sonin.mn

Дэлхийн Цэргийн агуу жанжин, Их эзэн богд Чингис хааны зарлиг сургаалыг эрхэмлэн дээдлэгч ТББ-уудын төлөөллөөс "Төрийн минь сүлд өршөө" сэдвээр мэдээлэл хийлээ.


Энэ үеэр тус хөдөлгөөний идэвхтэн, зураач Л.Өнөрчимэг:

"Энэ хэвлэлийн хурал бол Монголын ард түмний хүсэл зориг, эрмэлзэлтэй уялдсан, төр засагтайгаа хамтран эх орноо өөд нь татахад чиглэсэн сайхан оюунлаг хурал болж байна.

Ахмад үеэ төлөөлөн, эгэл жирийн ард түмний дуу хоолой болсон Батаа ах маань хүрэлцэн ирсэнд гүн талархал илэрхийлье. Мөн энэхүү асуудлыг албан ёсны баримт бичиг болгон боловсруулж, түүх судалдаг эрдэмтэдтэй уулзан, нөр их хөдөлмөр гаргасан Отгонцэцэг эгчид чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монголын залуу үе, хүүхэд багачууд энэхүү хэвлэлийн хурлыг анхааралтай сонсож байгаа гэдэгт итгэж байна.


Сүүлийн үед би маш их баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх маш олон сайхан санал санаачилга гарган, тэдгээрийг хуульчилж, хэрэгжүүлж байгаад талархаж байна.


Та бүхэн орон даяар мэдэж байгаа. Тухайлбал “Тэрбум мод” хөтөлбөр нь зөвхөн тоондоо бус, хүн бүр байгаль эхээ хамгаалахыг уриалсан, дэлхий нийтийн ач холбогдолтой ажил юм. Мөн “Цагаан алт” хөтөлбөр нь үндэсний жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чухал алхам болж байна.

Миний хувьд малын түүхий эд, арьсан дээр 3D товгор дүрслэлээр Монголын дүрслэх урлагийн өвөрмөц бүтээл туурвих сонирхолтой. Ийм сайхан санаачилгууд хэрэгжиж байгаад итгэл, найдвар төрж байна. Үүнтэй уялдуулан төрийн сүлдээ сайжруулж, хөгжүүлээсэй, шүүмжлэл дагуулж буй асуудлуудыг засч залруулаасай гэж хүсэж байна. Эрх мэдэл нь ч байна, хууль эрх зүйн үндэс нь ч бүрдсэн гэж бодож байна. Би зураач, багш хүний хувьд 1992 оноос хойш төрийн сүлдийн талаар шүүмжлэлтэй хандаж ирсэн. Энэ хугацаанд оюуны дарамтад орж байсан ч эх орон, ард түмнийхээ төлөө байр сууриа илэрхийлсээр ирсэн. Миний энэ сэдэв 34 жилийн турш үргэлжилж байна. Өмнө нь ганцаараа ярьдаг байсан бол өнөөдөр олон нийт шүүмжилж, энэ асуудал өргөн хүрээг хамарсан байна.

Энэхүү хуралд оролцож буй гол зорилго бол монгол хүн адуунд хайргүй гэж үгүй, нүүдэлчин ахуй соёл дэлхий даяар танигдсан гэдгийг онцлох явдал юм.



1992 оны 1 сард батлагдсан төрийн сүлдийн загварыг зураач Ц.Ойдов бүтээсэн. Сүүлд нь 2012 онд бид Сонгины сувилалд уулзахдаа тэр надаас уучлал гуйж байсан. Би тухайн үед маш их эмзэглэж, энэ асуудлаас болж хувь хүний хувьд дарамт шахалтад орж ирснээ хэлж байсан.


Мөн ард түмний дунд ч шүүмжлэл их байдаг нь үнэн.

Жишээлбэл, соёмбо тэмдэг нь 3000 жилийн уламжлалтай, маш нарийн утга, хэмжээс бүхий бэлгэдэлтэй. Гэтэл одоогийн сүлдэнд түүний элементүүдийн хэмжээ, байрлал гажсан гэж үзэх үндэслэл бий. Төрийн гал нэгдмэл байх ёстой атал олон гал мэт дүрслэгдсэн, гурвалжин тэмдгийн чиглэл, утга алдагдсан зэрэг асуудлууд байна.

Зарим тайлбарт төрийн сүлдийг “бясалгал хийж буй бурхан мэт” хэмээн дүрсэлдэг ч бодит байдалд агуулгын хувьд сул, эзэнгүй мэт харагдах тал ажиглагддаг. Иймээс ард түмний дунд төрийн сүлд хүчгүй болсон гэх шүүмжлэл гарч байна. 2019 онд Төрийн ордонд болсон хэлэлцүүлэгт би оролцож, тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд санал хүргүүлж байсан. Тэр үед төрийн сүлдийг өөрчлөх эсэх талаар өргөн хэлэлцүүлэг өрнөж, олон хүн өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байсан.

Миний хувьд энэ сүлдийг ганцаараа өөрчлөх, өмчлөх зорилго байхгүй. Харин ард түмний дуу хоолойг дамжуулж, мэргэжилтэн, судлаачид оролцсон өргөн хүрээний хэлэлцүүлэг явуулж, төрийн түвшинд шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.


Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар дэлхийн монгол адууны баяр зохион байгуулагдаж, 7 дугаар сарын 11–13-ны өдрүүдэд дэлхийн 50,000 морьтон оролцохоор төлөвлөж байна. Энэ нь монголчуудын адууны соёл, нүүдэлчин ахуйг дэлхийд таниулах том боломж юм.


Энэхүү төслийг санаачилсан Наранбаатар хэмээх залууд талархал илэрхийлье. Тэрээр Ерөнхийлөгчийн бодлогыг дэмжин ажиллаж байгаа нь залуучуудын ирээдүйд итгэх итгэлийг нэмэгдүүлж байна.

Эцэст нь хэлэхэд, төрийн сүлдийг илүү утга агуулгатай, нэгдмэл, хүчирхэг бэлгэдэл бүхий болгож, ард түмнийхээ бахархлыг илэрхийлсэн дүр төрхтэй болгохыг хүсэж байна.Төрийн сүлдээ эзэнтэй, адуучинтай болгоосой гэж Ерөнхийлөгчөөсөө хүсэж байна" гэв.


Б.Төгсбаясгалан