгч билээ. “Айл болгон хивсээр гэрээ гоёж байгаа энэ цагт муу найз минь хэдэн хүүхдээ хивсэн дээр тоглуулахгүй юу даа” гэж надад хэлсэн сэн. Сэтгэл зүрхээрээ “хүүхдийн тѳлѳѳ” гэж явсан багш хүн наймаачин болж чаддаггүй юм билээ. Гүнчээ маань удалгүй Эрдэнэт рүү шилжиж боловсролын салбартаа эргэж орсон. 1994 оноос Орхон аймгийн Боловсролын Тѳвд ажиллаж, 1997 оноос Орхон аймгийн 4-р сургуулийн захирал, Баян-Ѳндѳр цогцолбор сургуулийн ерѳнхий захирлаар 21 жил ажиллажээ. Ажил амьдралын хэмнэлд нухлагдаж томоожсон бидний нѳхѳрлѳл боловсролын салбрын хѳгжил шинэчлэлийн сэдвээр баяжигдсан. Энэ талаар зѳндѳѳ ярилцаж, түүний ажилтай танилцаж байсны хувьд ,түүний сэтгэл зүрхэнд “Монголын боловсролын салбрын хѳгжлийн тѳлѳѳ” зовинол байсан гэдгийг баттай хэлж чадна. Бодит үр дүнг түүний олон шавь нар, хамт ажиллаж байсан багш нар, удирдлагад нь ажиллаж байсан ажилтнууд нотлох байх.
 
Aлсын алсаас аав нь хоёр хүүгээ саналаа
Алдрай багынх нь явдлыг ахин дахин ярилаа
Алаг бѳмбѳг тэвэрсэн халтар найзуудтай уулзаж
Амар сайхан зүүдэндээ хоёр хүүгээ л харлаа /Г.Гүнчинсүрэн/
…Одоо би түүний байгуулсан гавъяа, нэр алдар, авсан шагналын тухай бичиж чадахгүй ээ. Туулж ѳнгѳрүүлсэн амьдралын минь гэгээн дурсамжуудын нэгэн болох сайхан нѳхѳрлѳлийн тухай, миний сэтгэл зүрх дэх түүний орон зайн тухай бичиж чадна. Бас олон хүмүүс түүний талаар надтай адил дурсаж байгаа гэдэгт итгэж байна. Түүний үргэлжлэл хоёр сайхан хүү байгаа. Хүний биеийг орхиод одсон ч санаа бодол, мѳн чанар, үнэ цэн нь үр хүүхдүүдэд нь шингэж үлддэг болохоор “АМЬД” байгаа. Дотно сайхан найз минь амар амгалан оршиг ээ.
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
 
2020-11-30                                                                                                                 
Улаанбаатар хот