sonin.mn
Бүрэн гүйцэд хэлд ороогүй байхаасаа л тэргэнцэр дээр сууж, бага насаа бусад хүүхдийн адил тоглож бус гэртээ цоожтой өнгөрөөнө гэдэг хэцүү. Энэ хүнд бэрхийг сэтгэлийн хатаар ялан дийлж, өнөөдөртэй золгосон Ч.Тунгалагтуяа хэмээх эмэгтэйг энэ удаа онцоллоо. Тэргэнцэртэй туялзуур сэлэм, парабадминтон, парахөнгөн атлетик, экстрим спортоор хичээллэхээс гадна зураач мэргэжилтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зургийн хичээл үнэ төлбөргүй заана. Түүнийг пара тамирчин, уран зураач гэхээсээ илүүтэй нийгмийн идэвхтэн гэвэл тохирно. Зоримог хийгээд том зорилготой бүсгүйн үзэл бодол, дотоод ертөнц рүү өнгийхийг хичээлээ. “Бие махбод маань хөгжлийн бэрхшээлтэй ч хүсэл мөрөөдөл, оюун санаа минь эрүүл” хэмээн эрч хүчээр дүүрэн, инээмсэглэн ярих түүний үзэл бодол, туулсан амьдрал, биелсэн болоод биелүүлэхээр зүтгэж буй хүсэл мөрөөдлийг тольдоорой.
 
“НӨЛӨӨЛЛИЙН АЯН”-ААР НӨЛӨӨЛСӨН НЬ
 
Ч.Тунгалагтуяа ой найман сартайдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон бөгөөд өсвөр насандаа түгжээтэй гэрт үлддэг байжээ. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд аливаа зүйлээс хоцрогдох ёсгүй гэж үздэг нэгэн. Тэр ч утгаараа оюутан ахуйгаасаа л хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж зургийн үнэ төлбөргүй дугуйлан ажиллуулж багшлаж байжээ. “Энгийн биш” шавь нартайгаа үзэсгэлэн хүртэл гаргаад амжсан байна. Дөрвөн жилийн хугацаанд өөрийн мэддэг чаддаг бүхнээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зааж сургасан тэрбээр одоо энэ ажлаа түр зогсоосон аж. Тухайн үедээ халамжийн мөнгөнөөс өөр сүйдтэй орлогогүй хүн бусдын хүүхдэд төлбөргүй хичээл заана гэдэг тийм ч амар биш. Наанадаж түрээсийн байр, зургийн хэрэгслээс эхлээд багагүй зардал гарна. Харин ч дөрвийн дөрвөн жил өөрийнхөө цаг зав, хүч хөдөлмөр зориулж нийгмээс ямар нэгэн байдлаар “тусгаарлагдах” хандлагатай байдаг хүүхдүүдийг дүрслэх урлагтай танилцуулж, урлагийн ертөнцийг мэдрүүлнэ гэдэг сэтгэлтэй хүний хийх ажил. Хүүхдүүдэд зураг зурахыг заахаа больсон болон яагаад тэдэнд уран зургийн хичээл орох болсон талаараа тэр ийн ярилаа.
 
-Та дөрвөн жилийн турш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зураг зурахыг заажээ. Яагаад ийм санаа орж ирэв?
 
