sonin.mn

УИХ-ын хаврын чуулганы нээлтийн өдөр МАН-ынхан Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийхэд очиж үзэж харж, сонслоо. Намын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "Махны үнэ зах дээр 1200 төгрөг хүрээд байна..." гэхийг өөрийн чихээр сонслоо. Итгэж өгсөнгүй ээ.

 

Хил мах 12 мянган төгрөгт хүрэх нь ээ гэж хэлэх гээд хэл нь хальтирав уу, эсвэл нэг цифр дутуу хэлчихэв үү гэж бодлоо. Өмнөх Засгийн газрын Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягаас сэтгүүлч талхны үнэ асуухад 300 төгрөг гэж хэлсэнтэй эгээ л адил юм болчихов.

 

Сайд, дарга нар дэлгүүр ордоггүй бодлого гаргаж, барьдаг хүмүүс учир талх, махны үнэ мэдэхгүй байж болно. Гэхдээ тэдэнд хэлж өгдөг туслах, зөвлөх гээч хүмүүс өч төчнөөнөөрөө цалинжаад сууж байдаг даа. Тэдэн нь ядаж хэлж өгдөггүй юм болов уу гэж бодлоо.

 

Үгүй ядах нь ээ дэлгүүр ордогоороо эхнэр, хүүхдүүд нь хэлээд өгмөөр юм. Гэхдээ мөнгөтэй мөнгөгүй хүмүүсийн ордог дэлгүүрүүд өөр өөр болсон л доо, манайд...Дээрх жишээнээс харахад манай улстөрчид, эрх баригчид амьдрал мэдэхгүй байна даа.

 

Тийм юм чинь яаж улс орны хөгжил ярьж, энэ талын бодлого барьж шийдвэр гаргах вэ? УИХ-аас түүхий, эргэж буцсан, хэл ам дагуулсан хууль их төрдөг нь нэг талаар төрийн түшээд маань амьдрал мэддэггүйнх, амьдрал дунд байдаггүйнх, ядах нь ээ амьдралдунд яваа хүмүүсээсээ юм асуудаггүй, үгийг нь сонсож хүлээж авдаггүйтэй холбоотой гэдэг нь үнэн.

 

Уг нь тэд ард түмний нэг хэсгийн хүүхдүүд л дээ. Сэхээтний, ажилчны, малчны гэр бүлд, амьдрал дунд төрж өссөн хүмүүс. Үүнийгээ тэд бахархан сайхан ярьдаг. Гэвч амьдрап өөрчлөгдсөөр байгаа тул ажилчны гаралтай нь зөвхөн намтарт нь үлддэг.

 

Ингээд олон жил төрийн албанд очиж, конторт суусан болохоор заримдаа амьдралаас хөндийрчихдэг тал бий. Тэгээд түүгээрээ л байсаар байгаад, түүгээрээ л сэтгээд байдаг, нэг ёсондоо газарт буудаггүй.

 

Тэд зөвхөн сонгуулийн үеэр л амьдрал дунд орж, гудамжинд үзэгддэг боловч энэ нь амьдралыг мэдэж байна гэсэн үг биш, зүгээр л олон түмний дунд, амьдрал дунд харагдаж байгаа нь энэ. Даан ч тэр нь богино хугацаатай, дөрвөн жилд нэг удаа байдаг.

 

...Өнөөдөр сайд дарга нар, улстөрчид, . нарийн албан тушаалтнууд цэцэрлэг яслийн хүмүүжүүлэгч багш, үйлчлэгч нар ямар цалин авдагийг мэдэхгүй. Тэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 мянган төгрөг лавтай авч байгаа гэж бодож байгаа. Гэтэл амьдрал дээр тийм биш байдаг.

 

Үйлчлэгч, багш нар ажлын төрөл, ажилласан жил, мэргэжлээсээ шалтгаалаад доод тал нь 150-350 мянган төгрөг авч байгаа. Гэвч энэ нь гap дээр бүтнээр ирдэггүй мөнгө. Татвар, даатгалын шимтгэл, хоцрогдол, элдэв зүйлийн хураамж энээ тэрээ орсоор байгаад талыг нь авбап их юм.

 

Тэгээд ийм мөнгөөр яаж амьдарч байгааг эрх баригчид бүр мэдэхгүй. Тэд ширхэг талхыг 500 төгрөг, за түүнээс хэтрэхгүй байгаа гэж бодож байгаа. Тэгвэл зарим айл өрхийн нэг хоног, заримынх нь хоёр өдрийн хоолны хачир болдог ширхэг талх 450 гр-тай нь буюу хамгийн жижиг нь 650 төгрөг байгаа. Тэгээд түүнээс дээшээ.

 

Арай идэнгэтэй, 2-3 хүнд хүрчих том талх 1000-1200 төгрөг. Талхны үнэ ийм байдаг байж. Харин өл залгуулах махны хувьд яриад ч нэмэргүй. Хамгийн багадаа 1300-1500 төгрөгөөр 200-300 гр мах авна. Энэ бол 2-3 хүнтэй айлын орой хоолонд мэдээж хүрэхгүй.

 

Гэхдээ ингэж амь зууж буй айл өрх олон. Дээрхээс арай хямд хооллоё гэвэл мянга гаруй төгрөгөөр хонины элэг авч будаатай холин хуурга хийх юм уу, сонгинотой хольж, талхаар "даруулан" шарж иднэ. Мөнгө чинь үүнд хүрэхгүй бол хамгийн ойрын хүнсний захад очвол элэг, бөөрхөн нь кг нь 500-600 төгрөг байгаа.

 

Гэхдээ ингэж явахад автобусны 400 төгрөг, хоёр тапдаа 800 төгрөг хэрэгтэй. Ингэж зарлага гаргаж байсан дор хажуудах дэлгүүрээсээ 1000 төгрөгөөр элэг сэмжхэн авсан нь дээр. Олон түмэн чинь иймэрхүү маягаар амьдарч, бор хоног шap өдрийг өнгөрөөж байна, төрийн түшээд минь.

 

Таны рестарон, зоогийн газар барьдаг өдрийн хоол, гадаадад явах томилолтын хагаст ч хүрэхгүй мөнгөөр амьдарч байна. Энд бэлтэй хүмүүсийг буруутгах гэсэнгүй. Хэн ихийг олно, тэр хэрээр хэрэглэдэг нь жам хойно. Гагцхүү хэн ч бай улс орныхоо, иргэдийн амьдралыг мэдэж байхад илүүц юун.

 

Ялангуяа бодлого, шийдвэр гаргадаг хүмүүс.Дарга, сайд нар амьдрал мэддэггүй учраас өөрсдийнхөө бодлоор амьдрал болоод байна гэж үздэг. Олон түмэнтэйгээ тийм байдлаар харьцдаг. Гэтэл бодол, амьдрал хоёр алд дэрэм зөрүүтэй байх.

 

Дарга, сайд нарыг амьдрал үзэхээр явахад албаны баахан бөөн хүн дагаж, сүртэй явдаг учир хүмүүс амьдрал ямар байгааг тэр бүр ярьж хэлж чаддаггүй, амждаггүй, тээршаадаг. Харин албаныхан бэлтгэсэн зүйлээ үзүүлж харуулаад явуулдаг учир дарга, сайд нар нөгөөх л өмнөх хэвээрээ үлддэг...

 

 Б.Билгүүн

Эх сурвалж: “Бизнес таймс” сонин