Засгийн газрын тэргүүн төсвийн хөрөнгөөр элдэв баяр, тэмдэглэлт ой, арга хэмжээ зохиохгүй гэсэн лүндэн буулгасан. Гэтэл зарим газар cap шинийн золголт хийгээд байсан нь наанаа улсаас гаргасан мөнгө биш ч, цаанаа төрийн хөрөнгөөс гувчуур маягаар гулсуулсан мөнгөөр тэмдэглээд буй явдал мэр сэр гарчээ.

 

Тэр ч байтугай албан тушаалтнуудын дунд Цэцээ гүн, Шилийн богд зэрэг уул овоонд гарч хийморио сэргээх моод дэлгэрч албаны дугаартай машинуудын цуваа Баянзүрхийн товчоогоор гарч Хэнтий, Сүхбаатар аймгийг зорьсон нь замын товчоонуудын камер болон аялагчдын гэрэл зургийн хальсанд буужээ.

 

Төрийн мөнгө, унаагаар малгайн үсээ сэргээгч албаныхны дотор эрх барьж буй намын нөхөд бишгүй байсан гэнэ. Овоонд гарахаас гадна төрийн унаагаар гэр, хот хоёрын хооронд "зорчдог" дарга бас байна. Улаанбаатар гэр нь байдаг Төв аймгийн Засаг дарга өглөө бүр ажилдаа явахдаа төрийн унаа, төсвийн бензин зарцуулсаар байна.


Эх сурвалж: "Бизнес таймс"