-Ер нь бол 2011 оноос сайн дурын ажилд идэвхийлэн оролцож явна. 2013 онд СУИС-ийн ДДУС-д суралцаж байхдаа “Өгөөмөр сэтгэл” төрийн бус байгууллагын дэргэдэх “Сайн найз” төвийн хүүхдүүдэд зураг зурахыг зааж эхэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зургийн хичээл орох болсон нь миний багадаа туулсан амьдралаас эхтэй. Товчхондоо бол сэтгэл зүрхний дуудлагаа дагасан гэх үү дээ. Эхэндээ ням гараг бүр очиж зургийн дугуйлан ажиллуулдаг байсан. Тэр үед би машингүй, тэргэнцэртэйгээ автобусаар очиж, буцахдаа унаагаар хүргүүлдэг байлаа. Сүүлд нь Чингэлтэйд өөрийнхөө урланд “Нөлөөлөл” нэртэй бямба гарагийн анги нээсэн. Тэднийгээ юу сурсныг харах гэж 45 хүүхдийн зурсан 150 орчим зургаар “Үр жимс” нэртэй үзэсгэлэн гаргалаа. Үүнд миний болон зураач Т.Хулангийн бүтээл ч багтсан. Үнэхээр олон хүнд хүрсэн шүү. Дөрөв, таван жилийн хөдөлмөр минь гэж бодохоор сайхан санагдсан. Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн салбараас хэзээ ч гарахгүй. Хүүхдүүдэд зураг заах, хамт байх хичээлийн цаг бол зөвхөн багшлах үйл ажиллагаа биш. Тэдний зүрх сэтгэлд уран зураг зурж байгаа, миний зүгээс ирээдүйн монгол улсдаа хийж өгч чадах хөрөнгө оруулалт гэж боддог. Гэхдээ хэд хэдэн шалтгаанаар зургийн дугуйлангаа явуулахгүй байгаа. Юун түрүүнд өөрийгөө боловсруулах, сурах, судлах, олон зүйл бий. Өөрийнхөө дотоод саваа дүүргэх цаг хэрэгтэй байна гэх үү дээ. Иргэний нийгэм, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн салбарт Тунгалагтуяа гэдэг хүн ямар нэгэн зүйл хийж бүтээх, өөрийн хувь нэмрийг оруулж, үлдээх зүйлтэй амьдрах ёстой юм шиг санагддаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд оролцож явсан олон үйл ажиллагаа, тэмцээн уралдаан бүрийг бодохоор миний хийсэн хамгийн зөв зүйлийн нэн тэргүүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дүрслэх урлаг заасан маань орно. Мөн СУИС-ийн ДДУС-д хийж үлдээсэн “Нөлөөллийн аян” төсөл багтана.
 
-Төслийнхөө талаар жаахан ярьж болох уу?
 
-Намайг СУИС-д анх оюутан болоод орж байхад хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нэг ч шат, зориулалтын тохижилт байгаагүй. Нэгдүгээр дамжаанд байхдаа СУИС-ийн төв хаалгыг налуу замтай болгох хүсэлт сургуулийн захиргаанд өгч, тэр нь ажил хэрэг болсон. Хоёрдугаар дамжаанд ороод ДДУС-ийг хүртээмжтэй болгож өгөх хүсэлт бичээд, сургуулийнхаа 200 гаруй хүүхдээр гарын үсэг зуруулаад тохижилт хийлгэж байлаа. Харин гуравдугаар дамжаанд байхдаа БШУЯ-наас зарласан “Оюутны санаачилгын төсөл”-д ангийнхантайгаа оролцож СУИС-д нөлөөллийн аян, өдөрлөг зохион байгуулсан. Тэр дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл дуулж, бүжиглэж, зурсан зургаа дэлгэж бүтэн өдрийн нөлөөллийн тоглолт, өдөрлөг хийсэн. Дараа нь сургуулийнхаа захиргаатай хамтарч налуу зам, зориулалтын бие засах өрөөг тохижууллаа. СУИС-ийн салбар зургаан сургуулийг бүрэн хамарч чадаагүй ч оюутнууд нь өөрсдөө сургуульдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжийн төсөл хийсэн нь Монголын боловсролын салбарын түүхэнд үлдээсэн том тамга юм.
 
-Коронавирусийн хөл хорио тогтоогоод бараг хоёр сар боллоо. Энэ танд хэрхэн нөлөөлсөн бэ?
 
-Хөл хориог маш үр дүнтэй өнгөрүүлж байна. Ном уншиж өөрийгөө илүү нээхийн зэрэгцээ хэвлэлийн эх бэлтгэл, график дизайнаар суралцаж байна. Хичээлүүдээ гэрээрээ хийж байна. Мөн өнгөрсөн зун Монгол дахь Америкт төгсөгчийн холбоо буюу MASA-ны “EducationUAS” төсөлд “Social Media Officer”-аар гурван сар ажиллалаа. Есдүгээр сард гэрээ дууссан ч сүүлийн хөл хориогоор тус байгууллагаас надад дахин ажиллах санал тавьж, би дуртайяа зөвшөөрсөн. Үүнээс гадна англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх тал дээр анхаарч байна. Маш сонирхолтой, хөл хорионы өдрүүдээр бэрхшээл бүрийг боломж болгож зөвөөр хараад үр дүнтэй, завгүй л байна даа.
 
-Одоо уран бүтээлээ туурвиж байгаа юу?
 
-Мэдээж зургаа зурж байгаа. Нэг тийм үг байдаг даа. “Хэрэв чи дуртай ажлаа хийдэг бол нэг ч өдөр ажиллах хэрэггүй” гэж. Би зураг зурж байхдаа хэзээ ч ядардаггүй. Шөнө ч, үүрээр ч зурж л байдаг. Өөр зүйл хийж байгаад ядарч стресстэх юм бол зургаа зурдаг. Энэ нь надад маш том амралт болдог юм. Бас зураач нар зураг зурахгүй удаан байвал гар нь хөшин, модон болно гэж нэг зүйл бий. Яг тамирчны бэлтгэлтэй адилхан. Тиймээс цаг зав гарах л юм бол зургаа зурна. Томоохон бүтээл туурвиагүй үедээ өөрийнхөө хөргийг зурна, гарын дасгал болгоод.
Тэр ийм л хөдөлмөрч нэгэн. Зүгээр сууна гэж үгүй. Түүнд заримдаа хоногийн 24 цаг ч багадах мэт санагддаг ажээ.
 
ТЭР БҮТЭЭЛЭЭ ҮНЭЛҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ
 
СУИС-ийг зураач мэргэжлээр төгссөн тэрбээр хэн нэгнээс гуйх дургүй. Ууланд авиралт, туялзуур сэлэм гээд бүгд л зардал өндөртэй спорт. Ялангуяа авиралт хийхэд хувцас хэрэглэлээс эхлээд санхүү хэрэгтэй. Түүнийг уншигчид Асралт хайрханд авирсныг сайн мэдэх биз. Тэгвэл Ч.Тунгалагтуяа ууланд авирахад шаардлагатай хувцас, хэрэглэлээ зурсан зургаа зарж олсон гэнэ. Тэрбээр өнөөдрийг хүртэл 1500 гаруй хөрөг зуржээ. Харин зургаа 300 мянгаас нэг сая төгрөгөөр үнэлж зарж байсан. Энэ бол түүний оюунаа, авьяас хөдөлмөрөө зарцуулсан үнэт бүтээл. Тиймээс өөрийн бүтээлээ үнэлэх нь зүйн хэрэг. Хүмүүс миний зурсан зургийг минь олонд танигдаагүй залуу уран бүтээлч учраас надаас хямдхан авах гээд байдаг. Хөрөг зураг зурахад ч үнэгүй зуруулах гээд их үзнэ. Яг үнэндээ би хөдөлмөрөө үнэлүүлмээр байна. Гэтэл манайхан ямар нэгэн аргаар зүгээр авах гээд байдаг талтай. Зураг зурах, бүтээл туурвих чинь бас хөдөлмөр шүү дээ хэмээсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Би залуу уран бүтээлч учраас зурагнуудад маань алдаа, оноо бий. Гэхдээ миний зурсан зураг уран бүтээлч хүний сэтгэл, ур ухаан шингэсэн уран бүтээл гэдэг утгаар үнэлэхийг хүсдэг” хэмээн ярьсан юм. Тийм цаг ирнэ.
 
УЙДАХ ЗАВГҮЙ ЗАЛУУ НАС
 
Үйл хөдлөл, үг яриагаараа хэлж чадахгүй зүйлээ уран бүтээлээрээ илэрхийлэхийг зорьдгоо тэрбээр ярилаа. Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр бусдын гадна байж таарахгүй. Эрүүл саруул хүмүүстэй хөл нийлүүлэн алхах боломж, чадал бидэнд байгаа учраас гадуурхагдах ёсгүй гэдэг зарчим баримталдаг хүчирхэг эмэгтэй гэж түүнийг тодорхойлмоор санагдлаа. Тэр яалт ч үгүй хүчтэй эмэгтэй. Хэрвээ өөрийгөө бодоод суусан бол хахир өвлийн хүйтэнд хэн нэгэнд зургийн хичээл заах гэж явахгүй байж болно. Бэлэн хоол идэж, ороо засуулан, бусдаар халамжлуулж болох байлаа, Тунгаа. Гэвч үүнийг хүсээгүй учраас түүнд завтай өдөр гэж байдаггүй аж. Хөл хорионоос өмнө тэрбээр зургаа зурна, спортын бэлтгэлүүдээ хийнэ, бас хөгжлийн бэрхшээлтэй багачуудад уран зургийн хичээл заана. Түүний тэргэнцэртэй туялзуур сэлмээр хичээллэж эхэлсэн түүх нь ч мөн өөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дараа нь зааж болох спорт байна гэж харсан учраас гэнэ. Тэрбээр бусдыг аливаа зүйлд үргэлж уриалж, манлайлагч нь байдаг.
Заримдаа хоногийн 24 цаг багаддаг тухайгаа ийн ярилаа. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хийх юмгүй уйддаг байх гэж хүмүүс ярьдаг. Харин би амьдралдаа нэг ч өдөр уйдаж үзээгүй. Нэг хэсэг би бүх зүйлийг орхиод зөвхөн зургандаа төвлөрч үзсэн. Гэтэл үнэхээр чадахгүйгээ ойлгосон. Би тийм л хүн юм билээ. Яг сурч мэдэх, дэрвэж, дэгдэх насандаа гаднаасаа цоожлогдож өссөн болохоор ч тэр юм уу, олон зүйлийг хийж үзмээр санагддаг.
 
 
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрийгөө зөвөөр нийгэмд илэрхийлэх нь хамгийн чухал. Дараа нь харамсахгүйн тулд олдсон боломжийг алдмааргүй байдаг. Магадгүй болохгүй, бүтэхгүй гэсэн бүхний эсрэг болгох, бүтээх гэж хичээсэн зөрүүд зан маань намайг энд хүргэж, өнөөдрийн Тунгааг бүтээсэн гэж би боддог” хэмээн ярих нь бахархмаар.
 
 
 
ӨӨДРӨГ ТУНГАА
 
“Олон улсад бол тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь чөлөөт цагаа урлаг спортоор дамжуулаад их хөгжүүлсэн, бүр сонирхолтой хэлбэрээр баяжуулж чөлөөт цагаа яаж зөв боловсон өнгөрөөх аргаа олсон байдаг. Тэрэгтэйгээ далайн ёроолд сэлж, цана, чаргаар гулгаад л, шүхрээр агаараар нисээд л янз бүрийн зүйл хийсэн бичлэг google-ээр дүүрэн байдаг. Харин Монголд бага багаар хөгжиж байна” гэж Тунгаа ярилаа. Энэ бол зөвхөн би ч бус Монголын бүх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хамааралтай өгүүлбэр гээд Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын асуудал орхигдож байгаад харамсаж явдгаа илэрхийлэв. Монголын ирээдүйн нэг хэсэг болсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрч хүч, урам зориг өгөхийг гол зорилгоо болгодог Ч.Тунгалагтуяа хэмээх шавилхан биетэй бүсгүй бусдад үргэлж хэрэгтэй, түшигтэй нэгэн явахыг эрмэлздэг байна. Тэрбээр хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ЕБС-д сурлаа гэхэд бэрхшээлээсээ шалтгаалаад тааруу дүн авч, ангийн дүнгээс доош татдаг юм билээ. Тэгэхээр л багшийн цалингаас хасдаг. Цалингаа хасуулсан багш тухайн хүүхдийг гадуурхах тохиолдол гардаг. Би ч гэсэн арваад жилийн өмнө сурч байхдаа “хөгжлийн бэрхшээлтэй” гэдэг шалтгаанаар дадлагадаа явж чадаагүй үлдсэн хүн. Биднийг биеэ даах чадваргүй гэж үздэг юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд заавал онц сурахаас илүүтэй нийгэмших нь чухал. Миний туулсан бага насыг өөр хүүхдүүд туулж байгаа гэж бодохоор зүгээр суух эрх байхгүй юм шиг санагддаг” хэмээн зовнингуй ярив.
Тунгалагтуяаг юу хөглөдөг вэ гэж асуухад инээмсэглэн “Энэ миний хамгийн дуртай сэдэв. Намайг анх дугуйлан хичээллүүлж эхлэхэд гар нь саажилттай нэг хүүхэд “Би харандаа барьж чадахгүй, харин та нарт онигоо ярьж өгөөд сууж байя” гэдэг байсан. Би ч зөвшөөрч хичээлээс хичээлийн хооронд тэр хүүхэдтэй ярилцсаар байгаад дараа нь зуруулж эхэлсэн. Гэтэл одоо тэр хүүхэд Солонгост болсон уралдаанаас тусгай байр, Хятадын тэмцээнээс хүрэл медаль авсан шүү дээ. Өөр нэг хүүхэд анх хар өнгийн, том шүдтэй алим зурж байсан юм. Харин удалгүй цэлмэг тэнгэртэй нар зурсан байсан. Энэ бол маш том урам, сэтгэл зүйн дэм. Миний хувьд бол амжилт. Тунгалагтуяа спортоор, эсвэл урлагаар амжилт гаргажээ гэдгээс илүүтэй миний цагаа зориулсан тэр хүүхдүүд амжилт гаргаж, амьдрал нь өөрчлөгджээ гэдэг юунаас ч илүү хүндтэй шагнал. Энэ л намайг хөглөж, эрч хүчээр сэлбэдэг” гэв. Түүний ярианаас анзаарахад хүн амьдралаа адал явдалтай, өнгө өнгийн баялаг байлгах нь чухал гэсэн бодолтой явдаг нэгэн болохыг мэдэрнэ.
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин